Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2020/00003

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2020/00003

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн*******ын 6 дугаар баг, өөрийн байранд байрлах,*******ын Засаг даргын Тамгын газар/РД:9030689/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорнод аймгийн*******ын 6 дугаар баг, Өнөрийн 24-34 тоотод байрлах, ******* дахь Сургалт судалгааны Эрдэм төв/РД:3375749/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 19 806 894 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Б.Болортуяа

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхбилэг

Хариуцагчийн төлөөлөгч С.Номин-Эрдэнэ

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ Нь:

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн*******ын Засаг даргын Тамгын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн*******ын Сум хөгжүүлэх сан нь 2011 оноос эхлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжид зээл олгож эхэлсэн бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжид 25 000 000 төгрөгийн, иргэнд 10 000 000 төгрөгийн зээлийг олгож байсан. ******* дахь Сургалт судалгааны Эрдэм төв нь Сум хөгжүүлэх сангаас 25 000 000 төгрөгийн зээлийг Хүний хөгжлийн төв байгуулах зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр авч зээлийн гэрээ байгуулсан. Гэвч уг төв нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-ын 3.5.5, 4.7-д заасныг тус тус зөрчиж 2014 оны 12 сараас хойш зээлийн төлөлтийг төлөхгүй болсон. Гэрээний хугацаа 2016 оны 4 сарын 11-нд дууссан. Эрдэм төв нь зээл авснаас хойш үндсэн зээлд 5 495 427 төгрөг, зээлийн хүүнд 1 342 783 төгрөг буюу нийт 6 838 210 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 19 504 573 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Эрдэм төв улсын бүртгэлд 2014 онд бүртгүүлсэн эсэх, өмнө нь бүртгэлтэй байсан эсэхийг сайн мэдэхгүй, гэвч зээл авах үед буюу 2013 онд Эрдэм төвийн захирал нь Б.Долоонжин гэдэг хүн байсан ба худалдаа эрхлэгчдэд сургалт явуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Б.Долоонжинд зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Сүүлдээ уг төвийн дарга нь өөр хүн болсон, одоо надад хамаагүй гэсэн тайлбар өгдөг. Мөн Сум хөгжүүлэх санг хариуцаж байсан хүмүүс нь байнга солигдож байсан болохоор зээлийн эргэн төлөлтийн араас анхаарал тавиагүй. Сум хөгжүүлэх сангийн журамд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжид 25 000 000 төгрөгийн, иргэнд 10 000 000 төгрөгийн зээлийг олгох заалттай учраас Эрдэм төвд 25 000 000 төгрөгийн зээлийг олгосон байдаг. Б.Долоонжин сүүлийн зээл төлөлтүүдийг төлсөн байдаг. Эрдэм төвөөс одоог хүртэл зээлээс төлж барагдуулаагүй байгаа. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 19 504 573 төгрөг, зээлийн гэрээнд заасны дагуу гэрээний торгууль 302 321 төгрөг, нийт 19 806 894 төгрөгийг Эрдэм төвөөр Сум хөгжүүлэх санд төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* дахь Сургалт судалгааны Эрдэм төвийг төлөөлж, тус төвийн эрхлэгч С.Номин-Эрдэнэ, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эрдэм төвийг 2014 оны 8 сард хүлээж авсан. Энэ байгууллага бол нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус төрийн бус байгууллага. Өмнө нь Б.Долоонжин гэдэг хүн ажиллуулдаг байсан. Би Б.Долоонжингоос Эрдэм төвийг авахдаа Сум хөгжүүлэх сангаас зээл авсан гэдгийг мэдэж байсан. Уг зээлийг сургалт явуулж олсон орлогоор төлж барагдуулах боломжтой гэж үзэн тодорхой хугацаанд төлж дуусгана гэх нөхцөлтэйгөөр уг төвийг шилжүүлж авсан нь үнэн. 2014 оны 11 сард төв маань Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 3 дугаар байранд байрладаг байсан ба 2000-2014 оныг хүртэл хугацаанд аймгийн хэмжээнд 13 сум,*******ын хэмжээнд сургалтын үйл ажиллагааг явуулдаг байсан. Гэтэл уг байрыг аймаг буцаан авсан бөгөөд 2014 оноос эхлэн тогтмол үйл ажиллагаа явуулж чадахгүй болсноор санхүүгийн хувьд орлогогүй болж зээл төлөх чадваргүй болсон. 2014-2018 оны хооронд хоёр удаа л сургалт явуулсан байдаг. Тиймээс энэ зээлийг төлөх эдийн засгийн боломж бүрдээгүй. Гэвч Б.Долоонжин надад уг зээлтэй холбоотой санхүүгийн баримт бичиг огт хүлээлгэж өгөөгүй. Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг. Гэтэл зээл олгох үед Эрдэм төв улсын бүртгэлд бүртгэлгүй байсан учраас Б.Долоонжин гэх хүн аж ахуйн нэрийн өмнөөс хувь хүнээрээ зээл авсан гэж бодож байна. Төсөл Б.Долоонжингоос уг зээлээ нэхэмжлэх нь зүйтэй. Энэ мөнгийг тус төвийн хувьд захиран зарцуулаагүй тул энэ зээлийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн*******ын Засаг даргын тамгын газар нь хариуцагч ******* дахь Сургалт судалгааны Эрдэм төвд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19 806 894 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч ******* дахь Сургалт судалгааны Эрдэм төвийн захирал Б.Долоонжин нь Дорнод аймгийн*******ын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 4 сарын 09-ний өдөр 25 000 000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар Хүний хөгжлийн төв байгуулах зориулалтаар зээлж, Дорнод аймгийн*******ын Засаг даргатай №46 тоот зээлийн гэрээг мөн өдөр байгуулжээ.

Гэвч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нэг тал болох ******* дахь Сургалт судалгааны Эрдэм төв нь дээрх зээлийн гэрээг байгуулагдах үед хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадваргүй байсан байх бөгөөд тус төв нь 2014 оны 01 сарын 15-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0771001046 дугаарт нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаар бүртгэгдсэн болох нь №000054192 дугаартай Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 сарын 29-ний өдрийн 447 дугаартай албан бичгээр тус тус батлагдаж байна.

Түүнчлэн тус төвийн тэргүүнээр Б.Долоонжинг томилсныг 2014 оны 01 сарын 15-ны өдөр, мөн С.Номин-Эрдэнийг тус төвийн тэргүүнээр томилсныг 2014 оны 8 сарын 28-ны өдөр тус тус бүртгэжээ.

Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдлэхийг, мөн Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд оролцохыг хориглох тухай тус тус заажээ.

Гэтэл ******* дахь Сургалт судалгааны Эрдэм төвийн тухай үеийн захирал Б.Долоонжин нь тус төвийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө буюу 2013 оны 4 сарын 09-ний өдөр*******ын Засаг даргатай зээлийн гэрээний харилцаанд оролцож зээлийн гэрээ байгуулсан нь дээрх хуулиудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд тэдний хооронд байгуулагдсан 2013 оны 4 сарын 09-ний өдрийн №46 тоот зээлийн гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ.

Харин хэрэгт цугларсан бичгийн баримт болох ХААН банкны Дорнод салбараас ирүүлсэн тус төвийн 5405084996 тоот харилцах дансны хуулгаар 2013 оны 4 сарын 11-ний өдөр нэхэмжлэгч*******ын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэх сангаас 25 000 000 төгрөгийг тус төвийн ХААН банкин дахь 5405084996 тоот дансанд шилжүүлсэн боловч 2013 оны 4 сарын 12-ны өдөр тухайн үеийн захирал Б.Долоонжин уг мөнгийг зээл хэлбэрээр зарлагадаж авсан байдал, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...2013 оны 5 сарын 21-ний өдрөөс 2014 оны 12 сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд зээлийн эргэн төлөлтийг Б.Долоонжин төлж байсан гэх тайлбар зэргээс үзвэл хариуцагч ******* дахь Сургалт судалгааны Эрдэм төвийн хувьд талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хариуцах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хууль зөрчиж хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй юм.

Нэхэмжлэгч хариуцагч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус төвийн захирлаар ажиллаж байсан гэх Б.Долоонжинг гэрчээр асуулгах болон хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлтийг хэн алин нь гаргаагүй бөгөөд шүүх хуульд зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтгүйгээр өөрийн санаачилгаар Б.Долоонжингоос дээрх нөхцөл байдлыг тодруулахаар гэрчээр дуудах, эсхүл хамтран хариуцагчаар татах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******* дахь Сургалт судалгааны Эрдэм төвд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19 806 894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Дорнод аймгийн*******ын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар хариуцагч ******* дахь Сургалт судалгааны Эрдэм төвд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19 806 894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Дорнод аймгийн*******ын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд ирж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН