Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00733

 

Э.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00429 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.З-д холбогдох,

Э.З-ын үйлдлийг хууль бусд тооцуулж, эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж ашиглахад аливаа байдлаар саад учруулахгүй байхыг иргэн Э.З-д даалгах, хохиролд 16 280 000 төгрөг гаргуулах, Э.О-ээс ашиглалтын зардал 185 756 төгрөг гаргуулах тухай Э.З-ын нэхэмжлэлтэй хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Тамир,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Түвшинзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О би иргэн Э.З-оос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 20/2 дугаартай барилгын 3 дугаар давхрын хойд хэсэгт 65,74 м.кв талбайг худалдан авч өмчлөгч болсон бөгөөд одоо уг барилгын үлдсэн хэсгийг бүхэлд нь иргэн Э.З өмчилдөг. Би өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн иргэн Т.Амгаланд 1 жилийн хугацаатай, 1 сард 1 210 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй байхаар гэрээ байгуулан түрээслүүлсэн боловч хариуцагч Э.З нь түрээслэгч Т.Амгалан, түүний ажилтнууд болон уулзахаар ирсэн харилцагчийг нь түрээсийн байранд нэвтрүүлдэггүй, зүй бусаар харьцдаг, хэл амаар доромжилдог байсны улмаас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр түрээслэгч Т.Амгалан нь түрээсийн гэрээ байгуулснаас хойш 4 сарын дараа уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, би үлдсэн 8 сарын түрээсийн төлбөр болох 9 680 000 төгрөгийн олох ёстой орлогоо алдаж хохирсон. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ц.Билгүүнтэй түрээсийн гэрээ байгуулж байраа 6 сарын хугацаатай 1 сарын түрээсийн төлбөр 1 100 000 төгрөг байхаар тохиролцсон боловч Э.З нь түрээслэгч Ц.Билгүүнийг мөн л түрээсийн байранд нь нэвтрүүлэхгүй, хууль бус шаардлага тавьж түрээсийн байрыг ашиглаж чадахгүйд хүрсэн тул Ц.Билгүүн нь 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн гэрээг цуцалж, би олох ёстой орлого болох 6 600 000 төгрөгөөр хохирсон. Би оффисын байраа бусдад худалдах санал тавьж 2018 оны 4 дүгээр сарын 23-ны 18 цаг 11 минутад болон 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 12:20 минутад худалдан авахаар сонирхсон этгээдэд үзүүлэхээр оруулах гэхэд барилгын харуул хамгаалалтын ажилтнууд “Э.З захирал хүн оруулж болохгүй” гэсэн гээд оруулаагүйн улмаас худалдаж чадаагүй бөгөөд үүнээс болж уг байрны үнэлгээ огцом буурч байна. Дээрх байдлаар хариуцагч нь хууль бусаар миний өмчлөх эрхийг зөрчсөнөөр өнгөрсөн хугацаанд надад нийт 16 280 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас би байраа худалдах болон түрээслүүлж орлого олох буюу Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж чадахгүй байдалд хүрээд байгаа бөгөөд цаашид ч энэ байдал үргэлжлэхээр байна. Иргэний хуулийн хохирол тодорхойлсон хэсэгт олох ёстой байсан орлого хохиролд тооцохоор заасан. Иймд Э.З ын үйлдлийг хууль бусад тооцуулах, өөрийн өмчлөлийн хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулж бусдад түрээсэлж ашиг олоход саад болохгүй байхыг даалгаж, гэм хорын улмаас учирсан хохирол 16 280 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.З би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо үүгээр мэдэгдье гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.З би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Сөүлийн гудамж, 20/2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 3015812 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын өмчлөгч юм. Миний барилгын 3 дугаар давхарт иргэн Э овогтой О улсын бүртгэлийн Ү-2203028964 дугаар бүхий 65,47 м.кв өмчилдөг. Иргэн Э.О нь барилгад өөрийн өмчилж буй талбайн эзлэх хувь хэмжээгээр тооцон ашиглалтын зардал төлдөг. Гэвч тэрээр 2017 оны 2 дугаар сараас хойш одоог болтол ашиглалтын төлбөр төлөхгүй байгаа бөгөөд төлөхөөс татгалзаж байгаа тул өөрийн болоод түүний өмчлөлийн хэсгийг хамруулан барилгын ашиглалтын бүхий л зардлыг иргэн Э.З би төлж байгаа болно. Нийт 4 давхар барилгад иргэн Э.З би 1 246,72 м.кв талбайг өмчилдөг бол Э.О нь 65,47 м.кв талбайг өмчилдөг. 2017 оны 02 дугаар сард иргэн Э.З би барилгын усны төлбөрт 135 026 төгрөг, цахилгааны төлбөрт 673 131 төгрөг, хамгаалалтын төлбөрт 1 890 000 дулааны төлбөрт 1 024 418 төгрөг тус тус төлсөн тул энэ төлбөрөөс өөрийн талбайн хувь хэмжээгээр Э.О хариуцах ёстой. Дээрх 4 төрлийн зардлаас гадна барилгын ашиглалттай холбогдуулан ажиллах хүчний, бараа материалын, үйлчилгээний зэрэг зардлууд гарсан боловч тэдгээрийг би Э.О-ээс жич шаардан авах болно. Иймд иргэн Э.О-ээс 2017 оны 2 дугаар сарын ашиглалтын зардлын зарим хэсэг болох усны төлбөрт 6 738 төгрөг, цахилгааны төлбөрт 33 589 төгрөг, хамгаалалтын төлбөрт 94 311 төгрөг, халаалтын төлбөрт 51 118 төгрөг буюу нийт 185 756 төгрөгийг гаргуулан иргэн Э.З надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтаас харахад ашиглалтын зардлыг хариуцагч төлөх ёстой гэх эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. “Парфюмлюкс” ХХК-иас ашиглалтын зардал төлсөн ба нэхэмжлэгч нь иргэн Э.З  байх тул “Парфюмлюкс” ХХК-ийн төлсөн мөнгийг Э.З шаардаж байгаа нь үндэслэлгүй, нөгөө талаас “Парфюмлюкс” ХХК-иас Э.З-д уг төлбөрийг нэхэмжлэх эрх олгоогүй байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар Э.З-д холбогдох өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхийг хязгаарлаж буй иргэн Э.З-ын үйлдлийг хууль бусд тооцуулж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж ашиглахад аливаа байдлаар саад учруулахгүй байхыг иргэн Э.З-д даалгах, иргэн Э.З-ын буруутай үйлдлээс болж учирсан хохиролд 16 280 000 төгрөг гаргуулах тухай Э.О-ийн нэхэмжлэлийн шаардлага, Э.О-д холбогдох ашиглалтын зардал 185 756 төгрөг гаргуулах Э.З-ын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 800 төгрөг, хариуцагч Э.З-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 510 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгчийн хувьд өөрийн өмчийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөтэй ашиглах, аливаа халдлагаас хамгаалах эрхээ шүүхийн журмаар сэргээлгэх агуулга бүхий шаардлага гаргасан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Э.З нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 20/2 дугаартай барилгын нэхэмжлэгчийн өмчилж байгаа хэсгээс бусад бүх хэсгийг дангаар өмчилдөг бөгөөд хэргийн 9, 12, дахь талд авагдсан баримтаар нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулсан хоёр иргэнийг түрээсийн байраа чөлөөтэй ашиглахад үндэслэлгүйгээр саад учруулсан болох нь тогтоогдоно. Түүнчлэн хариуцагчийн энэхүү үйлдлээс болж нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө чөлөөтэй ашиглах буюу бусдад түрээслүүлж чадахгүй нөхцөл байдал үүсч хариуцагчийн энэхүү хууль бус үйлдлийн улмаас түрээсийн төлбөр буюу олох ёстой байсан орлого болох 16 280 000 төгрөгөөр хохирсон. Үүнийг хууль хэрэглээний үүднээс авч үзвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үүрэг үүссэн бөгөөд хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч нь мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасны дагуу олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Үүгээрээ хариуцагчийн хууль бус үйлдэл, нэхэмжлэгчид учруулсан хохирол нь шалтгаант холбоотой. Нөгөө талаас хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгчид учирсан гэм хор нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолж чадаагүй. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтыг ач холбогдолтой талаас нь үнэлээгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэж байна. Иймд гомдлыг хангаж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 00429 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Э.З-д холбогдуулан Э.З-ын үйлдлийг хууль бусд тооцуулж, эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж ашиглахад аливаа байдлаар саад учруулахгүй байхыг иргэн Э.З-д даалгах, хохиролд 16 280 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бол хариуцагч Э.З нь нэхэмжлэгч Э.О-д холбогдуулан ашиглалтын зардал 185 756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарган маргажээ. Дээрх хэргүүдийг 2018 оны 10 сарын 29-ний өдөр шүүгчийн захирамжаар нэгтгэсэн байна. /хх-ийн 112-р тал/

Анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2 дах хэсэгт заасан журам зөрчигджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ЕШ2019/00618 дугаар захирамжаар уг хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Энхцэцэг, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнхбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна. /хх-ийн 184 дүгээр тал/ Гэвч 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнхжаргал, Ж.Эрдэнэчимэг нар оролцсон байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00429 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 800 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                                

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                               Г.ДАВААДОРЖ