Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00232

 

 

Ц.Б, Я.Ж нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00365 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 826 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ц.Б

          Нэхэмжлэгч: Я.Ж

          Хариуцагч: Ш.Б-д холбогдох

          орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч Ш.Б-ы гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б-, Я.Ж-, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ: Ц.Б-, Я.Ж- нар нь өв залгамжлалын журмаар Ц.Б-ын эцэг, Я.Ж-ы нөхөр болох талийгаач Ш.Ц-ы өмчлөлд байсан СБД, ...-р хороо, ..-р хороолол, ...-р байрны .. тоот, 2 өрөө орон сууцыг өвлөн авч өмчлөх эрхийн гэрчилгээ авч, өмчлөгч болсон. Гэтэл өв залгамжлалын журмаар өмчлөгдсөн тус орон сууцнаас Ш.Б- нь өөрийн эд зүйлсээ авахгүй элдэв арга хэрэгслээр өдий хүрсэн. Ш.Б- нь Ш.Ц-ы төрсөн ах нь. Уг орон сууцыг 2006-01-18-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу Ш.Ц- өмчлөх эрхийг шилжүүлэн авсан ба 2008-3-07-ны өдөр нас барсан. Нас барснаас хойш байрны гэрчилгээ олдохгүй байсаар байгаад 2013-8 сард Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас лавлагаа авч улмаар өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өв залгамжлагч нар болох Я.Ж-, Ц.Б- нар 2013-10-14-ний өдөр авч, өмчлөх эрхийн гэрчилгээг 2013-10-15-ны өдөр авсан. 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хууль бус гэх үндэслэлээр Ш.Б- шүүхэд маргаан үүсгэж 3 шатны шүүх өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу авсан гэж үзсэн. ... тоот, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчид бөгөөд байрандаа 2013-10 сард очиход Ш.Б- байсан. Ш.Б- энэ байранд байгаа нь  тогтоогдоно. Бид 2014-2 дугаар сард шүүхээр Ш.Б-ыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж, 2014-6-20-ны өдрийн 2418 дугаар шийдвэрээр Ш.Б-ыг орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн боловч 2014-8-11-ний өдрийн 807 дугаар магадлалаар анхан шатны шүүхэд буцаагдсан. Үүний дараа Ш.Б- шүүхэд нэхэмжлэл гаргаж маш их заргалдсан ч 3 шатны шүүх Ш.Б-ы нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзсэн. Бидний өмчлөлийн байранд Ш.Б-ы эд зүйлс байгаа, шүүхийн шийдвэр аваад ирвэл гарна гэдэг. Иймд Ш.Б-ы эд зүйлсийг бидний өмчлөлийн байрнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч нар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014-6-20-ны өдрийн №2418 шийдвэрийг гаргуулсан нэхэмжлэлдээ уг байр нь анх Ш.Ц-ы аав болох Ш.Шаравын нэр дээр байж байгаад 2006-01-18-ны өдөр Ш.Ц- өмчлөх эрхийг шилжүүлж авсан байдаг гэжээ. Ш.Б- нь Ш.Ц-ы төрсөн ах. Ш.Ц- нас барахаас өмнө уг байранд Ш.Б-,  өөрийн эцгийн хамт амьдарч байсан. Ш.Ц- нь 2008-3-07-нд нас барахад байранд Ш.Б-ы эд зүйлс тэр чигээрээ үлдсэн .... гэж үндэслэлгүй, нотлох баримтгүй, өвлөх эрхээ сэргээлгээгүй, худлаа өргөдлөөр №0280619 гэрчилгээг хууль бусаар гаргуулж өмчлөгч болсон байдаг. Нийслэлийн шүүхийн 2014-08-11-ний өдрийн №807 дугаар магадлалын хянавал хэсэгт гэрч Н.Ойдовдоржийн ....тоот байр нь Д.С болон миний барьцаанд байгаа, Дээд шүүхийн №600 шийдвэр гараад түүний нэр дээр гэрчилгээ гарсан, тэр хүүхний эд зүйлс уг байранд байгаа гэж мэдүүлсэнтэй харьцуулан үзэхэд уг байр хэний эзэмшилд байгаа нь тодорхой бус байна. Маргаан бүхий орон сууц хэний эзэмшилд байгаа болохыг тогтоосны үндсэн дээр хэрэг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны буюу биелэгдэх боломжтой болно. Дээр дурдсан үндэслэлээр №2418 шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай гээд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд буцаасан байдаг. Миний бие 2015-02-02-нд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн №818 шийдвэрээр Иргэний хуулийн 528.4-өөр өвлөх эрхээ сэргээлгэж, Н.Ойдовдоржоос.. хороо, ... тоот байрны №00178141-тай гэрчилгээг гаргуулах шийдвэр гарч, Н.Ойдовдорж нь надаас Ш.Ц-ы өр төлбөрийг гаргуулахдаа Ш.Ц-ы 2006-02-13-нд Гэрэгэ инвест ХЗХ-нд уг хоршооны гишүүнээр элсэх тэргүүлэгчдийн хурлын тогтоол №06-02/13, Гэрэгэ инвест ХЗХ-ны гишүүнээр элсүүлж миний ... байрыг барьцаалж хоршооны гишүүний анкет бөглөхдөө ам бүлийн байдал /зөвхөн ам бүлд байгаа хүмүүсийг бичнэ, таны юу болох эх, эцэг, ах, дүү, гэр бүл/ гэсэн хэсэгт төрсөн ах Ш.Б- гэжээ. Өөрөөр хэлбэл зөвхөн ахтайгаа амьдардаг, ам бүлд гэр бүл, эхнэр хүүхэдгүй гэж бөглөсөн нь Ш.Ц-ы өр төлбөр 24,700,000 төгрөгийг төлөх үндэслэл гэж үзээд мөн ИХ-н 528.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан байвал /миний бие 2005 оноос хойш 2014-7-р сар хүртэл уг байрны хөлсийг тасралтгүй бүрэн төлж, тасралтгүй 45 жил амьдарч эзэмшиж, эд хөрөнгөө байршуулсан нь эзэмдэн авсан, эзэмшсэн, эрхлэн удирдсан болзлыг хангаж байгаа тул уг өвийг хүлээн авсан гэж үзэж өвлөх эрхийг 528.4-т зааснаар сэргээж, Н.Ойдовдорж нь Ш.Ц-ы өр төлбөр 24,700,000 төгрөгийг надаар төлүүлж, 2018-10-08-ны №11000 захирамж ба 2018-10-08-ны шүүхийн гүйцэтгэх хуудас №00924-өөр НШШГГ-т зөвшөөрч гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн байдаг. Харин нэхэмжлэгч нар 2015-2-02-ны өдрийн №818 шийдвэр гарсныг мэдээд 2015-9-10-нд СБД-н ИХАШШ-н №28496 захирамжаар ИХШХШТХ-н 106.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэснээр Ш.Б- надыг хуралд оролцуулалгүйгээр, мэдэгдэлгүйгээр Нийслэлийн шүүхийн №807 магадлалд уг орон сууцыг хэний эзэмшилд байгааг тогтоолгоогүйгээр орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлээ татан авч хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэвч 2018-10-31-ний нэхэмжлэлдээ 3 удаа ИХ-н 12.1-ээр өөрөө өөртөө тусалж байна гэх нэрээр бусдын орон сууцнаас Эрүүгийн хуулийн 13.6-г зөрчин бусдын эзэмшлийн орон байранд хаалга цоож эвдэн орж орон байрнаас эд хогшил, зөөж явсан талаар эрүүгийн №170900546 дугаартай хэрэг үүсч хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн. 12.1-ээр өөрөө өөртөө туслах үйлдлийн талаар Улсын Ерөнхий прокурорын мэдэгдэх хуудас 2017-9-04-ний №1/1321-д Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар мэдэгдэхдээ Өөртөө туслах хууль ёсны үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн байхад дахин давтан гэмт хэрэг үйлдэж 2018-10-03-нд СБД-н цагдаагийн 1-р хэлтэст а/д Ганзориг мөрдөгч дээр эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа болно. Ер нь нэхэмжлэгч нар нь Ш.Ц-тай 2005-3-18-с нас барах хүртэл нь 2008-3-7-ны хооронд ИХ-н 528.1-т зааснаар /МУ-ын дээд шүүхийн 2018-6-19-ний №01020 тогтоолын хянавал хэсэгт өвлүүлэгчийг нас барах хүртэл нь түүнтэй хамт СБД-н ..-р хороо, .... тоотод хамт амьдарч байгаагүй учраас өвлөгч нар биш бөгөөд 528.2-т зааснаар хамт амьдарч байгаагүй өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэснийг нэхэмжлэгч нар хангаагүй учраас өвлөгч гэж тооцох үндэслэлгүй бөгөөд Ш.Б- нь №00178141-тай гэрчилгээг бидний гэр орон БГД-н ..-р хороо ... тоотоос хулгайлсан гэж захиргааны хэргийн шүүхийн 2014-07-07-ны тайлбартаа /хх-96-д/ мөн СБД-н шүүхийн 2017-12-06-ны №03130 шийдвэрийн нэхэмжлэлдээ Ш.Б- нь шүүх эмнэлгийн моорогт орж аавын бичиг баримт, иргэний үнэмлэхийг /бичиг баримт гэдэг нь байрны ба газрын өмчлөгч эрхийн гэрчилгээг хэлж байна/ хулгайлсан, бид өвлөх эрхээ нээлгэж чадаагүй саатсан гэж худлаа ҮХЭХБ газарт өргөдөл бичиж, өвлөгч болж №00280619-ртай гэрчилгээ гаргуулсан. Уг СБД ..-р хороо, ...... байрыг Ш.Б- миний бие 1973-6-7-с хойш эзэмшиж одоо 45 жил эзэмшиж байна. СБД-н 3 хорооны Засаг даргын тодорхойлолтоор Ш.Б- нь өөрийн төрсөн эцэг Шарав агсны хамт 2000-10-03-ны өдөр хүртэл хамт амьдарч байгаад одоо уг тоотод 1 ам бүлээр амьдарч байна гэх тодорхойлолт, хорооны цагдаа Цэвэлдоржийн тодорхойлолт, СБД-н 3 хорооны Засаг дарга 2005-10-28-ны 1 ам бүлээр тодорхойлолт, 2002-11-01-ний №205-аар Нийслэлийн иргэний бүртгэлийн албаны тодорхойлолт, СБД-н 3 хорооны 2002-11-18-нд 1973 оноос хойш одоог хүртэл амьдардаг тодорхойлолт, 2000 оны хүн амын тооллого №693-т бүртгэгдсэн 2004-6-15-ны №УБ00897 орон сууц хөлслөх гэрээ, 2005-5-2-ны өмч хувьчлалаар ҮХЭХБ -ийн Ү-2203012401 бүртгэгдсэн өмчлөгч, эрхийн №0105403 гэрчилгээ, 2014-8-19-ний №10/183. тоот УБТЗ-ын хууль зүйн албаны тодорхойлолт, ... байрны хөлс төлсөн баримтууд зэргээр Ш.Б- миний бие уг байрыг эзэмшигч гэдэг нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч нарын уг байрны талаарх хууль бус өмчлөлийн асуудлыг шийдвэрлэгдэхээс өмнө уг байрыг чөлөөлөх асуудал шийдвэрлэгдэх боломжгүй. Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015-2-2-ны өдрийн №818 шийдвэрээр ИХ-н 528.4-т зааснаар өвлөх эрхээ сэргээлгэснээс хойш би уг байранд өөрийнхөө эд хөрөнгийг оруулан, амьдарч байгаа учраас нэхэмжлэгч нарын орон сууцыг албадан суллуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 181/ШШ2019/00365 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Б- Я.Ж- нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, ... байрны .. тоот, 2 өрөө орон сууцнаас Ш.Б-ы эд зүйлсийг албадан гаргаж орон сууцыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар Ц.Б-, Я.Ж- нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ш.Б-аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 826 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-02-11-ний өдрийн 181/ШШ2019/00365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.

       Хариуцагч Ш.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шүүхийн 2014-08-11-ний өдрийн 807 дугаар магадлалд СБД-н шүүхийн 2418 дугаар шийдвэрийг ..Уг байр хэний эзэмшилд байгаа нь тодорхой бус байна, гэсэн нь маргаан бүхий орон сууц одоо хэний эзэмшилд байгаа болохыг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны буюу биелэгдэх боломжтой болно гэсэн байхад СБД-н 2019 оны 365 дугаар шийдвэр нь одоо уг байр хэний эзэмшилд байгааг үнэн зөв тогтоож чадаагүй өмнөх 807 дугаар магадлалд Н.Ойдовдорж, Д.Сосор нарын барьцаанд /эзэмшилд/ байсан энэ ажиллагаа дууссан уу, тодорхойгүй, шийдэгдээгүй байгаа. Нэхэмжлэгч нар 2019-02-11-ний шүүх хурал дээр БЗД-н шүүхийн 2016 оны 15156 дугаар захирамж, БЗД-н шүүхийн 2016 оны 15388 захирамжийг хэрэгт өгч хэлэлцүүлэхээр, миний бие хариуцагч учраас Д.Сосорыг хариуцагчаар татаж болохгүй энэ захирамжуудыг нэхэмжлэгч нар шууд хурал дээр өгч байгаа учраас ядахдаа гэрчээр оролцуулж одоо эзэмшиж, барьцаалж өр төлбөрөө авах гэж гомдол гаргаж буй Д.Сосорыг гэрчээр оролцуулъя гэсэн хүсэлтийг хүлээж аваагүй болохоор одоо байр хэний эзэмшилд байгаа, мөн Н.Ойдовдоржийн эзэмшлийн асуудал шийдэгдээгүй байгааг нэхэмжлэгч нар хэлэлцүүлэхээр 15388, 15156 захирамжуудыг хурал дээр өгснийг хэлэлцээгүй ба эрүүгийн хэргийг хүлээн аваагүй одоо Улсын Ерөнхий прокурорын 2019-04-19-ний №5/737-д Ц.Б- нь Өнөөдөр сонинд 2013-09-06-нд уг байрны гэрчилгээг өөрт байгаагүй байхад үрэгдүүлсэн гэж худлаа зарлуулж өвлөх эрхийн гэрчилгээг ИХ-н 528.3-р өвлөхөөс татгалзсан мөртлөө 2 дахь удаагаа СБД, 3-р хороо, .. байрыг өвлөж аваад №00280619 гэрчилгээгээр Газар партнерс ББСБ-с зээл авч Ш.Б- надаар 18.4 сая төгрөг төлүүлж 2018-10-05-нд цаснаар 5 хоног гадаа хонуулснаа шахалтаар бичиг үйлдүүлж байрыг барьцаалах эрх олгосон байдаг. 2019-05-08-ны давж заалдах шатны шүүхийн хурал дээр /тэмдэглэлд/ Ш.Б- нь уг байрны эзэмшигч гэж тайлбарласан ч үүнийгээ нотлож чадаагүй гэсэн нь №807 дугаар магадлалд Н.Ойдовдорж, Д.Сосор нар барьцаалж эзэмшиж байгаа нь дуусаагүйг хэлсэн. Харин үүнийг хэлэлцүүлэхээр нэхэмжлэгч нар 15156, 15688 захирамжуудыг шууд хурал дээр өгсөн байдаг. шүүгч 2013 оны 11527 захирамжидаа надыг хариуцагч биш гэсэн мөртлөө 2019-02-11-ний №00365 шийдвэрт намайг хариуцагч гэж үзээд №826 магадлалыг гаргасныг хянуулахаар ер нь өвлөгч биш, өмчлөх эрхгүй нэхэмжлэгч нарын одоо уг орон сууц хэний эзэмшилд, хэрний барьцаанд байгаа, өмчлөх эрх нь бүрэн шийдэгдсэн үү, нэхэмжлэгч нар өвлөгч юм бол яагаад 515.2-р 42.7 сая төгрөг гаргуулах БГД-н шүүхийн №06915 захирамжаар эрүүгийн №180904601 үнэлж 65.1.8-р түдгэлзүүлсэн байдаг. Барьцаалагч нарт өр төлбөрөө төлөхгүй байгаа зэрэг асуудлууд шийдэгдээгүй байхад №365 шийдвэр хэрэгжихэд хэцүү учраас хянуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ц.Б-,Я.Ж- нар 2018-11-02-ны өдөр Ш.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ..-р хороо, ..-р хороолол, ..-р байрны .. тоот орон сууц /цаашид .. тоот орон сууц гэх/-г чөлөөлүүлэхийг хүсэж, “... Ц.Б-ын эцэг, Я.Ж-ы нөхөр Ш.Ц-ы өмчлөлийн .. тоот орон сууцыг нэхэмжлэгч нар өвлөн авсан...гэтэл энэ орон сууцнаас хариуцагч гарахгүй, эд зүйлээ авахгүй байна...” гэсэн үндэслэл заасан байна.

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... Ш.Ц-ы аав Ш.Шаравын нэр дээр орон сууц байсан...Ш.Б- нь Ш.Ц-ы төрсөн ах ба Ш.Ц- нас барахаас өмнө уг байранд Ш.Б- эцгийнхээ хамт амьдарч байсан.... орон сууц хэний эзэмшилд байгаа нь тодорхой байх ёстой.... өв нээгдсэнээс хойш өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан... байрны хөлсийг тасралтгүй төлж байгаа... Ш.Ц-ы өр 24,700,000 төгрөгийг төлсөн... нэхэмжлэгч нар хамт амьдарч байгаагүй учраас өвлөгч биш...” гэжээ.

       Анхан шатны шүүх “...орон сууцнаас Ш.Б-ы эд зүйлсийг албадан гаргаж орон сууцыг чөлөөлөх..” шийдвэр гаргасныг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг  хэвээр үлдээсэн байна.

      Хариуцагч Ш.Б- хяналтын гомдолдоо “....уг орон сууц хэний эзэмшилд байгааг үнэн зөв тогтоож чадаагүй... шүүх хүсэлтийг хүлээж аваагүй... өвлөхөөс татгалзсан атлаа .. тоот орон сууцыг өвлөж авсан... Н.О, Д.С нар эзэмшиж байгаа 2013 оны 11527 захирамжид надыг хариуцагч биш гэсэн атлаа 2019 оны 00365 шийдвэрт хариуцагч гэж үзсэн.... барьцаалагч нарт өр төлөхгүй байгаа...” гэжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. 

      Хэрэгт авагдсан баримтаар, Ц.Б- Я.Ж- нар .. тоот орон сууцыг өв залгамжлалаар авч өмчлөгч болсон нь тогтоогдсон байна.

      Тодруулбал, .. тоот, 2 өрөө орон сууцыг Ш.Б- 2005-05-02-ны өдрөөс өмчилж, 2006-01-18-ны өдөр Ш.Ц-д шилжүүлэн өгч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлснээр Ш.Ц- өмчлөгч болсон, Ш.Ц- 2008-03-07-ны өдөр нас барсан, 2013-10-14-ний өдрийн гэрчилгээгээр уг орон сууц нь Я.Ж-, Ц.Б- нарт шилжиж, улсын бүртгэл хийгджээ.  

     Ш.Б- нь нэхэмжлэгч нарын өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсаны дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх  2014-11-21-ний өдөр 5563 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2015-04-03-ны өдрийн 379 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015-06-23-ны өдрийн 489 дүгээр тогтоолоор  Ш.Б-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

      Хариуцагч нь маргааны зүйл болсон орон сууцыг өмчлөх,эзэмших эрхтэй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

     Өмчлөгч нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 101,106 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ. 

     Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00365 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 826 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Ш.Б- хяналтын журмаар гомдол гаргахдаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2019/06777 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ