Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/00385

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02615 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Амгалан,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Т.Д ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б нь иргэн Т.Д, Б.Баатаржаргал, Д.Гэрэлчулуун нарт 40 000 000 гаруй төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно. Нэг төлбөр авагч Т.Д  нь миний бусад өр төлбөрийг Б.Баатаржаргал, Д.Гэрэлчулуун нарт төлөөд миний өмчлөлийн Баянзүрх, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх хөрөнгийг авна гэж шийдвэр гүйцэтгэгч Цэрэннадмидтай тохиролцсон байсан. Гэтэл миний төлбөр хаагдаагүй байна. Тэр үед манай хашаа байшинг 45 000 000 төгрөгөөр авъя гэсэн Очир гэдэг хүнийг миний бие олж Цэрэннадмидтай уулзсан бөгөөд шилжүүлэн намайг их хэмжээний өртэй үлдээсэн нь шийдвэр гүйцэтгэгч гадуур ажилтай гээд уулзаагүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Цэрэннадмидын заавраар хийсэн үйлдлээр миний эд хөрөнгийг Д.Гэрэлчулуунд шилжүүлсэн намайг их хэмжээний өртэй үлдээсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн бусдыг хохироосон санаатай үйлдэл гэж үзэж байна. Хэрэв миний хашаа байшинг Очир гэдэг хүн худалдан авсан бол миний бие бусдад ямар нэгэн өр төлбөргүй байх байсан бөгөөд хэрэв шийдвэр гүйцэтгэгчийн заавраар нотариатаар ороод төлбөр авагч Т.Д миний өр төлбөрийг төлж барьцааны хөрөнгийг авахгүй гэвэл шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заагдсанаар санал болгох хурлыг зохион байгуулж миний өр төлбөрт байгаа хөрөнгийг төлбөр авагч Т.Д, Д.Гэрэлчулуун, Б.Баатаржаргал нарын хэн нь авахыг санал болгох хурлаар шийдэх учиртай байсан болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох хурлыг хийгээгүйгээс миний бие ихэд хохирч 20 гаруй сая төгрөгийн өр төлбөртэй үлдсэн байгаа нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавих албан тушаалтнуудын буруутай үйлдэл гэж үзэж байна. Иймд санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх хөрөнгийг Д.Гэрэлчулууны өмчлөлд шилжүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны буруутай үйлдлийг тогтоож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04385 дугаар захирамжаар 20 366 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 259 790 төгрөгийн хамт гаргуулан Д.Гэрэлчулуунд, тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03471 дугаар захирамжаар 4 000 000 төгрөгийг гаргуулан Б.Баатаржаргалд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41831 дугаар захирамжаар 18 200 000 төгрөгийг гаргуулан Т.Д-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс явуулж төлбөр төлөгч Г.Б-ий нүүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамж, 1693Б тоот үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 163/7 тоот тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 163/23 хураах тогтоолоор хураан үнийн саналыг авч анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй тул хоёр дахь дуудлага худалдаанд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй. Иймд төлбөр төлөгч Г.Б-г санал болгох комиссын товлосон хугацаанд тус албанд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/37738 тоот, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/38470 тоотуудаар тус тус мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд хүрэлцэн ирээгүй. Төлбөр төлөгч Г.Б 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр авагч Д.Гэрэлчулууны хамт тус албанд өөрийн биеэр хүрэлцэн ирж барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамж, 1693Б тоот 279 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг талууд харилцан тохиролцсон тул төлбөр авагч Д.Гэрэлчулууны өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Оюунаар гэрчлүүлэн өгсний дагуу 2017 оны 02 дугаар сарын 1/4745, 1/4746 албан тоотуудын дагуу барьцаа хөрөнгө төлбөр авагчийн өмчлөлд шилжсэнээр гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болсон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Т.Д  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх найзтайгаа ярилцаад Г.Б-ийнгазрыг авах хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх газар гаргаж байсан нь үнэн. Баасан гараг байсан учир амралтын өдрүүдээр явж газрын үнэ судалсан. Бид хоёрын бодож байсан үнэд хүрэхгүй байсан, мөн мөнгө төгрөг олдохгүй байсан учир Даваа гарагт авахаа болилоо гэдгээ хэлсэн. Г.Б нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 200 000 орчим төгрөгийг л төлж барагдуулсан байгаа. Одоо бол шийдвэр гүйцэтгэх газрыг тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэжээ.

Гуравдагч этгээд Ц.О шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Д.Гэрэлчулууны өмчлөлтэй, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх 5 гудамж, 1693Б тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдах, худалдан авах гэрээг холбогдох хуулийн дагуу хийж гучин нэгэн сая төгрөгөөр худалдаж авсан. Тус газар дээр ялзарсан шополоор барьсан хаалга цонхгүй балгас байсан байшинг нурааж, Хаан банкнаас 200 000 000 төгрөгийн зээл авч 3 давхар байшин барьж, шинээр барьсан байшингаа дахин Хаан банкны зээлийн барьцаанд тавьж 40 000 000 төгрөг авсан ба одоогоор 240 000 000 төгрөгийн банкны зээлтэй ба сард 7 500 000 төгрөгийн зээл төлж байна. Г.Б нь өөрийн хүсэлтээр Д.Гэрэлчулуунд газраа өрөндөө нотариатаар гэрчлүүлэн өгчхөөд буцаан шүүхийн шийдвэрийг ажиллагааг дорд үзэж, хууль хүчний байгууллагыг үл хүндэтгэж Монгол Улсын хууль тогтоомжийг огт хайхрахгүй байгаа нь туйлын ичгэвтэр юм. 2014 онд Очир төвийн барилгын ажлыг Г.Б-ийн газраас 1 метрийн зайтай эхлүүлж байхад манай газар руу орлоо хэмээн барилгын ажлыг зогсоож их хэмжээний хохирол учруулж барилгачдыг хэл амаар доромжилж байсан. 2015 онд “Очир” төв-ийн 2 давхрыг монгол гэр хийнэ гэж түрээслэн авсан ба тогны утсыг энд тэнд тасдаж, түрээсээ сунгасан боловч түрээсийн төлбөрөө дутуу өгч 470 000 төгрөгийн хохирол учруулж байсан. Нийтийн сүлжээгээр нэр алдар, утасны дугаар бичиж эхнэр бид хоёрыг шуналт шулам чөтгөр хэмээн доромжилж байсан. Г.Б нь удаа дараа миний утас руу залгаж тус газрыг худалдаж аваач гэж гуйж байсан. Наймаа хийдэг дээрээ би газраа өөр хүнд зарчихсан гэж мессэж бичиж байсан. Төд удалгүй танай урд газрыг авсан гэх хүн холбогдсоноор худалдах, худалдан авах гэрээ хийж энэ газрыг авсан. Г.Б нь устай газар гэж дурдсан байна. Ямар ч ус татаагүй төвийн шугамыг би өөрөө татаж Очир төвд оруулсан болно. Энэ мэтчилэн худал ярьж, ойр хавийнхаа хүмүүсийг хохироож, хуулийн байгууллагад худал ярьж, хийсэн ажиллагааг няцааж байгаа нь зохисгүй байна. Тиймээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар НШШГГ-т холбогдох, санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх 5 гудамж, 1693б тоот газар, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гэрэлчулууны өмчлөлд шилжүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны буруутай үйлдлийг тогтоож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай, Г.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02615 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үйлдлийг буруутай гэдгийг тогтоож хүлээн зөвшөөрсөн боловч 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гардаж аваад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж шийдвэр гаргасан. Шүүх хурал дээр хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааны талаар огт дурдаагүй буюу Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дах хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрч тайлбараа ирүүлсэн ба шүүх хурал дээр энэ талаар мэтгэлцээгүй, яриагүй байхад шүүх огт мэтгэлцээгүй, тодруулаагүй, хэлэлцэгдээгүй, хариуцагч хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн үндэслэлээр шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Хэрэв шийдвэр хүчингүй болвол хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтаа гарган өгч мэтгэлцэх болно гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр талд авагдсан, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 377 тоот хариу мэдэгдэх хуудсыг үнэлсэн байх боловч тус баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтад хариуцагч байгууллага “хуулбар үнэн” тэмдэг даржээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулахаар зохицуулсан боловч энэ нь хэргийн оролцогч талд хамаарахгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна[1].

Дээрх тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой байжээ.

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02615 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                              

                                              ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                    Г.ДАВААДОРЖ