Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 000087

 

 

 

       

 

 

 

 

 

 

 

 

                                                                Ж.Т-т холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                          Хэргийн индекс 142/2017/0175/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

          Шүүх хуралдаанд: 

 

                      Прокурор                                            Б.Жавхлантуяа

                      Шүүгдэгч                                             Ж.Т

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                  С.Батмөнх-Очир

                      Нарийн бичгийн дарга                   Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолтой Ж.Т.т холбогдох, 201714000145 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, Орхон аймаг, Баян-Өндөр суманд оршин суудаг, ял шийтгэлгүй, гавьяа, шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,  Ж овгийн Ж. Т

 

Шүүгдэгч Ж.Т нь 2017 оны 03 дугаар сарын 01-ээс 02 нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр суманд гэртээ согтуугаар нөхөр Э.Б-той маргалдан хутгаар хатгаж цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ж овогт Ж. Т-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

          Ж.Т.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс тоолж,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

 

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч төлбөр нэхэмжлээгүйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир давж заалдах гомдолдоо:

 

Энэ хэрэг нь гэр бүлийн хүчирхийллийн явцад үүссэн, нөхөр Э.Б-ын удаа дараагийн дарамт, хүчирхийллийг тэсч тэвчээгүйн улмаас гарсан буюу тухайн өдөр Ж.Т нь нөхөр Э.Б-той архи ууж согтуурсан үедээ өөрийг нь болон төрсөн аавыг нь архичин гэж, бүүр түүнчлэн “ээжийг нь биеэ үнэлдэг, өөрийг нь 4-25-т янхан явсан гэх зэргээр дайрч, гутаан доромжилж, гэрийн хана, цонхыг цөмлөн, айрагтай аяга түүн рүү шидэж, зодож эхэлсэн, энэ байдлыг нь болиулах гэсэн нагац эгчийнх нь нөхөр Д.Б-г унагаж хоолойг нь боож амь биед нь аюултай хүч хэрэглэж байх үед нь санаа сэтгэл нь хүчтэй цочролд орж, өөрийн мэдэлгүй тухайн хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна.

 

Тухайн үед Ж.Т-ын хувьд тэвчишгүй доромжлол, өдөр тутмын хардалт, түүнийг урьд нь маш олон удаа зодож байсан, согтуу хөлчүү ирээд агсам тавьж элдвээр дайрч доромжлоход нь таслан зогсоох гэхэд хэзээ ч үгэнд нь ордоггүй, дийлддэггүй зан байдлаас үүссэн хорсол гэнэт дээд цэгтээ тулж тухайн гэмт хэргийг үйлджээ.

 

Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах /Эрүүгийн хуулийн 11.2/ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах / Эрүүгийн хуулийн 11.1/ гэмт хэргээс нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанараараа ихээхэн ялгаатай бөгөөд дээрх хэргүүдэд ижил ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй учраас хууль тогтоогч 2015 оны Монгол улсын Эрүүгийн хуулинд дээрх үйлдлийг шинээр бие даасан гэмт хэрэгт тооцсон нь гэм буруутай үйлдэлд тохирсон ял оногдуулах ач холбогдолтой. Түүнчлэн өөрт нь хүч хэрэглэн, өөрийг нь болон эцэг эхийг нь гутаан доромжилсон зүй бус, хууль бус үйлдлийг нь таслан зогсоох гэсэн хүнийг боож унагаасан үйлдлээрээ орчиндоо байгаа хүмүүсийг эрхэшээлдээ байлгахаар догшин авирлаж байгаа нөхрийнхөө үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуурт автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдаж гэмт хэрэг үйлдсэн Ж.Т-ын хувьд тохирох хуулийн заалт учраас шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлээд байгаа Ж.Т-ын гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 1-т зааснаар буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэх нь зүйтэй гэж хуульч, өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

 

Гэмт хэрэг гарах мөчид Ж.Т нь байнгын хардалт, дарамтанд байдаг бөгөөд ойрын хугацаанд уулзалдаагүй, элгэн ахан дүүсийнхээ дэргэд гутаан доромжлуулсанаас дахиад л дарамтлуулах нь гэсэн айдас, түгшүүр эгдүү зэвүүцэл, уур бухимдал зэрэг эрс хүчтэй сэтгэл хөдлөл хоромхон зуурт дээд цэгтээ хүрч, орчиндоо болж байгаа үйл явдлыг мэдрэх, өөрийгөө ухаарах чадварууд нь алдагдан улмаар ухамсарт ухаан бүрийтэн балартаж сэтгэл хөдөлгөөний дошгиролд орж хохирогчийг гэмтээсэн болохыг ямар нэгэн шинжээчийн дүгнэлтээр бус сэтгэл санаанд хэр хэмжээтэй нөлөөлсөн, учирч болох хохирол байсан эсэх, шүүгдэгч хийсэн үйлдлээ ухамсарласан эсэх, хохирогчид учруулсан хохирлыг урьдчилан хүссэн эсэх зэргээс шууд хамаарна.

 

Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ...Хэрэг гарахын өмнө хохирогч Ж.Б нь Д.Б-г ухаан алдуулах, аль эсхүл амь насанд нь аюул учруулаад дахин Ж.Т руу довтлох аюул байсныг үгүйсгэх нөхцөл байдал байгаагүй юм. Д.Б болон тэнд байсан хүмүүс нь догшин авирлаж байгаа хохирогчийн довтолгоо, хүчирхийллээс биеэ хамгаалах чадваргүй байсан нь нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна.

 

Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидна гэдэг бол шинжлэх ухааны үүднээсээ хүний сэтгэл зүйн асуудал. Үүнийг хараад цочрон давчидсан байна, давчидаагүй байна гэж хэлэх хэцүү. Зөвхөн тухайн үйлдэлдээ хэрхэн хандсанаар нь дүгнэхээс өөр аргагүй юм. Энэ хэргийг үйлдсэн Ж.Т-ын хувьд бол удаа дараа өгсөн мэдүүлгүүддээ өөрийн үйлдлийг огт танихгүй байгаагаа мэдүүлдэг, тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул согтуурсны улмаас хийсэн үйлдлээ санахгүй байна гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Гэрчүүдийн мэдүүлгээр бол Ж нь хохирогчийг хутгалчихаад уйлчихсан зогсож байсан ба тухайн үйлдлээ үргэлжлүүлэлгүйгээр хүүхдээ тэврээд унтаад өгсөн байсныг анхаарч үзвэл хохирогчид учруулсан хохирлыг зориуд урьдчилан хүсээгүй, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ өөрийн мэдэлгүй гэмт хэрэг үйлджээ гэж үзэхээр байна.

 

Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Г.О, Д.Б нар нь хам хэрэг болчихно гэж айсандаа болоод юу ч хараагүй, мэдээгүй гэсэн байдлаар тодорхой бус мэдүүлэг өгсөн, хохирогч Э.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдгээрээ яллагдагчаар татагдана гэж айсандаа өөрийгөө хаацаалсан мэдүүлэг өгсөн гэж үзэж байна.

 

Гэтэл үнэн хэрэгтээ Э.Б нь Д.Б-тэй маш их ноцолдож, түүний биед бодит аюул учруулахаар хүч хэрэглэн ноцолдсон, урьд нь Ж.Т-ыг удаа дараа зодоод, гэр орноо эвдэж бусниулаад, хутгалах гэж байгаад гэр хорооллын Цагдаагийн хэсэгт шалгагдаж, баривчлагдах дээрээ тулж байсныг Ж.Т.т аргагүйн эрхэнд уучлан авч байсан, мөн тэрээр байнгын хардалт, мөрдөлт, мөшгилтөөр эхнэрээ дарамтанд байлгадаг байжээ.

 

Энэ талаар Ж.Т-т нь прокурорын хяналтын шатанд хүсэлт гарган, хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрт нь гомдол гаргаснаар Орхон аймгийн прокурор Г.Э гомдол, хүсэлтийг бүхэлд нь хангахаар шийдвэрлэсэн. /хавтаст хэргийн 93-95 дугаар хуудас/ боловч мөрдөн байцаагч үүнд ач холбогдол өгөлгүй ор нэр төдий хандаж, Ж.Т-тай хамт ажилладаг У.Б, М.Б нарыг гэрчээр, гэрч Д.Б-ыг дахин, Цагдаагийн ажилтан М.О-г гэрчээр, Э.Б-г хаана байгаа талаар түүний ээж Н-ийг гэрчээр тус тус байцаагаад, шинжээч томилж Ж.Т-ын сэтгэгцэд шүүх сэтгэгц гэм судлалын магадлагаа гаргуулсанаар ажиллагааг хязгаарлажээ.

 

Гэвч Э.Б нь эхнэр болон эхнэрийнхээ төрсөн эхийг нь биеэ үнэлэгч, янхан, аавыг нь архичин гэж удаан хугацаанд уулзалдаагүй байсан ээжийнх нь төрсөн эгч дүүс, хүргэн бэрүүдийнх нь дунд доромжилсон болон Ж.Т-ын биед нь халдаж хүч хэрэглэсэн, гэрийнхээ эд зүйлийг эвдэж хэмхэлсэн болох нь гэрч Г.О-н мэдүүлэг/ хавтаст хэргийн 50 дугаар хуудас/, гэрч Д.Б-ын мэдүүлэг/ хх-ийн 50 хуудас/, гэрч Э.Б-ын мэдүүлэг/ хх-ийн 51 хуудас/, гэрч Т.О-ийн мэдүүлэг/ хх-ийн 54-55 хуудас/, болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх эмнэлэгийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 259 дугаартай дүгнэлт, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүдээр

 

Хохирогч маш их хартай бөгөөд үүний улмаас Ж.Т-ыг зодож, хэрүүл,  маргаан хийж дарамталдаг болох нь дээрх гэрч нар болон гэрч Ц.Ж-ны мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/, гэрч М.А, Т.С нарын мэдүүлэг /хх-ийн 59-60 хуудас/, гэрч Ж.Б, М.Б нарын мэдүүлэг/ хх-ийн 98-102 хуудас/, захиргааны арга хэмжээ авагдаж байсан талаархи бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл болон лавлагаа/ хх-ийн 106-109 хуудас/, зэрэг нотлох баримтаар

 

Тухайн гэмт хэрэг хоромхон хугацаанд өрнөсөн бөгөөд хохирогчийг гэмтээснээс хойш үйл явдал үргэлжлээгүй буюу яллагдагч Ж.Т нь сэтгэл санааны гэнэтийн цочролд орж, сэтгэцийн хэвийн байдалд алдагдсан болох нь гэрч Г.О-ийн ...Тамираа би хутгалчихлаа гээд уйлчихсан зогсож байсан.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/, гэрч Д.Б-ын ...Б-н доороос өндийгөөд харахад Т нь шар иштэй хутга барьчихсан уйлчихсан зогсож байсан, би хутгыг нь салгасан, дээд өрөөнд хүүхэд уйлахаар нь хүүхэд рүүгээ гараад явсан.... Тэрээр эргэж бууж ирээгүй.....гэсэн мэдүүлэг /хх-ийн 50,103 дугаар хуудас/, гэрч Г.Г-ын ....Т байшингийнхаа 2 давхарт хүүгээ тэврээд унтаж байсан..... гэсэн мэдүүлэг

 

Ж.Т-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял нь 8-6 насны 2 хүүхдүүдтэй эхийн хувьд хүндэдсэн байна.

 

Шүүхээс ял шийтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг сонгох санкцтай буюу арван мянгаас дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хорих ялтай учраас Ж.Т-ын хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчтой эвлэрч хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр тохирсон, гэр бүлийн гишүүд хоёулаа ажил эрхэлдэг зэрэг хувийн байдал, хохирогчийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон хүүхдүүд эцэг эхийн хамтаар, өөрсдийн таатай орчинд өсөж хүмүүжих нөхцлөөр хангагдах зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжтой байжээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолд заасан шүүгдэгч Ж.Т-т холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Т давж заалдах гомдолдоо:

 

Ж.Т миний бие нь анхан шатны шүүхээс оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж байна. Хэрэг үйлдэх үедээ миний бие их согтолтгүй байсан. Нөхрийн бүдүүлэг зохисгүй авираас энэ хэрэг үйлдэгдсэн юм. Тухайн үед их доромжлуулж зодуулсан учир сэтгэл санааны хувьд цочирдолд орсон байсан. Хамаатны ах болох Д.Б нь тухайн үед нөхрийн гаргаж буй нөхцөл байдлыг таслан зогсоосон юм байхгүй “боль” гэж шаардлага тавиад очтол замдуулан боолгуулж газарт унасан байсан. Уг нөхцлийг нь хараад сэтгэл цочирдсон тул ийм байдалд хүргэсэн юм .

 

Миний мэдүүлэгт байгаа “Архи их уусан учир санахгүй байна” гэх тэмдэглэл нь байцаагч Э-ын “Архи их уусан болохоор санахгүй байна гэж үү” хэмээн хөтлөн асуугаад тэмдэглэлд өөрөө биччихсэн юм. Ер нь бол миний нөхөр Э.Б нь их хартай цочмог ууртай. Бид хоёрын хооронд хардалтын учир шалтгаангүй хэрүүл маргаан гардаг нь үнэн. Эсэргүүцэх боломжгүй авиртай хүн учраас тухайн үеийн нөхцөл байдалд би өөрийн нөхөрт буулт хийн аргадаж болиулах нөхцөл бий болдог. 

 

Би энэ байдлаа бусдад яриад явдаггүй. Дээрхи нөхцөл байдлаас болж одоогийн байдалд хүрсэн байхыг би үгүйсгэхгүй.

 

Миний хувьд бага насны хоёр хүүхдээ асрамжлах зайлшгүй шалтгаан байгаа. Том хүү Б.У маань арьс харшлын эдгэрэшгүй өвчтэй /Песироз/, буюу хайрст үлдтэй тухайн өвчин нь хүний байнгын асаргаа, арчилгаа шаардлагтай өвчин юм. Бага хүү Э.Т төрөлхийн түнхний дутуу хөгжилтэй төрсөн хөл муутай, шавар эмчилгээ болон физик эмчилгээ хийлгэдэг. Надад хоёр хүүхдийг минь асрамжлах төрсөн ээж байхгүй, хойд эх болон хадмуудын асрамжинд үлдсэн болно. Өөрийн хийсэн гэм буруугаа маш ихээр ойлгож, харамсаж байна.

 

Дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна. Иймд миний хоёр хүүхдийг өөрийн ээжтэйгээ цаашид байх тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж оноосон ялыг хөнгөрүүлж дахин хэлэлцэж үзнэ үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Т гаргасан тайлбартаа:

 

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өмнө нь нөхрөө янз бүрийн асуудал гаргахад нь цагдаа дуудаад өгдөг аль эсвэл хүүхдээ аваад найзынхруугаа явчихдаг байсан. Тэр өдөр манай ах дүү нар байгаа болохоор янз бүрийн зан авир гаргахгүй байх гэж итгэж байсан. Бага насны хоёр хүүхэдтэй, тэр хоёрт минь эхийн хайр халамж анхаарал маш хэрэгтэй байгаа. 2 сар хоригдох хугацаанд хүүхдүүдтэйгээ нэг ч удаа уулзаагүй. Нэг жилийн хорих ял миний хувьд хүндэдсэн. Өмгөөлөгчийн болон миний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх асуудал шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Ж” овгийн Ж. Т нь 2017 оны 03 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Орхон аймаг, Баян-Өндөр сумын гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Э.Б-ой маргалдаж цээжин тус газар нь 2 удаа хутгалж, цээжний баруун талын 4-5 дугаар хавирганы завсараар нурууны хажуугийн шугамаар цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Э.Б-ын “...Ямар ч байсан эхнэртэйгээ маргалдаж байснаа санаж байна. Тэгээд байшингийнхаа гипсэн ханыг цохиж цөмлөж байсан, гал тогооны өрөөний цонхоо өшиглөж хагалсан юм. Нэг мэдсэн чинь Болд ах манай эхнэрийг намайг хутгалчихлаа шүү дээ гэж байсан. Тэгээд нуруу руу халуу оргиж цус гараад байх шиг байсан. ...Эхнэр намайг өөрийг нь болон аав ээжийг нь доромжилж хэлсэн учраас л хутгалсан байх гэж бодож байна. Миний ар нуруунд 2 удаа хутгалсан байна”...гэх мэдүүлэг (ХХ-ийн 14),

 

гэрч Г.О-ийн “...Шөнө 1-2 цагийн үед хүргэн Б-ын гэрт хүргэн ах Б, дүү О, түүний нөхөр Б-хын хамт очсон. Би тэдний гэрт очоод архи дарс уугаагүй, хэсэг унтаж байгаад босоод ирэхэд хүргэн Б, Б хоёр буйдан дээр унтаж байсан. Б түүний эхнэр Т, манай дүү О 3 юм ярьчихсан нилээн согтсон сууж байсан. Батсоёмбо эхнэртээ хоёр талынхаа аав, ээж, ах дүү нарыг ярьж муулан маргалдсан юм. Б уурлан босч ирээд гараараа баруун талынхаа ханыг цохиж цөмөлсөн. Би Б, Б хоёрыг дуудан сэрээсэн. Б өөрөө согтоогүй байсан учир маргалдахгүй гээд гараад явсан. Б эхнэр лүүгээ уурлан сандал өшиглөж авсан юм. Тэгээд босч гал тогооны өрөөний цонхыг өшиглөж хагалсан. Тэгэхэд нь Б ах очоод боль гээд тэврээд авсан юм. Тэр хооронд би ширээн дээрх аяга тавгийг цэгцлээд, унагаасан сандалыг босгоод явж байсан. Эргээд харахад Б ах салфетик аваад ир гэсэн. Тамираа цаана нь би хутгалчихлаа гээд уйлаад зогсож байсан...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 49),

 

Гэрч Д.Б-ын:...”Намайг босоод ирэхэд Батсоёмбо эхнэр лүүгээ агсам тавьчихсан, гал тогооны өрөөнийхөө цонхыг өшиглөж хагалж байсан. Би түүнийг болиулах гэж араас нь очоод тэврээд авсан. Тэгсэн чинь Б над руу уурлаж намайг заамдаж авч цамцны захаар хоолойг минь боож намайг газарт унагааж миний дээр гарчихсан юм. Яг энэ үед араас нь түүний эхнэр нь хутгалсан юм. Б-ын доороос өндийгөөд харахад Т шар иштэй хутгыг барьчихсан уйлчихсан зогсож байсан гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Т-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан хохирогчийн биед үүссэн гэмтлийн зэргийг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 242 тоот шинжээчийн дүгнэлт, Ж.Т-ын цусанд этилийн спирт 0,8 хувь промиль процент илэрсэн тухай 70 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн шүүхийн шийтгэх тогтоол зөв байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Т-т тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулсан байгаа боловч Ж.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй, хохирогчийн хууль бус үйлдлээс гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд хорихоос өөр төрлийн ял буюу торгуулийн ял оногдуулах боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Т-ын: “...Нөхрийн бүдүүлэг, зохимжгүй авираас үүдэлтэй энэ хэрэг үйлдэгдсэн. Тухайн үед их доромжлуулж зодуулсан учир сэтгэл санааны хувьд цочролд орсон. Нөхөр Э.Б их хартай, цочмог ууртай бид хоёрын хооронд хардалтын учир шалтгаангүй хэрүүл маргаан гардаг. Миний энэ хий хардалт дарамтанд байдгийг хүмүүс мэдэх нь ховор. Миний хувьд бага насны 2 хүүхдээ асрамжлах зайлшгүй шалтгаан байгаа. Том хүү Б.У маань арьс харшлын эдгэшгүй өвчтэй, бага хүү Б.Т төрөлхийн түнхний дутуу хөгжилтэй төрсөн хөл муутай шавар эмчилгээ болон физик эмчилгээ хийлгэдэг. Өөрийн гэм буруудаа маш ихээр харамсаж, гэмшиж дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна...” гэсэн гомдлыг хүлээн авч,

 

Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10.0 сая төгрөгөөр торгож, түүний цагдан хоригдсон 54 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг хоногийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож 810.000 төгрөгийг эдлэх ялаас хасч тооцож 9.190.000 төгрөгийг эрхэлсэн ажилгүй байгаа байдлыг харгалзан үзэж 3 жилийн хугацаагаар хэсэгчилэн төлүүлэхээр хугацаа тогтоох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч дээрхи гэмт хэргийг үйлдэхдээ санаа сэтгэл цочроод өөрийн мэдэлгүй тухайн хэргийг үйлдсэн гэж мэтгэлцэж байгаа боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Ж.Т нь санаа сэтгэл нь цочрон давчидсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шийтгэл тогтоолын удиртгал хэсэгт Ж.Т-ын хэрэг үйлдсэн цаг хугацааг 2015 он гэж ташаа бичсэнийг анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг шүүгдэгч Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /Арван сая/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй гэж өөрчилсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар Ж.Т-ын эдлээгүй үлдсэн 9.190.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчилэн 3 хуваан төлүүлж, ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг дурьдсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Ж.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорих байгууллагаас суллаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Т, өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          C.ЦЭЦЭГМАА

 

                   ШҮҮГЧ                                                                                   Ц.ТУЯА

      

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              З.ХОСБАЯР