| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
| Хэргийн индекс | 121/2017/0021/з |
| Дугаар | 177 |
| Огноо | 2018-04-18 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 177
Т.Ц-ын нэхэмжлэлтэй,
Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 2386920 төгрөг гаргуулах тухай”
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 121/ШШ2017/0025 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0090 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид,
Нэхэмжлэгч Т.Ц-, түүний өмгөөлөгч Л.Баасан,
Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонцэцэг,
Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 121/ШШ2017/0025 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дүгээрт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ц-ын тус аймгийн Засаг дарга Г.Ганболдод холбогдуулан гаргасан Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 2,386,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0090 дүгээр магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 121/ШШ2017/0025 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0090 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээний хүрээнд үнэлж, дүгнээгүй гэж үзэж байна.
5. Зөвхөн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын аман тайлбарт хөтлөгдөж, Т.Ц-ыг ажлаас халсан үндсэн шалтгааныг тодорхойлж байгаа нотлох баримт болох аймгийн Аудитын газар, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 29/01/03 дугаар дүгнэлт бүхий акт, удаа дараагийн зөрчлийг арилгахгүй байгаа эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардсан тус Санхүүгийн хяналт, аудит албаны аймгийн Засаг даргад ирүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 75 дугаар албан бичиг зэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл болгож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
6. Иймд, гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасантай нийцжээ.
8. Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Т.Ц-ыг ажлаас халсныг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь уг захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,386,920 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
9. Нэхэмжлэгч Т.Ц- нь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 29/01/03 дугаар дүгнэлт, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 75 дугаар албан бичиг, Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвийн зарцуулалт, санхүүд хийсэн аймгийн Аудитын дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэл болгож хариуцагчийн тайлбартаа дурдсан үйл баримтуудыг үгүйсгэн маргажээ.
10. Тодруулбал, хариуцагчийн зүгээс дээрх баримтуудыг үндэслэж, Т.Ц-ыг төсвийн сахилга бат алдсан, удаа дараа ажил тасалсан, төсвийн зохион байгуулалт хийх чадваргүй нь тогтоогдсон гэж үзсэн байна.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарын үндэслэлийг анхаараагүй, зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн хэт өрөөсгөл дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчжээ.
12. Мөн шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэг нь дээрх хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасан шаардлагад нийцээгүйг давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
13. Үүнээс гадна маргаан бүхий захирамжийн үндэслэлд хамааралтай хэрэгт цугларсан нотлох баримтуудыг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу цаг хугацааны хувьд анхан шатны шүүх хуралдааны дараа нотариатаар гэрчлүүлсэн байгаагаас шүүх дээр нотлох баримтыг хэрхэн хэлэлцсэн, эдгээрийг шүүх үнэлж дүгнэсэн эсэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэх шаардлага хангагдсан эсэхийг дүгнэхэд эргэлзээ төрүүлэхээр байна.
14. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан зөрчлийг арилгаж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байна.
15. Дээр дурдсаныг үндэслэн “...давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, ...хууль буруу хэрэглэсэн, ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх...” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ .
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0090 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ