Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 353

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Орчлон хороолол ХД47 байрны 48 тоотод оршин суух Цорос овогт Жамъяны Доржсүрэн /утасны дугаар: 99111611/

Хариуцагч: Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 бичил хороолол Хасбаатар гудамж, 6/б байр 83 тоотод оршин суух Бэрхүүд овогт Намнангийн Тунгалаг /утасны дугаар: 99024076/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид 50,018,175 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Жавзмаа

хариуцагчийн төлөөлөгч Ц.Дэлгэрмөрөн

нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Доржсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Доржсүрэн би 2017 оны 06 сарын 30-ны өдөр Н.Тунгалагтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан сарын 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай 39000000 сая төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний 2.2-д: зааснаар зээлийн гэрээний хугацаа 2017 оны 06 сарын 05-ны өдрөөс 09 сарын 05-ны өдөр гэж 3 сар байхаар тохирсон. Нэхэмжлэгч Ж.Доржсүрэн миний бие зээлийн гэрээний 1.1, 2.1-д зааснаар 2017 оны 06 сарын 05-ны өдөр 20000000 сая төгрөг, 2 430 000 төгрөг, 16 570 000 төгрөг нийт 39 000 000 төгрөгийг 3 хувааж дансаар шилжүүлэн зээлдүүлсэн билээ. Зээлийн гэрээний 2.4-д сарын хүү 5 хувиар тохирсноос 1 сарын хүүд 1 950 000 төгрөгийг төлсөн, үлдэх 2 сарын хүү 3 900 000 төгрөг шаардсан боловч төлж барагдуулахгүй байна. Дээрх 2017 оны 06 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.5-д зааснаар Барьцааны гэрээ байгуулж уг гэрээний 1,3-д 39 000 000 сая төгрөгийн зээлийн барьцаанд ХУД-ийн 10 хороо, Морин гудамж, 813\а тоот хаягт байрлах 102,9 м\кв талбайтай, Ү-2206052775 дугаарт бүртгэлтэй, 0000586768 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй амины орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг 2017 оны 08 сарын 25-ны өдөр УБЕГазарт албан ёсоор бүртгүүлж баталгаажуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.Хариуцагчаас барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн хаягт өөрчлөлт орж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт оруулан бичилт хийлгэх шаардлагатай гэсний дагуу дээрх ХУД-ийн 10 хороо, Морин гудамж, 813\а тоот хаягт байрлах 102,9 м\кв талбайтай, Ү-2206052775 дугаарт бүртгэлтэй, 0000586768 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй барьцааны хөрөнгийн байршил, хэмжээ, улсын бүртгэлийн дугаар хэвээрээ зөвхөн хаягийн өөрчлөлтийн бүртгэл хийгдэж, ХУД-ийн 10 хороо, 28 хороолол, \17130\ 0 гудамж, 815\1 тоот хаягт байрлах 102,9 м\кв талбайтай, Ү-2206052775 дугаарт бүртгэлтэй, 000668888 дугаартай гэрчилгээ 2018 оны 10 сарын 09-ний өдөр олгогдсон. Барьцааны эд хөрөнгийн хаяг өөрчлөгдсөн тул барьцааны гэрээнд өөрчлөлт оруулахаар тохиролцож дээрхи гэрчилгээг барьцаанд өгсөн боловч өнөөдөр хүртэл зугатан уулзахгүй цаашид хэдий хугацаанд хүлээлгэх нь тодорхойгүй өөрөөр хэлбэл хариуцагч гэрээний 1.1, 2.2, 2.4, 2.5-д заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл, хүүнд нийт 33 345 450 төгрөг, гэрээний 2.6-д зааснаар алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 16 672 725 төгрөгийг нэмээд нийт 50 018 175 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч Ж.Доржсүрэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч нь тус шүүхэд Тунгалагаас зээлийн гэрээний үүрэгт 50018175 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.5 дахь заалт болон барьцааны гэрээний 6, 7 дахь заалтын дагуу Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 28 хороолол, \17130\ 0 гудамж, 815\1 тоот хаягт байрлах 102,9 м\кв талбайтай Улсын бүртгэлийн 0-2206052775 дугаар бүртгэлийн гэрчилгээтэй Амины орон сууц-ыг зээлийн барьцаанд барьцаалсан байдаг. Иймээс энэхүү 0-2206052775 дугаарын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Доржсүрэн2017 оны 6 сарын 30-ны өдөр иргэн Н.Тунгалагтай Иргэний хуулийн 281, 282 дахь хэсэгт заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулан сарын 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай 39000000 төгрөгийг зээлдүүлсэн. Ингээд зээлийн гэрээний 1.1, 2.1 дахь хэсэгт зааснаар 2017 оны 6 сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2,430,000 төгрөг, 16,570,000 төгрөг нийт 39,000,000 төгрөгийг 3 хувааж дансаар шилжүүлсэн. Хариуцагч тал мөнгө аваагүй тал дээр маргадаггүй. Зээлийн гэрээний 2.4-д сарын хүү 5 хувиар тохирсноос 1 сарын хүүд 1 950 000 төгрөгийг төлсөн, үлдэх 2 сарын хүү 3 900 000 төгрөг шаардсан боловч төлж барагдуулаагүй. Дээрх 2017 оны 6 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.5-д зааснаар Барьцааны гэрээ байгуулж уг гэрээний 1.3-д 39000000 сая төгрөгийн зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин гудамж, 813\а тоот хаягт байрлах 102,9 м\кв талбайтай, Ү-2206052775 дугаарт бүртгэлтэй, 0000586768 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй амины орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг 2017 оны 08 сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлж баталгаажуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Ү-2206052775 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хаяг өөрчлөгдсөн үндэслэлээр албан ёсоор өөрчлөгдөж, өөрчлөгдсөн гэрчилгээг эх хувиар нэхэмжлэгчид өгсөн байдаг. Хариуцагчийг зээлээ төлөх талаар удаа дараа шаардсан боловч зээлээ төлөхгүй байсан учир шүүхэд хандсан. Ингээд гэрээний үүрэг нь 39000000 төгрөгийн үндсэн зээл, 3 сарын хүү болох 5850000 төгрөг, нийт 44850000 төгрөг болсон. 44850000 төгрөгөөс 1 сарын зээлийн хүү болох 1950000 төгрөгийг төлсөн. Мөн нэхэмжлэгч утасны дугаараа ломбарданд тавьсан байсан. Уг ломбардны төлбөрийг хариуцагч төлсөн гэдгийг бид зөвшөөрдөг. Манайх хариуцагчийг ломбарданд 14,454,550 төгрөг төлсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон боловч хариуцагчийн төлөөлөгч 16,000,000 төгрөг төлсөн гэж байгааг зөвшөөрөөд нэхэмжлэлээс зөрүү болох 1,545,450 төгрөгийг хасахыг зөвшөөрч байна. Ингэхээр 44850000 төгрөгөөсөө 16000000 төгрөг, мөн 1950000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөр 40,350,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Хариуцагч Н.Тунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Тунгалаг би иргэн Ж.Доржсүрэнгийн нэхэмжилсэн мөнгөн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Доржсүрэн 2018 оны 6 дугаар сард өөрийн 99111611 дугаарыг Оч олшрох ХХК-д 15000000-16000000 төгрөгийн хооронд барьцаанд тавьсан байсныг хүү, үндсэн мөнгөтэй нь төлсөөр 2018 оны 6 дугаар сард төлж суллаж өгсөн байхад үндэслэлгүй 50018175 төгрөгийг нэхэмжилсэн байна. Тухайн үед хүү, үндсэн мөнгө 20000000 төгрөгийг төлсөн баримтыг гаргаж өгнө үү гэж Оч олшрох ХХК-д хандсан байгаа тул үнэн зөвөөр шийдэж өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Дэлгэрмөрөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 39000000 төгөрг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. 39000000 төгрөгөөс манай төлсөн 16000000 төгрөг, 1950000 төгрөг зэргийг хасаж тооцон, үлдэгдэл мөнгөн дүнгээс нь хүү, алданги тооцож өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй. Манай үл хөдлөх хөрөнгө зах зээл дээр 200 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

1. Нэхэмжлэгч Ж.Доржсүрэн нь хариуцагч Н.Тунгалагаас 50,018,175 төгрөг гаргуулах шаардлагаа тооцооллын алдаа гаргасан болон ломбардны зээлд төлсөн мөнгийг хассан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 40,350,000 төгрөг гаргуулахаар шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

Зохигчдын хооронд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр Ж.Доржсүрэн нь 39,000,000 төгрөгийг Н.Тунгалагт шилжүүлэх, уг мөнгийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл буюу 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийг хүүгийн хамт Н.Тунгалаг төлөх үүрэг тус тус хүлээжээ. Дээрх гэрээг байгуулагдсан эсэх талаар зохигчид маргаагүй, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Ж.Доржсүрэн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 39,000,000 төгрөгийг зээлдэгч Н.Тунгалагийн өмчлөлд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээний хугацаанд зээлдэгч нэг сарын хүүд 1,950,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх ба энэ асуудлаар талууд маргаагүй болно. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Доржсүрэнгийн Оч олшрох ХХК-ийн ломбарданд утасны дугаар барьцаалсан зээлийн төлбөрт 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 16,000,000 төгрөг төлж, утасны дугаарыг барьцаанаас чөлөөлсөн, уг мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулж тооцохыг нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрсөн байна. Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүрэг болох 39,000,000 төгрөгөөс 16,000,000 төгрөгийг хасаж, алдангийг нийт гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 23,000,000 төгрөг болон 2 сарын хүү 3,900,000 төгрөгийн нийлбэр 26,900,000 төгрөгийн 50 хувь 13,450,000 төгрөгөөр тооцож, хариуцагчаас 40,350,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагчийн төлөөлөгч нь үндсэн зээлийн төлбөрөөс нэг сарын хүүд төлсөн 1,950,000 төгрөгийг хасаж, үлдсэн 21,050,000 төгрөгөөс хүү, алдангийг тооцуулах хүсэлтэй байгаа боловч хариуцагч өөрөө 1,950,000 төгрөгийг нэг сарын хүүд зориулан төлсөн нь Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ гэж заасантай нийцжээ. Иймд хүүд төлсөн 1,950,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасах үндэслэлгүй байна. Зээлийн хүү гэдгийг зээлийг ашигласан хугацаанд буюу талуудын тохирсон хугацаанд гэрээнд заасан хувь хэмжээгээр төлөх зээлдэгчийн хариу төлбөрийг ойлгоно. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаанд үндсэн төлбөрөөс төлсөн тохиолдолд үлдэх хэмжээнд гэрээний хугацаанд төлөх зээлдэгчийн хариу төлбөрийг зээлийн хүү гэнэ. Хариуцагч нь гэрээний хугацаанд зээлийн төлбөр төлөөгүй тул гэрээний хугацаа дууссаны дараа 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 16,000,000 төгрөгийг хассан дүнгээс хүү тооцох үндэслэлгүй болно. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдгийг зөвхөн зээлийн төлбөрийг ойлгохгүй бөгөөд үүнд төлөөгүй үлдсэн зээл болон хүүгийн төлбөр хамаарна. Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 26,900,000 төгрөгөөс алдангийг тооцох нь хуульд нийцнэ.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Н.Тунгалагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Морин гудамж 813А тоотод байршилтай 102.9м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206052775 дугаарт бүртгэлтэй амины орон сууцыг барьцаалсан гэрээг талууд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бичгээр байгуулсан байх ба уг гэрээг улсын бүртгэлийн байгууллагад 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлж, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нотариатчаар гэрчлүүлжээ. Зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Барьцааны хөрөнгийн байршил буюу хаягт өөрчлөлт орсон нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан барьцааны эрх дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй. Иймд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг нэхэмжлэгч гаргах эрхтэй бөгөөд хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч нь 50,018,175 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 408041 төгрөг төлөхөөс 410000 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 1959 төгрөгийг буцааж олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Бэрхүүд овогт Намнангийн Тунгалагаас 40,350,000 /дөчин сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цорос овогт Жамъянгийн Доржсүрэнд олгож, нэхэмжлэлээс 9,668,175 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгч татгалзсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Тунгалаг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо 28 дугаар хороолол /17130/0 гудамж 815/1 тоотод байршилтай 102.9м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206052775 дугаарт бүртгэлтэй амины орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээсүүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,200 төгрөгөөс 478,241 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 1959 төгрөг, хариуцагч Н.Тунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид 429,900 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Доржсүрэнд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА