Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2018/00230

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2018/00230

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ холбогдох,

Санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 5 дугаар гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 12-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Д, гэрч Д.Г нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Г.Б нь иргэн Т.Д, Б.Б, Д.Г нарт 40 гаруй сая төгрөгийн төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Нэг төлбөр авагч Т.Д нь Г.Бгийн бусад өр төлбөрийг Б.Б, Д.Г нарт төлөөд түүний өмчлөлийн БЗД-ийн 21-р хороо, Баг дарь эх, 5-р гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх хөрөнгийг авна гэж шийдвэр гүйцэтгэгч Цтай тохиролцсон байсан. Энэхүү тохиролцоог яаж хийх ёстойг НШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Ц зөвлөснөөр гүйцэтгэсэн. Гэтэл Г.Бгийн төлбөр хаагдаагүй байна.

Тэр үед манай хашаа байшинг 45.000.000 төгрөгөөр авья гэсэн Очир гэдэг хүнийг олж Цтай уулзсан бөгөөд НШГА-д удаа дараа ирэхэд шийдвэр гүйцэтгэгч гадуур ажилтай гээд уулзаагүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Цын заавар, хийсэн үйлдлээр миний эд хөрөнгийг Д.Гд шилжүүлэн намайг их хэмжээний өртэй үйлдээсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн бусдыг хохироосон санаатай үйлдэл гэж үзэж байна. Хэрэв миний хашаа байшинг Очир гэдэг хүн худалдан авсан бол миний бие бусдад ямар нэгэн өр төлбөргүй байх байсан бөгөөд хэрэв шийдвэр гүйцэтгэгчийн заавраар нотариатаар ороод төлбөр авагч Т.Д миний өр төлбөрийг төлж барьцааны хөрөнгийг авахгүй гэвэл шийдвэр гүйцэтгэгч ШШГТХ-д зааснаар санал болгох хурлыг зохион байгуулж миний өр төлбөрт байгаа хөрөнгийг төлбөр авагч Т.Д, Д.Г, Б.Б нарын хэн нь авахыг санал болгох хурлаар шийдэх учиртай байсан юм.

НШГА санал болгох хурлыг хийгээгүигээс Болормаа нь ихэд хохирч 20 гаруй сая төгрөгийн өр төлбөртэй үлдсэн байгаа нь НШГА-ны шийдвэр гүйцэтгэгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавих албан тушаалтнуудын буруутай үйлдэл гэж үзэж байна. Иймд санал болгох хурал хийлгүйгээр БЗД-ийн 21-р хороо, Баг дарь эх, 5-р гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх хөрөнгийг Д.Гы өмчлөлд шилжүүлсэн НШГА-ны буруутай үйлдлийг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны 04385 дугаар шүүгчийн захирамжаар 20.366.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 259,790 төгрөгийн хамт гаргуулан Д.Гд, тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03471 дугаар захирамжаар 4.000.000 төгрөгийг гаргуулан Б.Бд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41831 дугаар захирамжаар 18.200.000 төгрөгийг гаргуулан Т.Дд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 07 дугаар capын 27-ны өдрөөс явуулж төлбөр төлөгч Г.Бгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Баянзүрх 21 хороо, бага дарь эх, 5 дугаар гудамж 1693 б тоот үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 163/7 тоот тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 163/23 тоот хураах тогтоолоор хураан үнийн саналыг авч анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй тул хоёр дахь дуудлага худалдаанд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй. Иймд Төлбөр төлөгч Г.Бг санал болгох комиссын хурлыг товлосон хугацаанд тус албанд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/37738 албан тоотоор, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/38470 албан тоотуудаар тус тус мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд хүрэлцэн ирээгүй.

Төлбөр төлөгч Г.Б 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр авагч Д.Гы хамт тус албанд өөрийн биеэр хүрэлцэн ирж барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, бага дарь эх, 5 дугаар гудамж 1693 б тоот 279 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг талууд харилцан тохиролцсон тул төлбөр авагч Д.Гы өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Оюунаар гэрчлүүлэн өгсний дагуу 2017 оны 02 дугаар сарын 1/4745, 1/4746 албан тоотуудын дагуу барьцаа хөрөнгө төлбөр авагчийн өмчлөлд шилжсэнээр гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болсон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн маргаантай хэрэгт бие даасан шаардлага гаргагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж, энэхүү шүүхийн ажиллагаанд оролцож байна. Миний хувьд Г.Бгаас 18 200 000 төгрөгийг авах шүүхийн шийдвэр гарч, төлбөрийг барагдуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийсэн боловч миний төлбөрийг өнөөг хүртэл Г.Б нь төлөөгүй би хохирсоор байна. Шийдвэр гүйцэтгэгч хуулийн дагуу ажиллагаа хийсэн гэж үзэж байна. Болормаагийн барьцаалсан хөрөнгийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч уг хөрөнгө нь худалдан борлогдоогүй тул шийдвэр гүйцэтгэгч санал болгох хурал хийхээр зарлаж байгаа тухайгаа надад мэдэгдсэн. Г.Б нь санал болгох хуралд ирээгүй, харин төлбөр авагч Б.Б, Д.Г бид нар шийдвэр гүйцэтгэгчийн хурал товлосон хугацаанд ирсэн. Ийм учраас санал болгох хурал хийгдээгүй нь үнэн. Сүүлд нь Г.Б өөрөө төлбөр авагч Гэрэлчулуун, Баатаржаргал, бид нартай хамт байж уулзаж ярилцаад Гэрэлчулууны зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө, газрыг намайг аваад бусад 2 хүний төлбөрийг төлж барагдуул гэж Болормаа гуйсан. Тэр үед нь би зөвшөөрөөд хүсэлт бичсэн, тэр өдөр 5 дахь байсан болохоор амралтын 2 өдөр нь бодож, судлаад би Болормаагийн санал болгосон үл хөдлөх хөрөнгө, газар нь үнэд хүрэхгүй, надад тохирохгүй гэж бодоод авахаас татгалзсан, гэтэл тэд нар ярилцаад Гэрэлчулуун өөрөө авахаар болж, тохироод хүсэлтээ Болормаа өөрөө бичээд нотариатчаар батлуулаад шийдвэр гүйцэтгэгчид өгсөн. Шийдвэр гүйцэтгэгч Ц нь хуулийн дагуу ажиллагаа хийсэн гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Очирбат шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Должин овогтой гэрэлчулууны өмчлөлтэй, Г-2204021447 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 21-р хороо, Бага дарь эх 5 гудамж 1693-б тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдах, худалдан авах гэрээг холбогдох хуулийн дагуу хийж 31 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тус газар дээр ялзарсан шополоор барьсан хаалга цонхгүй балгас байсныг нурааж, Хаан банкнаас /хамар хашаанд байрлах Очир төвийг барьцаалбар хийж/ 200 000 000 төгрөгийн зээл авч 3 давхар байшин брьж, шинээр барьсан байшингаа дахин Хаан банкинд зээлийн барьцаанд тавьж 40 000 000 төгрөг авсан ба одоогоор 240 000 000 төгрөгийн банкны зээлтэй ба сард 7 500 000 төгрөгний зээл төлж байна.

Г.Б нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Г.Б нь өөрийн хүсэлтээр Д.Гд газраа өрөндөө нотариатаар гэрчлүүлэн өгчихөөд буцаап шүүхийн шийдвэрийн ажиллагааг дорд үзэж хууль хүчний байгууллагыг үл хүндэтгэж Монгол улсын хууль тогтоомжийг огт хайхрахгүй байгаа нь туйлын ичгэвтэр юм.

1. 2014 онд Очир төвийн барилгын ажлыг Г.Бгийн газраас 1 метрийн зайтай эхлүүлж байхад манай газар руу орлоо хэмээн барилгын ажлыг зогсоож их хэмжээний хохирол учруулж барилгачдыг хэл амаар доромжилж байсан.

2. 2015 онд Очир төвийн 2 давхарыг монгол гэр хийнэ гэж түрээслэн авсан ба тогны утсыг энд тэнд тасдаж, түрээсээ сунгасан боловч сунгасан түрээсийн төлбөрөө дутуу өгч 470 000 төгрөгийн хохирол учруулж байсан.

3. Нийтийн сүлжээгээр нэр алдар, утасны дугаар бичиж эхнэр бид хоёрыг шуналт шулам чөтгөр хэмээн доромжилж байсан Зөрчлийн тухай хуулийн 6.21 зөрчсөн.

4. УБЦТС-д Г.Б хэрэглэсэн нэг сая төгрөгний тогны мөнгөө төлөөгүй алга болсон.

5. Г.Б удаа дараа миний утас руу залгаж тус газрыг худалдаж аваач гэж гуйж байсан. Наймаа хийдэг дээрээ би газраа өөр хүнд зарчихсан гэж мэссэж бичсэн байсан. Төд удалгүй танай урд газрыг авсан гэх хүн холбогдсоноор худалдах худалдан авах гэрээ хийж энэ газрыг авсан. Г.Б нь устай газар гэж дурдсан байна. Ямар ч ус татаагүй төвийн шугамыг би өөрөө татаж Очир төвд оруулсан болно. Энэ мэтчилэн худал ярьж, ойр хавынхаа хүмүүсийг хохироож, хуулийн байгууллагад худал ярьж, хийсэн ажиллагааг няцааж байгаа нь зохимжгүй байна. Тиймээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан, санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 5 дугаар гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гы өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04385 дугаар шүүгчийн захирамжаар Д.Гы 20.366.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03471 дүгээр захирамжаар Б.Бын 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41831 дугаар захирамжаар Т.Ды 18.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулан тус тус хянан шийдвэрлэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 07 дугаар capын 27-ны өдрөөс явуулж төлбөр төлөгч Г.Бгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Баянзүрх 21 хороо, бага дарь эх, 5 дугаар гудамжны 1693 б тоот үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 163/7 тоот тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 163/23 тоот тогтоолоор хураан авах тогтоол үйлдэж, үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч Г.Б нь үл хөдлөх эд хөрөнгийг 130.000.000 төгрөгөөр, газрыг 80 000 000 төгрөгөөр нийт 210 000 000 төгрөгөөр үнэлж саналаа ирүүлснийг төлбөр авагч Д.Г зөвшөөрсний улмаас хариуцагч байгууллага нь анхны албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2016 оны 09 сарын 30-ны өдрийн 10 цагт явуулахаар тогтоон, анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Мөн хоёр дахь дуудлага худалдааг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт явуулахаар тогтоож, хоёр дахь дуудлага хуралдаанд оруулсан боловч мөн үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.

Энэхүү ажиллагааны талаар зохигч талууд маргаангүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөр төлөгч Г.Бд санал болгох комиссын хурлыг товлон, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/37738 албан тоотоор, мөн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/38470 дугаарын албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн талаар албан бичгүүд хэрэгт авагдсан ба уг албан бичгүүдэд Монгол шуудангийн 10.06.12.2016, 17.13.12.2016 огноотой тэмдэг тус тус дарагдаж нотариатаар баталгаажигдсан бичгийн нотлох баримт хэрэгт авагджээ. Гэвч уг санал болгох комиссын товлосон хугацааны хуралд төлбөр төлөгч Г.Б нь хүрэлцэн ирээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг санал болгох хурлыг мэдэгдээгүй гэж маргаж буй үндэслэлээ өөрөө нотолж чадахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч болох Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү санал болгох хурлын мэдэгдэх хуудсыг хүргүүлээгүй, мэдэгдсэн талаар баримт байхгүй, хурлыг хийгээгүй гэж маргадаг боловч тэдгээрийн маргаж буй үндэслэл нь шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээд Т.Д, гэрч Д.Г нарын тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан албан бичгүүдээр Г.Бд мэдэгдсэн, хуралд өөрөө ирээгүй болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн, төлбөр төлөгч Г.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлбөр авагч Д.Гы хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийн биеэр хүрэлцэн ирж Миний эзэмшилд байгаа Ү-2204065231 дугаартай 96 мкв талбайтай хувийн сууц, 18644314432880 нэгж талбарын дугаартай Г-2204021447 дугаартай 279 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраа төлбөр авагч Туул овогтой Дэлгэрсайханд шилжүүлэх хүсэлтэй байна. Т.Д нь төлбөр авагч бөгөөд бусад 2 төлбөр авагчийн төлбөрийг барагдуулан авах болно гэсэн хүсэлтийг, мөн ...Т.Д 2 төлбөр авагчийн төлбөрийг төлж авах бөгөөд төлбөр нь 2017.01.30-ны дотор төлөгдөж шийдвэр гүйцэтгэлийн дансанд ороогүй тохиолдолд Д.Гы төлбөрт дээрх эд хөрөнгө, газрыг шилжүүлж болно гэсэн хүсэлтийг тус тус бичиж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн байна.

Улмаар Т.Д нь дээрх Г.Бгийн барьцааны зүйлийг санал болгосон эд хөрөнгийг авахаас татгалзсанаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө, газар нь төлбөр авагч Д.Гы өмчлөлд талуудын харилцан тохиролцож, шилжүүлэхээр бичсэн Г.Бгийн хүсэлтийг нотариатчаар гэрчлүүлэн өгсний дагуу шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/4745, 1/4746 дугаартай албан бичгүүдээр барьцаа хөрөнгийг төлбөр авагч Д.Гы өмчлөлд шилжсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 187 дугаар тогтоолыг үйлдсэн байна.

Дээр дурдсан ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 187 дугаар тогтоол гарснаас хойш буюу 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч байгууллагад гомдлоо гаргасан байх бөгөөд тус албаны дарга, ахмад Р.Энхтайван 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 377 дугаар хариу мэдэгдэх хуудсаар Г.Бгийн гомдолд хариу өгснийг Г.Б нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан талаар уг мэдэгдэх хуудсанд гарын үсгээ зурсан болох нь нотлогдож байна.

Гэтэл нэхэмжлэгч Г.Б нь тус шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гомдлоо гаргасан байгаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т ...Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаж болно гэж заасан хугацааг хэтрүүлсэн байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 5 дугаар гудамжны 1693Б тоотын газар, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гы өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Г.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ