Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 376

 

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/00376

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгат ...байрны ... тоотод оршин суух, эмэгтэй, Д.Н,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 15-р хороо, Жаргалантын гудамж ... тоотод оршин суух, эмэгтэй Л.С нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-45, өөрийн байранд байрлах, “У” ТӨХК-нд холбогдох,

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/581 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, түүний өмгөөлөгч Р.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, гэрч Б.Т, Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.С би 1984-12-21-ний өдрөөс эхлэн баруун дэд станцад 3-р зэргийн монтёроор ажилд орж улмаар 2000 онд техникийн их сургуульд эчнээгээр суралцаж инженер болсон бөгөөд тухайн байгууллагад өнөөг хүртэл тасралтгүйгээр 34 ажиллаж байна. У ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтэст техник хяналтын инженерээр 6 жил тасралтгүйгээр ажиллаж улмаар эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг болон төрийн дээд одон медаль Алтангадас одонгоор шагнагдаж байсан бөгөөд ажил албан тушаалдаа ямар нэгэн доголдол, алдаа дутагдал гаргаж байгаагүй болно.

Д.Н би 1985-05-22-ны өдрөөс Сүхбаатар район дахь засвар үйлчилгээний тасагт 3-р зэргийн монтёроор анх ажилд орж улмаар 1986-1991 онд политехникийн дээд сургуульд урилгаар элсэн суралцаж цахилгааны инженерээр мэргэшин төгсөж, УБЦШСГ-ын худалдаа борлуулах албанд техникчээр ажиллаж, инженер, ахлах инженер, борлуулалтын инженер, диспетчер инженерээр болон ХАБЭАХБИ-ээр УБЦТС ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтэст 5 жил компанидаа 27 жил ажилаж байгаа. 2010 онд эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулж ажил албан тушаалдаа алдаа дутагдал гаргаж байгаагүйгээр барахгүй байгууллагын оны шилдэг аварга инженерээр 2 удаа тодорхойлогдон шагнагдаж байсан. Гэтэл Л.С, Д.Н бидэнд огт хэлж, зөвшилцөлгүйгээр УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018-10-12-ны өдрийн Б/581 тоот тушаал гаргаж биднийг үнэслэлгүйгээр өөр ажил албан тушаалд томилсон бөгөөд энэхүү тушаалын үндсэн дээр Л.Сайнжаргалын албан тушаал өөрчлөгдөж улмаар цалин нь буурсан, харин Д.Нийн хувьд албан тушаалын зэрэглэл буурсан бөгөөд энэхүү тушаалаар хавсран эрхэлж байсан нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч инженерийн ажлыг өөрчилсөн талаар дурьдаагүй атлаа нэмэгдэл цалинг ямар ч үндэслэлгүйгээр хассан болно. Дээрх тушаалын гол үндэслэл болгон барьсан заалт нь хөдөлмөрийн гэрээний 6.1.4 буюу компанийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, компанийн үйл ажиллагааг сайжруулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажилтнуудыг захиргааны санаачлагаар нэгж хооронд сэлгэн шилжүүлэх гэжээ. Гэтэл бид дээрх заалт бүхий хөдөлмөрийн гэрээтэй танилцаагүй, гэрээний талаар мэдээгүй байхад тушаал гаргасан бөгөөд тушаал танилцуулах үедээ хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ ажлыг би 2013 онд Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээний хяналт аюулгүй ажиллагааны хэлтэс Баруун түгээх төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр 5 жил ажиллаж байсан. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өглөө ажлын байр өөрчлөгдөж байгаа ирж тушаалтай танилц гэж захиргаа хүний нөөцөөс дуудсан. Захиргаа хүний нөөц дээр очихоос өмнө Л.Сбид хоёр гүйцэтгэх захирал Баярсайхантай уулзах гэж үүдэнд хүлээсэн боловч бид хоёрт уулзах шаардлагагүй гээд хаалгаа дотроос нь түгжсэн. Тэгээд бид хоёр захиргаа хүний нөөцийн дарга дээр орж тушаалтайгаа танилцсан. Бид тэр тушаалтай Хөдөлмөрийн тухай хуулиа хүндэлж, байгууллагаа хүндэлж танилцсан болохоос зөвшөөрсөн гарын үсэг зураагүй. Тухайн үед биднийг тушаалтай танилцаж байхад 2014 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байсан. Тушаал танилцахын өмнөх өдөр буюу 10 дугаар сарын 11-ний өдөр бидэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ шинэчлэгдэж байгаа гэж шинэ гэрээнд зуруулж байсан. Тухайн 2014 оны гэрээнд тусгагдсан ажлын байр өөрчилж шилжүүлэхэд ажил олгогч, ажилтан нар хоорондоо зөвшилцөж хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэх заалт огт хэрэгжээгүй, ажлын байр өөрчлөгдөх гэж байгааг хэнч мэдэгдэж байгаагүй. Бид хуулийнхаа хүрээнд шат шатны байгууллагаар яваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би төв дээр ажиллаж байхдаа бодлогын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан байцаагч инженер байхаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийнхаа дагуу диспетчерийн албаны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан байцаагч инженерийг хавсарч 15 хувийн нэмэгдэл цалингийн тушаал 8 дугаар сард гарч хавсарч ажиллаж байсан гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н нь албан тушаалын зэрэглэл буурсан, хавсаран ажилласан нэмэгдэл цалинг ямар ч үндэслэлгүйгээр хассан, хөдөлмөрийн гэрээтэй танилцаагүй, гэрээний талаар мэдээгүй байхад тушаал гарсан гэж байна. Д.Н нь хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерийн албан тушаалд ажиллаж байсан. Өөрөө сая тайлбарлахдаа бодлого хариуцсан гэж тайлбарлаад байна. Ийм бодлого хариуцсан юм бол байхгүй. Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан байцаагч инженер. Хуучин ажиллаж байсан албан тушаал дээрээ цалингын 5 дугаар зэрэглэл буюу 1 084 050 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан бөгөөд шилжүүлсэн ажлын байр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан байцаагч инженер цалингийн 5 дугаар зэрэглэлтэй 1 084 050 төгрөгийн цалинтайгаар зэрэглэл бууруулахгүйгээр томилогдсон. Шилжсэн ажлын байр нь бусад ажлыг хавсран гүйцэтгэх шаардлагагүй учир диспичрийн ажлын албанд хавсран гүйцэтгэж байсан 15 хувийн нэмэгдлийг хассан.

2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан байгаа нь гэрээний талаар мэдээгүй танилцаагүй гэх үндэслэлгүй. Тухайн тушаал 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарч, хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр танилцуулсан. Манай байгууллага 1900 гаруй албан хаагчтай, бүх албан хаагчийн гэрээг шинэчлэн байгуулаад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б/581 дугаартай тушаал гарсан. Д.Н нь шинэчилсэн хөдөлмөрийн гэрээнд харилцан зөвшилцсөн гэх үгийг хассан учраас хүчин төгөлдөр бус, хөдөлмөрийн гэрээгээр үндэслэсэн ажилтны хөдөлмөрийн дотоод журмыг ноцтойгоор зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэснийг огт хэрэгжүүлээгүй гэж тайлбарлсан. Ажил олгогч, ажилтан хоёр гэрээнд хоёулаа гарын үсэг зурсан учир энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэх юм харагдахгүй. Батлагдсан дүрэм, журам зөрчсөн байгаа нь тогтоогдохгүй байгаа. Ашигтай үйл ажиллагааг сайжруулахын тулд өөрт олгогдсон бүрэн эрх, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажиллах боломжтой байгаа. Д.Нт урьдчилан мэдэгдэж дүрэм, журам гэрээнд заасны дагуу компанийн үйл ажиллагааг ажил сайжруулахаар шилжүүлсэн. Хуучин хөдөлмөрийн гэрээ хүчингүй болж, шинэ гэрээ байгуулаад 10 дугаар сарын 1-ний өдөр танилцаж гарын үсэг зурчихсан байгаа. Тушаалын талаар урьдчилсан байдлаар мэдэгдсэн. Тушаалыг мэдэгдсэн, мэдэгдээгүй асуудлыг гэрч тодорхой хэлэх байх. Д.Н өөрөө энэ ажлын байран дээр тэтгэвэрт гартлаа байна гэж бодоод байх шиг байна. Маргалдаад байгаа ажлын байранд 2014 оны 2 дугаар сард томилогдсон. Д.Нийн цалин буураагүй, нэг ажлын байрнаас нөгөө ажлын байр луу яг адилхан албан тушаалд томилогдсон. Хөдөлмөрийн гэрээ, бусад дүрэм журам зөрчсөн зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Л.С2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хугацаанд хариуцагч болох УБЦТС ТӨХК нь намайг хуучин албан тушаалд нь эгүүлэн томилсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ Л.Сминий бие татгалзаж байгаа тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Сайнжаргал, Д.Н нар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ /УБЦТС/ ТӨХК-нд холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/581 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргажээ /хх-1-3/.

 

Нэхэмжлэгч Л.Сөмнөх ажил албан тушаалд эгүүлэн томилогдсон үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан /хх-109, 173/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Снэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч “УБЦТС” ТӨХК нь төлөөлөх бүрэн эрхийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101 тоот албан бичгээр Н.Төрболдод олгосон байна /хх-59/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/581 тоот тушаалдаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, компанийн хөдөлмрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.9, 4.11, ажилтнуудын хөдөлгөөнийг зохицуулах журмын 5 дугаар зүйлийн 5.1.6, 5.1.7, компанийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017-2018 онд мөрдөх хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.17, хөдөлмөрийн гэрээний 6.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн компанийн үйл ажиллагааг сайжруулах, ажлын ачаалал тэнцвэржүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч /ХАБЭАХБ/ инженерээр ажиллаж байсан Д.Нийг Баруун түгээх төвд ХАБЭАХБ инженерээр томилсон байна /хх-37, 102-104/.

 

Нэхэмжлэгч Д.Н нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/581 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна /хх-1 арын хуудас/.

Түүнчлэн Д.Н нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн ХАБЭАХБ инженерээр ажиллаж байсан болох нь 0456421 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-8-9/, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой хөдөлмөрийн гэрээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-10-15, 110-117/, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-21-25/, БНМАУ Түлш-эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн Улаанбаатар хотын цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1985 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 194 дүгээр тушаалын хуулбар /хх-40-41/ зэрэг бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Н нь тус байгуулагад 27 жил ажиллах хугацаандаа ажлын ямар нэгэн алдаа, дутагдал, зөрчил гаргаж байгаагүй болохыг авсан гавьяа шагнал нотлоно, гэтэл огт хэлж, зөвшилцөлгүйгээр тушаал гаргаж үнэслэлгүйгээр өөр ажил албан тушаалд томилсон нь албан тушаалын зэрэглэл буурч, хавсран эрхэлж байсан нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч инженерийн ажлыг өөрчилсөн талаар дурьдаагүй атлаа нэмэгдэл цалинг ямар ч үндэслэлгүйгээр хассан тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээтэй танилцаагүй, гэрээний талаар мэдээгүй байхад тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Нийн цалингийн зэрэглэл буураагүй, шилжсэн ажлын байранд бусад ажлыг хавсран гүйцэтгэх шаардлагагүй учир диспетчерийн албыг хавсран хариуцаж байсан нэмэгдэл олгогдохгүй. Түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан учир танилцаагүй, мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй. Д.Нт урьдчилан мэдэгдэж дүрэм, журам, гэрээнд заасны дагуу компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор шилжүүлсэн гэж тайлбарлан талууд маргасан /шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

1. Ажил олгогч “Улбаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/581 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Нийг хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч /ХАБЭАХБ/ инженерээс баруун түгээх төвийн ХАБЭАХБ инженерээр шилжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг үндэслэжээ.

 

Дээрх тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж зааснаас үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажил олгогчид хуулиар ногдсон үүрэг байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Нтэй ажил олгогч 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн ХАБЭАХБ инженерийн ажлын байранд /хх-110-117/, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огноотой нэхэмжлэгч Д.Н гарын үсэг зурсан нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн огноотой хөдөлмөрийн гэрээ нь мөн дээрх ажлын байранд байгуулагдсан хоёр хөдөлмөрийн гэрээ байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан талаар тайлбарласан боловч гэрээ байгуулсан гарын үсэг бүхий хуудасны арын нүүрэнд байгаа ...ажилтнуудын ажилдаа ирэх болон гэртээ харих замын маршрутыг гараар бичсэн огноо 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр, хэргийн 25-р хуудсанд байгаа ...гэртээ харих замын маршрут бичсэн бичвэртэй нүүр нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн огноотой байна /хх-10-15, 21-25/.

 

Нэхэмжлэгч дээрх хөдөлмөрийн гэрээнд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гарын үсэг талаар тайлбарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Тоймбаяр нь “...хөдөлмөрийн гэрээний огноог 2018 оны 10 дугаар сарын 01 гэж бичээд ажилтнуудад тараасан, ажилтнууд танилцаад гарын үсэг зурсан өдрөөрөө огноог бичиж ирүүлсэн...” гэж мэдүүлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг танилцуулж гарын үсэг зуруулан хүчин төгөлдөр болсон гэх тайлбар үндэслэлгүй байна /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Түүнчлэн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч инженерийн ажлын байрны тодорхойлолт, баруун, зүүн түгээх төвийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч инженерийн ажлын байрны тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд дээрх тодорхойлолтод заагдсан ажлын байрны үндсэн зорилт, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, ажлын байрны гол үйл ажиллагаа түүний хугацаа эзлэх хувь, тавигдах шаардлага буюу мэргэшил зэрэг нь Д.Нийн урьд хийж гүйцэтгэж байсан ажлуудаас өөр ялгаатай байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Д.Нийн ажлын байрны тодорхойлолт адил гэх тайлбар мөн л үндэслэлгүй байна /хх-87-91, 94-98/.

 

2. Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.9, 4.11, ажилтнуудын хөдөлгөөнийг зохицуулах журмын 5 дугаар зүйлийн 5.1.6, 5.1.7, хамтын гэрээний 3.17, хөдөлмөрийн гэрээний 6.1.4-т заасныг үндэслэсэн байна.

 

Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцаанд ажилтаны ажлын байрыг өөрчлөх, ажилтаны цалин хөлс буурахгүйгээр өөр ажилд шилжүүлэх эсэх талаар хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх нь, ажилтантай тохиролцсон буюу зөвшилцсөн тохиолдол нь ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтаны албан тушаал, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр ажилтанд урьдчилан мэдэгдэж, ажилтантай тохиролцсон эсхүл зөвшилцсөн эсэх нь, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан эсэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болно.

 

Зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.1-д “...ажил олгогч нь хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, ажилтны санаачлага, талуудын тохиролцсоноор ажилтныг өөр ажилд шилжүүлэн ажиллуулахаас гадна ажил олгогчийн санаачилгаар шилжүүлэх 5  тохиолдлыг тусгасан байх бөгөөд 6.1.4-т компанийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, компанийн үйл ажиллагааг сайжруулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажилтнуудыг захиргааны санаачлагаар нэгж хооронд сэлгэн шилжүүлэхээр” заажээ /хх-22-23/.

 

Гэтэл хөдөлмөрийн дотоод журмын 4.11-д “ажил олгогч нь ...ажилтнуудыг нэгж хооронд сэлгэн, шилжүүлэн ажиллуулах шийдвэр гарган хэрэгжүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд ажилтанд урьдчилан мэдэгдэж ажилтантай байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна” гэжээ /хх-148/.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтаныг өөр ажилд шилжүүлэн томилох бол урьдчилан мэдэгдэх үүрэгтэй байхад ингэж мэдэгдээгүй, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн шинэчлэн байгуулахдаа өмнөх гэрээний 3.5-д заасан нөхцөлийг дордуулсан гэж маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна” гэж, 21.5-д “хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар” тус тус заасан.

 

Хариуцагч тал ажилтан Д.Нтэй 2014 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 сард өөрчлөн, шинэчлэн байгуулахдаа өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан байх бөгөөд ажил олгогчийн зүгээс ажилтантай урьдчилан тохиролцсон болох нь, ингэж тохиролцсоны үндсэн дээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэх үйл баримтаа хариуцагч тал нотлоогүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа нэхэмжлэгч Д.Н шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шинээр томилогдсон ажлын байрны тодорхойлолт танилцуулагдаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй талаар тайлбарлаж байх боловч талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1-д эхлээд ажилтантай тохиролцож, зөвшилцсөний дараа ажилтантай байгуулсан дээрх хөдөлмөрийн гэрээнд энэ талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар байна.  Өөрөөр хэлбэл ажилтаныг нэгж хооронд сэлгэн, шилжүүлэн ажиллуулахдаа ажилтанд урьдчилан мэдэгдэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах үүрэг нь ажил олгогчид байна.

 

Түүнчлэн ажилтнуудын хөдөлгөөнийг зохицуулах журмыг 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/98 дугаартай захирлын тушаалаар баталсан байх бөгөөд уг журмын 5.1-д ажлын байрыг өөрчлөх 10 тохиолдлыг заасан бөгөөд 5.1.2-т компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.11, 4.12 гэж заасан байхад ажил олгогч гэрээ байгуулагч талуудын хэн нэг нь санаачилсан, ажлын ачаалал, тэнцвэржүүлэн, нягтруулах шаардлага гарсан гэх мөн журмын 5.1.6, 5.1.7-д заасныг үндэслэлээ болгосон /хх-119-125/, 2017, 2018 онд мөрдөх хамтын гэрээний 3.17-д ...удаан жил ажилласны нэмэгдлийг тооцох хувь хэмжээг зохицуулсан байна /хх-130/.

 

Хөдөлмөрийн харилцаанд оролцогчид тухайн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч Д.Нийн урьд эрхэлж байсан ажил үүргийг компанийн үйл ажиллагааг сайжруулах, ажлын ачаалал тэнцвэржүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор ажилтантай тохиролцон шилжүүлсэн гэх тайлбараа хариуцагч нотлоогүй болно.

 

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Н нь ажил олгогчтой 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан, ажил олгогчийн зүгээс ажилтаныг өөр ажил албан тушаалд шилжүүлэхдээ ажилтантай урьдчилан мэдэгдсэн болохоо эсхүл ажилтантай тохиролцож түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.

 

Д.Нийн цалин хөлс буурахгүйгээр өөр ажилд шилжүүлсэн гэх шалтгаан нь хөдөлмөрийн анхны гэрээг цуцлах, шинээр хөдөлмөрийн гэрээг байгуулах хуулиар тогтоосон журмыг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд компанийн үйл ажиллагаа сайжруулах, ажлын ачаалал тэнцвэржүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ажлын чиг үүргийг өөрчлөх асуудал нь төрийн өмчит хувьцаат компаний бүрэн эрхэд хамаарах боловч компани эрхээ хэрэгжүүлэх ажиллагааг хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журамд нийцүүлэн явуулах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Тоймбаяр, нэхэмжлэгч талын хүсэлтээр Д.Анараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Б.Тоймбаяр нь захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн бөгөөд тушаалын талаар нэхэмжлэгчид танилцуулсан ажлын байр өөрчлөгдөх чиглэлээр захирлын зөвлөл хуралдсан талаар болон гэрч Д.Ань нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байранд ажиллахаар ирсэн нэхэмжлэгчтэй ажлын байр солигдсон боловч ийм хэрүүлтэй ажлын байранд ажиллах боломжгүй тул Сонгинохайрхан төв рүү шилжэн ажиллах талаар удирдлагадаа өргөдөл өгсөн талаар тус тус мэдүүлсэн болно /хх шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нараас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулан Д.Н, Л.Снарт олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.Н-ийг У ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Сөмнөх ажил албан тушаалд эгүүлэн томилогдсон үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч нараас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулан Д.Н, Л.Снарт олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийгтанилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаагтоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                       Д.Я