Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/00563

 

Ж.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/00353 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Т-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 50 018 175 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Жавзмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Д 2017 оны 6 сарын 30-ны өдөр иргэн Н.Т тай Иргэний хуулийн 281, 282 дахь хэсэгт заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулан сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 39 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Ингээд зээлийн гэрээний 1.1, 2.1 дахь хэсэгт зааснаар 2017 оны 6 сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөг, 2 430 000 төгрөг, 16 570 000 төгрөг нийт 39 000 000 төгрөгийг 3 хувааж дансаар шилжүүлсэн. Хариуцагч тал мөнгө аваагүй тал дээр маргадаггүй. Зээлийн гэрээний 2.4-д сарын хүүг 5 хувиар тохирсноос 1 сарын хүүд 1 950 000 төгрөгийг төлсөн, үлдэх 2 сарын хүү 3 900 000 төгрөг шаардсан боловч төлж барагдуулаагүй. Дээрх 2017 оны 6 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.5-д зааснаар барьцааны гэрээ байгуулж уг гэрээний 1.3-д 39 000 000 сая төгрөгийн зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин гудамж, 813\а тоот хаягт байрлах 102,9 м.кв талбайтай, Ү-2206052775 дугаарт бүртгэлтэй, 0000586768 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй амины орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг 2017 оны 8 сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлж баталгаажуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Ү-2206052775 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хаяг өөрчлөгдсөн үндэслэлээр албан ёсоор өөрчлөгдөж, өөрчлөгдсөн гэрчилгээг эх хувиар нэхэмжлэгчид өгсөн байдаг. Хариуцагчийг зээлээ төлөх талаар удаа дараа шаардсан боловч зээлээ төлөхгүй байсан учир шүүхэд хандсан. Ингээд гэрээний үүрэг нь 39 000 000 төгрөгийн үндсэн зээл, 3 сарын хүү болох 5 850 000 төгрөг, нийт 44 850 000 төгрөг болсон. 44 850 000 төгрөгөөс 1 сарын зээлийн хүү болох 1 950 000 төгрөгийг төлсөн. Мөн нэхэмжлэгч утасны дугаараа ломбардад тавьсан байсан. Уг ломбардны төлбөрийг хариуцагч төлсөн гэдгийг бид зөвшөөрдөг. Манайх хариуцагчийг ломбардад 14 454 550 төгрөг төлсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон боловч хариуцагчийн төлөөлөгч 16 000 000 төгрөг төлсөн гэж байгааг зөвшөөрөөд нэхэмжлэлээс зөрүү болох 1 545 450 төгрөгийг хасахыг зөвшөөрч байна. Ингэхээр 44 850 000 төгрөгөөсөө 16 000 000 төгрөг, мөн 1 950 000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөр 40 350 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 39 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. 39 000 000 төгрөгөөс манай төлсөн 16 000 000 төгрөг, 1 950 000 төгрөг зэргийг хасаж тооцон, үлдэгдэл мөнгөн дүнгээс нь хүү, алданги тооцож өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй. Манай үл хөдлөх хөрөнгө зах зээл дээр 200 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б овогт Н.Т-аас 40 350 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц овогт Ж.Д-д олгож, нэхэмжлэлээс 9 668 175 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгч татгалзсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Т шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480 200 төгрөгөөс 478 241 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 1 959 төгрөг, хариуцагч Н.Т аас улсын тэмдэгтийн хураамжид 429 900 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Доржсүрэнд олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/00353 дугаартай шийдвэрийг хариуцагч Н.Т би анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч Н.Т миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нь нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхээс гардан авсан ба анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр товлосон тухай миний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн. Нэгэнт шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тул хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болох нэхэмжлэлийн хариу тайлбарыг 14 хоногийн дотор шүүхэд гарган өгөх, хууль зүйн туслалцаа авах үүднээс өмгөөлөгч авах тухай хүсэлтээ шүүхэд илэрхийлж, хуульд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж өгөх тухай хүсэлт гаргасан. Гэвч анхан шатны шүүх мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломж олголгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэрмөрөнгийн хуулиар олгогдсон эрхээ эдлэх тухай дээрх хүсэлтүүдийг хүлээн авалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талууд тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Шүүх мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар 6.1 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ" гэж заасантай, нэхэмжлэлийг гардан аваад хуульд заасан хугацааны дотор хариу тайлбар өгөх боломж олголгүй, нэхэмжлэлийг гардан авснаас хойш 1 хоногийн дараа шүүх хурал зарлаж шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасантай, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэх үед өмгөөлөгч авах тухай гаргасан хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т "... хууль зүйн туслалцаа авах ..." гэж заасантай тус тус нийцэхгүй байх бөгөөд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/00353 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.                                            

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Н.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50 018 175 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ж.Д нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Н.Т-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ж.Д нь 39 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй хариуцагч Н.Т-т зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож, хариуцагч Н.Т өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, /17130/ 0 гудамж, 815/1 тоот хаягт байрлах, 102,9 м.кв талбай бүхий амины орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 4-10 дугаар тал/

Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн, талуудын хоорондын барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагч Н.Т-ын төлөх ёстой үндсэн зээл 39 000 000 төгрөг, 3 сарын хүү 5 850 000 төгрөг, нийт 44 850 000 төгрөгөөс төлөгдсөн 1 сарын хүү 1 950 000 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газарт нэхэмжлэгч Ж.Д-ийн зээлд төлсөн 16 000 000 төгрөгийг хасч үлдэх 26 900 000 төгрөгийг, алданги 13 450 000 төгрөгийн хамт бүгд 40 350 000  төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо анхан шатны шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрх болон мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй болно.

Хариуцагч Н.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гардан авч, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариу тайлбараа гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гардан авсан боловч 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна. /хх-ийн 23, 26, 60 дугаар тал/

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт гаргуулах, гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан боловч тухайн хүсэлтээсээ татгалзсан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүх хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн, мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй юм. /хх-ийн 63-64 дүгээр тал/

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/00353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                                                

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

                                                                                              Г.ДАВААДОРЖ