Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 126/ШШ2023/0186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргад холбогдох Шарнууд А-ийн Н /РН../-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгч А.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг дарга Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нарыг оролцуулан хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А.Н ажлаас халах тухай Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү 7 683 923 төгрөг гаргуулах.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар А.Н ажлаас халах тухай захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.23, 66 дугаар зүйлийн 66.1, төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.18, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.4, 48.9, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2, 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3.1, 1.3.3, 1.5.3, 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллаж чадаагүйгээс сургуулийн дотуур байрны болон бусад хүүхэд удаа дараа гэмт хэрэгт холбогдож байгаа учир Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Н 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс тасалбар болгож үүрэгт ажлаас нь халжээ.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Нэхэмжлэгч А.Н Хөвсгөл аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/565 тоот албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах нь зүйтэй гэсэн хариу өгчээ.

4.Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.2.Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд 2000 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн ажиллаж байгаад 2015 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тус сургуулийн захирлаар 2023 оны 01 дүгээр сарыг хүртэл ажилласан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б/25 тоот захирамжийн дагуу захирлын ажлыг хүлээлгэн өгсөн.

4.3.Би захирлаар ажиллаж байх хугацаанд хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргалгүй, хариуцлагатай хандан ажиллаж ирснээр ерөнхий боловсролын сургуулийн ажлыг дүгнэдэг стандарт шаардлагын дагуу тус Улаан-Уул сумын сургуулийн үйл ажиллагаа, сургуулийн удирдлагуудын ажлын үр дүнг жил бүр сайн буюу 80-аас дээш, маш сайн буюу 90-ээс дээш хувиар дүгнүүлж ирсэн болно.

4.4.Сургуулийн захирал бол сонгон шалгаруулалтын үндсэн дээр Боловсролын газрын томилолтын дагуу сумын Засаг даргын захирамжаар томилогдон, сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагааныхаа гүйцэтгэлийг дүгнэн аймгийн Боловсролын газарт явуулснаар аймгийн Боловсролын газрын ажлын хэсэг нь аймгийн хэмжээний сургуулиуд болон захирлуудын ажлыг тусгай индексээр дүгнэн захирлуудад ур чадварын нэмэгдлийг олгодог журамтай.

4.5.Сумын сургуулиуд жил бүр хүүхдийн чуулган болсон, энэхүү чуулганаар сургууль, хүүхдийн ололт амжилт, тулгамдаж байгаа асуудал, цаашид сургуулийн зүгээс хүүхэд, эцэг, эхийн зүгээс, төрийн зүгээс авах арга хэмжээгээ хамтран хэлэлцдэг билээ. Уг чуулганд сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхдүүд өөрсдийн хэр хэмжээнд баяр ёслолын байдалтай оролцон их л баяр хөөртэй хийсэн ажлынхаа тайланг тавин, хийсэн ажлынхаа амжилтанд баярлан, баяр хүргэж алдаа оноондоо дүгнэлт хийж, цаашид хийх ажлынхаа талаар оролцогчид тодорхойлж жилдээ ганцхан удаа явагддаг хүүхдийн байгууллагын зүгээс хүүхдийн үгийг сонсдог томоохон хэмжээний арга хэмжээ байдаг. Энэ чуулган нь Улаан-Уул суманд 2022 оны 10 дугаар сарын 20-доор болсон, гэтэл чуулганд сумын Засаг дарга Н.Б урилгаар оролцсон бөгөөд Засаг дарга, сумын Хүүхэд хамгааллын хамтарсан багийн даргын хувьд үг хэлэхдээ сургуулийн захиргаа, хүүхдийн хийсэн ажил, гаргасан амжилтанд баяр хүргэх, дэмжсэн урамшуулсан үг огт хэлэлгүйгээр босонгуут л шууд хүүхдүүд хулгай хийж, гэмт хэрэгт холбогдож байна. Хүүхдэд эрсдэлт байдал үүсэж байна, сургуулийн захиргаа энэ талаар ажил хийхгүй байгаа талаар ярьсан. Тус чуулганд оролцож баярлаж байсан хүүхэд, эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчид энэ байдалд ихээхэн эмзэглэн дургүйцэж чуулган тарсны дараа захирлын өрөөнд орж ирж Засаг даргыг шүүмжлэн ярьцгааж, нийгмийн ажилтныг үндэстэй, үндэсгүй шалтгаанаар ажлаас халснаас болж хамтарсан багийн ажил доголдож байгаа талаар шүүмжлэлтэй хандаж байсан.

4.6.Дараа нь Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал Засаг даргын өрөөнд 2022 оны 12 дугаар сарын 09-нд болж, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар 2022 оны ажлын тайлан тавьсан.

4.7.Энэхүү тайлангийн үнэлгээг сургууль өөрийн ажлаа үнэлж, хоёрдугаарт сумын Засаг даргын үнэлж, гуравдугаарт аймгийн Боловсролын газар үнэлэх гэсэн шат дамжлагын дагуу би өөрийн үйл ажиллагааны үнэлгээг маш сайн буюу 92.6 хувьтай гэж үнэлж оруулсныг сумын Засаг дарга Н.Б чи яахаараа өөрийгөө 90 гаргаж дүгнэдэг юм, чиний ажлыг 00 гэж дүгнэсэн ч яадаг юм гэж загнасан. Тэгэхэд нь би сургуулийн үйл ажиллагаа гэдэг ганцхан миний ажил биш, маш олон талын буюу багш, ажилчид, хүүхэд, эцэг, эх гэсэн олон талын үйл ажиллагаанаас бүрддэг тул та энэ олон хүний ажлыг үгүйсгэж болохгүй байх гэж хэлээд бага зэрэг зөрөлдсөн юм.

4.8.Ингээд 2022 оны 12 сарын 14-нд Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан дээр хуралдаж уг хуралдаан дээр сумын Засаг дарга Н.Б нь сургуулийн захирлын үйл ажиллагааны ажил үр дүнг 85 хувиар дүгнэлээ гэж хэлсэн. Ингээд энэ талаарх албан бичгээ Боловсролын газарт хүргүүлээгүй байсан.

4.9.Би өөрийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө дүгнэсэн тайлан материалуудаа аймгийн Боловсролын газар руу хүргүүлсэн. Ингээд ажлаа хийж байтал Засаг дарга Н.Б 2022 оны 12 дугаар сарын дундуур намайг дуудахад нь би очиж уулзахад чамайг ажлаас хална, чи өөрийн хүсэлтээр захирлын ажлаас чөлөөлөгдье гэсэн өргөдлөө бичиж өг гэж тулгасан. Тэгэхэд нь би ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа тул ажлаа өгөх сонирхолгүй байнаа, би таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэхэд Н.Батбаяр эвээр яриад өгдөггүй юм бол хүчээр шийдвэр гаргана шүү гэж хэлээд үлдсэн. Удалгүй над руу утасдаж чамайг ажлаас халлаа, ирж захирамжаа ав гэж хэлсэн. Тэгэхэд нь би захирамжийг өнөөдөр очиж авах боломжгүй байна, хүн бүгд л баяр хөөр болсон, шинэ жилийн уур амьсгал орсон энэ үед би ажлаас халагдсан захирамж авахгүй гэж хэлсэн. Тэгж байтал Тамгын газрын дарга Б над руу утсаар залгаж Б дарга чамайг ажлаас халах захирамжийн төсөл боловсруулж өг гэж байна, яагаад ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа хүнийг ажлаас халж байгаа юм гэхэд Н.Батбаяр дарга хариуцлагыг нь би хүлээнэ, чи ажил үүргийнхээ хуваарийн дагуу төслийг чи гаргах ёстой, ажил хүлээлцэх ажлын хэсэг чи ахал гэж байна. Би ажлын хэсэг ахалж чадахгүй, захирамжийг ч боловсруулах боломжгүй гэж муудалцлаа гэж надад хэлсэн.

4.10.Батцогт дарга сургуулийн ажил, байдлыг мэдэх хүний хувьд захирлыг ажлаас халах үндэслэлгүй гэдгийг ойлгосны хувьд, өөрөө хариуцлагатай ажилтны хувьд Засаг даргадаа зөвлөснийг нь хүлээн аваагүй учраас надад хэлсэн байх.

4.11.Ингээд Засаг дарга Н.Б нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А.Н-г ажлаас халах тухай Б/25 тоот захирамж гарган намайг захирлын ажлаас халсан.

4.12.Захирамжийн үндэслэлийг халахад 15 орчим хуулийн зүйл заалт, 1 журмын 4 заалтыг үндэслэжээ. Энэ захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтаас харахад намайг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн байгаагаас гадна үндэслэхдээ барьсан хуулийн заалтаас харахад намайг төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан бололтой. Би төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд ажиллахдаа ажлын байранд заасан зорилго зорилтоо жил бүр хангалттай сайн биелүүлж өнөөдрийг хүрсэн болохыг нотлох аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааны тайланг үнэлсэн жил жилийн үнэлгээ байгаа.

4.13.Гэтэл Н.Б нь дотуур байрны болон бусад хүүхэд удаа дараа гэмт хэрэгт холбогдсон нь захирлын буруу гэж үзээд байгаа юм уу, тэр хүүхдүүдийг гэм буруутай гэдгийг нотолсон ямар шийдвэр байна, хэн тогтоосон болох, мөн хамтарсан баг болон сумын ГХУСЗ, сумын Цагдаагийн хэсэг ч гэсэн хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа анзаарч үзэлгүй, зөвхөн захирлын буруу гэж намайг төрийн албанд 3 жилийн хугацаагаар орох эрхгүйгээр халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.14.Сургуулийн захирлын хөдөлмөрийн харилцаа Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг хэдий боловч ажлаас халах чөлөөлөхөд захирамжийн үндэслэлд заагдсан олон хуулийн, олон зүйл, заалтын аль нь ч надад хамаарахгүйгээр харагдаж байгаа юм. Мөн нөгөө талаар захирамжийн захирамжлах хэсгийн 3-т Уг захирамжийг эс зөвшөөрвөл Төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэжээ.

4.15.Төрийн жинхэнэ албан хаагч нар ажлаас чөлөөлсөн болон сахилгын зөрчилтэй холбоотой гомдлоо Төрийн албаны төв байгууллагад хандан түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд ханддаг. Гэтэл намайг төрийн жинхэнэ албан хаагч шиг ойлгон гомдол гаргах байгууллагыг хүртэл захирамжинд буруугаар тусгасан нь миний хөдөлмөр эрхийг зөрчөөд зогсохгүй, гомдол гаргах эрхийг хязгаарлаж байх бөгөөд захирамжийг гардан аваад 30 хоног дотор дээд шатны Засаг даргад хандахад аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Болормаа нь та өргөдлийнхөө хариуг 3 сарын 16-нд ирж хариугаа аваарай гэхэд нь 16-нд ирэхэд таныг ямар үндэслэлээр ажлаас халсныг судлахын тулд танай сумын Засаг дарга руу бичиг явуулсан. Тиймээс хариу өгөх хугацааг дахин 30 хоногоор сунгалаа гэж хэлсэн. Тэгээд би сая ирж уулзахад Засаг даргын хариуг та заавал авч байж шүүхэд хандах ёстой, тэгэхгүй бол болохгүй байна, хууль зүйн хэлтсээс асууна гэж 4-5 хоног чирэгдүүлсэн. Намайг зөвхөн үүний хариуг авах гэж хөдөөнөөс орж ирсэн байгааг ч үл тоон байж бай хүлээж бай гэсэн бүтэн 4-5 хоног өнгөрсний дараа шүүхэд хандахгүй шүү та Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана шүү гэсээр энэхүү бичиг өгсөн болно. Үүнийг ч гэсэн би миний гомдол гаргах хугацааг зориудаар өнгөрүүлэх гэсэн арга гэж харж байна. ...

4.16.Мөн намайг захирлын ажлаас чөлөөлөөд тусгай хэрэгцээт боловсролын багш гэсэн ажлын байран дээр томилсноос 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А.Н-г халах тухай Б/25 тоот захирамжийг хүчингүй болгож, намайг Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, цалингийн зөрүү 1 223 640 төгрөгийг Улаан-Уул Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг дарга Н.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

5.1.Миний бие Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын албан тушаалыг хашиж байгаа болно. Энэ хугацаандаа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 тоот захирамжаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А овогтой Н-г үүрэгт ажлаас нь халсан болно.

5.2.А.Н нь үүрэгт ажил хэрэгжүүлж байх үед нь 2021 онд дотуур байрны хүүхэд архидан согтуурсан хэрэг гарсан боловч анги удирдсан багш болон бусад хүмүүст хариуцлага тооцохгүй энэ асуудал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар яригдаж, тухайн үед сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 тоот захирамжаар сахилгын шийтгэл ногдуулж байсан. 2022 оны 3 дугаар сард Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчидтай холбоотой ёс зүйн зөрчил дутагдал буюу архидан согтуурсан ажлын хариуцлага алдсан талаар дутагдал удаа дараа гарч, түүний дагуу тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар ард иргэд болон холбогдох байгууллагаас албан хүсэлт ирж байсан. Үүний дагуу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10/50 тоот албан бичгээр үүрэг даалгавар өгсөн боловч ажил нь сайжраагүй тул 2022 оны 03 дугаар сарын 23-нд 10/64 тоот албан тоотоор Хөвсгөл аймгийн багшийн ёс зүйн зөвлөлд хандаж байсан болно.

5.3.Мөн ямар ч сонгон шалгаруулалт байхгүй 25 хүнийг ажилд авсан үүнд багш 5 ажилчин 20 хүнийг үүнээс Б.О нь мэргэжлийн хяналтын албанаас хуурамч дипломтой болох нь тогтоогдож ажлаас чөлөөлөгдсөн түүнийг Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар томилсон. Тухайн ажлын байр нь бакалавраас дээш боловсролтой хүнд хавсран гүйцэтгэж үндсэн цалингийн 40 хувь урамшуулал олгоно гэж заалтыг зөрчиж ажлын орон тоо гаргаж ажилд авсан, ангийн хүүхэд болох Д.Ч гэж Тоом багийн малчин хүнийг Ерөнхий боловсролын сургуулийн мал малладаг гэж галчийн орон тоогоор өдийг хүртэл 6 жил цалинжуулж байсан зөрчил илэрсэн мөн өөрийн нөхөр М.Чинбатыг өөрийн жолоочоор томилсон. 2022 оны жилийн эцсийн мал тооллогын програмаас харахад Ерөнхий боловсролын сургууль ямар ч мал тоологдоогүй байсан болно. Энэ байдлаас хараад ажилд сонгон шалгаруулалтгүй 25 хүнээс 11 хүн нь өөрийнх нь төрөл садан хамаарал бүхий 8 хүн нь ангийнх нь хүмүүс байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн гэж үзсэн.

5.4.Мөн 2022 онд Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангид сурдаг. Н.О, Б.Э нар нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирогч болсон. 11а ангийн сурагч Б, 9а ангийн сурагч И, Б.Х, Г.Н, 9б ангийн сурагч С, 9б ангийн сурагч Б.Н нар нь зургаан удаагийн давтамжтай орон байрны хулгайн хэрэг үйлдэж байхад байрны жижүүр огт мэдээгүй. Хулгайн хэрэгт сэжиглэгдэж байцаалт авах үед нь эцэг, эхийн төлөөлөл ч байлцаагүй. Тухайн сургуулийн нийгмийн ажилтан ч байгаагүйн улмаас Б.Н нь Мөрөн сум руу нь оргон зайлсан хүүхдийг Мөрөн сум руу очоод гэртээ харилгүй хонон алга болж амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсэж байхад сургуулийн захирал А.Н нь мэдсэн байж сумын шуурхай штаб болон сумын удирдлагуудад хэлэхгүй нуун дарагдуулсан нь сургуулийн захирал асан А.Н-ийн ажлын хариуцлага алдсан үйлдэл байсан.

5.5.2022 оны түлш халаалтын зардалд 50.0 сая төгрөгт төлөвлөгдсөн 30.0 сая төгрөгөөр түлээний мод, нүүрс 20 сая төгрөгөөр худалдан авах тендер зарлагадаж тендерийг Өргөн хөг хоршоо шалгарч гэрээ байгуулж ажилласан байдаг. Мөн боловсрол шинжлэх ухааны сайдын зөвлөх Т.Б, БШУЯ-ын төрийн захиргаа удирдлагын дарга Г.Э аймгийн БШУГ-ын дарга Ц.Г нарын хамтарсан ажлын хэсэг тус сумын дотуур байранд хийгдэж буй ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдал явцтай танилцах, ажлыг эрчимжүүлэх чиглэлээр 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус суманд ажиллаад 320 хүүхдийн хичээлийн байранд халаалт өгөх чиглэл өгч 15 сая төгрөгийг шийдэж өгсөн байдаг. Гэтэл ерөнхий боловсролын сургуулийн түлшний мод 2022 оны 11 дүгээр сард дуусаж хичээл сургууль явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж түлшний модыг 2023 оны төсөв барьцаалж зээлээр авч эхэлсэн шалтгаан нөхцлийг тогтоохоор 2023 оны төсөв барьцаалж зээлээр авч эхэлсэн шалтгаан нөхцлийг тогтоохоор 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/08 тоот захирамж гаргаж ажлын хэсэг томилон ажиллуулсан. Гэтэл өргөн хөг хоршооноос түлшний мод 31050.0 төгрөгөөр 676 метр куб мод авч орлого, зарлага үйлдсэн боловч хүлээн авсан акт байхгүй нүүрс 18950.0 төгрөгийн үнэ бүхий 63.1 тн нүүрс авсан орлого, зарлагын баримт үйлдсэн боловч хүлээж авсан акт байхгүй. 2022 оны 12 сард 320 хүүхдийн хичээлийн байранд халаалт өгөх зориулалттай 15 сая төгрөг 2022 оны 12 сард 14940.0 төгрөгөөр түлээ авсан гэж гаргасан боловч байгууллагын данснаас гаргахдаа бараа, үйлчилгээний бусад зардлаас гаргаж Өргөн хөг хоршоо, Алтан тагна уулс ХХК-аас материал худалдаж авсан орлого, зарлагын бичгийг үйлдэж програм дээр бүртгэсэн, мөн түлээ хүлээн авсан акт байхгүй, орлого авахдаа зөвхөн цаасаар орлогын баримт үйлдсэн байх ба 2023 оны түлшний тендерийг 2022 онд түлшний тендер авсан Өргөн хөг хоршоо авсан. Тухайн үед ерөнхий боловсролын сургуулийн түлшний мод нийлүүлж байгаа үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт хийхэд нярав Э.Б нь түлшний мод хүлээж авсан акт падаан байхгүй. ЗИЛ-130 машинаар ачсан түлээг 20 м3 хүлээж авч байсан ноцтой зөрчил илэрсэн.

5.6.Сургуулийн захирал асан А.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 85 тоот албан бичиг надад ирүүлэхдээ 2022 оны түлш халаалтын зардал 50 сая төгрөг түүнээс 20 сая төгрөгөөр нүүрс 30 сая төгрөгөөр 12 м3 модыг 680000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд нийт 441 м куб мод бэлтгэж байсан гэж албан тоот ирүүлсэн. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлтээр 676 метр куб түлээний мод авч орлого, зарлага үйлдсэн байгаа нь 235 метр куб мод хий орлого авч хуурамч баримт бүрдүүлж 19.6 машин буюу 235 метр куб түлшний модны үнийн 13 328 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байна.

5.7.Манай суманд 320 хүүхдийн хичээлийн байр баригдаж эхлээд 10 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацааны долоон жилд нь А.Н захирлын үүргийг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 320 хүүхдийн хичээлийн байр ашиглалтад оруулах талаар огт санаа тавиагүй. Харин ч энэ барилгыг ашиглалтад оруулах талаар санаа тавих нь байтугай 2020 оны 12 дугаар сард сумын удирдлагуудад хэлэлгүй тухайн үед Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Наранцэцэг, захирал асан А.Н нар гарын үсэг зурж хүлээж авсан боловч өдийг хүртэл 3 жилийн хугацаа өнгөртөл ашиглалтад ороогүй. Ерөнхий боловсролын сургуулийн 900 гаруй хүүхдийн аюулгүй ая тухтай орчинд сурч боловсрох эрхийг ноцтой зөрчсөн асуудал болж хүлээж авснаас хойш. Барилгын сантехникийн төхөөрөмж нь хөлдөж хагарсан барилгад цууралт үүссэн дотор бүх хаалга дутуу. Эдгээр байдал нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон авилга ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй гэж үзэж Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажил явуулж байна.

5.8.Ерөнхий боловсролын захирал асан А.Н нь үр дүнгийн гэрээ минь 80-90 хувьтай үнэлэгдэж ирсэн гэж байх юм. Бодит байдал дээр шал өөр гэдгийг хариуцлагатай хэлмээр байна.

5.9.Сумын хүүхдийн чуулган 2022 оны 11 дүгээр сарын 21-нд болсон. Энэ чуулганаар хүүхдийн үгийг сонсож тулгамдаж буй асуудлаар хүүхдүүд үгээ хэлсэн. Хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тал дээр дутмаг байна. Золбин нохойн асуудал хэцүү байна. Сэтгэл судлаачтай болмоор байна. Онлайн хичээл орох хэрэгтэй байна. Биеийн тамирын багш муу байна. Дугуйлан секцэд тодорхой хэдэн хүүхдийг оруулдаг, гэр гэрлэж байгаа хүүхдэд тавих анги даасан багш Нийгмийн ажилтны хараа хяналт муу байна. Хичээл сургуулийн ажил муу байна. Дэлгүүрүүд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн зарж байна. Ялгаварлан гадуурхах бие биендээ хоч өгөх Ерөнхий боловсролын сургуулийн түлээ дуусаж, хүндрэлтэй байдал үүсэж байна гэх мэдээлэл саналууд хэлсэн. Миний хувьд багш, ажилчид архи согтууруулах ундаа хэрэглэж ажлын хариуцлага алдаж байна. Муу үлгэр дуурайлал болж хүүхэд гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болж байна гэдэг талаар хүүхэд хамгаалахын хамтарсан багийн даргын хувьд зөвлөмж өгсөн болно.

5.10.Нийгмийн ажилтныг үндэстэй, үндэсгүй шалтгаанаар ажлаас халснаас болж хамтарсан багийн ажил доголдсон гэж нэхэмжлэлд заасан байна. Намайг Засаг дарга болоход С.Өсөхжаргал багш нийгмийн ажилтан байсан. 2023 оны 2 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгч нөхрийн хамтаар Австрали явсан. Миний хувьд нийгмийн ажилтныг халсан зүйл байхгүй, надад эрх зүйн боломж ч байхгүй.

5.11.2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/135 тоот захирамжаар сургууль цэцэрлэгийн эрхлэгч, захирлын 2022 оны үр дүнгийн гэрээ дүгнэх, ажлын хэсэг байгуулж, тухайн ажлын хэсэг байгуулж тухайн ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр миний өрөөнд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын тайлан сонссон. Тэгэхэд захирал асан А.Н миний ажил 92.6 хувьтай шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэлэх шаардлага байгаа юм уу, чи яахаараа өөрөө өөртөө үнэлгээ тавьж орж ирдэг юм бэ? Чиний ажил муу байгаа гэж хэлсэн үнэн.

5.12.2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж 2023 оны төсөв хэлэлцэх, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт хэлэлцсэн. Энэ хурал дээр би сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын үр дүнгийг биелэлтийн талаар нэг үг үсэг ч яриагүй. Яагаад гэвэл үр дүнгийг гэрээг дүгнэх ажлын хэсэг хуралдаж үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байсан болохоор би тэр тухай яриагүй болно. Би 2022 оны 11 сард сургуулийн захирал асан А.Н-г дуудаж чиний ажил нэг л болохгүй байна. Ашиг сонирхлын болон бусад зөрчил дутагдал их байна. Чи өргөдөл өгөөд тусгай хэрэгцээт багшийн орон тоо байгаа юм байна, тэр ажлыг хий гэж хэлсэн.

5.13.Тухайн үед А.Н нь би энэ оны төсвийн гүйцэтгэл дуустал ажиллаад ажлаа өгнө гэсэн. Тэр саналыг нь би хүлээн зөвшөөрч ямар нэгэн зөрчил дээр нь сахилгын шийтгэл ч оногдуулаагүй, 12 дугаар сарын 20 гартал ажиллуулж жилийн эцсийн гүйлгээ зогсож, данс хаагдсан тэр үед нь А.Н-г дуудаж өргөдлөө өг гэсэн. Гэтэл үгүй, тийм юм байхгүй гэхээр нь би өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана гэдгээ хэлсэн. Гэтэл А.Нансалмаа нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардчилсан намын дарга Г.Эрдэнэбаяр руу ярьж Засаг дарга намайг ажлаас хална гэнэ, та нар надад 25 сая төгрөг өг, тэгвэл өргөдлөө өглөө гэж ярьсан байсан. Г.Э дарга надтай уулзаж А.Н 25 сая төгрөг нэхэж байна гэсэн. Тэр үед нь би үнэмшээгүй, А.Н-г өрөөнд дуудаж уулзахад мөнгө нэхсэн минь үнэн гэдгээ надад хэлсэн. Тэгэхээр нь сургуулийн захирлын албан тушаалыг 25 сая төгрөгөөр үнэлж байгаа нь надад үнэхээр эвгүй сонсогдсон. Мөн ажил албан тушаалаа урвуулан ашиглаж ашиг сонирхлын зөрчил үүсгэж байсан байж болзошгүй байна гэсэн дүгнэлт над төрсөн. А.Н нь Тамгын газрын дарга М.Б-т над руу ярьж Б дарга чамайг ажлаас халах захирамжийн төсөл боловсруулж өг гэж байна, яагаад ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа хүнийг ажлаас халах гээд байгаа юм бэ, ажлын хэсэг ч ахалж чадахгүй, захирамжийн төсөл боловсруулж чадахгүй гэж муудалцлаа гэж утсаар ярьсан гэсэн байх юм. Тэр бол шал худлаа гэж үзэж байна. Надтай Засаг даргын Тамгын газрын дарга М.Б-т нь үр дүнгийн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийн гишүүн хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн хурлын тэмдэглэл байна.

5.14.Захирал асан А.Н нь захирамжид намайг 3 жилийн хугацаанд эргэж орохооргүй халсан гэсэн байна. Тийм үг үсэг хуулийн заалт ч байхгүй болно. Дотуур байрны болон бусад хүүхдүүд олон удаагийн давтамжтай хулгайн хэрэг хийсэн нь миний буруу биш гэж үзсэн байна.

5.15.Мөн тухайн хүүхдийг гэм буруутай гэдгийг нотолсон ямар шийдвэр байна гэсэн байх юм. Дээрх нэр бүхий дотуур байрны болон бусад хүүхдүүд 6 удаагийн давтамжтай хулгайн хэрэгт холбогдож шүүхээр насанд хүрээгүй гэдгээр ял хойшлуулах шийдвэр гарсан болно. Сургуулийн багш ажилчид болон хүүхдүүдийг удирдлага зохион байгуулалтаар ханган ажилладаг хүн нь сургуулийн захирал гэдгийг өдрийг хүртэл үүргээ мэдэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Ямар хүн байсан нь нэхэмжлэлд дурдагдсан зүйлсээс харагдаж байна.

5.16.Захирамжид заагдсан олон зүйл заалт надад хамааралгүй гэсэн байна. Захирамжийг эс зөвшөөрвөл төрийн албаны төв байгууллага болон шүүхэд хандах ёстой.

5.17.Сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явуулах хүсэлтийг сумын Засаг дарга Төрийн албаны зөвлөлд хүргүүлж түүний дагуу Төрийн албаны зөвлөл боловсролын байгууллагаар сонгон шалгаруулалт зарлуулж, сонгон шалгаруулалтад 1-ээр гарсан хүнийг сумын Засаг дарга томилдог. Тийм учир төрийн албаны зөвлөл болон шүүхэд хандаж болохыг заасан болно.

5.18.Мөн дээрх үндэслэл буюу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2022 оны үр дүнгийн гэрээг дүгнэх ажлын хэсгийн дүгнэлт болон дээрх зөрчлүүдийг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал асан А.Н-г албан үүрэгт ажлаас нь чөлөөлж, А.Н нь 2023 оны 01 сарын 02-ны өдрөөс тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын багшаар ажиллаж байгаа болно.

5.19.А.Н нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 тоот захирамжийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсаар байтал ямар ч шалтгаангүй хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6.Нэхэмжлэгч А.Н болон түүний өмгөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1.Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн улс төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албан хаагч, төрийн тусгай албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч гэж 4 ангилсан байдаг. Үүнээс харахад сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний албан хаагч учир Төрийн албаны тухай хуулийн хуулийн зарим зүйл заалт үйлчлэх боловч хөдөлмөртэй холбоотой зүйл заалт нь нэхэмжлэгчид үйлчлэхгүй юм. Төрийн албан тухай хууль нь төрийн жинхэнэ албан хаагч нарт үйлчилдэг.

6.2.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А.Нг ажлаас халах тухай Б/25 тоот захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн, ажлаас нь чөлөөлсөн, ажлаас нь халж байгаа, захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй ба нэхэмжлэгчтэй уулзахдаа нэхэмжлэгчийн ажил болохгүй байна, ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгд гэж хэлсэн байдаг. Үүнийг хариуцагч өөрөө ч энэ талаараа тайлбарлаж хэлсэн. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй гэж үзэж байна.

6.3.Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч сумын Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж маргасан. Энэ нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн өөрчлөлтөөр Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө гэснийг хүчингүй болгосон. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т сумын Засаг дарга нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө гэж заасан. Сургуулийн захирлыг ажилд авах, ажлаас чөлөөлөхдөө аймгийн Боловсролын газрын саналыг үндэслэнэ гэж хуульд тодорхой тусгаж өгсөн байхад хариуцагчийн зүгээс уг хуулийн зүйл заалтыг зөрчсөн.

6.4.Хариуцагч нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг урьд нь сахилгын шийтгэл хүлээж байсан, багш ажилчидтай холбоотой гомдол иргэдээс ирсэн, ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулахгүйгээр багш, ажилтныг ажилд авсан, төсөв буруу зарцуулсан, нягтлан бодох бүртгэлийн анхны шатны бүртгэл дутуу хийгдсэн тендерийн үйл ажиллагаа хууль бус, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн, хүүхдүүд гэмт хэрэгт холбогдсон, хэргийн хохирогч болсон талаар тайлбарлаж байх боловч энэ талаар тухайн ажлаас чөлөөлсөн актад дурдагдаагүй.

6.5.Засаг дарга нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан атлаа 2023 онд нэхэмжлэгчийн ажилтай холбоотойгоор аудитын шинжээчийн дүгнэлт гаргуулах, Авлигатай тэмцэх газар гомдол гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь Засаг дарга нь тухайн ажлаас чөлөөлөх актыг гаргахаасаа өмнө уг ажиллагаануудыг хийх ёстой байсан боловч тэгээгүй. Дараа нь ийм байдлаар нотлох баримт цуглуулж байгаа нь хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

6.6.Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гомдол гаргасан гэж тайлбарлаж байх боловч уг захирамжийн 3 дахь заалтад тухайн захирамжийг эс зөвшөөрвөл төрийн албаны төв байгууллага болон шүүхэд хандах талаар тусгаж өгсөн.

6.7.Засаг даргын гаргасан захирамжийг яах ёстой юм бэ гэхээр Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлд сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллагад хандах талаар тодорхой зааж өгсөн. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргасан захирамжийг эс зөвшөөрч аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч тухайн асуудлыг судалж, шаардагдах нотлох баримтуудыг цуглуулж байна гэсээр байгаад 2023 оны 04 дүгээр сарын 07-ын өдөр шүүхэд хандана уу гэх хариуг өгч нэхэмжлэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

6.8.Нэхэмжлэгчийн ажлыг үнэлэх ажлын хэсэг нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан. Хуралдаад сургууль болон цэцэрлэгийн ажлын үр дүн нь 85 хувьтай байгаа талаар уг хурал дээр тайлбарласан болох нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 13 дугаар хурлын тэмдэглэлийн 15 дугаар хуудсаар тогтоогдож байна. Мөн гэрч Т.А мэдүүлгээр нотлогдож байна.

6.9.Хариуцагч нь гэрч М.О худал мэдүүлэг өгүүлж байгаа нь өөрийн гаргасан хууль бус захирамжийг үндэслэлтэй болгох гэж байгаагийн нэг хэлбэр юм. Мөн хариуцагч нь М.О ахлуулсан нэхэмжлэгчийн ажлыг дүгнэх ажлын хэсэг байгуулсан гэж байх боловч тухайн үед ийм ажлын хэсэг огт байгуулагдаагүй. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд зориулж үйлдсэн хуурамч баримт гэж хардаж байгаа.

6.10.Хариуцагч нь өөрийн дургүй хүнээ ажлаас нь чөлөөлөхийн тулд сумынхаа хүмүүсээр ажлын хэсэг томилоод хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдож байгаа, сургуулийн захирлын буруу учир ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй байна гэж л дүгнэсэн зүйл хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Гэтэл тухайн хүний ажлыг үнэлэхдээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэлж дүгнэх ёстой болохоос биш Засаг даргын захилгаар үнэлэх ёсгүй юм.

6.11.Нэхэмжлэгч нь 2018 онд аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул жил болгон сумын Засаг даргатай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн ойлголт байхгүй юм. Байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулдаг гэдгийг хүмүүс ойлгож байгаа байх.

6.12.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд төрийн үйлчилгээний албан хаагч нар гэж ямар этгээдүүдийг ойлгох ойлголтыг талаар тусгаж өгсөн. Үүнд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал байхыг ойлгоно.

6.13.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргад холбогдох Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А.Н-г ажлаас халах тухай Б/25 тоот захирамж нь хуульд заасан ямар ч үндэслэлгүй, хууль зөрчиж гаргасан захирамж юм. Учир нь сумын Засаг даргаар ахлуулсан хүүхдийн эрхийг хамгаалах хамтарсан баг байсаар байтал нэхэмжлэгчийг дан ганцаараа хариуцлага хүлээх ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

6.14.Иймд нэхэмжлэгч А.Н-г Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Н-г Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны хохиролд 7 683 923 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна гэв.

7.Хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг дарга Н.Б болон түүний өмгөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь сонсох ажиллагаа явуулаагүй гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дүгээр зүйлийн 27.4.3-т зааснаар нэхэмжлэгчид ганцаарчилсан сонсох ажиллагаа 1 удаа хийсэн. Мөн Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийн ажлыг дүгнэх ажлын хэсэг байгуулж сонсох ажиллагаа хийсэн.аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар руу А.Н-г ажлаас халсан захирамж гаргасан 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр албан бичиг явуулсан.

7.2.Нэхэмжлэгчийг ажлыг үр дүнг аймгийн Боловсрол соёл шинжлэн ухааны газар дүгнэх ёстой байсан боловч сумын Засаг дарга ажлыг нь дүгнэсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаад байна. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сургуулийн захирал болон цэцэрлэгийн эрхлэгч нар нь миний өрөөнд орж ирээд таныг аймгийн Боловсролын газар бид нарын ажлыг дүгнээд өг гэнээ гээд ажлын хэсэг томилоод өг гэхээр нь би ажлын хэсэг байгуулсан. Тухайн ажлыг хэсгийн бүрэлдэхүүнд төрийн албан хаагч хүмүүс ч байсан улс төрийн албан хаагч хүмүүс байсан. Төрийн албан хаагч нарын дүгнэсэн ажлын үр дүнгийн шийдвэрийг хуурамч баримт бүрдүүлсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаад байгаад хүлээн зөвшөөрөхгүй байна.

7.3.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, нэхэмжлэгч нь Засаг даргын ажлаас чөлөөлсөн захирамжид гомдол гаргах хугацаандаа гомдол гаргаагүй, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаартай нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлтэй.

7.4.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолт заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллагаагүйн улмаас дотуур байрны сурагчид удаа дараа гэмт хэрэгт холбогдож байх тул А.Нансалмааг ажлаас нь чөлөөлсөн байдаг.

7.5.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа. Учир нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн ямар субьектив эрх сэргэх нь ойлгомжгүй байна.

7.6.Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эргэн томилогдоно гэж байх боловч одоо нэхэмжлэгч нь тус сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын багшийн албан тушаалыг эрхлэхээр П.Б захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа.

7.7.Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн одоо ажиллаж байгаа хөгжүүлэхийн багшийн албан тушаалаас өөрөө өөрийгөө чөлөөлөх тушаал гаргах юм уу энэ мэт ойлгомжгүй асуудал үүсэхийг шүүхээс харгалзан үзэхийг хүсэж байна.

7.8.Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг нэхэмжлэх ёстой байтал ажиллаж байсан хугацааныхаа цалингийн зөрүүг нэхэмжилж байна гээд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1,223,640 төгрөгийг нэхэмжилж байсан. Сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд даргалагч шүүгчээс арай өөр дүнгээр уншиж танилцуулах шиг боллоо.

7.9.Нэхэмжлэгчийн ямар субьектив эрх зөрчигдөөд байгаа, нэхэмжлэгч нь ямар хуулийн зүйл заалтад үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа, мөн албан тушаал буруулсанд гомдоод байгаа юм уу, эсхүл захирлын албан тушаалаас чөлөөлсөнд гомдоод байгаа эсэх нь тодорхойгүй байна.

7.10.Нэхэмжлэгч нь надад сонсох ажиллагаа хийгээгүй, аймгийн Засаг дарга Ш.И нь шүүхэд хандах шаардлагатай гэж хэлсэн талаар тайлбарлаад байх боловч хэрэгт авагдсан баримтаас харахад аймгийн Засаг дарга нь шүүхэд бус Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах шаардлагатай манай шийдэх асуудал биш талаар тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч нь дараа дараагийн дээд шатны байгууллагад хандах ёстой байсан боловч шууд шүүхэд хандсан нь буруу юм.

7.11.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь тодорхойгүй, сумын Засаг даргын гаргасан Б/25 дугаартай захирамжийг хүчингүй болгуулснаар ямар эрх зүйн үр дагавар бий болох нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8.Гэрч Ш.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

8.1.Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль гээд 2002 оноос эхлэн сургуулийн захирлын томилгоог аймгийн Засаг дарга томилж байгаад, 2018 оноос сумын Засаг дарга томилдог болсон. Сумын Засаг дарга руу шилжихэд нь бол нийт массаар нь 2 жилээс дээш ажилласан ажилтны гэрээг шууд сунгагдчихсан гэж ойлгож болно гэдэг байдлаар гэрээ байгуулах талаар зөвлөмж өгөөгүй. Анх ажилд орсон хүмүүс сумынхаа Засаг даргатай гэрээ байгуулаад явна. Харин нэхэмжлэгчийн хувьд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сургуулийн захирлын албан тушаалд 2015 оны 1 дүгээр сард сонгон шалгаруултанд орж сургуулийн захирал болж байсан ба 2018 онд 2 жилээс дээш хугацаагаар тухайн мэргэжлээр ажилласан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу уг гэрээ нь хүчин төгөлдөр хэрэгжиж явна.

8.2. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Боловсролын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт хийх, хяналт шинжилгээ хийх гэсэн заалт байдаг. Тухайн заалтуудыг үндэслэж Боловсрол, шинжлэх ухааны газар нь ажлын хэсэг байгуулж жил бүр үнэлж дүгнэдэг. Үнэлсэн үнэлгээгээ сумдын Засаг дарга нарт илгээдэг.

8.3.Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтад сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгчийг томилохдоо сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж томилно. Харин ажлаас нь чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээ болон Боловсролын газрын энэ саналыг үндэслэж чөлөөлнө гэж заасан. Энэ хэрэг дээр болохоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг дарга нь дээрх хуулийн заалтаа баримтлаагүй буюу манай Боловсролын газрын санал, дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөөгүй. Боловсролын газраас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх талаар ямар нэгэн санал дүгнэлтийг гаргаагүй. Манайд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргаас сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх санал ирээгүй, манайх тийм саналыг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргад хүргүүлээгүй.

8.4.Ерөнхийдөө сургуулийн ажлыг дүгнэхдээ 5 чиглэл болгож авдаг байгаа. Тэгээд сургалтын үндсэн үйл ажиллагааны хажуугаар сургуулийн хүүхдийн хамгаалалттай холбоотой асуудлууд дээр дүн үнэлгээг өгөөд нэгдсэн үнэлгээгээр гардаг байгаа. Тэгэхээр хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа нь дан ганц захирлын хүлээх үүрэг биш.

8.5.Боловсролын тухай хуульд зааснаар суманд хүүхэд хамгааллын баг ажиллаж байгаа бөгөөд тухайн багуудын үйл ажиллагаатай хамааралтай гэж үзнэ. Энэ нь сургуулийн захирлын хүлээх үүрэг биш харин Засаг даргын захирамжаар байгуулагдсан хамтарсан багийн хүүхдүүд гэмт хэрэг холбогдохоос сэргийлж ямар үйл ажиллагаа хийж байгаагаас шалтгаална. Энэ талаар тухайн сумын Засаг даргын хариуцсан ажлын чиг үүрээнд нь үүрэгт хамаарна. Манайх хүүхэд хамгааллын чиглэлээрээ ажлууд дээрээ сургуулийн захирлын ажлыг гэхэд 44 үзүүлэлтээр дүгнээд, тэр үзүүлэлт дотор уг сургуулийн хүүхдүүд гэмт хэрэг зөрчил гарсан юм уу, хэрэв гарсан бол урьдчилан сэргийлэх ямар нэгэн ажил хийгдсэн үү, хийгдээгүй бол оноог нь хасаад дүгнэгдээд явж байгаа.

8.6.Тус сумын сургуулийн үйл ажиллагаа нь нийт нийлбэрээрээ 60-аас доош үнэлэгдсэн тохиолдолд манай зүгээс ийм үнэлэгдсэн гэдгийг сумын Засаг дарга нарт хүргүүлж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд тус сумын сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 80-90 хувиар үнэлүүлж байсан болох нь харагдаж байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

9.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч А.Н-ийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А.Н-г ажлаас халах тухай Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү 7 683 923төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

10.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар А.Н-г ажлаас халах тухай захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.23, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.18, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.4, 48.9, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2, 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3.1, 1.3.3, 1.5.3, 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллаж чадаагүйгээс сургуулийн дотуур байрны болон бусад хүүхэд удаа дараа гэмт хэрэгт холбогдож байгаа учир Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Нансалмааг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс тасалбар болгож үүрэгт ажлаас нь халжээ.

11.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар А.Нансалмааг ажлаас халах тухай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар би болгосон ... бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр ...-г ойлгоно гэж заасан бүх шинжийг агуулсан мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд ... түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж зааснаар сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт байна.

12.Нэхэмжлэгч А.Н нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/16 дугаар А.Нансалмааг ажилд томилох тухай захирамжаар Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, ...-ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино,

3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж зааснаар Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллах субьектив эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

13.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...59.1.23.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх, 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана,

14.Боловсролын тухай /2002 оны/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 31.1.12.аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг дарга нь тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрхтэй. Үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй.

15.Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 6 дугаар зүйлийн 6.1-д Төрийн албыг доор дурдсанаар ангилна: 6.1.1.төрийн улс төрийн алба; 6.1.2.төрийн захиргааны алба; 6.1.3.төрийн тусгай алба; 6.1.4.төрийн үйлчилгээний алба6.2-т Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ,

10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна: 10.1.1.төрийн улс төрийн албан тушаал;10.1.2.төрийн захиргааны албан тушаал; 10.1.3.төрийн тусгай албан тушаал; 10.1.4.төрийн үйлчилгээний албан тушаал10.3-т Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ гэж тус тус заасан.

16.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:... 14.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж заасан тул Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал төрийн үйлчилгээний удирдах албан тушаал бөгөөд төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахгүй байна.

17.Иймд маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар захирамжид Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн4.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэснийг болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ыг баримталсан нь эрх зүйн зөрчилтэй болжээ.

18.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна,

19.Боловсролын тухай /2002 оны/ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино гэж заасан тул төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тодорхойлно.

20.Иймд маргаан бүхий захиргааны актаар Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Н-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1.8.өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх; 37.1.13.албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах37.1.18.хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэснийг зөрчсөн гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.1.өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах; 48.1.4.төрийн албанаас халах гэсэн сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.

21.Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг зөрчсөн бол сахилгын шийтгэл ногдуулах юм.

22.Харин төрийн үйлчилгээний албан хаагч буюу ерөнхий боловсролын сургуулийн захиралд сахилгын шийтгэл ногдуулах харилцааг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

23.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан бөгөөд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар захирамж нь дээр дурдсанчлан эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт байна.

24.Хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар захирамжид Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллаж чадаагүйгээс сургуулийн дотуур байрны болон бусад хүүхэд удаа дараа гэмт хэрэгт холбогдож байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч А.Н-г сургуулийн захирлын үүрэгт ажлаас халсан.

25.Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 951 тоот албан бичгээр Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Б, Б.И, Ш.С, Б.Х, Б.Н нарт холбогдох эрүүгийн 2238003830001 дугаартай хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаартай яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн /хэргийн 83 дугаар хуудас/ болох нь нотлогдож байна.

26.Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Б, Б.И, Ш.С, Б.Х, Б.Н нар 2022 онд гэмт хэрэгт холбогдсон талаар хэргийн оролцогчид маргаагүй.

27.Харин хүүхдүүд гэмт хэрэгт холбогдсонд зөвхөн сургуулийн захирлыг буруутгах үндэслэлгүй гэж нэхэмжлэгч маргасан.

28.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...59.1.10.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлээр холбогдох хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх; ... 59.1.23.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх,

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэлийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: ... 7.2.7.хүүхдэд хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль дээдлэх ёс, эрх зүйн боловсрол, соёлыг төлөвшүүлэх талаар гэр бүл, нийгэм, сургуулийн орчныг хамарсан цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх,

14 дүгээр зүйлийн 14.1-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр, аймаг, сум, нийслэл, дүүрэгт түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар удирдуулсан орон тооны бус зөвлөл зохицуулна,

28 дугаар зүйлийн 28.1-д Нутгийн захиргааны бүх шатны байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах үүрэг хүлээнэ: ... 28.1.8.ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажилласан хуулийн этгээд, иргэний үйл ажиллагааг дэмжих,

31 дүгээр зүйлийн 31.1-д Иргэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах үүрэг хүлээнэ:... 31.1.8.үр хүүхэд, өөрийн асрамжид байгаа насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх,

36 дугаар зүйлийн 36.1-д Энэ хуулийн 14.1-д заасан хууль сахиулах болон төрийн захиргааны байгууллага нь иргэд, хуулийн этгээд, төрийн бус байгууллагаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх шинэ арга барил, ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн талаар санал, санаачилгыг дэмжиж хамтран ажиллана. 36.2-т Энэ хуулийн 36.1-д заасныг дараах байдлаар хэрэгжүүлнэ: ... 36.2.4.хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил эрхэлдэг хуулийн этгээдэд санхүүгийн болон бусад дэмжлэг, туслалцаа үзүүлэх,

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ,

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ: 10.1.1.хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх; 10.1.2.хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх; 10.1.3.хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөсурьдчилан сэргийлэх, хамгаалах,

Боловсролын тухай /2002 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т "сургуулийн нийгмийн ажилтан" гэж суралцагч, эцэг эх болон багшийн харилцаа, тэдний нийгмийн асуудлаар үнэлгээ хийх, ганцаарчилсан болон бүлэгт чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар нийгмийн сөрөг үзэгдлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, тэдний төлөвшил, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг мэргэжилтэнг ойлгоно,

Бага, дунд боловсролын тухай /2002 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Захирал нь дараахь үүрэгтэй: ... 20.2.14.суралцагчийг сургуулийн ойр орчинд гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих гэж тус тус заасан.

29.Өөрөөр хэлбэл хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн сөрөг үзэгдлээс хол байлгаж, зөв хүн болгон хүмүүжүүлэх нь гагцхүү ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг бус төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сургууль, нийгэм, бүх нийтийн олон талт үйл хэрэг юм.

30.Иймд Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Б, Б.И, Ш.С, Б.Х, Б.Н нар 2022 онд гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр тэдний гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоохоос өмнө сургуулийн захирлыг ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

31.Боловсролын тухай /2002 оны/ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 28.1.2.боловсролын салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбоотой санал боловсруулах, салбарынхаа холбогдох төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон шаардлагатай дүрэм, журам, заавар, аргачлал боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох гэж заасны дагуу Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/803 дугаар тушаалаар Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг үнэлэх журмыг баталжээ.

32.Тус журамд зааснаар ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг үнэлэх үнэлгээ нь өөрийн болон хөндлөнгийн гэсэн хэлбэртэй байх юм.

33.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны үйл ажиллагааны өөрийн үнэлгээ 92.6, хөндлөнгийн буюу аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын үнэлгээ 90 хувь буюу тус сургуулийн үйл ажиллагаа хэвийн үнэлэгдсэн /хэргийн 116 дугаар хуудас/ болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ш.О-ийн мэдүүлгээр нотлогдож байна.

34.Энэ нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны үйл ажиллагаа хэвийн, сургуулийн захиралд хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй байсныг харуулж байна.

35.Боловсролын тухай /2002 оны/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 31.1.12. ... ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасан.

36. Гэтэл хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг дарга нь тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Нансалмааг ажлаас халахдаа аймгийн боловсролын газрын саналыг аваагүй болох нь гэрч Ш.О-ийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 282 тоот албан бичиг, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар руу А.Н-г ажлаас халсан захирамж гаргасан 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр албан бичиг явуулсан гэх тайлбараар тус тус нотлогдож байх тул Боловсролын тухай /2002 оны/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.131.1.12 дахь хэсгийг зөрчжээ.

37. Гэрч Ш.О-ийн мэдүүлгээр Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дагуу сумын Засаг дарга сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, чөлөөлдөг болсонтой холбогдуулан өмнө нь аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2 жилээс дээш хугацаагаа ажилласан сургуулийн захирлуудтай сумын Засаг дарга нар дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй гэсэн зөвлөмжийг аймгийн Боловсрол, шинжлэх ухаааны газраас өгч ажилласан нь нотлогдож байна.

38.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна: 23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй гэж заасан тул хариуцагчийн маргаж буй өмнө нь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнээс хойш А.Н хөдөлмөрийн гэрээг сумын Засаг даргатай байгуулаагүй гэж маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

39.Хариуцагч Улаан-Уул сумын Засаг дарга 2022 оны 03 дугаар сарын 23-нд 10/64 тоот албан тоотоор Хөвсгөл аймгийн багшийн ёс зүйн зөвлөлд хандаж байсан. Ямар ч сонгон шалгаруулалт байхгүй 25 хүнийг ажилд авсан. Өөрийн нөхөр М.Ч-ыг өөрийн жолоочоор томилсон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн. Н.О, Б.Э нар нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирогч болсон. Түлш халаалтын зардалд санхүүгийн зөрчил гаргасан. 13 328 000 төгрөгийн хохирол учруулсан. 320 хүүхдийн хичээлийн байр ашиглалтад оруулах талаар огт санаа тавиагүй. ... зэрэг үндэслэлээр маргаж байгаа боловч эдгээр нь А.Н-г ажлаас халсан захирамжийн үндэслэлд дурдагдаагүй, маргаан бүхий захиргааны актыг гаргах үед эдгээр үндэслэлээр сонсох ажиллагаа хийгээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул хэрэгт хамааралгүй гэж үзлээ.

40.Хариуцагчийн тайлбараас үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэснийг зөрчсөн байна.

41.Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2, 154.2.1-д зааснаар нэхэмжлэгч А.Н хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүйг буруутгах үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий захиргааны актад Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахыг заагаагүй байна.

42.Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй, 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасан тул нэхэмжлэгч А.Н нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад маргаан бүхий захиргааны актын талаар гомдол гаргасныг буруутгах үндэслэлгүй.

43.А.Н-ийн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гаргасан гомдлын хөөн хэлэлцэх хугацааны талаар дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг дарга маргаагүй бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/565 тоот албан бичгээр хариу өгч, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийнЗ3.15-д Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана33.16.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно33.14-т Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

44.Нэхэмжлэгч А.Н анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А.Н-г ажлаас халах тухай Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулж, цалингийн зөрүү 1 223 640 төгрөг гаргуулахыг хүссэн.

45.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А.Н-г ажлаас халах тухай Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол буюу цалингийн зөрүү 7 683 923төгрөг гаргуулахыг хүссэн.

46.Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Н-г тусгай хэрэгцээт боловсролын багшаар томилон ажиллуулсан байна. /хэргийн 47 дугаар хуудас/

47.Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар захирамжаар А.Н-г албан тушаал бууруулаагүй, харин ажлаас халсан тул түүнийг тусгай хэрэгцээт боловсролын багшаар ажиллуулсан нь маргаан бүхий захиргааны акттай холбоогүй гэж үзэв.

48.Тодруулбал нэхэмжлэгч А.Н нь ажлаас хууль бусаар халагдсаны улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхэд түүний тусгайт хэрэгцээт боловсролын багшаар ажиллаад авсан цалин хөлс саад болохгүй.

49.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.Н-г Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтооход түүнийг тусгай хэрэгцээт боловсролын багшаар томилсон тушаал саад болохгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

50. А.Н нь 2022 оны сүүлийн гурван сард авч байсан цалин хөлсийг дундчилбал нэг сард 2 487 208 төгрөгийн цалин хөлс авч байжээ. 2023 оны 1 сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд буюу 8 сар гаруй хугацаанд ийм хэмжээний цалин хөлс авах боломжтой байсан гэж үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 7 683 923 төгрөгөөс илүү гарч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

51.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна гэж зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газраас 7 683 923 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боловсролын тухай /2002 оны/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2 дахь хэсэгт заасныг баримтлан Шарнууд А-ийн Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 захирамжийг хүчингүй болгож, А.Н-г Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газраас 7 683 923 /долоон сая зургаан зуун наян гурван мянга есэн зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Н-д олгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Н олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ