Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0725

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Батзаяа

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Б.Гансүх нарын хоорондын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжийн Б.Гансүхэд холбогдох хэсэг хууль бус бөгөөд хүчингүй болгуулах. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/443 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чанагнянгар, гуравдагч этгээд Б.Гансүх, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Хүрэлтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Батзаяа нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжийн Б.Гансүхэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулж тус дүүргийн засаг даргын, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/443 дугаар захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах-аар маргаж байна.

2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/443 дугаар захирамжийн хавсралтын 452 дугаарт зааснаар Б.Батзаяад Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших, Шар хоолой ам гэх газар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр, мөн өдрийн ижил огноотой Газар эзэмших эрх олгох тухай А/444 дүгээр захирамжийн хавсралтын 113 дугаарт Б.Гансүхэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Шар хоолой гэх газарт 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01110-а/444/2021 тоот шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн Газрын алба нь иргэн Б.Гансүхтэй Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулж улмаар түүнд улсын бүртгэлийн 0000024699 дугаар гэрчилгээг олгожээ.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/444 дүгээр захирамжийг 2023 оны 6 дугаар сард өөрийн газар дээрээ очихдоо мэдэж 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр маргааныг шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаараа мэдэгдсэн, мөн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасны хариуд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15/1854 дүгээр албан бичгээр ...шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэх хариуг өгсөн, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан, гомдлын хариуд 2023 оны 04 дүгээр сарын 04-нд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэх хариуг тус тус өгснөөр 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

4.1 Б.Батзаяа би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн аманд гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1-т заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд хууль ёсны дагуу гаргасан юм. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/443 тоот захирамжаар тус газрыг Б.Батзаяа надад Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасны дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олгож баталгаажуулсан.

Гэвч тус газрыг Иргэн Б.Гансүх /РД:ЙЮ86081034/ нь эзэмшихээр 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүсэлтээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны зохион байгуулагч Г.Өлзийбаяр гаргасан байна. Ийнхүү иргэн Б.Гансүх /РД:ЙЮ86081034/-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ газрын -давхцалыг шалгаж үзэлгүйгээр 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 тоот -захирамж гарган надад олгосон газрыг Б.Гансүхэд давхардуулан олгосон байна. Энэхүү давхардуулан газар олгосон нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэснийг зөрчиж байгаа юм. Миний бие 2022 оны 06 сард өөрийн эзэмшил газар дээр очиход Б.Гансүх эзэмших эрхийн гэрчилгээтэй, өөрийнх нь газар гэсэн хариу өгсөн бөгөөд тухайн үед л өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөнийг мэдсэн.

Өөрийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн даруй буюу 2022 оны 06 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын дүгээр албанд өргөдөл гаргасан. "Бүртгэл хяналтын карт"-д Б.Гансүхийг дуудаж уулзаж байгаа бөгөөд асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн байдаг боловч миний гаргасан тус өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар надад албан бичиг ирүүлээгүй, мэдэгдээгүй. Асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл авахаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1-р алба руу өөрийн биеэр болон утсаар байнга холбоо барьж байсан боловч тодорхой хариу хэлэлгүй, шалгаж байна гэдэг байсан.

4.2. Миний бие Газар эзэмших хүсэлтээ Б.Гансүхээс өмнө буюу 2021 оны 07 дугаар сарын 07-нд гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/443 тоот захирамжаар надад тус газрыг эзэмших эрх олгогдсон. Харин Б.Гансүх нь миний өргөдлийн дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 31-нд хүсэлтээ гаргасан бөгөөд А/444 тоот захирамжаар эзэмших эрх олгогдсон байна. Үүнээс харахад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу Б.Гансүхийн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байгаа гэдгийг шалгаагүй хүсэлтийг шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга 2021 оны 09 сарын 01-ний өдрийн А/444 тоот захирамжаар иргэн Б.Гансүхэд миний эзэмшлийн газрыг эзэмшүүлсэн нь Иргэн Б.Батзаяа миний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "...үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших...", Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 "Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана" тус тус олгогдсон газар эзэмших эрхийг зөрчиж байна.

4.3. Маргаан бүхий Захиргааны акт болох 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 тоот захирамж батлагдсанаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/443 тоот захирамжаар надад олгогдсон газрын эзэмших эрхийн гэрчилгээ гарахгүй байгаа болно. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхд гомдол гаргасан бөгөөд Засаг дарга 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба руу шилжүүлж тус алба 2022 оны 11 сарын 08-ны 15/1854 тоот албан бичгээр Иргэн Б.Батзаяад хариу мэдэгдсэн. Ингээд Захиргааны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 128/ШЗ2023/0469 тоот шүүгчийн захирамжаар "...Захиргааны Ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хандсан гэж үзэхгүй" гэсэн үндэслэлээр "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, мөн тус шүүхийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 128/ШЗ2023/0779 тоот захирамжаар "... Захиргааны ерөнхий хуулийн 32-34 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэснийг хэрэгжүүлэх боломжтой байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх үзсэн. Дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжуудад заасан шалтгаан нөхцөл, зөрчил арилсан тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргаж байна. Тиймээс Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу дээд шатны байгууллага буюу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албад 2023 оны 01 сарын 23-ны өдөр тус тус гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албан 2023 оны 04 сарын 24-ны өдрийн 01-08/1330 тоот "Хариу хүргүүлэх тухай" албан тоотоор "...Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 дэх заалтын дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна." гэж шийдвэрлэсэн. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 09 сарын 01-ний өдрийн А/444 тоот захирамжийн Б.Гансүх /РД:ЙЮ86081034/-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад, 2021 оны 09 сарын 01-ний өдрийн А/443 тоот захирамжийн дагуу Б.Батзаяа миний нэр дээр "Газар эзэмших эрхийн гэрчилгээ" гаргахыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар Зохион байгуулалтын албад даалгаж өгснөөр иргэн Б.Батзаяа миний газар эзэмших эрх сэргэх боломжтой юм. Тиймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 09 сарын 01-ний өдрийн А/444 тоот захирамжийн Б.Гансүхэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2021 оны 09 сарын От өдрийн А/443 тоот захирамжийн дагуу Б.Батзаяа миний нэр дээр "Газар эзэмших эрхийн гэрчилгээ" гаргахыг даалгаж өгнө үү? гэжээ

4.4 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь нэг өдөр, нэг огноотой Б.Батзаяагийнх А/443 гэх захирамж, гуравдагч этгээд Б.Гансүхийнх А/444 гэх захирамжаар нэг газрыг олгосон байдаг. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь А/443 дугаар Б.Батзаяад газар олгосон захирамж нь хүчин төгөлдөр байгаа. Иймд тус газрыг тухайн захирамжийнхаа дагуу эзэмших эрхтэй гэж үзэж байгаа. Захирамжийн биелэлт хангагдах ёстой. Гуравдагч этгээд нь газар эзэмших тухай хүсэлтээ 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан бөгөөд 08 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн бөгөөд тухайн бүртгэл нь өргөдөл мэдээллийн лавлагаанаас харагддаг. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасны дагуу ажиллагааг хийгээгүй. Мөн журмын 4.2.1-4.2.4 дүгээр зүйлд тус тус заасан бусад ажиллагааг хийгээгүй захирамж гарсан.

4.5. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Б.Батзаяа болон түүний гэр бүлийнхэнд хуулиар олгогдсон газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөж байна. Гэтэл захиргааны байгууллага Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх бүхий субъект биш байж Б.Батзаяад гарсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгоно гэдгээ илэрхийлээд хэргийн оролцогч нарыг загнаж байгаад үнэхээр харамсалтай байна. Гуравдагч этгээдийн хувьд хуувь ёсны дагуу газраа өмчилсөн гэж үзэхгүй байна. Учир нь Б.Батзаяад мөн адил А/443 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүссэн байгаа. Гуравдагч этгээдийн хувьд анх хашаагаа барьж байхад газар дээр нь маргаан үүсэж байгаа талаар мэдэж байсан. Гэсэн ч үргэлжлүүлээд барьсан учраас хохирлоо хариуцагчаас нэхэмжлэх боломжтой. 2008 оны тушаалын хавсралт Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журмын хоёрдугаар зүйлд эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дарааллын тогтоосон байгаа. Үүнд хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, хээрийн судалгаа, суурин судалгаа хийх, шийдвэрийн төсөл боловсруулах гэсэн дараалалтай. Манай хэргийн тухайд хүсэлт гаргахдаа давхацсан учраас өнөөдрийн ийм зүйл болсон. Газрын эзэмших эрх баталгаажуулахын тулд нэг өдрийн дотор хээрийн судалгаа болон суурин судалгааг хийх боломжгүй. Эдгээр ажиллагааг хийхгүйгээр шийдвэрийн төсөл боловсруулсан гэж үзэж байгаа учир уг захирамжийн Б.Гансүхэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Хуульд нийцээгүй захирамж гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү? Нэхэмжлэгч болон түүний гэр бүл нь голдоо өөр айлтай болохоор газраа зохих ёсны дагуу эзэмшиж чадахгүй байдал үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү? гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа:

5.1. Иргэн Б.Батзаяа (ЦБ77101204) нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 01110-05-07207-21 дүгээр шинээр газар эзэмших хүсэлт өгсөн бөгөөд дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/443 дугаар газар эзэмших эрх олгох тухай захирамжаар 700м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон байна. Тус байршилд иргэн Б.Гансүх (ЙЮ86081034) нь 2021 оны 8 дугаар сарын 31- ний өдрийн 01110-05-08285-21 дүгээр шинээр газар эзэмших хүсэлт өгсөн бөгөөд дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/444 дүгээр газар эзэмших эрх олгох тухай захирамжаар 700м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгож газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 24699 дугаар гэрчилгээ олгосон байна. Мөн иргэн Б.Гансүхийн өргөдөл иргэн Б.Батзаяагийн өргөдлөөс хойш ирсэн тул тус иргэний байршлыг өөрчлөх боломжтой эсэх талаар зөвшилцөхөөр хээрийн судалгаа хийхэд иргэн Б.Гансүх тухайн эзэмшил газар дээрээ хашаа болон байшин барьсан байсан. Иймд иргэн Б.Батзаяатай байршил өөрчлөх талаар холбогдсон ч тус иргэнтэй зөвшилцөлд хүрч чадаагүй.

5.2 Тухайн иргэний хувьд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өргөдлөө бүртгүүлсэн. 2811 гэх 8 иргэний өргөдөл бүртгүүлсэн байна. Давхцалтай хэсэг байгаа. Газрын кадастрын мэдээллийн санд давхцуулж зураг оруулах боломжгүй. Газар төлөвлөлтийн төлөвлөгөөгөө Газар.гов.мн дээр батлуулж, батлагдсан төлөвлөгөөнийхөө дагуу өргөдлийн зурагтай нь холбож оруулдаг. Б.Гансүхийн өргөдөл программд түрүүлж олж мэдээллийн санд түрүүлж орсон учраас бүртгэгдсэн гэж ойлгож болно. Манай байгууллагын бүхий л үйл ажиллагаа цахим хэлбэрээр явдаг болсон. 2020 оны сүүл үе 2021 оны 3 дугаар сараас хойш цахим гэрчилгээ гарч байсан учраас гэрээ гэрчилгээний мөнгө 2021 оны 02 дугаар сараас хойш авахаа больсон.

Үндсэн мэдээллийн санд орсон газар бүгд цахим гэрчилгээтэй болсон байгаа. Үүний үндсэн дээр тухайн иргэний өргөдөлтэй нэгж талбарын дугаар нь холбогдож мэдээллийн санд бүртгэгдсэн. Захирамжийн хувьд нэг байршил дээр давхцалтай гарсан байсан.

Б.Батзаяагийн хувьд аль болох маргаан үүсгэхгүй байх зорилгоор байршил шилжүүлэх гэж байсан хоёр нэгж талбарын урд хэсэг буюу буюу өөр нэгж талбарт дөрвөлжилж өгөх боломжтой талаараа мэдэгдсэн. Тухайн үед нэхэмжлэгч зөвшөөрөггүй. Тухайн газар нь одоо эзэмшиж байгаа газрын ертөнцийн зүгээр зүүн гар талд нь байрладаг бөгөөд тухайн газар дээр өөр иргэнээс хүсэлт ирсэн байгаа тул тус газрын энэ жилийнхээ газар төлөвлөлтийн төлөвлөгөөндөө тусгасан байгаа. Шүүх хуралдаанд орж ирэхээсээ өмнө тухайн газрын баруун талд байрлах нэгж талбарыг санал болгосон бөгөөд мараан үүсгэхгүйгээр байршил өөрчлөх саналуудаа тухай бүрд нь тавьдаг байсан. Дараа нь сүүлд санал болгосон газар дээр иргэний өргөдөл орж ирэх юм бол олгохоос өөр аргагүй. Одоо боломжтой байгаа саналаа өгсөн байгаа гэв.

6. Гуравдагч этгээд бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа:

6.1. Б.Гансүх миний бие Б.Батзаяагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 2021 оны 05 дугаар сард уг газар дээ ямар нэгэн гэрчилгээ байгаагүй. Кадастрын зураг хийлгэж хоосон байсан учир 2021 оны 6 дугаар сард хүсэлтээ өгч гэрчилгээ гараад өдийг хүртэл хашаа, байшин барьж эзэмшиж, ашиглаж байна. 2021 оны 6 дугаар сард хүсэлтэй өгч 2021 оны 8 дугаар сарын 31-нд бүртгэсэн талаар газрын алба мэдэх байх. Яагаад тэгж бүртгэснийг мэдэхгүй байна. 2022 онд 5 сард хашаа байшин барьсан.

Миний бие хууль зөрчиж уг газрыг эзэмшээгүй газрын гэрчилгээ авсан. Бодитоор хашаа байшин барьж газрыг ашиглаж, эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ

6.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа маргааны гол агуулга нь Баянзүрх дүүргийн Засаг даргаас нэг өдөр, хоёр өөр дугаар бүхий 2 захирамжийн асуудлаас үүдсэн байна. Б.Батзаяа гэх хүний тухайд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулах албанд хүсэлтээ гаргасан. Тухайн хүсэлтийг шийдвэрлэж эрх бүхий албан тушаалтнаас захирамж гарч газар эзэмших эрх олгосон зүйл огт байгаагүй. Тухайн цаг үед гуравдагч этгээд Б.Гансүх гэх хүн нь тухайн байршилд газар эзэмших хүсэлтээ гаргасан. Дүүргийн засаг дарга хуульд заасан эрх мэдлийнхээ хүрээнд өргөдлийг хянаж үзээд газар эзэмшүүлэх тухай захирамжийг нэг өдөр гаргасан.

Нэхэмжлэгч тайлбартаа миний эзэмшиж буй газар дээр Б.Гансүх гэх хүнд давхардуулж газар олгож миний эрх ашгийг хөндөж байна гэх тайлбарыг өгдөг. Өөрөөр хэлбэл газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дугаар зүйлд заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчиж байна гэж тайлбарладаг. Б.Гансүхийг хүсэлтээ өгөхөд дүүргийн Засаг даргын захирамж Б.Батзаяа гэх хүн дээр гараагүй байсан. Өөрөөр хэлбэл эзэмших эрх үүсээгүй байсан. Өөрөөр хэлбэл газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэдэг агуулга байгаа. Тэгэхээр Б.Гансүх гэх хүнийг хүсэлт гаргаж байхад Б.Батзаяагийн нэр дээр эзэмших эрх үүсээгүй байсан. Эзэмших эрх хэзээ үүсэх вэ гэвэл газар эзэмших эрхийн гэрчилгээ гарснаар газар эзэмших эрх үүснэ. Мөн тухайн газрыг ашиглаж байсан зүйл огт байхгүй байгаа. Б.Батзаяа гэх хүн газраа ашиглах оролдлогоо 2022 оны 6 дугаар сараас хойш хийж байна. Гэтэл өөрийнх нь захирамж гарсан газар дээр нь байшин баригдчихсан хашаа баригдсан байдалтай байсан. Үүнээс ашиглах байдал үүсээгүй байсан гэдгийг харах боломжтой байна. Эзэмших эрхийн гэрчилгээтэй этгээд нь одоог хүртэл ашиглаж, эзэмшиж, өөрийн зүгээс төсөв хөрөнгө зарж байшин, хашаа зэргийг барьчихсан байгаа. Өнөөдөр уг захирамжийг хүчингүй болгосноор гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөх боломжтой болж байна.

6.3. Нэхэмжлэгч талаас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан агуулгыг гуравдагч этгээд болон хариуцагч зөрчсөн гэх зүйлийг ярьдаг. Тухайн хуулийн зохицуулалт нь Б.Гансүхийн газар эзэмших тухай хүсэлт болон түүнд хавсаргаж өгсөн баримтууд хууль зөрчсөн байхыг шаарддаг. Тэгвэл ямар баримтуудыг хавсаргаагүй нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан шаардлагыг яаж зөрчиж байна вэ? гэдэг агуулга дурдагдсангүй.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчиж байна гэхэд нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг зөрчиж байгаа вэ? Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх зорилго нь хөндөгдсөн эрх ашгийг сэргээхэд чиглэгддэг.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагыг тодорхойлохдоо Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулах албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, даалгах гэсэн агуулгаар шаардлага гаргасан байна. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудал нь эс үйлдэхүйг тогтоолгохтой холбоотой шаардлага байхгүй. Хэргийн материалд нэхэмжлэгчийн бичгээр гаргасан шаардлага байхгүй байхад өнөөдрийн хурал дээр эс үйлдэхүйг тогтоолгох тухай шаардлага гаргаж байгаа нь хэр үндэслэлтэй вэ? Уг асуудлыг хэлэлцэх боломж байгаа эсэх. Шүүхэд бичгээр гаргасан шаардлага нь Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, газар зохион байгуулах албанд даалгах гэх хоёр шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан шаардлага нь заавал эс үйлдэхүй гэсэн агуулгатай хамтдаа явдаг. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаат тогтоосны дараа даалгах агуулга нь хамт явдаг. Эс үйлдэхүйг тогтоолгохтой холбоотой шаардлага өнөөдрийн хуралдаан дээр хэлэлцэгдээгүй учраас даалгах шаардлагыг хангах боломж байхгүй. Эс үйлдэхүйтэй холбоотой шаардлагыг хэлэлцлээ гэж бодоход нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах эсэх асуудалтай холбоотой ямар үйл ажиллагаа явагдсан эсэх. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх.

Хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч тал 2021 оны 11 дүгээр сараас хойш гэрчилгээ гаргуулах тухай асуудлаар шаардлага тавьж ирсэн талаараа дурдаж байна. Гэтэл 2023 оны 04 дүгээр сард гаргасан нэхэмжлэлийн агуулга дээрээ энэ талаар дурдаагүй байна. Эдгээр үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

7. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Батзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч Б.Батзаяа тус шүүхэд Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулж 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжийн Б.Гансүхэд холбогдох хэсэг хууль бус бөгөөд хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулах албанд холбогдуулж 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/443 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

8.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг логик дарааллын хувьд авч үзээд Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулж гаргасан 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжийн Б.Гансүхэд холбогдох хэсэг хууль бус бөгөөд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад эхэлж дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч Б.Батзаяагийн гаргасан Шинээр газар эзэмших хүсэлт 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 01110-05-07207-21 дугаарт, гуравдагч этгээд Б.Гансүхийн Шинээр газар эзэмших хүсэлт 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 01110-05-08285-21 дугаарт тус тус бүртгэгдсэн байх ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/443 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар 700м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Б.Батзаяад, мөн дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар 700м2 газрыг Б.Гансүхэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгож шийдвэрлэжээ.

Түүнчлэн дээрх 2 иргэний хүсэлт болгосон газар нь байршлын хувьд бүтэн давхцалтай, өөрөөр хэлбэл нэг газрыг эзэмшихээр 2 иргэн хүсэлтээ гаргаснаар хоёуланд нь олгох шийдвэр гаргасан, харин газрын кадастрын мэдээллийн санд уг газрыг Б.Гансүхийн нэр дээр бүртгэж түүнд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 24699 дугаар гэрчилгээ олгож гэрээ байгуулснаар түүний газар эзэмших эрх хүчин төгөлдөр болсон ба нэхэмжлэгч Б.Батзаяад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, гэрээ байгуулаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Батзаяа нь гэр бүлийн 3 гишүүн тус бүрийн хамт нийт 4 нэгж талбарын дугаар бүхий газар хүссэн, маргаан бүхий газраас бусад 3 нэгж талбарын дугаар бүхий газар нь ямар нэгэн эрхийн зөрчилгүйгээр эзэмшил олгогдсон, эдгээр 4 нэгж талбарын дунд байрлах газар нь Б.Гансүхийн эзэмшилд олгосон газартай бүхэлдээ давхацсан, Б.Гансүх нь тухайн маргаан бүхий газарт зуслангийн байшин барьж хашаа татсан үйл баримтууд тус тус тогтоогдсон, хэргийн оролцогчид өөрсдийн хүсэлт гаргасан хугацаа, газрын давхцал, тухайн газар дээр зуслангийн байшин барьсан эсэх, Б.Гансүхэд олгогдсон газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хүчин төгөлдөр эсэх байдлын талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжийн Б.Гансүхэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлээ ...тус газрыг надад А/443 дугаар захирамжаар олгож баталгаажуулсан, би газар эзэмших хүсэлтээ Б.Гансүхээс өмнө гаргасан, Б.Гансүх нь хүсэлтээ 8 сарын 31-нд өгсөн байхад 9 сарын 01-нд захирамж гаргасан нь үндэслэлгүй, судалгаа хийх үүргээ захиргаа биелүүлээгүй гэж маргав.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс ирүүлсэн газар эзэмших тухай хүсэлт гаргасан цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 26-нд, гуравдагч этгээд нь 2021 оны 8 дугаар сарын 31-нд тус тус гаргасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Б.Гансүхээс түрүүлж гаргасан хэдий ч шийдвэр гаргахдаа цаг хугацааны хувьд нэг өдөр, 2 өөр захирамжаар шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагын сонгох боломж гэж үзэхээр байна.

Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ., 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж тус тус зааснаар захиргаа тухайн асуудлаар шийдвэр гаргахдаа Төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ... гэж заасан хугацааны дотор Газрын тухай хуулийн 27, 32 дугаар зүйлд заасан газар эзэмшүүлэх журам, газар эзэмших хүсэлт гаргах, түүнийг хүлээн авах журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй.

Тухайлбал Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн...газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж тус тус заасан.

Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Батзаяа, Б.Гансүх нарын гаргасан газар эзэмших хүсэлтийг хүлээн авсан захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд багтааж буюу 2021 оны 7 дугаар сарын 26, 8 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлтүүдийг мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтад заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, захиргаа сонгох боломжоо өөрийн чиг үүргийн хүрээнд зөв хэрэгжүүлсэн гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг Дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/443 дугаар захирамжаар, Б.Гансүхийн гаргасан хүсэлтийг мөн өдрийн А/444 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудтай нийцсэнээс гадна Б.Гансүхэд газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн А/444 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Б.Батзаяад газар эзэмших эрх олгогдсон боловч гэрээ байгуулж гэрчилгээ олгогдоогүй, ингэснээр Б.Батзаяаг газар эзэмшигч гэж үзэх боломжгүй.

Харин ийнхүү захирамж гаргаснаас хойш Б.Батзаяа 2022 оны 6 дугаар сард тухайн газар дээр очиход Б.Гансүх эзэмших эрхийн гэрчилгээтэй гэсэн хариу өгөх хүртэлх хугацаанд Газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж авах, гэрээ байгуулах талаар захиргаанд шаардаагүй, энэ хугацаанд гуравдагч этгээд Б.Гансүх нь гэрээ байгуулж гэрчилгээ авсан, уг гэрээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр байгаа болох нь тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.

8.2. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Б.Батзаяа надад 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/443 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ., гэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. Гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Б.Батзаяа нь уг шаардлагын үндэслэлээ ...2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн 4 гишүүний газар дээр хашаа хатгахаар очиход айл буусан байсан тул 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулах албанд өргөдөл гаргасан, захирамж гарсан, улсын бүртгэлийн дугаар авагдаагүй гэх мэдээллээр шалгахад 7 дугаар сарын 26-ны өдөр гэх огноотой улсын бүртгэлийн дугаар аваагүй гэсэн төлөвтэй миний газар эзэмших хүсэлт зогсонги байдалтай байсан... гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...эс үйлдэхүй гаргаагүй, Б.Гансүхийн гэрээ гэрчилгээ газрын кадастр нь бүгд цахим бүртгэлд түрүүлж бүртгэгдсэн учраас Б.Батзаяаг бүртгэх боломжгүй байгаа... гэж, гуравдагч этгээдээс ...захирамж гарсны дагуу гэрээ байгуулж, гэрчилгээгээ авч байшин барьсан, уг байшинг шууд нүүлгээд явах боломжтой эсэхийг барилгын компаниас тодруулахад тийм боломжгүй гэсэн хариу өгсөн, байшинг нүүлгэх боломжтой бол маргаад байх шаардлагагүй... гэж тайлбарлан маргаж байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна., 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно., гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаар хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч Б.Батзаяад газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан хэдий ч түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, гэрээ байгуулаагүй, харин Б.Гансүхэд хуульд заасан журмын дагуу гэрчилгээ олгогдсоноор түүний газар эзэмших эрх хууль ёсны болсон гэж үзэх ба энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан шаардлага нь нэхэмжлэгч Б.Батзаяагийн хувьд тавигдахаар байна.

Түүнчлэн хариуцагч Дүүргийн газрын алба нь нэхэмжлэгч Б.Батзаяагийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гаргасан ...газрын маргаантай асуудал шийдвэрлүүлж, мэдээллийн санд оруулах тухай хүсэлтэд 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ...иргэн Б.Батзаяа биечлэн уулзсан, газрын давхцалтай олголт хийгдсэн гэх асуудлыг шалгасан бөгөөд Б.Гансүх 1333016790 нэгж талбарын дугаартай зураг орсон тул иргэнийг дуудаж уулзаж газрын маргааныг шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар мэдэгдсэн гэх хариу өгсөн,

2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ...гэр бүлийн хэрэгцээний газраа эзэмшихэд үүсээд буй ноцтой зөрчлийг арилгуулахаар өргөдөл гаргасан...иргэн Б.Гансүх ямар тайлбар ирүүлсэн, одоо газар зохион байгуулалтын алба ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй, албан ёсны хариуг ирүүлнэ үү тухай хүсэлтэд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15/1854 дүгээр албан бичгээр ...газрын эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэх хариуг тус тус өгч байсан нь тогтоогдсон, энэ тохиолдолд хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх хууль зүйн боломжгүй.

Нөгөө талаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хууль зүйн хүчин чадалтай байх шаардлагын хувьд маргаан бүхий газар дээр Б.Гансүх нь зуслангийн орон сууц барьсан, уг орон сууцыг барихад 35 000 000 төгрөгийн зардал гаргасан талаар тайлбарласан, захиргаа түүнд газар эзэмших эрх олгохдоо хууль зөрчөөгүй зэргээс үзвэл нэхэмжлэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ олгохыг даалгах шаардлагыг хангасан тохиолдолд тухайн газрын хувьд нэхэмжлэгчийн эрх бүрэн сэргээгдэхгүй буюу шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх шаардлага нь нэхэмжлэгч Б.Батзаяагийн хувьд хэрэглэгдэж улмаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглогдох агуулгаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч Б.Батзаяад газар эзэмших эрх олгох тухай А/443 дугаар захирамж аливаа хэлбэрээр хүчингүй болоогүй ба уг захирамжийн талаар маргаан үүсээгүй тул захиргаа энэ маргаж буй байршлаас өөр байршилд газар эзэмшүүлэх талаар шийдвэр гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Батзаяагаас гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжийн Б.Гансүхэд холбогдох хэсэг хууль бус бөгөөд хүчингүй болгуулах. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулах алба 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/443 дугаар захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН