Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1771

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Б- ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Н С Д 36 Ц-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, илүү цагийн нэмэгдэл, үр дүнгийн гэрээний урамшууллыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар, хариуцагчийн төлөөлөгч Г.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халагдсан. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр миний төрсөн өдөр болсон. Ингээд маргааш өглөө ирэхэд эрхлэгч надаас архи үнэртэж байна гээд цагдаа дуудаж үнэртүүлж үзэхэд 0,008 гэх тоо гарсан. Жолооч хүн ч ийм хэмжээний архи үнэртүүлээд замын хөдөлгөөнд оролцож болдог юм байна лээ. Ингээд маргааш цэцэрлэг амрах байсан. Цэцэрлэгт 6 хүүхэд л ирсэн байсан. Намайг ажлаас хална гэж би бодоогүй. Ингээд орой хурал хийгээд намайг ажлаас халах тушаал уншсан. Би архи уудаг хүн биш. Би 13 жил цэцэрлэгийн эрхлэгч, багшаар ажиллаж байгаа. Ажлын байран дээрээ согтуугаар очих хүн биш. Би архи ууддаггүй. Төрсөн өдөр гэж өчигдөр орой найзуудтайгаа суусан. Тэтгэвэрт гарахад надад 1 жил л дутуу байгаа. Хүнийг ингэж хохироож болохгүй. Цагаан сарын дараа намайг ажилдаа ор гэх байх гэж бодож байтал миний оронд өөр багш авчихсан байсан. Би өнөөдрийг хүртэл багш хийхдээ тэтгэвэрт гарч, тэтгэмж авах л гэж явсан. Гэтэл ажлаас гэнэт халсанд гомдолтой байна. Маш их хохирсон. Хохирсондоо гомдолтой байна. Өөр ажил ч хийх боломжгүй байдаг. Ажлаас халагдсандаа маш их гомдолтой байгаа. Миний асуудлыг ёс журмынх нь дагуу шийдэж өгнө үү. Шинжээч согтуу байсан эсэхийг тогтоох боломжгүй гэх хариу өгсөн байна лээ. Надаас архи үнэртсэний төлөө согтуугаар ажилд ирсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн ч тийм тоо гардаг юм байна лээ. Хамт олон намайг архи үнэртүүлээгүй байна шүү дээ гэж хэлэх гэхэд нэг ч хүний үгийг сонсоогүй. Би элэгний хатууралтай учир надаас тийм зүйл гарсан юм шиг байна лээ. Манай багш ажилчид бид нар адилхан л гарч, хоол идээд өглөө нь ажилдаа ирсэн байхад зөвхөн надаас ийм зүйл гарсан. Иймд би маш их гомдолтой байгаа учир намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид аливаа асуудалд бодитой хандах ёстой. Ажлаас ажилтанг халахдаа хууль бус халсан гэж үзэж байна. Архи хэрэглэснийг тогтоосон зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан шат дараалалсан зөндөө арга хэмжээ байгаа шүү дээ. Хууль бус халалт гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Миний үйлчлүүлэгч өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Бид маш их гомдолтой байгаа. Хууль буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр ажлаас халсан, шалгаж тогтоосон акт байхгүй гэж үзэж байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шалгуулахад согтуу гэж үзэх үндэслэл байхгүй гэх хариу өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Энэ хүн байгууллагад ямар нэгэн хохирол учруулаагүй” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө нэхэмжлэгч ажлын байран дээрээ хариуцан ажиллаж байсан цэцэрлэгийн хүүхдүүдийнхээ өмнө согтуу байдалтай байсан. Архи уусан байна гэхэд архи уугаагүй гэж маргасан. Ингээд цагдаагийн хэлтэст дуудлага өгч, цагдаа багаж үлээлгэсэн. Ингэхэд 0,008-аас 0,010 хувьтай гарсан байсан. Нэхэмжлэгчийн ажлын байр нь бага насны хүүхдүүд байдаг газар. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгч архи уусан эсэхийг тогтоох боломжгүй учир цагдаа дуудсан. Би архи уугаагүй гэж байгаа бол түүнийгээ нотлох боломжтой байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, цэцэрлэгийн дотоод журамд зааснаар ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэх, хэрэглэсэн байдалтай ирснийг зөрчил гэж үзнэ гэж байгаа. Нийслэлийн боловсролын газраас архидан согтуурахтай тэмцэх, ажлын хариуцлагаа нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Түүний дагуу ажлаас халсан. Ёс зүйн дүрмийг бүх ажилчдад танилцуулж гарын үсэг зуруулсан. Бид хуулийн дагуу ажиллах ёстой. Тухайн үед гаргасан зөрчил нь хөдөлмөрийн тухай хууль, журам, тогтоолыг зөрчсөн тул ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тэтгэвэрт гарахын тулд өөрөө сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлж болно шүү дээ” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б  нь хариуцагч Н С Д 36 Цт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, илүү цагийн нэмэгдэл, үр дүнгийн гэрээний урамшууллыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4.2-д заасан “...ажлын байранд согтууруулах ундаа ... хэрэглэсэн байдлаар ирсэн” ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Н С Д 36 Цийн эрхлэгчийн   2019 оны 2 сарын 1-ний өдрийн Б/05 дугаартай “Цэрэндагва овогтой Бямбадуламыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 1 дэх заалтаар “Тус цэцэрлэгийн багш Ц.Б  нь ажлын байранд тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэсэн байдлаар ирсэн мэргэжлийн байгууллагаар тогтоогдон багшийн ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэж Үндсэн хуулийн 16,17 дугаар зүйлийн 16.1, 17.1,  Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Боловсролын тухай хуулийн 4.1, 44.2.1, 44.2.7, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2, 10.1.3, 18.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Тамхины хяналтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 9 дүгээр зүйлийн 9.1.8, Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоол, Багш ажилтан, албан хаагчдын ёс зүйн дүрэм 2 дугаар зүйлийн 2.1.3, 2.1.4, 2.16, 3 дугаар зүйлийн 3.1.4, Хөдөлмөрийн гэрээний 2.5.2, 4.4.2 дахь заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.8, 11.10.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Б ыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2019 оны 2 сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах заалтад заасан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

 

Хариуцагч нь Ц.Б  ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн нь хөдөлмөрийн гэрээний 4.4.2-д тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдох тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас нэртэй баримтын “Шийдвэрлэлтийн мэдээлэл” хэсэгт “Бэлх-113 а/д Ганхуяг шалгаж, уг цэцэрлэгийн багш Бямбадулам нь урд шөнө төрсөн өдөр болоод архи уусан гэв. Согтуурлын зэрэг шалгагч багажаар Бямбадуламыг үлээлгэхэд 0.008% гарсан тул цэцэрлэгийн эрхлэгчид мэдэгдэж дотооддоо хариуцлага ярихаар болов” гэж, мөн тус хэлтсийн 2019 оны 03 сарын 05-ны өдрийн огноо бүхий “Хариу мэдэгдэх тухай №4” гэсэн албан бичигт  “...36 дугаар цэцэрлэг дээр багш ажлын байранд согтуу байна гэх гомдол, мэдээллийн дагуу 2019 оны 02 сарын 01-ний өдөр согтуурлын зэрэг шалгагч багажаар Бямбадуламыг шалгахад 0.008% гарсан тул цэцэрлэгийн эрхлэгчид мэдэгдэж дотооддоо хариуцлага ярихаар дуудлага мэдээллийг хааж бүртгэсэн байна” гэж тус тус тэмдэглэсэн байна. /хх-ийн 56, 20 дахь тал/.

 

Согтуурлын зэрэг шалгагч багажаар үлээлгэж шалгахад 0,008 промиль согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх эсэх, хэр хугацаа өнгөрсний дараа согтуурлын зэргийг шалгагч багажаар шалгахад 0,008 промиль гэж гарах боломжтой эсэхийг тодруулах зорилгоор шүүх 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7514 дүгээр захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 10/3733 тоот албан бичгээр “...Тус хүрээлэнгийн химийн  лабораторид хийгддэг цусан дахь спиртийн хэмжээ, согтолтын зэрэг тогтоох шинжилгээний арга, аргачлал, багажийн заалт буюу үр дүнг өөр төрлийн согтуурлын зэрэг шалгагч гэх багажийн үр дүнтэй харьцуулах, тоо хэмжээг ашиглан үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй юм” гэж хариу ирүүлжээ.

 

Нэгэнт мэргэжлийн байгууллага Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь дүгнэлт гаргах боломжгүй тохиолдолд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-г адилтгаж хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

Тус журмын 2-р бүлэг /Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах/-ийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэж заажээ. /Жич: Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар нийтэд илэрхий үйл баримт гэж үзэв/

 

Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промилиас бага хэмжээтэй буюу 0,008 промиль хэмжээ нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч Ц.Б ыг Хөдөлмөрийн гэрээний 4.4.2-д заасан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Хариуцагч нь Ц.Б ыг ажлын байранд тамхи татсан зөрчил гаргасан гэж тайлбарлах боловч уг үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Б ыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 36 дугаар  цэцэрлэгийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар түүний сүүлийн 3 сарын цалингийн дундаж 1,275,001 төгрөгийг ажилгүй байсан хугацаа 148 хоногоор тооцоход 8,776,696 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б ыг Н С Д 36 Цийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Н С Д 36 Цээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 8,776,696 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Н С Д 36 Цт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Н С Д 36 Цээс 155,377 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.