Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 200

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Тунгалагтамирт холбогдох 201714000145 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Жавхлантуяа, иргэдийн төлөөлөгч Г.Батзориг, шүүгдэгч Ж.Тунгалагтамир, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нарыг оролцуулав.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаарсарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөл 3Б-19 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Жонгоор овгийн Жаргалсайханы Тунгалагтамир /РД:ФМ89052982/

Шүүгдэгч Ж.Тунгалагтамирыг 2015 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөл 3Б-19 тоот гэртээ нөхөр Э.Батсоёмботой маргалдан хутгаар хатгаж цээжний баруун талын 4-5 р хавирганы завсараар нурууны хажуугийн шугамаар цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон үйл баримт: Ж.Тунгалагтамир нь 2015 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөл 3Б-19 тоот гэртээ согтуугаар нөхөр Э.Батсоёмботой маргалдаж, Э.Батсоёмбо нь гэрийнхээ байшингийн хана цөмлөж, цонх хагалж зүй бусаар авирлахад нь хориглосон Б.Болдтой ноцолдон газар унагаж дээр нь гарсан байхад нь араас нь цээжин тус газар нь хутгаар 2 удаа хатгаж цээжний баруун талын 4-5-р хавирганы завсараар нурууны хажуугийн шугамаар цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн шарх гэмтэл учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ж.Тунгалагтамирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:   Би тэр үед согтуу байсан. Санахгүй байгаа. Би ууж чаддагүй юм. Тэнд байсан хүмүүс “та 2 маргалдаж хэрэлдсэн гэсэн. Болд ах “яагаад ингэж байгаа юм бэ” гэх үед нь сэхээ ороход миний гарт хутга байсан. Нөхөр надаас хэрүүл өдөж айрагтай аяга, сандал авч шидэж байсан. Би уйлаад байсныг санаж байгаа. Би гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Э.Батсоёмбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”.....Тэр өдөр хадам ах эгч нар болох Болд, Оюунчимэг, Оюунбилэг, Тогтох гэгч нартай гэртээ архи их уусан. Би Хангал суманд шинэлэж явахдаа архи уусан. Мөн гэртээ ирээд архи уусан байсан учир зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Ямар ч байсан эхнэртэйгээ маргалдаж байснаа санаж байна. Тэгээд байшингийнхаа гипсэн ханаа цохиж цөмлөж мөн гал тогооныхоо цонхыг өшиглөж хагалсан юм. Тэгээд уурандаа эхнэрээ цохиж авч байснаа санаж байгаа юм. Нэг мэдсэн чинь Болд ах манай эхнэрийг намайг хутгалчихлаа шүү дээ гэж байсан. Тэгээд нуруу руу халуун оргиод цус гараад байх шиг байсан. Өвдөлт нь бараг мэдрэгдээгүй. Түргэн дуудаач гээд байсан. Үүр цайж байсан. Эхнэр дээд өрөөндөө ороод унтчихсан юм байна лээ. Манай гэрт байсан хүмүүс түргэн дуудсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

-Гэрч Г.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”..... Хэсэг унтаж байгаад босоод ирэхэд хүргэн Болд Буянтогтох 2 буйдан дээр унтаж байсан. Батсоёмбо түүний эхнэр Тунгалагтамир, манай дүү Оюунбилэг юм ярьчихсан нилээд согтсон сууж байсан. Батсоёмбо Тунгалагтамиртай 2 талынхаа аав ээж, ах дүү нараа муулан маргалдсан. Батсоёмбо уурлан босч ирээд гараараа баруун талынхаа ханыг цөмлөсөн. Тэгээд гал тогооныхоо цонхыг өшиглөж хагалсан. Тэгэхэд Болд ах босч ирээд түүнийг боль гээд тэврээд авсан. Тэр хооронд би ширээн дээрх юм янзлаад унасан сандал янзлаад явж байгаад эргээд харахад Болд ах Тамираа чи яаж байгаа юм? салфетка аваад ир гэхээр нь аваад очтол Тамираа цаана нь би хутгалчихлаа гээд уйлаад зогсож байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/

-Гэрч Д.Болдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.......Намайг босоод ирэхэд Батсоёмбо эхнэр рүүгээ агсан тавьчихсан гал тогооны өрөөнийхөө цонхыг өшиглөөд хагалаж байсан. Би түүнийг болиулах гээд араас нь очоод тэврээд авсан юм. Тэгсэн Батсоёбо надруу уурлаж намайг заамдаж авч цамцны захаар хоолой боож намайг газарт унагааж миний дээр гарчихсан юм. Яг энэ үед араас нь түүний эхнэр хутгалсан. Батсоёмбын доороос өндийгөөд харахад Тунгалагтамир шар иштэй хутга барьчихсан уйлаад зогсож байсан. Би очоод хутгыг нь салгаад авахад дээд өрөөнд хүүхэд нь уйлаад хүүхэд рүүгээ гарсан эргэж бууж ирээгүй. Би Батсоёмбын нурууны цус болсон хэсгийг арчихад 2 далных нь хооронд 2 удаа хутгаар хатгасан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 /

-Гэрч Э.Буянтогтохын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”......Тэр орой би архи ууддагүй учир эрүүл байсан. Би хэсэг байж байгаад буйдан дээр унтаад өгсөн юм. Нэг сэрсэн чинь манай эхнэр суугаагаараа ширээ дэрлээд унтаж байсан. Эргээд хэсэг хэвтэж байсан чинь Оюунчимэг эгч Соёбоо агсан тавиад байна гээд сэрээсэн. Босоод ирсэн чинь Соёмбоо эхнэрээ” би чамайг 4-25 дугаар байранд янхан байсныг чинь мэднэ гэж хэлсэн. Би ахын дүү тэгж хэлж болохгүй гэсэн. Тэгсэн чинь 2-уулаа үзье гээд над руу дайрсан. Би эрүүл байсан учир маргалдахгүй гээд гараад явсан. Эхнэр маань араас хаашаа явах гэж байгаа юм бэ гээд гараад ирсэн. Гудамжинд явж байхад Оюунчимэг эгч Тамираа Соёмбыг хутгалчихлаа гэж хашгирч байсан. Би юун балай юм яриад байгаа юм бэ гээд тэр чигээрээ явсаар байгаад хамаатны хүүхэд Даваажавын гэрт 06-07 цагийн үед очсон гэсэн мэдүүлэг /хх 51 /

-Гэрч Т.Оюунбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагаас 01 цагийн үед хүргэн Батсоёмбын гэрт хүргэн ах Болд төрсөн эгч Оюунчимэг, нөхөр Буянтогтохын хамт очсон орой болсон байсан ч Тунгалагтамир бууз жигнээд архи задлаад ууцгаасан юм. Бид нар бараг 2 шил архи ууцгаасан. Манай нөхөр Буянтогтох архи уудаггүй учир эрүүл байсан. Тунгалагтамирын ээж нь манай төрсөн эгч Чимэддулам гэдэг хүн байдаг юм. Эгч маань одоо Унгар улсад ажиллаж амьдардаг. Бид нар Чимэддулам эгч болон хоорондынхоо ахуй амьдралыг яриад сууж байсан юм. Батсоёмбо архиндаа согтоод бид нарын хажуугаар орж ирээд эхнэр рүүгээ янз бүрийн үг хэлээд байсан. Танай ээж чинь гадаадад биеэ үнэлэж байгаа, аав чинь архичин, чи өөрөө янхан биз дээ гэж хэлээд байсан. Би архиндаа согтоод тонгойгоод ширээ дэрлээд унтчих гээд байсан. Зарим зүйлийг бүдэг бадаг санаж байна. Тэр үед нөхөр маань босож буйдан дээр унт гээд байсан. Тэгээд би түүний хажуугаар хэвтсэн. Тэгээд хэсэг хэвтэж байхад үүрээр хүмүүс чанга чанга дуугараад байсан. Яг хэн нь юу гэж хэлж байсныг санахгүй байна. Тэгээд өндийгөөд харахад манай нөхөр хаалгаар гарч яваа харагдсан. Миний архи гараагүй учир би шууд нөхрийнхөө араас гараад гүйсэн гэсэн мэдүүлэг /хх 52-р /

-Гэрч Г.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 02-ны өглөө манай дүү Г.Оюунчимэг надтай утсаар ярьж болсон зүйлийн талаар хэлсэн. Би Оюунчимэгтэй гэрээсээ гараад Батсоёмбын гэрт очсон. Надтай зэрэгцээд хадам аав Жаргалсайхан нь ирж таарсан. Тэгээд гэрт нь яваад ороход манай хүргэн дүү Болд буйдан дээр унтаж байсан. Харин Батсоёмбо гал тогооныхоо өрөөнд шалан дээр хөнжил нөмрөн унтаж байсан. Батсоёмбо нилээд согтолттой би зүгээрээ унтмаар байна гээд байсан. Жаргалсайхан түргэн дуудсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 /

-Гэрч Ц.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2017 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 08 цагт манай хуучин хадам дүү болох Оюунчимэг над руу ярьсан. Тэрээр Батсоёмбын гэрт нэг хутганы асуудал гарчихлаа та хурдан хүрээд ир гэсэн юм. Тэгээд би гэрт нь яваад очиход Батсоёмбо нилээд согтолттой гал тогооныхоо шалан дээр би даараад байна гээд хэвтэж байсан. Тэгээд би эмнэлэг явахгүй гээд байсан. Юу болсон талаар хэлээгүй би хүнд хутгалуулчихлаа гээд байсан. Намайг ороход Батсоёмбын далны ард 2 удаа хатгагдсан шарх байсан. Тэгээд эмнэлэг рүү ярьж гэртэй хутгалуулсан хүн байна гэж дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 /

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 242 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.Батсоёмбын биед 5-6-р хавирганы завсар нурууны хажуугийн шугамаар цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийд цус болон хий хуралт, уушигны агчилт, цээжний баруун талын 4-5-р хавирганы завсараар нурууны хажуугийн шугамаар хатгагдсан шарх зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас цээжний зүүн хөндийг нээх, уушигны доод дэлбэнг оёх цээжний хөндийд гуурс тавих хагалгааг хийжээ.

2. Дээрх гэмтэл нь хурц үзүүр эрмэгтэй зүйлийн 2 удаагийн хатгах, хатгагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, цээжний баруун талын 4-5-р хавирганы завсраар нурууны хажуугийн шугамаар хатгагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.   

5.Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 17 ху/

-2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Орхон аймгийн БОЭТ-д эмчлүүлсэн Батсоёмбын өвчний түүх /хх-ийн 21-31 /

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 70 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ж.Тунгалагтамирын цусанд этилийн спирт 0,8 хувь промиль процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх-ийн 39 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгаххуудас /хх-ийн 69 ху/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, ам бүлийн тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 64-72 ху/

- 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа:

1.Магадлуулагч Ж.Тунгалагтамир нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэц мэдрэлийн өвчингүй, эрүүл өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж ойлгох чадвартай.

2.Өвчтөн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай

3.Удамшлын шалтгаант сэтгэц мэдрэлийн өвчингүй

4. Батсоёмбод зодуулснаас үүдэлтэй сэтгэцийн өөрчлөлт ороогүй.

5. Эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай

6.Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн дүгнэлт /хх-ийн 11 / дүгнэлт зэрэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийдвэртээ үндэслэсэн бөгөөд шүүгдэгч Ж.Тунгалагтамирын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ж.Тунгалагтамир нь 2017 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөл 3Б-19 тоот гэртээ нөхөр Э.Батсоёмботой согтуугаар маргалдан цээжин тус газар нь хутгаар 2 удаа хатгаж цээжний баруун талын 4-5 р хавирганы завсараар нурууны хажуугийн шугамаар цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн хүнд гэмтэл учруулсан нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй үйлдсэн болох нь хохирогч Э.Батсоёмбо, гэрч Г.Оюунчимэг, Д.Болд, Т.Оюунбилэг, Э.Буянтогтох, Г.Ганбаатар, Ц.Жаргалсайхан нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед 5-6-р хавирганы завсар нурууны хажуугийн шугамаар цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийд цус болон хий хуралт, уушигны агчилт, цээжний баруун талын 4-5-р хавирганы завсараар нурууны хажуугийн шугамаар хатгагдсан шарх зэрэг гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь хурц үзүүр эрмэгтэй зүйлийн 2 удаагийн хатгах, хатгагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, цээжний баруун талын 4-5-р хавирганы завсраар нурууны хажуугийн шугамаар хатгагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэг гарахын өмнө хохирогч Э.Батсоёмбо нь гэрийн эд зүйлээ эвдэж, эхнэрээ элдэв зүй зохисгүй үгээр доромжилсон болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон боловч түүнийг гэрч Д.Болдтой маргаж, түүний дээр гарсан байхад нь араас нь хутгалсан байх тул сэтгэл санаа нь цочрон давчидсан гэж дүгнэх үндэслэлгүй.

Шүүгдэгч Ж.Тунгалагтамирт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг бусдын бие махбодид хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчилж эхэлсэн тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн зарчмыг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм бурууг тооцож ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

       Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хэрэг гарах болсон нөхцөл байдал болон түүний асрамжид бага насны 2 хүүхэд байгаа байдлыг харгалзан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял хөнгөрүүлж оногдуулах” тухай Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, төлөх төлбөргүйг тус тус дурьдав. Шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх шийдсэн болно.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1,5,8 дахь хэсэг,36.2, 36.6,36.7,36.8,36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Жонгоор овгийн Жаргалсайханы Тунгалагтамирыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Ж.Тунгалагтамирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тунгалагтамирт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Тунгалагтамирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч төлбөр нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АРИУНЦЭЦЭГ

                  ШҮҮГЧИД                                                 Ц.АЛТАНГАДАС

                                                                                  Ж.БАЙГАЛМАА