Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2024/0164

 

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2024/0164

Улаанбаатар хот

 

 

 

                                 “Б*** А*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “Б*** А*** ” ХХК,

Хариуцагчийн өмгөөлөгч А.З***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Б*** А*** ” ХХК

Хариуцагч Н*** З*** д***а,

Нэхэмжлэлийн шаардлага: Н*** З*** д***ын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр “газрын байршил тогтоон, газар эзэмших эрхийн хугацаа сунгасан” захирамжийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0721 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Анхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямдэлгэр, Х.Идэнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, Ч.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч А.З***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар.

Хэргийн индекс: 128/2021/0523/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б*** А*** ” ХХК нь Н*** З*** д***ад холбогдуулан “Н*** З*** д***ын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр “газрын байршил тогтоон, газар эзэмших эрхийн хугацаа сунгасан” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0721 дүгээр шийдвэрээр “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.3.2, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.5, 34.6.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Б*** А*** ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н*** З*** д***ын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралгүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, шийдвэрийн үндэслэх хэсэг нь тогтоох хэсэгтэйгээ нийцэхгүй,

3.1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...шүүх дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдсэн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа, тэдгээрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөхгүй” гэж дүгнэсэн атлаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 251 дүгээр магадлалын тогтоох хэсэг, Улсын дээд шүүхийн 2016 оны 2016 дугаар тогтоолын тогтоох хэсэгт зөрчилдөөнтэй байдлаар дүгнэлт өгч, хүчин төгөлдөр шүүхийн тогтоол, магадлалд дурдагдсан асуудлыг дахин дүгнэсэн,

3.1.3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн хүчин төгөлдөр шүүхийн магадлал, тогтоолын тогтоох хэсэгт дурдсан шийдвэрийг хариуцагч тал ягштал зөв биелүүлсэн эсэх дээр үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх учиртай бөгөөд үүний дагуу хариуцагч нь Н*** З*** д***ын 2013 оны А/975 дугаар захирамж болон захирамжийн хүрээнд эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг сунгах ёстой,

3.1.4. Шүүх дүгнэлт хийхдээ газрын байршил дээр маргаантай мэтээр дүгнэлт хийж, Н*** З*** д***ын 2013 оны А/975 дугаар захирамжаар тогтоогдсон газрын байршлыг мушгиж өөрчлөн, “Т*** т***” ХХК-д ашигтай байдлаар дүгнэлт хийж, хүчин төгөлдөр шүүхийн магадлал, тогтоолтой зөрчилтэй байдлаар дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй,

3.1.5. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 267 тогтоол хэрэгт авагдаагүй байхад уг баримтад хэрхэн үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь ойлгомжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.3-д заасныг зөрчсөн тул дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэж,

3.2. Хариуцагчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.2.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Н*** З*** д***ын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжаар ... 1781310540 дугаараар бүртгэсэн 25 га газрын байршлыг ийнхүү тогтоохдоо нэхэмжлэгчийн энэ талаарх хүсэл зоригийг харгалзаагүй нь Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд үл нийцжээ” хэмээн дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй буюу Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоод заасанчлан “...гуравдагч этгээд “Т*** т***” ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар “Б*** А*** ” ХХК-д Н*** З*** д***а 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр 25 га газрыг эзэмшүүлсэн тул тус захирамж нь Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг зөрчөөгүй.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх замаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад газар эзэмших этгээдийн хүсэл зоригийг бус хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг баримталж гаргасан Н*** З*** д***ын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй,

3.2.2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргааны байгууллагаас маргаан бүхий захирамж гарахаас өмнө нэхэмжлэгчид эзэмшүүлэх 25 га газрын талаар танилцуулж, хүсэл зоригийг тодруулах ажиллагааг хийсэн бөгөөд энэхүү үйл баримтын талаар шүүхийн шийдвэрт дүгнэсэн атлаа “Б*** А*** ” ХХК-ийн хүсэл зоригийг харгалзах ёстой хэмээн ойлгомжгүй бөгөөд хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан,

 3.2.3. Шүүхийн шийдвэрт “... маргаан бүхий захирамжтай холбоотой үйл баримт, захиргааны үйл ажиллагаатай өмнө нь маргаж байгаагүй, уг захирамжийн хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Учир нь Улсын дээд шүүхийн 2016 оны 2016 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болоод буй “Б*** А*** ” ХХК-ийн эзэмших ёстой гэх хууль бус шаардлага, “Б*** А*** ” ХХК болон “Т*** т***” ХХК-иудын газрын байршил, газар эзэмшүүлсэн цаг хугацаа зэрэг үйл баримтуудыг бүхэлд нь дүгнэсэн бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзах ёстой байтал хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар мөн хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргасан нь буруу,

3.2.4. Нэхэмжлэгч “Б*** А*** ” ХХК нь Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолыг биелүүлэх хүсэлтийг хариуцагчид гаргаж байгаагүй, нэхэмжлэгч тухайн газрыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд дээрх тогтоолыг өөрийн үзэмжээр тайлбарлаж буй энэ тохиолдолд дээд шүүхийн тогтоолыг биелүүлэн нэхэмжлэгчид газар олгох шийдвэр гаргахад түүний хүсэл зоригт нийцүүлж буюу “Т*** т***” ХХК-ийн эзэмшиж буй газартай давхцуулан олгох боломжгүй бөгөөд анхан шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг тухайн хэрэгт өөрөөр дүгнэснээс гадна шүүхийн шийдвэрийг биелүүлсэн хариуцагчийн үйл ажиллагаанд бүхэлд нь хяналт тавьж, шийдвэрийг хэрхэн биелүүлэх байсан талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй,

3.2.5. нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй этгээдийг болохыг Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолоор тогтоосон бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчид сэргэх, эрх, хууль ёсны ашиг сонирхол гэж байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байсан гэх зэрэг үндэслэлээр тус тус тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.  Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1. Нэхэмжлэгч “Б*** А***” ХХК-иас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2016/0113 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.2. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн  221/МА2016/0251 дугаар магадлалаар:

“1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг баримтлан “Б*** А***” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, тус компанид Н*** З*** д***ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатай саад учруулж, гэрээний хугацааг сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоон, гэрээг сунгахыг хариуцагчид даалгасугай” гэж;

2 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг баримтлан “Н*** З*** д***ын 2006 оны 568 дугаар захирамжаар “Т*** т***” ХХК-д Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороонд газар олгогдсон байхад нийслэлийн Өмчийн харилцааны газраас зориудаар кадастрын мэдээллийн санд “Б*** А*** ” ХХК-ийн тус дүүргийн 10 дугаар хороонд олгогдсон газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах, “Б*** А***” ХХК-д хууль ёсоор эзэмшиж буй газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг хууль бусад тооцож, газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг даалгах”, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, “Б*** А*** ” ХХК-д хууль ёсны эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо /хуучнаар 10 хороо/-нд байрлах 25 га газарт орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд хууль дүрмийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “4” гэж тус тус өөрчлөн;

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Б*** А***” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанид 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл гуравдагч этгээд “Т*** т***” ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмсүгэй” хэмээн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

3.3. Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоолоор “…магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй” орхиж шийдвэрлэсэн.

3.4. Маргаан бүхий захиргааны акт болох Н*** З*** д***ын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг биелүүлэн газар эзэмших эрхийг сунгах тухай” А/359 дүгээр захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 216 дугаар тогтоолыг тус тус үндэслэн … “Б*** А***” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанид 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл гуравдагч этгээд “Т*** т***” ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулалгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх” гэж шийдвэрлэсний дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр (хуучнаар 10 дугаар) хорооны нутаг дэвсгэрт “Б*** А***” ХХК-ийн газрын кадастрын байршлыг тогтоон 25 га газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунган хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй” хэмээн шийдвэрлэсэн.

3.5. Н*** З*** д***ын дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Б*** А***” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Н*** З*** д***ын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр “газрын байршил тогтоон, газар эзэмших эрхийн хугацаа сунгасан” захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.3.2, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.5, 34.6.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Б*** А*** ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н*** З*** д***ын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж,

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.3.2-т “тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.4-т “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө” хэмээн тус тус заасан.

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргаан бүхий үйл баримтыг үндэслэлтэй зөв дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 216 дугаар тогтоолыг биелүүлэх хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 онд ажлын хэсэг байгуулан, холбогдох байршлын саналуудыг боловсруулан нэхэмжлэгчийн төлөөлөгчид танилцуулсан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч “хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн танилцуулгад тэмдэглэж, гарын үсэг зурснаас өөрөөр маргаан бүхий нэгж талбарын 1781310540 дугаар бүхий газрын байршилтай холбогдуулан нэхэмжлэгчийн саналыг аваагүйгээр хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох Н*** З*** д***ын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг биелүүлэн газар эзэмших эрхийг сунгах тухай” А/359 дүгээр захирамжийг гаргасан.

Ингэхдээ Газрын тухай хуульд заасан газрын байршлыг тогтоох болон газар эзэмших эрхийн хугацаа сунгахтай холбоотой тухайлсан заалтыг баримтлаагүй нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

7. Мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” хэмээн заасан бөгөөд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 216 дугаар тогтоолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 267 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжих газар нь Яармаг-Буянт-Ухаагийн замын хойд, урд, Иргэний нисэхийн удирдах газрын зүүн, Улаанбаатар Төв аймгийн авто замын баруун талд нийт 60 га талбайг хамрахаар зааснаас өөрөөр Төв аймгийн авто замын уулзварын зүүн урд талд ямар нэг төлөвлөлт хийгдээгүй болохыг дүгнэсэн зэрэг үйл баримтыг  анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ эш татан дурдсан нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй.

Иймд нэхэмжлэгч талаас гаргасан ”хэрэгт авагдаагүй нотлох баримт болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 267 дугаар тогтоолыг хэрхэн үнэлж, дүгнэж байгаа нь ойлгомжгүй”, “газрын байршил дээр маргаантай мэтээр дүгнэлт хийж, Н*** З*** д***ын 2013 оны А/975 дугаар захирамжаар тогтоогдсон газрын байршлыг мушгиж өөрчлөн, “Т*** т***” ХХК-д ашигтай байдлаар дүгнэлт хийсэн” гэх болон хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан ”хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн”, “хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь бүрэн дүүрэн үнэлгээгүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0721 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ШҮҮГЧ                                                  Д.ОЮУМАА

 

                    ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ

 

                               ШҮҮГЧ                                                   Г.МӨНХТУЛГА