Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/00826

 

Ц.Б, Я.Ж нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00365 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Б, Я.Ж нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Б-д холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Б, Я.Ж нар,

Хариуцагч: Ш.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б, Я.Ж нар нь өв залгамжлалын журмаар Ц.Б-ын эцэг, Я.Ж-ны нөхөр болох талийгаач Шаравын Цогтсайханы өмчлөлд байсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр замын 45 дугаар байрны 48 тоот, 2 өрөө орон сууцыг өвлөн авч өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар өмчлөгч болсон юм. Гэтэл өв залгамжлалын журмаар өмчлөгдсөн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр замын 45 дугаар байрны 48 тоот, 2 өрөө орон сууцнаас Ш.Б нь өөрийн эд зүйлсээ авахгүй элдэв арга хэрэгслээр өдий хүрсэн. Ш.Б талийгаачийн минь төрсөн ах нь юм. Уг орон сууцыг 2006 оны 1 сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу талийгаач Ш.Цогтсайхан өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Нөхөр маань 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Нас барснаас хойш байрны гэрчилгээ олдохгүй байсаар байгаад 2013 оны 8 сард Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас лавлагаа авч улмаар өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өв залгамжлагч нар болох Я.Ж, Ц.Б нар 2013 оны 10 сарны 14-ний авч, өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 10 сарын 15-ны өдөр авсан. Бидний 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хууль бус гэх үндэслэлээр Ш.Б шүүхэд маргаан үүсгэж 3 шатны шүүх өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу авсан гэж үзсэн байгаа. Бид 000280619 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012401 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр зам гудамж 45 байр 48 тоот, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчид билээ. Өөрийн өмчийн байранд 2013 оны 10 сард очиход байранд Ш.Б байсан бөгөөд бид нар энэ байрыг өмчлөх эрхтэй болсон тухайгаа хэлэхэд Ш.Б орилж, чарлаж цагдаа дуудсан. Ш.Б энэ байранд байгаа болох нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 4 хорооны хэсгийн байцаагч Б.Түвшинбаярын тодорхойлолтоор тогтоогдоно. Бид 2014 оны 2 дугаар сард шүүхээр Ш.Б-ыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2418 дугаар шийдвэрээр Ш.Б-ыг орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн боловч, Ш.Б нь “би хариуцагч биш, энэ байр надад хамаагүй, миний юм байхгүй, орон сууц н.Ойдовдоржийн барьцаанд байгаа, түүний юм бий” гэж гомдол гарган 2014 оны 8 сарын 11-ний өдрийн 807 дугаар магадлалаар анхан шатны шүүхэд буцаагдсан. Үүний дараа Ш.Б бидний болон талийгаачийг минь элдэв янзаар гүтгэж 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулна, улсын бүртгэлийн газрын даргын 1156 тоот тушаалыг хүчингүй болгуулна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж маш их заргалдсан. Тухай бүрт 3 шатны шүүх Ш.Б-ны нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн шийдвэрүүд гарсан. Нэхэмжлэгчид бид өнөөг хүртэл 3 удаа иргэний хуулийн өөртөө туслах 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг баримтлан байрандаа очиж Ш.Б-ны эд зүйлийг гаргах гэж оролдсон боловч тухай бүрт Ш.Б “миний юм, миний байр” гэж маргалдаж, цагдаа дуудаж, орилж, чарлаж хэрүүл тэмцэл болдог. Иймээс бидний өмчлөлийн байранд Ш.Б-ны эд зүйлс байгаа нь тодорхой болсон. Мөн Ш.Б шүүхийн шийдвэр аваад ирвэл гарна гэж тохуурхдаг. Энэ хугацаанд талийгаач нөхрийг минь болон биднийг худлаа гүтгэж, биднийг маш их чирэгдүүлсэн. Цаг нар сэтгэл санаагаар их хохироосон. Тэр байранд очих болгонд миний юм, миний байр гэж орилоод байдаг. Цагдаа дуудаад сүржигнээд байдаг мөртлөө чөлөөлүүлэх нэхэмжлэл өгөхөөр надад хамаагүй миний байр биш би хариуцагч биш гэж байгаа нь бидний болон давхар хуулийн байгууллагыг мэхэлж байна гэж үзэж байна. Хорвоогоос хальсан төрсөн дүүгээ гүтгэхдээ хүний урамд хоолойд нь юм тордоггүй юм. Ш.Б нь 2018 оны 10 дугаар сарны 05-ны өдөр охин Ц.Б-той уулзаад 10 дугаар сарын 05-наас 10 дугаар сарын 13-ны дотор эд зүйлсээ зөөж гаргана гэж бичиж өгсөн ч биелсэнгүй, худлаа ярьсан. Одоо Ш.Б-ны эд зүйл энэ байранд байгаа нь тодорхой тул хариуцагчийн эд зүйлсийг бидний өмчлөлийн байрнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч нар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №2418 шийдвэрийг гаргуулсан нэхэмжлэлдээ уг байр нь анх Ш.Цогтсайханы аав болох Ш.Шаравын нэр дээр байж байгаад 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ш.Цогтсайхан өмчлөх эрхийг шилжүүлж авсан байдаг гэжээ. Ш.Б нь Ш.Цогтсайханы төрсөн ах нь юм. Ш.Цогтсайханыг нас барахаас өмнө уг байранд Ш.Б би өөрийн эцгийн хамт амьдарч байсан. Мөн Ш.Цогтсайханыг амьд ахуйд нь уг байранд Ш.Б маш их новш хураасан байсан гэжээ. Ш.Цогтсайхан нь 2008 оны 3 дугаар сарын 07-нд нас барахад байранд Ш.Б-ны эд зүйлс тэр чигээрээ үлдсэн .... гэж үндэслэлгүй, нотлох баримтгүй, өвлөх эрхээ сэргээлгээгүй, худлаа өргөдлөөр №0280619 гэрчилгээг хууль бусаар гаргуулж өмчлөгч болсон байдаг. Нийслэлийн шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №807 дугаар магадлалын хянавал хэсэгт гэрч Н.Ойдовдоржийн 45-4-48 тоот байр нь Д.Сосор болон миний барьцаанд байгаа, Дээд шүүхийн №600 шийдвэр гараад түүний нэр дээр гэрчилгээ гарсан, тэр хүүхний эд зүйлс уг байранд байгаа гэж мэдүүлсэнтэй харьцуулан үзэхэд уг байр хэний эзэмшилд байгаа нь тодорхой бус байна. Маргаан бүхий орон сууц хэний эзэмшилд байгаа болохыг тогтоосны үндсэн дээр хэрэг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны буюу биелэгдэх боломжтой болно. Дээр дурдсан үндэслэлээр №2418 шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай гээд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд буцаасан байдаг. Миний бие 2015 оны 02 дугаар сарын 02-нд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн №818 шийдвэрээр Иргэний хуулийн 528.4-өөр өвлөх эрхээ сэргээлгэж, Н.Ойдовдоржоос Сүхбаатар дүүргийн 3 хороо, УБТЗ-ын 45-4-48 тоот байрны №00178141-тай гэрчилгээг гаргуулах шийдвэр гарч, Н.Ойдовдорж нь надаас Ш.Цогтсайханы өр төлбөрийг гаргуулахдаа Ш.Цогтсайханы 2006 оны 02 сарын 13-нд “Гэрэгэ инвест” ХЗХ-нд уг хоршооны гишүүнээр элсэх тэргүүлэгчдийн хурлын тогтоол №06-02/13, “Гэрэгэ инвест” ХЗХ-ны гишүүнээр элсүүлж миний 45-4-48 байрыг барьцаалж хоршооны гишүүний анкет бөглөхдөө ам бүлийн байдал /зөвхөн ам бүлд байгаа хүмүүсийг бичнэ, таны юу болох эх, эцэг, ах, дүү, гэр бүл/ гэсэн хэсэгт төрсөн ах Ш.Б гэжээ. Өөрөөр хэлбэл зөвхөн ахтайгаа амьдардаг, ам бүлд гэр бүл, эхнэр хүүхэдгүй гэж бөглөсөн нь Ш.Цогтсайханы өр төлбөр 24 700 000 төгрөгийг төлөх үндэслэл гэж үзээд мөн Иргэний хуулийн 528.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан байвал /миний бие 2005 оноос хойш 2014 оны 7 дугаар сар хүртэл уг байрны хөлсийг тасралтгүй бүрэн төлж, тасралтгүй 45 жил амьдарч эзэмшиж, эд хөрөнгөө байршуулсан нь эзэмдэн авсан, эзэмшсэн, эрхлэн удирдсан болзлыг хангаж байгаа тул уг өвийг хүлээн авсан гэж үзэж өвлөх эрхийг 528.4-т зааснаар сэргээж, Н.Ойдовдорж нь Ш.Цогтсайханы өр төлбөр 24 700 000 төгрөгийг надаар төлүүлж, 2018 оны 10 дугаар сарын 08-ны №11000 захирамж ба 2018 оны 10 сарын 08-ны шүүхийн гүйцэтгэх хуудас №00924-өөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн байдаг. Харин нэхэмжлэгч нар 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №818 шийдвэр гарсныг мэдээд 2015 оны 9 дүгээр сарын 10-нд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн №28496 захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэснээр Ш.Б надыг хуралд оролцуулалгүйгээр, мэдэгдэлгүйгээр Нийслэлийн шүүхийн №807 магадлалд уг орон сууцыг хэний эзэмшилд байгааг тогтоолгоогүйгээр орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлээ татан авч хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэвч 2018 оны 10 дугаар сарын 31-ний нэхэмжлэлдээ 3 удаа Иргэний хуулийн 12.1-ээр өөрөө өөртөө тусалж байна гэх нэрээр бусдын орон сууцнаас Эрүүгийн хуулийн 13.6-г зөрчин бусдын эзэмшлийн орон байранд хаалга цоож эвдэн орж орон байрнаас эд хогшил, зөөж явсан талаар эрүүгийн №170900546 дугаартай хэрэг үүсч хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн. 12.1-ээр өөрөө өөртөө туслах үйлдлийн талаар Монгол Улсын Ерөнхий прокурорын мэдэгдэх хуудас 2017 оны 9 сарын 04-ний №1/1321-д Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар мэдэгдэхдээ “Өөртөө туслах” хууль ёсны үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн байхад дахин давтан гэмт хэрэг үйлдэж 2018 оны 10 сарын 03-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст а/д Ганзориг мөрдөгч дээр эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа болно. Ер нь нэхэмжлэгч нар нь Ш.Цогтсайхантай 2005 оны 3 дугаар сарын 18-наас нас барах хүртэл нь 2008 оны 3 сарын 07-ны хооронд Иргэний хуулийн 528.1-т зааснаар /МУ-ын дээд шүүхийн 2018 оны 6 сарын 19-ний №01020 тогтоолын хянавал хэсэгт өвлүүлэгчийг нас барах хүртэл нь түүнтэй хамт Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтайн 10-284 тоотод хамт амьдарч байгаагүй учраас өвлөгч нар биш бөгөөд 528.2-т зааснаар хамт амьдарч байгаагүй өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэснийг нэхэмжлэгч нар хангаагүй учраас өвлөгч гэж тооцох үндэслэлгүй бөгөөд Ш.Б нь №00178141-тай гэрчилгээг бидний гэр орон Баянгол дүүргийн 4-р хороо 4а-18 тоотоос хулгайлсан гэж захиргааны хэргийн шүүхийн 2014.07.07-ны тайлбартаа /хх-96-д/ мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны №03130 шийдвэрийн нэхэмжлэлдээ Ш.Б нь шүүх эмнэлгийн моорогт орж аавын бичиг баримт, иргэний үнэмлэхийг /бичиг баримт гэдэг нь байрны ба газрын өмчлөгч эрхийн гэрчилгээг хэлж байна/ хулгайлсан, бид өвлөх эрхээ нээлгэж чадаагүй саатсан гэж худлаа ҮХЭХБ газарт өргөдөл бичиж, өвлөгч болж №00280619-ртай гэрчилгээ гаргуулсан. Уг СБД 3-р хороо, УБТЗ-ын 45-4-48 байрыг Ш.Б миний бие 1973 оны 6 сарын 07-оос хойш эзэмшиж одоо 45 жил эзэмшиж байна. Сүхбаатар дүүргийн 3 хорооны Засаг даргын тодорхойлолтоор Ш.Б нь өөрийн төрсөн эцэг Шарав агсны хамт 2000 оны 10 сарын 03-ны өдөр хүртэл хамт амьдарч байгаад одоо уг тоотод 1 ам бүлээр амьдарч байна гэх тодорхойлолт, хорооны цагдаа Цэвэлдоржийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 3 хорооны Засаг дарга 2005 оны 10 сарын 28-ны 1 ам бүлээр тодорхойлолт, 2002 оны 11 сарын 01-ний №205-аар Нийслэлийн иргэний бүртгэлийн албаны тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 3 хорооны 2002 оны 11 сарын 18-нд 1973 оноос хойш одоог хүртэл амьдардаг тодорхойлолт, 2000 оны хүн амын тооллого №693-т бүртгэгдсэн 2004 оны 6 сарын 15-ны №УБ00897 орон сууц хөлслөх гэрээ, 2005 оны 5 сарын 02-ны өмч хувьчлалаар ҮХЭХБ -ийн Ү-2203012401 бүртгэгдсэн өмчлөгч, эрхийн №0105403 гэрчилгээ, 2014 оны 08 сарын 19-ний №10/183. тоот УБТЗ-ын хууль зүйн албаны тодорхойлолт, 45-4-48 байрны хөлс төлсөн баримтууд зэргээр Ш.Б миний бие уг байрыг эзэмшигч гэдэг нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч нарын уг байрны талаарх хууль бус өмчлөлийн асуудлыг шийдвэрлэгдэхээс өмнө уг байрыг чөлөөлөх асуудал шийдвэрлэгдэх боломжгүй. Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №818 шийдвэрээр Иргэний хуулийн 528.4-т зааснаар өвлөх эрхээ сэргээлгэснээс хойш би уг байранд өөрийнхөө эд хөрөнгийг оруулан, амьдарч байгаа учраас нэхэмжлэгч нарын орон сууцыг албадан суллуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр замын 45 дугаар байрны 48 тоот, 2 өрөө орон сууцнаас хариуцагч Ш.Б-ны эд зүйлсийг албадан гаргаж орон сууцыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 00365 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нар хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч өөрсдөө хууль бусаар өмчлөгч болсон асуудлаа шийдвэрлүүлээгүй 86 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг бичиг баримт хууль бусаар бүрдүүлэн олж авсан талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 180904601 дугаар эрүүгийн хэргийн ажиллагаа дуусаагүй, ажиллагаа хийгдэж байна. Мөн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хурал дээр нэхэмжлэгч нар Д.Сосорын өр авлага, Н.Ойдовдоржийн уг байрыг өр авлагадаа барьцаалсан 00178141 дугаартай уг байрны гэрчилгээний талаар материал өгөхөд нь хүлээж аваагүй. Нийслэлийн шүүхийн 807 дугаар магадлалаар дахин шийдвэрлүүлэхээр буцаасан үндэслэл болох хариуцагчаар татах эрхгүй этгээд тул Д.Сосорыг гэрчээр оролцуулах хүсэлт өгөхөд хүлээн аваагүй шийдвэрлэсэн нь хэргийн баримт нотолгоо дутуу байхад шүүх хурлыг хийсэн, уг байрыг барьцаалсан өр авлагадаа өөрийн эзэмшиж байгаа Д.Сосорыг оролцуулалгүй 365 дугаар шийдвэр гаргасан нь 807 дугаар магадлалд заасан буцаах үндэслэлийг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Ш.Цогтсайханы 2005 оны 3 дугаар сарын 18-наас 2008 оны 3 дугаар сарын 07-ны хооронд Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоотод амьдарч байсан талаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 497 дугаар захирамжаар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11/507 дугаар, 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар ирүүлсэн лавлагаагаар нотлогддог. Нэхэмжлэгч нар хууль бусаар өмчлөгч болохдоо 2008 оны 3 дугаар сарын 07-нд нас барсан Ш.Цогтсайханы 2005 оны 3 дугаар сарын 18-наас 2008 оны 3 дугаар сарын 07-ны хооронд Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоотод амьдарч байсныг нууж Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 4а-18 тоотод нэхэмжлэгч нартай цуг амьдарч байгаад нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан. Нэхэмжлэгч нар Ш.Цогтсайхантай амьдарч байгаагүй гэдэг нь нэхэмжлэгч нар 1981 онд олгогдсон 060685 дугаар хуучин, хүчингүй болсон бичиг баримт ашиглаж өвлөх эрхээ сэргээлгэсэн. Иймд хууль бусаар өмчлөгч болсныг шүүх шийдвэрлээгүй байхад 365 дугаар шийдвэрээр хууль бус эзэмшлийг шийдвэрлэх үндэслэлгүй. Ш.Б миний бие Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар уг байрны эзэмдэн авсан буюу захиран зарцуулж, эрхлэн удирдсан, байрны хөлсийг 2014 оны 7 дугаар сар хүртэл, Н.Ойдовжав, Д.Сосор нарт барьцаандаа авах хүртэлх хугацааны байрны мөнгийг төлсөн. Нэхэмжлэгч нар 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн лавлагаагаар Ш.Цогтсайханы өв хөрөнгийг мэдсэн гэж бичдэг. Үүнээс өмнө өв хөрөнгийг мэдэхгүй, өвлөх талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй нь тогтоогддог. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар Ш.Цогтсайханы өв хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаар хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1020 дугаар тогтоолд тусгагдсан. Нэхэмжлэгч нар 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байрны гэрчилгээг үрэгдүүлсэн гэж 1981 оны хүчингүй болсон үнэмлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулан улсын бүртгэлийн гэрчилгээ авч өмчлөгч болсон асуудлыг эрүүгийн 180904601 дугаартай хэргээр шалгаж дуусаагүй байхад 365 дугаар шийдвэр гарсан нь ойлгомжгүй байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж нар нь хариуцагч Ш.Б-д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлдээ “2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол,Төмөр замын 45 дугаар байрны 48 тоот орон сууцны өмчлөгч болсон” хэмээн тайлбарласан бол хариуцагч татгалзалдаа “маргаан бүхий орон сууцанд 1973 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа, өвлөх эрхээ сэргээлгэсэн, хорооны Засаг даргын тодорхойлолт, орон сууцны хөлс төлсөн баримтууд байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тайлбарласан байна.

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол,Төмөр замын 45 дугаар байрны 48 тоот, 2 өрөө орон сууцыг Улаанбаатар төмөр замаас 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц хөлслөх эрхийн бичгийн дагуу хариуцагч Ш.Б-д шилжүүлж, 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдөр уг байрны өмчлөгчөөр Ш.Б-ыг улсын бүртгэлд бүртгэжээ. /хх-ийн 76-77 дугаар тал/

Улмаар дээрх орон сууцыг хариуцагч Ш.Б нь Ш.Цогтсайханд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 105 дугаар тал/

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар Ш.Б-ны хууль ёсны өмчлөх эрх 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болжээ.

Ш.Цогтсайхан нь 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барж, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгчийн өмчлөлд байсан Сүхбаатар дүүргийн 3 хороо, 5 хороолол, Төмөр зам гудамж, 45 дугаар байрны 48 тоот орон сууцыг түүний эхнэр Я.Ж, охин Ц.Б нарт өвлүүлж, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Я.Ж, Ц.Б нарыг уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 10-11 дүгээр тал/

Хариуцагч Ш.Б нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 сарын 21-ний өдрийн 5563 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 сарын 3-ны өдрийн 379 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 6 сарын 23-ны өдрийн 489 дүгээр тогтоолоор хариуцагч Ш.Б-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 26-28 дугаар тал/

Нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж нарын өмчлөлийн орон сууцыг хариуцагч Ш.Б эзэмшиж байгаа нь түүний тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд тэрээр 2018 оны 10 сарын 5-ны өдрөөс 2018 оны 10 сарын 13-ны өдрийн дотор өөрийн эд зүйлийг орон сууцнаас гаргах тухайгаа нэхэмжлэгч Ц.Б-той харилцан тохиролцсон баримт үйлдсэн байна. /хх-ийн 100 дугаар тал/ 

Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгч нарын орон сууцыг хууль бусаар эзэмшиж, өөрийн эд зүйлийг нэхэмжлэгч нарын орон сууцнаас аваагүй, нэхэмжлэгч нар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч Ш.Б саад болсон гэх үндэслэлтэй байх тул Сүхбаатар дүүргийн 3 хороо, 5 хороолол, Төмөр зам гудамж 45 байрны 48 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, түүний эд зүйлсийг орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хэргийн үйл баримт тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн, гэрчээс мэдүүлэг авахуулах, цагдаагийн байгууллагаас нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаагүй гэх боловч хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй, гэрчээс мэдүүлэг авахуулах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                                                       ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР

                                                                                                                       Г.ДАВААДОРЖ