Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00774

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/00756 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СБД 36 ц-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Энхбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Гансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тасралтгүй 26 жил ажилласан, үүнээс 13 жил цэцэрлэгийн эрхлэгчээр, үлдсэн 13 жил цэцэрлэгийн багшаар тус тус ажиллаж ирсэн. 2015 оноос хойш Нийслэлийн СБД 36 ц-т багшаар ажиллан өдийг хүрсэн. 2019 оны 2 дугаар сарын 01-ний өглөө ажлын байрандаа ажлаа хийж байхад эрхлэгч Ч.Наранцацрал ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн байна гэж үзэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст дуудлага өгч шалгуулсан. Согтолт хэмждэг багажаар үлээлгэхэд 0,008 гэсэн хэмжилт гарсан ба уг хэмжээ нь согтолтын зэрэгт хамаарахгүй байхад ажлаас халсанд гомдолтой байна. Миний бие ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирээгүй. 2020 оны 1 сард тэтгэвэрт гарах эрх үүснэ. Тэтгэвэрт гарахад 1 жилийн хугацаа дутуу байхад ажлаас үндэслэлгүй халж намайг хохироож байна. Иймд Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранцацралын 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дугаар Б/05 ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцуулах, Ц.Б-ыг ажилд нь эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, илүү цагийн нэмэгдэл, үр дүнгийн гэрээний урамшууллыг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 2 сарын 01-ний өглөө Ц.Б ажлын байранд цэцэрлэг дээр хариуцан ажилладаг бага насны хүүхдүүдийн дунд согтуу байдалтай байсан. Чи архи уусан байна гэхэд архи уугаагүй гэж маргалдаж хэрэлдсэн. Ц.Б-аас архины нэвширсэн муухай үнэр үнэртэж байсан тул цагдаа дуудсан. Цагдаа ирж согтуурлын зэргийг шалгахад 0,008 хувь согтолттойг хэмжих хэрэгсэл зааж тодорхойлсон. Цэцэрлэгт согтуу багшид ямар ч эцэг, эх хүүхдээ даатгаж эрүүл мэнд, амь насыг нь хариуцуулахгүй. Цэцэрлэгийн нийт баг, ажилчдад Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолыг танилцуулж, мөн цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулж гарын үсэг зуруулсан. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, согтуугаар ажиллах, сахилга хариуцлага чангатгах талаар анхааруулж, сануулсаар байхад үл ойшоон ёс зүйн хэм хэмжээ, дүрэм, журам, хууль зөрчсөн тул ажлаас халсан. Ц.Б-тай байгуулсан 2018 оны 9 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.4 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад зааснаар ажлаас халсан нь үндэслэлтэй байх тул Ц.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын хариуцагч Нийслэлийн СБД 36 ц-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй. Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлаар ажлын байранд ирсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.2 дахь заалтад тухайлан заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарч байх тул ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг баримтлан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцэж байна гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна. Яагаад гэхээр хэрэглэсэн байдлаар ирсэн гэж үзэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Ажилдаа ирэхийнхээ өмнө согтууруулах ундааны зүйл уусан мэтээр үзсэн байна. Угтаа бол Ц.Б нь өмнөх өдөр нь "улаан дарс" /вино/ хэрэглэсэн ба энэ нь өмнөх өдрийн л үйл явдал. Насанд хүрсэн хүн биологийн цагаараа бол 6-8 цаг унтаж амрах ёстой бол Ц.Б унтаж амрах цагтаа л унтаж амарсан. Ингээд өглөө нь ажилдаа ирэхэд өмнөх өдрийн уусан "улаан дарс" /вино/-ны үлдэц нь байсны улмаас үлээхлээр 0,008 гарсныг ажил дээрээ архи уусан, согтуугаар ирсэн гэж үзэж хүн хэлмэгдүүлэх ёсгүй. Харин ч ажлаа таслалгүй хариуцлагатайгаар ажлын байран дээрээ ирсэн ба өмнө өдөр нь "улаан дарс" /вино/ ууснаас болж ирэхгүй байх байсан уу, эсхүл хүн ажлын бус цагаар ч стрессээ тайлах зорилгоор, тэмдэглэлт өдөр зэргээр "улаан дарс" /вино/ зэрэг ууж болно шүү дээ. Хүний амьдрал өөрөө баялаг, төрсөн өдрөөрөө "улаан дарс" /вино/ уусныхаа төлөө согтуу ирсэн гэх нэр томьёонд холбогдож ажлаас халагдсандаа харамсалтай байна. Шүүх тайлбарлахдаа Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.2 дахь заалтад ажилтан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн буюу хэрэглэсэн байдлаар ирсэн бол ноцтой зөрчилд тооцохоор заахдаа талууд ажилтны амьсгал болон цусан дахь спиртийн агууламжийн ямар нэгэн зөвшөөрөгдөх хувь хэмжээ, эсхүл байж болох доод хувь хэмжээний талаар тохиролцоогүй, нөгөө талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлаар ажилдаа ирэх нь хүүхдийн аюулгүй байдалтай шууд холбоотой тул ажлын байранд согтууруулах ундааны хэрэглээний зөвшөөрөгдөх хувь хэмжээ, эсхүл байж болох доод төвшний талаар яригдах ямар ч боломжгүй гэж, талууд хөдөлмөрийн гэрээгээр согтолтын ямар ч хувь хэмжээ заагаагүй, хувь хэмжээ ярих боломжгүй юм бол 0,008 гэсэн хэмжээг яагаад согтуу гэж үзсэнийг ойлгохгүй байна. Ц.Б-ын ажлын байрандаа эн гэж үзэх нь түүний эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Гэрээндээ согтолтын хувь хэмжээ заагаагүй гэж үзэж байгаа юм бол Монгол Улсад дагаж мөрдөж байгаа хууль болон нарийвчилсан дүрэм, журмыг дагаж мөрдөх нь зохистой юм. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн Сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийн шалган тогтоох журам"-ын 2 дугаар зүйлийн 2,5 Шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промоль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан байдаг. Дээрх заалтыг шүүх тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж, тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан журам тул ажил олгогч болон ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гарсан эсэхийг тогтооход баримтлахгүй гэж үзсэн. Жолооч бол бусдын амь настай шууд холбоотой өндөр хариуцлагатай байдаг. Үүнд нийцүүлэн гаргасан журмыг хамааралгүй гэж үзсэн бол өөр ямар зохицуулалт хэрэглэж согтуу гэж үзэх болсноо тусгахгүй байна. Талууд гэрээндээ нарийвчлан тусгаагүй бол Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл 0,008 гэсэн хувийг согтолтын зэрэгт хамааруулж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх хувь хэмжээ хүний биед байж болох ердийн үзэгдэл өөрөөр хэлбэл ааруул, аарц, долоолгон /ханиадны эм/, жимс, хүнсний сод зэрэг эсэглэн төрлийн юм идэхэд л гарч байдаг хувь хэмжээ. Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийн шалган тогтоох журамд заасан согтуу гэж үзэх хамгийн бага хэмжээ буюу 0,20 промоль (%)-иас 25 дахин бага байхад согтуу гэж үзээд байна. Ц.Б ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирээгүй. Улсад 28 жил ажилласан сургуулийн өмнөх боловсролд 26 жил тасралтгүй ажилласан. 13 жил цэцэрлэгийн багш, 13 жил цэцэрлэгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Сургуулийн өмнөх боловсролд олон жил ажиллахад зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2020 оны 1 сард тэтгэвэрт гарах эрх үүснэ. Хүн ажил хийснийхээ төлөө хохирч болохгүй шүү дээ. Иймд 2019 оны 4 сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/00756 дугаартай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч СБД 36 ц-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилж, шаардлагын үндэслэлдээ “2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ажилд ирэхдээ согтууруулах ундаа хэрэглээгүй, харин өмнөх өдөр нь хэрэглэсэн” хэмээн тайлбарласан бол хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгчийг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн байдлаар ирсэн, цагдаагийн байгууллагаар согтолтын зэргийг шалгуулахад 0,008 хувьтай байсан тул хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ хэмээн тайлбарлажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байдаг. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заадаг. Тухайн хэрэгт “согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ажилдаа ирэхийг” талууд ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ.

“Согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай” гэх ойлголт нь талуудын мэдрэмжийн түвшний ойлголт, эсхүл Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээгээр хэмжиж, дүгнэж, тодорхойлох боломжтой ойлголт юм уу гэдгийг тодруулах шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Ц.Б-ыг согтууруулах ундааг хэр хэмжээтэй, хэзээ хэрэглэсэн, хэр хугацаа өнгөрсний дараа согтуурлын зэрэг шалгагч багажаар 0,008 хувь гэж гарах боломжтой эсэх, түүнчлэн 0,008 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.

Дээрх нөхцөл байдал нь тодорхойгүй, уг үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой, тухайн хэрэгт эрх зүйн дүгнэлт өгөхөд хангалттай хүрэлцэхүйц үйл баримт тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/00756 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                                  ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

                                                                                  Г.ДАВААДОРЖ