Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00516

 

Б.А, Т.Г, Г.Н нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00239 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.А, Т.Г, Г.Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Б, Э.Г, Ё.Э нарт холбогдох,

Газар албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.А,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цэрэнтогтох,

Хариуцагч нарын өмгөөлөгч: Г.Золзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот шийдвэрээр Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, Хангайн 23 задгайд орших 630 м.кв газрыг Д.Баасансүрэнд 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 524 дугаартай захирамжаар 61 тоот байсан хаяг 75 тоот болон өөрчлөлт орж, 700 м.кв сунган Д.Баасансүрэн, хамтран өмчлөгчөөр Б.А, Т.Г нар хууль ёсны өмчлөгч болсон байдаг. Аав маань 2008 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Аав, ээж хоёр хэдийгээр тусдаа амьдарч байсан хэдий ч албан ёсны баталгаатай гэр бүл байсан. Бид 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн, Хангайн 23 дугаар гудамжны 61 тоот газрыг аав Д.Баасансүрэнгээс өвлөн авч, 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлээс гэрчилгээ гарснаар бидний өмчлөлийн хөрөнгө болсон. Бид амьдарч байгаа, хариуцагч нараас дээрх газрыг суллан өгөхийг удаа дараа шаардсан боловч бид удаан амьдарч байгаа одоо бидний газар болсон гэх үндэслэлээр бидний өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшсээр байна. Иймд Э.Б, Э.Г, Ё.Э нараас бидний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 13 дугаар, Хангай 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нараас Э.Б, Э.Г нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Бидний ээж Ё.Энь нэхэмжлэлд дурдагдаад байгаа Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод 1998 оноос хойш хууль ёсоор амьдарч байгаа билээ. Б.А нар ээж Ё.Э-т холбогдуулан уг нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд шүүгч Ө.Уянга уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир бид нарт холбогдуулан дахин нэхэмжлэл гаргасан байна. Бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э.Г, Ж.Бямбахишиг, Ё.Э-ийн хамт Төв аймгийн Баянчандмань суманд амьдардаг байсан. Гэтэл манай ээжийн нагац ах н.Ганболд гэж хүн өөрийн аавын дүү болох н.Үржинбадам гэдэг ахыгаа асардаг байсан ба биднийг ирж туслаач, бие биендээ дэм болоод манай хашаанд хамтдаа амьдаръя гэж дуудсан юм байна лээ. Тэгээд бид 1998 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хотод нүүж ирээд Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 61 тоотод амьдарч эхэлсэн. Ингээд ээж 2000 оны хавар Д.Баасансүрэн гэдэг хүнтэй хамтран амьдарч эхэлсэн учир нисэхэд байрлах Д.Баасансүрэнгийн ээжийн хашаанд хэсэг амьдарсан. Гэтэл н.Ганболд ах яриад н.Үржинбадам гуай нас барчихлаа, эргээд ирээд цуг амьдраач гэсэн учир 2000 оныхоо зун буцаад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангай 23 дугаар гудамж, 75 тоотод суурьшиж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Н.Ганболд ах 2001 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр автомашины ослоор зуурдаар нас барсан. Тэгээд манай ээжийн эгчийн хүүхэд Шажинбат гэдэг ах ажил явдлын үеэр ээжид маань н.Ганболд эхнэр хүүхэдгүй хүн, чи энэ газрыг аваад сайхан арчлаад яваарай гэж хэлсэн. Ээж маань тухайн үед ажилтай завгүй байдаг байсан учир Д.Баасансүрэнд энэ газрын гэрчилгээг авах ажлыг даатгасан байсан. Хожим Д.Баасансүрэнгээс гэрчилгээний талаар асуухад чамайг хоёр хүүхдийн чинь нэр дээр гэрчилгээ гаргуулсан байгаа, санаа зоволтгүй гэж хэлж байсан. Дараа нь би талийгаачийг нас барсны 1 сарын дараа ор, дэрийг нь янзалж байгаад гудасны завсраас газрын бичиг баримтаа олсон. Д.Баасансүрэн, Б.А, Б.Гантогтох нарын нэр дээр газрын бичиг баримт гарсныг мэдсэн. Бид 1998 оноос хойш энэ газар дээр шударгаар амьдарч байгаа тул Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоот гэр бүлийн зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэ газар удаан амьдарч байсан гэх үндэслэлээр гаргаж байна. Уг газрыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар өмчилж авна. Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3-д зааснаар гэрчилгээ гаргаж байж авдаг юм байна. Тийм учраас Ё.Э нь өөрөө тухайн үед ямар нэгэн байдлаар Газрын алба, хорооны Засаг даргад хандаж уг газрыг эзэмших, өмчлөх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй. Одоо удаан амьдарч байгаа тул уг газар минийх гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах 18643314454227 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг Э.Б, Э.Г, Ё.Э нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Э.Б, Э.Г, Ё.Э нарын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бээс 23 400 төгрөг, Э.Г-аас 23 400 төгрөг, Ё.Э-ээс 23 400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт, хариуцагч Э.Б, Э.Г, Ё.Э нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлсэнгүй. Ё.Э, Э.Б, Э.Г нар нь 1998 оноос хойш маргаан бүхий газар болох Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамж, 75 тоотод оршин сууж байгаа. Б.А-гийн төрсөн эцэг болох Баасансүрэнтэй 2000 оноос хойш түүнийг нас барах хүртэл хугацаанд буюу 2008 он хүртэл хамтран амьдарсан. Шүүх хуралдааны явцад Б.А нь Баасансүрэн болон Ё.Э нарын хамтын амьдралтай байсан болохыг үгүйсгээгүй ба харин аав Баасансүрэн нь тухайн газрыг хэрхэн олж авсан талаар асуухад тайлбарлаж чадаагүй юм. Ё.Э, Э.Б, Э.Г нар нь тухайн газрыг Ё.Э-гийн ээжийн талын хамаатан болох н.Ганболд гэдэг хүний амьдарч байсан. Ё.Э, н.Ганболд нарын садан төрлийн холбоог архивын лавлагаагаар нотолсон хэдий ч шүүх уг баримтыг үнэлсэнгүй. Шүүх хуралдааны явцад Ё.Э-ээс гэрчилгээг бусдын нэр дээр гарсан байхыг хэзээ мэдсэн болохыг асуусан бөгөөд Ё.Э нь тухайн үед нэхэмжлэгч нарын өгч буй худал тайлбар, болж буй нөхцөл байдалд бухимдсаны улмаас цаг хугацааг буруу таамаглаж хэлсэн. Өөрөөр хэлбэл 2010 оны намар газрын гэрчилгээг Б.А болон талийгаачийн нэр дээр гарсан болохыг мэдсэн ба мэдээд удаагүй байхдаа Б.А нь "Газар авах гэсэн чинь миний нэр дээр байгаа газар байгаа юм байна, нэрээ хасуулчихаад ирье" гэж хэлэхээр газрын гэрчилгээг Ё.Э-ийн хувьд итгээд өгч явуулсан байдаг. 20 жилийн турш тусдаа амьдралтай байсан Г.Ннь гэнэт гарч ирээд гэрлэлтээ батлуулсан гэх лавлагаагаар хуулийн цоорхойг ашиглан хуучин нөхрөө нас барснаас хойш 2 жил гарангийн дараа буюу өвлөх эрхийн гэрчилгээгээ авсан байна. Гэтэл тус иргэд тухайн газар огт амьдарч байгаагүй юм. Шүүх дээрх нөхцөл байдал, тэдгээрийг нотолсон нотлох баримтуудыг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул 2019 оны 01 сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2019/00239 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.                                    

Нэхэмжлэгч Б.А, Т.Г, Г.Н нар нь хариуцагч Э.Б, Э.Г, Ё.Э нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, тухайн газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 524 дүгээр захирамжаар, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах 700 м.кв, гэр бүлийн хэрэгцээний газрыг иргэн Д.Баасансүрэнд өмчлүүлэхээр шийдвэрлэж, хамтран өмчлөх гэр бүлийн гишүүдээр Б.А, Т.Г нарыг бүртгэсэн байна. /хх-ийн 83-84 дүгээр тал/

Иргэн Д.Баасансүрэн нь 2008 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байх бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Баасансүрэнгийн өмчлөлийн дээрх газрыг Б.А, Т.Г, Г.Н нар 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өвлөн авч, 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас олгосон болох нь өвлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 81-82, 85, 91, 94 дүгээр тал/

Нэхэмжлэгч Б.А, Т.Г, Г.Н нар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нөгөө талаар, хариуцагч Ё.Э нь шүүх хуралдаанд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Д.Баасансүрэн, Б.А, Т.Г нарыг бүртгэгдсэн болохыг 2008 оны 6 дугаар сард мэдсэн боловч уг бүртгэлийн талаар маргаж эрх бүхий байгууллагад хандаагүй гэдгээ тайлбарласан байна.

Сөрөг нэхэмжлэлд зааж буй Э.Г, Э.Б, Ё.Э нар нь маргаан бүхий газар дээр 1998 оноос хойш амьдарснаар хууль ёсны өмчлөгч болох тухай тайлбарласанч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон баримтаа хариуцагч шүүхэд гаргаагүй байх тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар маргаж буй газрыг эзэмшилдээ байлгах эрхтэй гэдгээ нотолж чадаагүй тул тэдгээрийн эзэмшлийг хууль бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцнэ.

Иймд хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00239 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                         

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧ                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                 Г.ДАВААДОРЖ