Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0721

 

 

 

 

 

 

 

 

  2023          09           27                                       128/ШШ2023/0721

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: Богд Асар ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Маргааны төрөл: Шүүхийн шийдвэр биелүүлж газрын байршил тогтоон, газар эзэмших эрхийн хугацаа сунгасан шийдвэрийг эс зөвшөөрч маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Анхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэнбаяр, М.Нямдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, Ч.Ганзориг, С.Цэрэнжээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр “газрын байршил тогтоон, газар эзэмших эрхийн хугацаа сунгасан” захирамжийг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Богд-Асар ХХК-ийн нэхэмжлэлтэй “Туурайн төвөргөөн ХХК-ийн газрыг Богд-Асар ХХК-ийн газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг, Богд-Асар ХХК-ийн газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг тус тус хууль бусад тооцуулах, Богд-Асар ХХК-ийн газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг, архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг тус тус даалгах” агуулга бүхий шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаартай тогтоолыг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжаар “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын гудамж болон Төв аймгийн чиглэлийн замын уулзварын зүүн урд талд байрлах 25 га газрын эзэмшигч Богд-Асар ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгаж, Туурайн төвөргөөн ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 115 га болгон өөрчилж”  шийдвэрлэсэн.

2.2. Туурайн төвөргөөн ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/878 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Богд-Асар ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа тус компанийн 2007 онд эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл Туурайн төвөргөөн ХХК-ийн эзэмшлийн 140 га газартай давхцуулахгүйгээр газрын байршлыг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”  нэхэмжлэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснийг тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 472 дугаар тогтоолоор баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон,

2.3. Тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор Богд-Асар ХХК-ийн гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 472 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр тогтоосон,

2.4 Нийслэлийн Засаг дарга 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А/359 дугаар захирамжаар Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолыг биелүүлж Богд-Асар ХХК-ийн 25 га газрын байршлыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

2.5. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 501 дугаар захирамжаар Туурайн төвөргөөн ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/878 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Богд-Асар ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа тус компанийн 2007 онд эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл Туурайн төвөргөөн ХХК-ийн эзэмшлийн 140 га газартай давхцуулахгүйгээр газрын байршлыг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа: “2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Богд Асар ХХК нь 2007 оноос маргаан бүхий Хан-Уул дүүргийн 8-р хороо Төв аймаг явах зам дагуу Наадамчдын гудамжны зүүн урд 25 га  газрыг эзэмшиж ирсэн. 2007 оны А/511 дугаартай захирамж, 2013 оны А/975 дугаартай захирамж, 2018 оны А/878 дугаартай захирамжуудаар баталгаажсан. Газрын байршлыг тодорхой заасан. Үүнтэй холбогдуулж дуудлага худалдааны үнэ 3,2 тэрбум төгрөгийг 2014 онд Засаг даргын А/309, А/307 дугаартай захирамжийн дагуу төлсөн. Төсөл сонгон шалгаруулалтын 100,000,000 төгрөгийг төлсөн. Одоогийн байдлаар захирамжтай холбоотой дуудлага худалдааны төлбөр, татвар байхгүй.

Туурайн төвөргөөн ХХК нь 6, 7 дугаар хороонд газар авахдаа газрын кадастрын зургийг давхардуулан авч, мэдээллийн санд оруулсантай холбогдуулж маргаан гарсан. Үүнийг 2016 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн 216 дугаартай тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн, тус магадлалын нэг дэх хэсэгт заалтаар Богд-Асар ХХК-ийн 2013 оны А/975 дугаартай захирамжаар эзэмшиж буй газрын эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгаж, шийдвэрийн 3 дахь заалтаар 2007 онд анх эзэмшиж байсан байршилд нь олгоно гэж тодорхой заасан. Бид ойлгохдоо Туурайн төвөргөөн ХХК-ийн анх олгосон газартай давхцуулахгүй олгох юм байна гэж ойлгосон. 2014 онд Улсын Дээд шүүх шийдвэрлэснээс хойш 2 жилийн турш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/878 дугаартай захирамжийн дагуу гэрээ байгуулж гэрчилгээ гаргуулж, хууль ёсны дагуу эзэмшсэн.

Гэтэл А/1055 дугаартай захирамж гарсан. Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс А/359 дугаартай захирамж гарсан. Орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан газрыг уулын оройд аваачиж, эрх зүйн байдлыг илтэд дордуулсан захирамж гаргасан. Тус захирамжийг тэр даруй эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Яагаад гэвэл Улсын Дээд шүүхийн 2016 оны 216 дугаартай тогтоолыг биелүүлж гарсан захирамж биш гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, сунгаж, байршлыг 2007 онд анх эзэмшиж байсан байршилд нь олгох байдлаар тусгасан. Гэтэл өмнө эзэмшиж байгаагүй газарт олгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Цаг хугацааны хувьд, эдийн болон эдийн бус байдлаар маш их хохирлыг учруулсан.

2006 онд Туурайн төвөргөөн ХХК-д Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороонд газар олгосон. Түүнийг нь 10 дугаар хороо руу оруулж бүртгэсэн гэдэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар хуудсанд байгаа шинжээчийн дүгнэлтээр тодорхой бичигдсэн. Тус шинжээчийн дүгнэлтээр 2007 онд Богд-Асар ХХК нь А/511 дүгээр захирамжаар Төв аймаг руу явах зам Наадамчдын гудамжны зүүн урд талд тухайн үеийн 10 дугаар хороонд байршуулж газар авахад тус газарт ямар нэгэн хилийн давхцал кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байгаагүй гэж  гарсан. Өөрөөр хэлбэл, Богд-Асар ХХК нь ямар ч зөрчилгүй газрыг тухайн үедээ төсөл сонгон шалгаруулалтад орж, гэрээ байгуулж авсан байдаг. Үүний дагуу 2008 оны 09 дүгээр сард Туурайн төвөргөөн ХХК-ийн 2006 оны газрын кадастрыг мэдээллийн санд оруулахдаа 10 дугаар хороо руу оруулаад хийчихсэн гэдгийг нь шинжээч тогтоочихсон.

Хэрэгт авагдсан баримтаас кадастрын хэлтсийн дарга болон мэргэжилтэний гарын үсэг байхгүй, кадастрын зураг анхнаасаа батлагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл, хууль ёсны кадастрын зураг гэж байхгүй. Мэдээллийн санд хэрхэн оруулсныг одоог хүртэл ойлгохгүй байгаа. Хууль бус кадастрын зургийг оруулж талуудын хооронд маргаан үүссэн. Улмаар маргаан үргэлжилж 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ авсан. Тус захирамжид 18634303109186 нэгж талбарын дугаартай 25 га газрыг Богд-Асар ХХК-д эзэмшүүлсэн болохыг 2014 онд мэдээллийн санд оруулсан гэж тусгасан байсан.

А/359 дугаартай захирамж нь Улсын Дээд шүүхийн 216 дугаартай тогтоолыг биелүүлж гарсан байж магадгүй. Учир нь Засаг дарга тэгж бичсэн. 2014 онд А/975 дугаар захирамжийг Төв аймаг руу явах зам Наадамчдын гудамжны зүүн урд байршуулж кадастрын нэгж талбарын дугаар болон гэрээний хамт мэдээллийн санд оруулчихсан. Мэдээллийн санд оруулсан тус газрыг давж заалдах шатны шүүх нэг дэх заалтаараа А/975 дугаар захирамжаар гэрээ, гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг  тогтоож, тус газрын эрхийг сунгахыг даалгасан. Ингэхдээ ... эсхүл Туурайн төвөргөөн ХХК-ийн 140 га газартай давхцуулахгүй гэж заасан нь маргаан үүсгэсэн.

Шинжээчийн дүгнэлтээр 7 дугаар хороо гэдэг нь замын хойно байдаг гэдгийг нь Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хэсэг болон замын хойно суурьшлын бүс байгаа гэдгийг тогтоочихсон. Анхнаасаа 140 га газраас дээш газар байгаагүй учраас морин тойруулгын зорилгоор 70 га гэснийг 140 га газар болгон захирамж гаргуулж 2008 онд хууль бусаар мэдээллийн санд оруулсан. Улмаар А/359 дугаартай захирамж гарч бидний эрх ашгийг хохироох шалтгааныг бүрдүүлсэн.

Туурайн төвөргөөн ХХК-ийн 2006 онд эзэмшиж авсан газрын дуудлага худалдааны үнийг дутуу хагас 1м.кв-ыг 88 төгрөгөөр төлсөн байдаг. Яг ижилхэн хугацаанд манайх 132 төгрөгөөр төлсөн байдаг.

Тухайн үеийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/307, А/309 дугаартай дуудлага худалдааны үнийг төлүүлж, төлсөн хэмжээнд газрыг олгох тухай захирамж гарсан. Тус захирамжийн дагуу 25 га газрын дуудлага худалдааны үнийг 100% төлж, мэдээллийн санд оруулаад гэрээ, гэрчилгээг гаргуулж авсан. Бүх нөхцөл байдлаа бид 3 шатны шүүхэд тайлбарласан учраас давж заалдах шатны шүүхээс анхны байршилд нь гэж хороо болон газар зүйн байршлыг нь тодорхой заасан. Туурайн төвөргөөн ХХК-ийн 140 га газартай давхцуулж кадастрын зургийг хийсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдчихсон, шүүх дүгнэчихсэн байхад хууль бусаар орсон кадастрын зурагтай давхардуулахгүй л байвал эрх ашиг нь яаж хохирох нь хамаагүй гэсэн А/359 дугаартай захирамж байсан.

Үүнийг эерэг нөлөөлөлтэй захиргааны акт гэж яриад байх боловч эерэг нөлөөлөлтэй захиргааны акт бол нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчихгүй. Гэтэл эерэг нөлөөлөлтэй захиргааны акт гэх нэрээр хүний газрыг авч байгаа л ажиллагаа юм. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн, арван хэдэн жилийн хугацаанд газраа эзэмшиж авч чадахгүй. Гэтэл нөгөө тал өөр компаниудад хувааж шилжүүлсэн. Мод тарих нэрийдлээр газрыг нь авах гэж оролдсон.

Маргаан бүхий А/359 дугаартай захирамжийг гаргахдаа сонсгох ажиллагаа ч хийгээгүй. Манай эрх ашгийг яаж сэргээж байгаа талаар ч мэдэгдээгүй. Одоо гэрээ, гэрчилгээ ав, газрын төлбөрөө төл гэж хэлж байгаа юм. Тэгэхээр бид хэдэн газар төлбөр төлөх ёстойг мэдэхгүй. Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол ноцтой хөндөгдсөн тул сэргээж өгнө үү гэж хүсэж байна.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цэрэнжээ тайлбартаа: “Захиргааны акт нь нэгдүгээрт, хууль зүйн үндэслэлгүй. Хоёрдугаарт, бодит үндэслэлгүй. Хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан тодорхой кадастр, байршлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, төлөвлөлт хийгдсэн газруудад газар олгох ёстой. Гэтэл  ийм процесс болоогүй. Энэ нь захирамжийн “21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд-Асар ХХК-ийн газрын кадастрын байршлыг тогтоон” гэсэн үгээс харагдана, кадастр хийгээгүй, шинээр газар олгох үүрэг даалгаварыг өгч байгаа юм. Энэ маргаан нь 7 Засаг дарга дамжсан маргаан бөгөөд 4 Засаг дарга захирамж гаргахдаа Богд-Асар ХХК-ийн байршлыг тогтоогоод гаргачихсан. Тэгэхээр Засаг дарга нь бодит үндэслэлгүй газарт захирамж гаргасан байна.

Мөн 21 дүгээр хороонд 25 га газар гэдэг нь шүүхийн шийдвэрт заасан байршил биш бөгөөд энэ талаар хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч тодорхой хэлсэн. Энэ нь Газрын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Тиймээс А/359 дугаартай захирамжийг хүчингүй болгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тус шүүхийн шийдвэр болон өмнөх Засаг даргын захирамжид заасан байршил биш болох нь харагддаг. Тиймээс хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ганзориг тайлбартаа: “Бид 2006, 2007 оны захирамж, гэрээ, гэрчилгээтэй холбоотой асуудлуудын талаар ярилцаж байгаа болно. Өнөөдрийн маргааны асуудал нь А/359 дугаартай захирамжийн үндэслэл болох 2016 оны Улсын Дээд шүүхийн тогтоолыг хэрхэн биелүүлсэн талаарх асуудал байгаа юм. Маргаан бүхий А/975 дугаартай захирамжаар газрын байршил нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, тухайн үед гэрчилгээ олгож, кадастр хийсэн учраас тухайн кадастрын зургийг авахад ойлгомжтой болно. А/359  дугаартай захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа огт хийгээгүй. Энэ талаар сүүлд А/1055 дугаартай захирамжтай холбоотойгоор маргах үед мэдсэн бөгөөд одоо хүчингүй болгуулах нэхэмжлэлээ гаргаад явж байгаа юм.

Мөн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт учраас эрх ашиг нь хөндөгдөхгүй гэх зүйлийг хариуцагч ярьж байгаа болно. Гэтэл дуудлага худалдааны үнийг тогтоох аргачлалд 3,3 тэрбум төгрөгийг төлөөд уулын оройд газар авах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр ямар ч үндэслэлгүй, биелэгдэх боломжгүй факт гэдэг нь харагдаж байгаа юм.

Мөн А/1055 дугаартай захирамжтай холбоотой маргаан үргэлжилж байхад маргаан бүхий А/359 дугаартай захирамж гарсан. Энэ талаар хариуцагчаас тайлбар хэлэхдээ хүчингүй байхад гаргасан гэж хэлдэг.  Гэтэл А/878 дугаартай захирамжтай холбоотой маргаан үргэлжлээд явж байгаа билээ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

3.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар  сарын 10-ны өдрийн А/359 дугаартай захирамжийг Газрын тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гаргасан. Нийслэлийн Засаг дарга 2006 оны 568 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 6-р хороо 140 га газрыг морин спортын чиглэлээр анх Туурайн төвөргөөн ХХК-д эзэмшүүлж байсан. Улмаар Улсын Дээд шүүхээс Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн бөгөөд тогтоох хэсэгт Туурайн төвөргөөн ХХК-ийн эзэмшлийн 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагч талд даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дугаартай захирамжаар Туурайн төвөргөөн ХХК-д эзэмшүүлсэн байсан 140 га газартай давхцуулахгүйгээр гэснийг биелүүлж Богд-Асар ХХК-д газрыг олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.5 Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дугаартай захирамжаар нэхэмжлэгч талд газар эзэмших олгосон талаарх асуудал байгаа юм.

Төсөл, сонгон шалгаруулалтад 100,000,000 төгрөг, дуудлага худалдааны үнэ 3,2 тэрбум төгрөг төлсөн. Тиймээс газраа авах ёстой, гуравдагч этгээд байсан ч хамаагүй авах ёстой гэж ярьж байна. Гэтэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “газрыг хуульд заасан хугацаа, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан. Түүнээс биш дуудлага худалдааны үнийг төлснөөр газрыг эзэмшдэг хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс дуудлага худалдааны үнэ болон төсөл сонгон шалгаруулах үнийг төлөх нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийг үүсгэхгүй.

Богд-Асар ХХК нь Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд 25 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дугаартай захирамжаар эзэмшсэн гэж хэлдэг. Гэтэл тус захирамж хэрхэн гарсан гэх асуудал яригддаг. 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дугаартай захирамжийн нэг дэх хэсэгт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаартай тогтоолоор батлагдсан орон сууцны Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү захирамж нь гарсан. Газрыг олгохдоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарсан. Тиймээс тус захирамжийн зорилго нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө буюу Буянт-Ухаа хорооллыг барьж байгуулахтай холбоотой байсан. Гэтэл Буянт-Ухаа хороолол нь Төв аймгийн замын уулзварын баруун талд баригдаад дууссан байдаг, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримт юм. Гэтэл нэхэмжлэгч нарын зүгээс энэ байршил биш Төв аймгийн замын уулзварын зүүн урд буюу Туурайн төвөргөөн ХХК-ийн эзэмшиж буй 140 га газарт энэхүү захирамж гарсан гэж ярьдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаартай тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газраас зүүн тийш, Төв аймгийн замын уулзвар хүртэл замын баруун талд байрлалтай гэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг гарсан бөгөөд тус тогтоолоор баталгаажсан Буянт-Ухаа хороолол нь тогтоол, бодит байдалдаа замын баруун талд гэх үйл баримт байхад заавал замын зүүн урд эзэмших ёстой гэх зүйлийг яриад байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт "нэгж" гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог хэлнэ гэж заасан. Үүнээс авч үзвэл хороо гэх зүйл яригддаг болохоос биш замын уулзварын зүүн, баруун  гэх зүйл яригддаггүй юм. Гэтэл захирамжид бичигдсэн нэг үгийг үндэслэж өөрт олгогдсон газраас өөр газарт эзэмшихгүй гэх байдлаар өнөөдрийг хүртэл маргадаг. Мөн уг байршил нь хаана гэдэг нь 2016 оны Улсын Дээд шүүхийн 216 дугаар тогтоолоор дүгнэгдсэн.

Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаартай тогтоолыг биелүүлж 2018 оны А/878 дугаартай захирамжийг хүчин төгөлдөр байхад гаргасан гэж хэлэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Дээрх нэхэмжлэлийн үндэслэл нь бодит байдалд нийцээгүй болох нь тогтоогдож байдаг. Өөрөөр хэлбэл, 2018 оны А/878 дугаартай Хан-Уул дүүрэг, 8-р хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд байршуулсан газрыг Богд-Асар ХХК-д эзэмшүүлэх тухай захирамж гарахтай холбоотойгоор Туурайн төвөргөөн ХХК-ийн 140 га газраас 25 га газрыг хасаж, Богд-Асар ХХК-д эзэмшүүлж, улмаар 115 га газрыг Туурайн төвөргөөн ХХК-д эзэмшүүлсэн. Гэтэл Улсын Дээд шүүхийн 2016 оны А/216 дугаартай тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Туурайн төвөргөөн ХХК-ийн 140 га газартай давхцуулахгүйгээр байршлыг тогтоож, газрын эрхийг сунгах тухай дүгнэлтийг хийсэн.

Нийслэлийн Засаг дарга 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дугаартай захирамж гарах үед 2018 оны А/878 дугаартай захирамж хүчинтэй байсан эсэх талаарх асуудал яригддаг. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/1055 дугаартай захирамжийн гурав дахь заалтаар 2018 оны А/878 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Цаг хугацааны хувьд А/878 дугаартай захирамжийн хүчингүй болсон огноо нь 2020 оны 08 дугаар сар юм. Гэтэл хэрэгт эдгээр захирамжууд авагдаж, илэрхий үйл баримт байсаар байтал нэхэмжлэгчийн зүгээс дээрх байдлаар бодит байдлыг гуйвуулж, үндэслэлгүй тайлбарыг гаргасан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 501 дугаартай “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжид А/1055 дугаартай захирамжаар А/878 дугаартай захирамжийг хүчингүй болгосон учраас нэхэмжлэлийг буцаах эсэх талаар гуравдагч этгээдээр оролцож байсан Богд-Асар ХХК-ийн өмгөөлөгч С.Цэрэнжээ хэлж байсан. Тэгэхээр А/878 дугаартай захирамж хүчинтэй байх үед 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дугаартай гараагүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.

Нийслэлийн Засаг даргын зүгээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт зааснаар Улсын Дээд шүүхийн 2016 оны А/216 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхээр уг захирамжийг гаргасан. Захирамж нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд энэ захиргааны актыг гаргаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зүйл байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл болгож энэ газрыг авах ёсгүй, өөр газар авах ёстой гэж  тайлбарлаад байгаа ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт дүгнэгдсэн учраас үүнийг шүүх хүлээж авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Нийслэлийн Засаг даргаас олгосон газар нь таалагдах, авах эсэх асуудал яригдаж магадгүй. Түүнээс биш шүүхийн шийдвэрт энэ газрыг олгох ёстой гэх зохицуулалт байхгүй. Улсын Дээд шүүхийн тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд хоёр зүйл бий. Нэгдүгээрт, хуучин байршлын талаарх асуудлыг ярих бөгөөд хуучин байрлал нь хаана байсан болох. Тухайн үед газар эзэмшихдээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо байсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 21 дүгээр хороо болж өөрчлөгдсөн. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дугаартай захирамжаар одоогийн 21 дүгээр хороо буюу тухайн үед эзэмшиж байсан 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт уг газрыг олгосон.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт А/359 дугаартай захирамжаар Богд-Асар ХХК-д эрх олгож гэрчилгээ нь бичигдээд гэрээ нь гарсан байхад эхлээд хүсэлтээ тавих ёстой. Магадгүй тус газрыг авахгүй гэж Засаг даргад хандаад хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон шүүхэд хандах ёстой болохоос 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулын оройд олгосон газар таалагдахгүй байна гэж шүүхэд хандах эрх зүйн зохицуулалт байхгүй.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт захиргааны актыг хүчингүй болгох талаар заасан. Тэгэхээр эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаа юу гэх асуудал яригдана. Дээрх заалтад заасан нөхцөл байдал байхгүй тохиолдолд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаа юм уу гэх асуудал яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т захиргааны хэм хэмжээний актаар эсхүл захиргааны актуудыг хүчингүй болгохоор заасан бол эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгоно. Бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол хүчингүй болгоно. Захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй бол эсхүл хууль бус аргаар авсан бол эерэг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгоно гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа юм уу гэдэг асуудал яригдана.

Хурал дээр гаргаж байгаа тайлбар нь 3,3 тэрбум төгрөгийг ийм хэмжээний газар авна гэдэг байдлаар төлсөн энэ газраа авч чадсангүй гэх зөрчигдсөн эрх ашиг ярьдаг. Энэ нь мөнгөн дүнгээр илэрхийлэх асуудал болохоос газрын харилцаатай холбоотой зөрчигдсөн эрхийн асуудал биш. Газрын тухай хуульд заасны дагуу Засаг даргын захирамж нэгэнт гарч газар эзэмших эрх олгочихсон байхад газрыг голоод авахгүй гэх хуулийн зохицуулалт байхгүй. Танай хүсэлтийг шийдвэрлэхгүй байвал эс үйлдэхүйтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Тиймээс эерэг нөлөөлөл бүхий захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.4 дэх хэсэгт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой бол дахин нотлохгүй гэж заасан. 2016 оны Улсын Дээд шүүхийн 216 дугаартай тогтоолоор тус газар хэний эзэмшилд анх үүссэн, газрын байршил нь хаана байдаг болохыг тогтоосон. Давхцал байгаа эсэхийг мөн тогтоосон. Мөн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хангах талаар үйл баримтыг шүүхийн шийдвэрээр тогтоочихсон. Мөн давж заалдах шатны шүүхийн 2023 оны магадлал байдаг. Үүнээс үзэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасны дагуу асуудлыг шийдвэрлэсэн, үйл баримтыг тогтоосон, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учраас энийг дахин нотлохгүй буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой.

Богд-Асар ХХК-иас 2012 онд 25 га газартай холбоотойгоор Засаг даргад холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Хууль ёсоор 25 га газрыг эзэмшиж чадахгүй байна эзэмшүүлэхтэй холбоотой шийдвэр гаргаж, эзэмшүүлэх агуулгаар гаргасан нэхэмжлэл нь явж байгаад улмаар 2013 онд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад энэ захирамжийн хоёр дахь заалтаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан. Дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бол одоо олгож байгаа газрыг авахгүй гэх хууль зүйн боломж байхгүй.

Тус газрыг анх олгохдоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч олгосон. Анх газар эзэмших эрх нь зөвхөн Богд-Асар ХХК-д үүсээгүй, 2 этгээдэд үүссэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх эсэх нь эргэлзээтэй.  Яагаад гэхээр 2007 оны захирамж 2013 онд ийм болсон улмаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. 2007 онд анх эзэмшүүлсэн байршилд нь авах ёстой гэж нэхэмжлэгч үзээд байгаа юм. Энэ маргаанд Засаг даргын  Тамгын газар яагаад оролцохгүй байна вэ гэхээр газар олгох үндэслэл болсон Буянт-Ухаа хорооллыг өөрсдөө бариагүй, энэ нь хэрэгжээд дуусчихсан. Тэгэхээр Газрын тухай хуультай холбоотойгоор газрыг эзэмшиж авснаар ямар эрх ашиг нь хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй байна. Би үүнийг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэхгүй байна. Мөн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний хугацаа дууссан бөгөөд дуусгавар болсон гэрээний талаар өнөөдрийг хүртэл ярьж байна.

Туурайн төвөргөөн ХХК-ийн асуудлыг ярьж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Туурайн төвөргөөн ХХК-тай холбоотой 2006 оны А/568 дугаартай захирамжийг илт хууль бус байсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 866 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0497 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдсэн. Тэгэхээр одоо Туурайн төвөргөөн ХХК-тай холбоотой асуудал яригдахгүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх ёстой. Анхны байршлыг дахин товчхон хэлэхэд 10 дугаар хороо 2007 онд байсан. 2009 онд 8 дугаар хороо болж өөрчлөгдсөн, 2019 онд 21 дүгээр хороо болсон. 2 дугаар хавтасны 203, 204 дүгээр хуудсанд байгаа материалд 21 дүгээр хороонд аль аль хэсэг нь хамаарч байгаа, 10 дугаар хороонд аль нь хамаатай, Туурайн төвөргөөн ХХК-ийн газар хаана байдаг, Богд-Асар ХХК-ийн газар хаана байдаг болохыг зургаар гаргачихсан байна. Засаг даргын захирамж Улсын Дээд шүүхийн 216 дугаар тогтоолд заасанчлан анхны байршил болох 10 дугаар хороо, одоо 21 дүгээр хороо болчихсон, түүнд нь боломжийнхоо хүрээнд хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлээд тус газрыг олгосон. Нэхэмжлэгч талын ярьж байгаагаар замынхаа зүүн урд талд гэвэл  Туурайн төвөргөөн ХХК-ийн 25 га газрыг дахин хасах болно. Тэгэхээр Улсын Дээд шүүхийн 216 дугаартай тогтоолыг зөрчих асуудал болно. Тиймээс зүүн урд талд нь угаасаа эзэмшүүлэх боломжгүй. Давж заалдах шатны шүүхээс “шийдвэрийг биелүүлэхдээ замынхаа зүүн урд талд эзэмшүүлчихсэн газартай нь ямар нэгэн байдлаар давхцуулахгүй эзэмшүүлээрэй” л гэсэн. Улсын Дээд шүүхийн тогтоол нь Туурайн төвөргөөн ХХК-ийн 140 га газартай давхцуулахгүй байршлыг тогтоо гэсэн. Нийслэлийн Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд боломжит газарт газар эзэмшүүлсэн. Улсын Дээд шүүхийн 216 дугаартай тогтоолоор яг тэр газар гэж заагаагүй. Мөн Богд-Асар ХХК нь газрын байршлаа буруу ойлгож маргаан үүсгэсэн болох нь тогтоогдчихсон. Тэгэхээр Засаг дарга өөрийнхөө чиг үүргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн учраас үүнд Засаг даргыг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж зөрчигдсөн эрхийн асуудлаар гаргасан өргөдлийг ойлгоно гэж байгаа. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1 дахь хэсэгт захиргааны актыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны, ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхой дурдагдаад, тогтоогдох ёстой. Тэгэхээр газрыг авахгүй гэж үзэж байгаа бол хүсэлтээ өөрсдөө гарга. Төлбөр мөнгөний хувьд хохирсон гэж үзэж байвал дуудлага худалдааны үүнийг нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. 2021 оны 05 дугаар сарын 10-ны захирамж гарахдаа ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжаар Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаартай тогтоолыг биелүүлж “шүүхийн шийдвэрт Богд-Асар ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанид 2007 онд эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл гуравдагч этгээд Туурайн төвөргөөн ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх” гэж шийдвэрлэсний дагуу Хан-Уул дүүргийн 21 дүгээр /хуучнаар 10 дугаар/ хорооны нутаг дэвсгэрт Богд-Асар ХХК-ийн газрын кадастрын байршлыг тогтоон 25 га газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан.

Нэг. Богд-Асар ХХК-ийн нэхэмжлэлтэй “Туурайн төвөргөөн ХХК-ийн газрыг Богд-Асар ХХК-ийн газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг, Богд-Асар ХХК-ийн газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг тус тус хууль бусад тооцуулах, Богд-Асар ХХК-ийн газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг, архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг тус тус даалгах” агуулга бүхий шаардлагатай захиргааны хэргийг тус шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 251 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган “Богд-Асар ХХК-д 2013 оны А/975 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн гэрээний хугацааг сунгахыг даалгаж, бусад “Туурайн төвөргөөн ХХК-ийн газрыг Богд-Асар ХХК-ийн газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг, Богд-Асар ХХК-ийн газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг тус тус хууль бусад тооцуулах, Богд-Асар ХХК-ийн газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг, архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг тус тус даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож” эцэслэн шийдвэрлэсэн, шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.

Шүүх дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдсэн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа, тэдгээрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөхгүй. 

1. Шүүх шийдвэрээ биелүүлэх арга, журам, хугацааг шийдвэрийнхээ тогтоох хэсэгт заахаар хуульчилсны дагуу шүүхийн “Богд-Асар ХХК-д 2013 оны А/975 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн гэрээний хугацааг сунгахыг даалгасан” шийдвэрийг биелүүлэх арга журмыг шийдвэрт “Богд-Асар ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанид 2007 онд эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл гуравдагч этгээд Туурайн төвөргөөн ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх” хэмээн заасан.

Уг шийдвэрийг биелүүлэх арга, журмаас үзвэл эзэмших эрхийн хугацааг нь сунгаж буй 25 га газрын байршлыг тогтоох 2 хувилбарыг заасан, эхнийх нь тус компанид 2007 онд эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, 2 дахь нь гуравдагч этгээд Туурайн төвөргөөн ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр байршлыг тогтоох боломжтой байна. Энэ 2 хувилбар аль аль нь нэгж талбар, эргэлтийн цэг бүхий байршлыг тодорхойлоогүй, тодорхойлох ч боломж байгаагүй.

1.1. Эхний хувилбар нь “тус компанид 2007 онд эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт” гэж байршлыг тодорхой заасан, тус компанид Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамт 25 га газар эзэмшүүлсэн “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай” 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дүгээр захирамжаар газрын байршлыг “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд” хэмээн тодорхойлсон. 2007 оны 511 дүгээр захирамж “батлагдсан 2006 оны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний талбайд газар эзэмшүүлэх замаар тус төлөвлөлтийг орон нутаг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх агуулгаар гарсан, өөрөөр хэлбэл уг захирамжаар эзэмшүүлсэн талбай тухайн төлөвлөлтийн талбайн хэмжээнд байна.

Тэгвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 267 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэг нь Яармаг-Буянт-Ухаагийн замын хойд, урд, Иргэний нисэхийн удирдах газрын зүүн, Улаанбаатар Төв аймгийн авто замын баруун талд нийт 60 га талбайг хамарч байх ба, энэ төлөвлөлтийн баримт бичгээр Улаанбаатар Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд ямар нэг төлөвлөлт хийгдээгүйг Улсын дээд шүүхийн 216 дугаар тогтоолд дүгнэжээ.

Иймээс нэхэмжлэгчийн “Улсын дээд шүүхийн 126 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 251 дүгээр магадлалд заасан “2007 онд эзэмшүүлсэн анхны байршил нь Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд байрлана” гэх тайлбар үндэслэлгүй байна.

1.2. Хоёр дахь хувилбар нь “Туурайн төвөргөөн ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр” байршлыг тогтоох бөгөөд энэ үндэслэлээр өмнө нь Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаартай тогтоолыг биелүүлж гарсан гэх “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын гудамж, Төв аймгийн чиглэлийн замын уулзварын зүүн урд талд байрлах 25 га газрын эзэмшигч Богд-Асар ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгаж, Туурайн төвөргөөн ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 115 га болгон өөрчилсөн” Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/878 дугаар захирамжийг хүчингүй болгуулах Туурайн төвөргөөн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлсэн, хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталсан байдаг. Энэ шийдвэр мөн л хүчин төгөлдөр байна.

Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжид “Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаартай тогтоолыг биелүүлж “шүүхийн шийдвэрт Богд-Асар ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанид 2007 онд эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл гуравдагч этгээд Туурайн төвөргөөн ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх” гэж шийдвэрлэсний дагуу” гэсэн атал байршил тогтоосон талбай нь уг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний батлагдсан 60 га /Яармаг-Буянт-Ухаагийн замын хойд, урд, Иргэний нисэхийн удирдах газрын зүүн, Улаанбаатар Төв аймгийн авто замын баруун тал/ талбайд хамааралгүй байна.

Гурав. Улсын дээд шүүхийн 216 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 251 дүгээр магадлалаар хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/975 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн гэрээний хугацааг сунгахыг даалгаж шийдвэрлэсэн ч шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журамдаа эзэмших эрхээ хэрэгжүүлэх газрын байршлыг уг захирамжаар тодорхойлоогүй, харин “2007 онд эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт эсхүл гуравдагч этгээд Туурайн төвөргөөн ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр” гэж тодорхойлсон. Учир нь 2013 оны А/975 дугаар захирамжид мөн л Богд-Асар ХХК-ийн эзэмшил 25 га газрын байршлыг тодорхойлсон нэгж талбар бичигдээгүй, өөрөөр хэлбэл кадастрын зураггүй, нэгж талбарын хил заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн актыг баталгаажуулаагүй байсныг Улсын дээд шүүхийн 216 дугаар тогтоолд дүгнэжээ.

Дөрөв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар байгуулагдсан Туурайн төвөргөөн ХХК, Богд-Асар ХХК-ийн эзэмшил газрын маргаантай асуудлыг судлах, санал боловсруулах ажлын хэсэг талуудыг оролцуулан 2 компанийн газар эзэмших эрх үүссэн шийдвэрүүд, маргаан үүсэх болсон нөхцөл, маргааныг шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийн талаар танилцуулга хийж, “Богд-Асар ХХК-д Туурайн төвөргөөн ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон байршлуудад 25 га газрыг байршил шилжүүлэн шийдвэрлэх” санал боловсруулсан, байршлын саналуудыг танилцуулсан, нэхэмжлэгч Богд-Асар ХХК-ийн захирал Д.Анхжаргал танилцуулагдсан байршлыг эс зөвшөөрч “Улсын дээд шүүхийн тогтоолыг буруу биелүүлсэн байна, хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн танилцуулгад тэмдэглэж, гарын үсэг зурсан байдаг. Үүнээс өөрөөр Богд-Асар ХХК-иас газрын байршлын талаар санал авсан баримтгүй, Богд-Асар ХХК тухайн байршилд буюу нэгж талбарын 1781310540 дугаартай талбайд байршил тогтоолгох хүсэлт гаргаагүй юм.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжаар нэг талаас шүүхийн шийдвэрийг биелүүлж газар эзэмших эрхийн хугацааг сунгаж байгаа хэдий ч нөгөө талаас шийдвэрийг биелүүлэх арга журмыг шийдвэрт заасанчлан газрын кадастрын байршлыг тогтоож байгаа нь Богд-Асар ХХК-ийн эзэмшлээ хэрэгжүүлэхийг хүссэн 25 га газрыг ямар байршилд болохыг тогтоож буйгаараа Газрын тухай хуулийн газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад тавигдах шаардлагыг хангуулах ёстой байжээ. Учир нь газар эзэмших эрх нь тодорхой эргэлтийн цэг бүхий байршилгүйгээр тодорхойлогдох боломжгүй.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “газар” гэж газрын гадаргуун орон зайн давхаргыг, 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бөгөөд 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 32 дугаар зүйлийн 32.3.2-т аж ахуйн нэгж газар эзэмших хүсэлтдээ  тухайн газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хавсаргана, 34.5-д улсын бүртгэлд ... олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэнэ, 34.6.3-т газар эзэмших гэрээнд газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаарыг тусгана гэж зааснаас үзвэл газар гэж газрын гадаргуун орон зайн давхарга бөгөөд түүнийг эзэмших ойлголтод нэгж талбар бүхий байршил зайлшгүй бүрдэл хэсэг байна.

Иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх ойлголт нь тэдгээрийн Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд зааснаар илэрхийлсэн “эзэмших газрын байршил, хэмжээ, зориулалтын талаарх” хүсэл зоригийн дагуух 33 дугаар зүйлийн 33.1-д заасан журмаар эрх бүхий этгээдээс шийдвэрлэх асуудал бөгөөд газар эзэмших эрх нь газрын байршил, хэмжээ, эзэмших хугацаа, зориулалт зэрэг хоорондоо салшгүй ойлголтуудыг бүхэлд нь агуулна, байршлыг эргэлтийн цэг бүхий нэгж талбараар илэрхийлнэ, нэгж талбарын дугаар, газрын хэмжээ, эзэмших хугацаа, зориулалт нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд тусгагдана.

Тиймээс газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ шийдвэрт заасан арга, журмаар газрын байршлыг тогтооход ч нэхэмжлэгчийн хүсэл зоригийг харгалзах нь зайлшгүй.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжаар эзэмших эрхийн хугацааг сунгаж буй гэх 25 га газрын байршлыг тогтоосон хэмээн мэдээллийн санд нэгж талбарын 1781310540 дугаараар бүртгэсэн 25 га газрын байршлыг ийнхүү тогтоохдоо нэхэмжлэгчийн энэ талаарх хүсэл зоригийг харгалзаагүй нь Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд үл нийцжээ.

Хэдийгээр шүүхийн шийдвэрт шийдвэрийг биелүүлэх арга журмаар тусгагдсаныг хэрэгжүүлсэн байх ч энэ нь Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг харгалзахгүй байх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь захиргааны байгууллагын үүрэг ч газар эзэмших эрх олгох, эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг Газрын тухай хуульд заасныг үндэслэхгүйгээр, газрын байршил тогтоох, эзэмших эрхийн хугацаа сунгах тодорхой заалтыг баримтлахгүйгээр шийдвэрлэсэн нь хууль бус болжээ. Шүүх шийдвэртээ шийдвэрийг биелүүлэх арга журмыг заасан нь захиргаа шийдвэр гаргахдаа тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуульд үндэслэхгүйгээр, эзэмших гэж буй этгээдийн хүсэл зоригийг харгалзахгүйгээр шийдвэрлэх эрх олгосон агуулгагүй.   

Тав. Нэхэмжлэгч “дуудлага худалдааны үнэ төлсөн бүсчлэлээс өөр байршилд эзэмшүүлсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан” гэж, “дуудлага худалдааны үнэ төлсөн байршил нь Төв аймгийн замын зүүн урд талд” хэмээн байршил зааж маргах бөгөөд дуудлага худалдааны үнийг тухайн хороо, бүсчлэлд тогтоосон нэгж үнээс тооцон төлсөн байхыг үгүйсгэхгүй ч энэ нь нэгж талбар бүхий байршил тогтоосон шийдвэр биш, дуудлага худалдааны үнэ төлсөн нь “хуулиар тогтоосон журмыг, бусад этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газартай давхцалтай эсэхийг, шүүхээр дүгнэж шийдвэрлэсэн үйл баримтыг” үл харгалзан хүссэн байршилд нь газар эзэмшүүлэх шууд үндэслэл болохгүй. Учир нь дуудлага худалдааны үнэ төлөх нь тухайн газрыг эзэмшүүлэх үндэслэлүүдийн нэг л бүрдэл бөгөөд газар эзэмших эрхийг шууд үүсгэхгүй.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Туурайн төвөргөөн ХХК-ийн 140 га газрын байршлыг дүгнэж, 140 га газартай давхцуулахгүйгээр Богд-Асар ХХК-ийн 25 га газрын байршлыг тогтоохоор шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журам болгон заасан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн “дуудлага худалдааны үнэ төлсөн байршил” хэмээн зааж буй Туурайн төвөргөөн ХХК-ийн эзэмшил 140 га газарт давхцуулан газрын байршлыг тогтоох боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Зургаа.  Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжийг Богд-Асар ХХК-д эерэг үйлчлэл бүхий захиргааны акт гэж үзэхгүй,  учир нь эерэг үйлчлэл бүхий гэж эрх олгосон этгээдэд ашигтай нөхцөл байдлыг бий болгосон байхыг ойлгох тул байршлын хувьд хүсэл зоригт нь нийцээгүй, газрын эзэмших эрхийн хугацаа сунгасан актыг нэхэмжлэгчид ашигтай нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл яригдахгүй.

Нөгөөтэйгүүр эерэг үйлчлэл бүхий гэдгээр захиргааны акттай маргах эрхийг хязгаарлахгүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т зааснаар тухайн байршилд олгосон газар эзэмших гэрээг цуцлах хүсэлт гаргаж газар эзэмших эрхийг дуусгавар болгох, эсхүл захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах замаар маргах эсэх нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарна.

Долоо.  Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжтай холбоотой үйл баримт, захиргааны үйл ажиллагаатай өмнө маргаж байгаагүй, уг захирамжийн хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах энэ үндэслэл тогтоогдоогүй.

Найм. Газар эзэмших эрхийн хугацааг эзэмшил газрын байршилгүйгээр илэрхийлэх боломжгүй, дээр дүгнэсэнчлэн газар эзэмших эрх нь газрын байршил, хэмжээ, эзэмших хугацаа, зориулалт зэрэг хоорондоо салшгүй ойлголтууд бөгөөд байршилгүйгээр эзэмших эрхийн хугацааг сунгасан шийдэл бодитоор хэрэгжих боломжгүй тул газар эзэмших эрхийн хугацаа сунгасан, байршлыг тогтоосон уг захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.3.2, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.5, 34.6.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Богд-Асар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.ХАЛИУНА