Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00731

 

Д.Н, Л.С нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/00376 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Н, Л.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “УБЦТС” ТӨХК-д холбогдох

Тушаал хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Пүрэвлхам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Төрболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н би 1985 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс Сүхбаатар район дахь засвар үйлчилгээний тасагт 3-р зэргийн монтёроор анх ажилд орж улмаар 1986-1991 онд политехникийн дээд сургуульд урилгаар элсэн суралцаж цахилгааны инженерээр мэргэшин төгсөж, УБЦШСГ-ын худалдаа борлуулах албанд техникчээр ажиллаж, инженер, ахлах инженер, борлуулалтын инженер, диспетчер инженерээр болон ХАБЭАХБИ-ээр “УБЦТС” ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтэст 5 жил компанидаа 27 жил ажиллаж байгаа. 2010 онд эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж ажил албан тушаалдаа алдаа дутагдал гаргаж байгаагүйгээр барахгүй байгууллагын оны шилдэг аварга инженерээр 2 удаа тодорхойлогдон шагнагдаж байсан. Гэтэл Л.С, Д.Н бидэнд огт хэлж, зөвшилцөлгүйгээр “УБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/581 тоот тушаал гаргаж биднийг үндэслэлгүйгээр өөр ажил албан тушаалд томилсон бөгөөд энэхүү тушаалын үндсэн дээр Л.С-ын албан тушаал өөрчлөгдөж улмаар цалин нь буурсан, харин Д.Н-ийн хувьд албан тушаалын зэрэглэл буурсан бөгөөд энэхүү тушаалаар хавсран эрхэлж байсан нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч инженерийн ажлыг өөрчилсөн талаар дурдаагүй атлаа нэмэгдэл цалинг ямар ч үндэслэлгүйгээр хассан болно. Дээрх тушаалын гол үндэслэл болгон барьсан заалт нь хөдөлмөрийн гэрээний 6.1.4 буюу компанийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, компанийн үйл ажиллагааг сайжруулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажилтнуудыг захиргааны санаачлагаар нэгж хооронд сэлгэн шилжүүлэх гэжээ. Гэтэл бид дээрх заалт бүхий хөдөлмөрийн гэрээтэй танилцаагүй, гэрээний талаар мэдээгүй байхад тушаал гаргасан бөгөөд тушаал танилцуулах үедээ хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ ажлыг би 2013 онд УБЦТС-ний хяналт аюулгүй ажиллагааны хэлтэс Баруун түгээх төвийн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр 5 жил ажиллаж байсан. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өглөө ажлын байр өөрчлөгдөж байгаа ирж тушаалтай танилц гэж захиргаа хүний нөөцөөс дуудсан. Захиргаа хүний нөөц дээр очихоос өмнө Л.С бид хоёр гүйцэтгэх захирал Баярсайхантай уулзах гэж үүдэнд хүлээсэн боловч бид хоёрт уулзах шаардлагагүй гээд хаалгаа дотроос нь түгжсэн. Тэгээд бид хоёр захиргаа хүний нөөцийн дарга дээр орж тушаалтайгаа танилцсан. Бид тэр тушаалтай Хөдөлмөрийн тухай хуулиа хүндэлж, байгууллагаа хүндэлж танилцсан болохоос зөвшөөрсөн гарын үсэг зураагүй. Тухайн үед биднийг тушаалтай танилцаж байхад 2014 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байсан. Тушаал танилцахын өмнөх өдөр буюу 10 дугаар сарын 11-ний өдөр бидэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ шинэчлэгдэж байгаа гэж шинэ гэрээнд зуруулж байсан. Тухайн 2014 оны гэрээнд тусгагдсан ажлын байр өөрчилж шилжүүлэхэд ажил олгогч, ажилтан нар хоорондоо зөвшилцөж хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэх заалт огт хэрэгжээгүй, ажлын байр өөрчлөгдөх гэж байгааг хэн ч мэдэгдэж байгаагүй. Бид хуулийнхаа хүрээнд шат шатны байгууллагаар яваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би төв дээр ажиллаж байхдаа бодлогын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан байцаагч инженер байхаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийнхаа дагуу диспетчерийн албаны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан байцаагч инженерийг хавсарч 15 хувийн нэмэгдэл цалингийн тушаал 8 дугаар сард гарч хавсарч ажиллаж байсан гэжээ.

Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хугацаанд хариуцагч болох “УБЦТС” ТӨХК нь намайг хуучин албан тушаалд нь эгүүлэн томилсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ Л.С миний бие татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н нь албан тушаалын зэрэглэл буурсан, хавсран ажилласан нэмэгдэл цалинг ямар ч үндэслэлгүйгээр хассан, хөдөлмөрийн гэрээтэй танилцаагүй, гэрээний талаар мэдээгүй байхад тушаал гарсан гэж байна. Д.Н нь хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерийн албан тушаалд ажиллаж байсан. Өөрөө тайлбарлахдаа бодлого хариуцсан гэж тайлбарлаад байна. Ийм бодлого хариуцсан юм бол байхгүй. Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан байцаагч инженер. Хуучин ажиллаж байсан албан тушаал дээрээ цалингийн 5 дугаар зэрэглэл буюу 1 084 050 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан бөгөөд шилжүүлсэн ажлын байр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан байцаагч инженер цалингийн 5 дугаар зэрэглэлтэй 1 084 050 төгрөгийн цалинтайгаар зэрэглэл бууруулахгүйгээр томилогдсон. Шилжсэн ажлын байр нь бусад ажлыг хавсран гүйцэтгэх шаардлагагүй учир диспичрийн ажлын албанд хавсран гүйцэтгэж байсан 15 хувийн нэмэгдлийг хассан. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан байгаа нь гэрээний талаар мэдээгүй танилцаагүй гэх үндэслэлгүй. Тухайн тушаал 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарч, хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр танилцуулсан. Манай байгууллага 1900 гаруй албан хаагчтай, бүх албан хаагчийн гэрээг шинэчлэн байгуулаад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б/581 дугаартай тушаал гарсан. Д.Н нь шинэчилсэн хөдөлмөрийн гэрээнд харилцан зөвшилцсөн гэх үгийг хассан учраас хүчин төгөлдөр бус, хөдөлмөрийн гэрээгээр үндэслэсэн ажилтны хөдөлмөрийн дотоод журмыг ноцтойгоор зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэснийг огт хэрэгжүүлээгүй гэж тайлбарласан. Ажил олгогч, ажилтан хоёр гэрээнд хоёулаа гарын үсэг зурсан учир энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэх юм харагдахгүй. Батлагдсан дүрэм, журам зөрчсөн байгаа нь тогтоогдохгүй байгаа. Ашигтай үйл ажиллагааг сайжруулахын тулд өөрт олгогдсон бүрэн эрх, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажиллах боломжтой байгаа. Д.Н-т урьдчилан мэдэгдэж дүрэм, журам гэрээнд заасны дагуу компанийн үйл ажиллагааг ажил сайжруулахаар шилжүүлсэн. Хуучин хөдөлмөрийн гэрээ хүчингүй болж, шинэ гэрээ байгуулаад 10 дугаар сарын 01-ний өдөр танилцаж гарын үсэг зурчихсан байгаа. Тушаалын талаар урьдчилсан байдлаар мэдэгдсэн. Тушаалыг мэдэгдсэн, мэдэгдээгүй асуудлыг гэрч тодорхой хэлэх байх. Д.Н өөрөө энэ ажлын байран дээр тэтгэвэрт гартлаа байна гэж бодоод байх шиг байна. Маргалдаад байгаа ажлын байранд 2014 оны 2 дугаар сард томилогдсон. Д.Н-ийн цалин буураагүй, нэг ажлын байрнаас нөгөө ажлын байр луу яг адилхан албан тушаалд томилогдсон. Хөдөлмөрийн гэрээ, бусад дүрэм журам зөрчсөн зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Х овогт Д.Н /ЦД64090906/-ийг “УБЦТС” ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.С нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч нараас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулан Д.Н, Л.С нарт олгуулах, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...“УБЦТС” ТӨХК нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлж байгаа бөгөөд тус тушаалд журмын 4 дүгээр зүйлийн 4.11-т "ажил олгогч нь компанийн үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, ачаалал тэнцвэржүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор ажилтнуудыг шилжүүлэн ажиллах эрхтэй, энэ тохиолдолд ажилтанд урьдчилан мэдэгдэж ажилтантай байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна" гэж заасан байдаг. Мөн Д.Н-тэй байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 6.1.4-т "Компанийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, компанийн үйл ажиллагааг сайжруулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажилтнуудыг захиргааны санаачлагаар нэгж хооронд сэлгэн шилжүүлнэ" гэж зааж гэрээг байгуулсан байдаг. Иймд дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Н-ийн цалин болон албан тушаал бууруулалгүй шилжүүлсэн байдаг. Энэ шилжүүлэн ажиллуулах шийдвэр тушаал гарах гэж байгааг гэрч Б.Тоймбаяр хэлж мэдэгдсэн байдаг бөгөөд хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийгдсэн ба Д.Н шилжүүлсэнд гомдолтой шүүхийн байгууллагаар асуудлаа шийдвэрлэсний дараа зурна гээд гарын үсэг зураагүй. Мөн “УБЦТС” ТӨХК хууль, дүрэм, журам, талуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан ба хууль, журам зөрчсөн асуудал байхгүй болно. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.Н-ийн ажлын байрны тодорхойлолт, урьд хийж гүйцэтгэж байсан өөр ялгаатай байх тул үндэслэлгүй гэсэн байна. Хэргийн материалд Д.Нийн өмнөх болон шилжүүлсэн ажлын байрны АБТ-ыг тус тус гаргаж өгсөн бөгөөд АБТ хоорондоо ижил ба хийж гүйцэтгэх ажил үүрэг ч адилхан болно. Гэтэл шүүхээс өөр байна үндэслэлгүй гэсэн дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэг буюу 6 дахь хуудасны 7 дахь доголд "хариуцагч тал ажилтан Д.Н-тэй 2014 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 сард өөрчлөн, шинэчлэн байгуулахдаа өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан байх бөгөөд ажил олгогчийн зүгээс ажилтантай урьдчилан тохиролцсон болох нь ингэж тохиролцсоны үндсэн дээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэх үйл баримтаа хариуцагч тал нотлоогүй болно” гэсэн. “УБЦТС” ТӨХК-ийн хувьд 2014 оны гэрээ нь өмнөх удирдлагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд шинэ удирдлага ажилчидтай хөдөлмөрийн гэрээг 2018 онд шинэчлэн байгуулсан болно. Шинэчилсэн гэрээний 6.1.4-ийг хөдөлмөрийн дотоод журмын 4.11-т нийцүүлж өөрчилсөн ба ажилтанд 2 хувь гэрээний төслийг өгч өөрт нь танилцуулан гарын үсэг зуруулсан. Гэрээний төслийг өгч урьдчилан танилцуулж байгаа байдал нь гэрээнд санал авч, урьдчилан тохиролцож байгааг илтгэж байгаа бөгөөд Д.Н гэрээний бүх заалтыг уншиж танилцан тохиролцож 2 хувь дээр гарын үсэг зурж ирүүлсэн. Иймд гэрээний заалтыг дордуулсан, урьдчилан тохиролцсон байна гэж үндэслэж байгаа нь хууль бус байна. Мөн 8 дахь доголд " ...6.1-д эхлээд ажилтантай тохиролцож, зөвшилцсөний дараа ажилтантай байгуулсан дээрх гэрээнд энэ талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар байна" гэсэн байна. Тус 6.1 дэх заалтад "тохиролцохоос гадна ажил олгогчийн санаачлагаар шилжүүлнэ" гэж заасаар байтал тохиролцоогүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд гэрээнд нэмэлт өөрчлөлт хийсэн боловч Д.Н шилжихгүй гэрээнд гарын үсэг зурахгүй гэсэн ба одоо хүртэл гэрээ байгуулж чадаагүй байна. Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт ганцхан Хөдөлмөрийн тухай хуулийн 21.4, 21.5 дахь заалтыг дурдсан ба компаниас хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомж, хамтын гэрээнд нийцүүлэн байгуулсан бөгөөд мөн хууль, хамтын гэрээний ямар ч нөхцөлөөс дордуулсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл гэрээний тэр заалт Хөдөлмөрийн хууль, үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний тэр заалтыг дордуулсан гэсэн зүйлийг үндэслэлдээ дурдаагүй байна. Мөн 2 дахь хуудасны 3 дахь доголд "...компани хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журамд нийцүүлэн явуулах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ" гэсэн. Өөрөөр хэлбэл компани хууль журамд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ гэсэн нь учир дутагдалтай бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн аль заалт, ямар үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэдгийг дордалгүйгээр хариуцагч байгууллагыг буруутгаж үндэслэлгүй дүгнэж байгаад гомдолтой байна. Иймд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Н, Л.С нар нь хариуцагч “УБЦТС” ТӨХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.С нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Нэхэмжлэгч Д.Н-ийг “УБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/581 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, ажилтнуудын хөдөлгөөнийг зохицуулах журам, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээний холбогдох хэсэгт зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, шилжүүлэн ажиллуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 102-104 дүгээр тал/

Хариуцагч татгалзалдаа “Д.Н нь “УБЦТС” ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч инженерийн албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд түүнийг шилжүүлэн ажилуулахдаа түүний цалин болон албан тушаалыг бууруулалгүйгээр шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй” гэжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч Д.Н-ийн албан тушаалын чиг үүрэг, цалингийн шатлал буураагүй гэж хариуцагч татгалзаж байгаа боловч түүнийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/581 дугаар тушаалаар Баруун түгээх төвийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч инженерийн албан тушаалд томилж байгааг өөр албан тушаалд шилжүүлсэн гэж үзэхээр байна. /хх-н 38-р тал/ Тодруулбал, Д.Н-ийн томилогдсон шинэ албан тушаалын нэгжийн нэршил нь “Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтэс” байснаас “Баруун, Зүүн Түгээх төв” болж өөрчлөгдсөн байх бөгөөд хийж гүйцэтгэх үйл ажиллагаа нь ялгаатай байхын зэрэгцээ 2018 оны 10 сарын 1-ний өдөр хариуцагч “УБЦТС” ТӨХК-тай нэхэмжлэгч Д.Н-ийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5-д “ажил олгогчийн шийдвэр, ажилтны хүсэл, талуудын тохиролцоогоор ... ажилтны ажлын байрыг өөрчилж, шилжүүлж болно” гэж заажээ. /хх-ийн 23 дугаар тал/

Түүнчлэн хөдөлмөрийн дотоод журмын 4.11 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтнуудыг нэгж хооронд сэлгэн, шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргах тохиолдолд ажилтанд урьдчилан мэдэгдэх талаар заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй талаар заасан бөгөөд 2018 оны 10 сарын 1-ний өдөр нэхэмжлэгч Д.Н-ийг “УБЦТС” ТӨХК-ийн төв байранд Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч инженерийн албан тушаалд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-21-25 дугаар тал/

Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Д.Н нь шилжин ажиллах хүсэл зоригоо илэрхийлээгүй, тэрээр хариуцагч “УБЦТС” ТӨХК-тай шилжин ажиллах талаар урьдчилан тохиролцсон гэх үндэслэлгүй, 2018 оны 10 сарын 1-ний өдөр талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгч Д.Н нь Баруун түгээх төвд ажиллахаар тохиролцоогүй, нэгж хооронд сэлгэн ажиллуулах талаар ажил олгогч нь ажилтанд урьдчилан мэдэгдээгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. /хх-ийн 21-р тал/

Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний зохих заалтыг биелүүлээгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/00376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧ                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                          Г.ДАВААДОРЖ