Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2024/0139

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А ” ХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , Э.А

Нэхэмжлэгч: “А ” ХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “ХБ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ““А ” ХК-ийн 1780700196 нэгж талбарын дугаартай, 49926 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 977 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, өмгөөлөгч В.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0482/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ” ХК-иас хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ““А ” ХК-ийн 1780700196 нэгж талбарын дугаартай, 49926 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 977 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А  ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А  ХК-ийн 1780700196 нэгж талбарын дугаартай, 49926 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.А  нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Нэхэмжлэгч талаас газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад 2021 оны 05 дугаар сарын 03, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус гаргаж байсан.

 

3.2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01-08/726 дугаар албан бичгээр “...тус албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 01 дүгээр хуралдаанаар эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан тул шийдвэрлэх боломжгүй мөн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01-08/1807 дугаар албан бичгээр “...тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар гаргасан байршил нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг зөрчиж 3100 м.кв газрыг илүү хашаалан ашиглаж байх тул танай байгууллагын хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгч илүү талбай ашиглаж байгааг мэдэгдсэн ба мөн шүүх хуралдааны явцад илүү талбай ашигладаг болохоо нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас уулзалт хийж байсан нь тогтоогдсон байдаг.

 

3.3. Гэтэл шүүхээс хариуцагч нь илүү хашаалсан талбайг чөлөөлөх талаар аливаа шаардлага тавьж байгаагүй нь захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг шалгаж тогтоогоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргаж буй гомдлыг хангаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0977 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “А” ХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “1780700196 нэгж талбарын дугаартай, 49926 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг даалгуулах”-аар маргасан.

 

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/486 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХК-ийн эзэмшлийн 100811 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газрын 49959 м.кв-г үйлдвэрлэлийн, 19406 м.кв-г орон сууцны, 31446 м.кв-г мөн үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус 3 нэгж талбар болгон хувааж тус бүр 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд улмаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ.

 

2.3. Нэхэмжлэгчээс нэгж талбарын 1780700196 дугаар бүхий 49926 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээнд сунгалт хийлгэх тухай хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/29, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1/22 тоот албан бичгүүдээр нийслэлийн Засаг даргад, мөн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1/101 тоот албан бичгээр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус ханджээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас өмнө газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг холбогдох захиргааны байгууллагад гаргасан байна.

 

2.4. Дээрх хүсэлтийн хариуг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас  2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01-08/726 дугаартай албан бичгээр “...тус албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 01 дүгээр хуралдаанаас эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан тул шийдвэрлэх боломжгүй” гэж, мөн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01-08/1807 тоот албан бичгээр “...Тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар гаргасан байршил нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчиж 3100 м.кв газрыг илүү хашаалан ашиглаж байх тул танай байгууллагын хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгчээ.

 

2.5. Хэргийн үйл баримт, түүний хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүхээс “...хариуцагч захиргааны байгууллага нь...илүү талбайг чөлөөлөх талаар аливаа шийдвэр гаргаагүй, чөлөөлөхийг мэдэгдээгүй, мөн гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, мөн ...тухайн талбайд эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хариуцагчаас хянах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль болон гэрээнд заасны дагуу ямар шаардлага хангах шаардлагатайг урьдчилан мэдэгдэж, зөрчлөө хүлээн зөвшөөрөх, арилгах боломжтой эсэхийг тодруулсны үндсэн дээр холбогдох шийдвэр гаргахаар байхад хариуцагч нь энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байна.

 

2.6. Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж хуульчилсан.

 

2.7. Гэтэл хариуцагчаас “нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг зөрчиж эзэмшил газраасаа 3100 м.кв газрыг илүү хашаалан дур мэдэн газрын хэмжээг нэмэгдүүлсэн, энэ зөрчлөө арилгаагүй учир ийнхүү газар эзэмших эрхийг сунгаагүй” гэж тайлбарлаж байгаа боловч захиргааны байгууллагаас эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн хашаалсан болон илүү ашиглаж буй талбайг чөлөөлөх талаар аливаа байдлаар “А” ХК-д мэдэгдсэн эсэх нь тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд 1780700196 нэгж талбарын дугаартай, 49926 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй, дээр дурдсан Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.8 Түүнчлэн хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №01122-2016/70885 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд “газар эзэмшүүлэгч” буюу захиргааны байгууллага нь газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэж, өмнөх гэрээний биелэлтээр илэрсэн зөрчлийг арилгуулах үүрэгтэй гэж заасан байгаа хэдий ч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болсон газрын хэмжээг дур мэдэн нэмэгдүүлсэн зөрчилтэй нь холбогдуулан Газрын тухай хуульд заасан холбогдох арга хэмжээ авах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй атлаа ийнхүү “А” ХК-иас гаргасан газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шууд татгалзсан нь үндэслэлгүй болжээ.

 

2.9. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас өмнө хариуцагч байгууллагад хүсэлт гаргасан, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдолдоо “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас илүү талбай ашиглаж байгааг мэдэгдсэн ба мөн шүүх хуралдааны явцад илүү талбай ашигладаг болохоо нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас уулзалт хийж байсан” гэж дурдсан байх боловч нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдсэн гэх албан бичгүүд нь нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтэд өгсөн хариу байх бөгөөд үүнээс өмнө шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

2.10. Нөгөөтэйгүүр, “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлийн “Сонссон” хэсэгт “...нийт 219 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл, хүсэлтийг хүлээн авч хурлын гишүүдэд танилцуулж, нэгж талбар бүр дээр санал солилцлоо” гэж тэмдэглэсэн боловч нэхэмжлэгчийн хүсэлтийг ямар үндэслэлээр эс зөвшөөрсөн талаарх тайлбар, үндэслэл тус тэмдэглэлд тусгагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

2.11. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө дээрх үйл баримтыг шинжлэн судлаагүй, шийдвэр гаргахаас өмнө газар эзэмших эрхийг сунгахаас татгалзах үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоолгүй шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр болжээ.

 

2.12. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 977 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , Э.А  нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА