Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/00827

 

Ш.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/00526 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ШШ” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Одончимэг,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтөгс,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Анхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ШШ” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Ш.Д миний бие “ШШ” ХХК-ийн захирлын 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай тушаалаар тус компанид анх ажилд орж, 2008 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хуулийн зөвлөхөөр 10 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд ямар нэг алдаа дутагдал гаргаагүй, компанийн үе үеийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ирсэн бөгөөд сахилгын болон зөрчлийн арга хэмжээ авагдаж байсангүй. Компанийнхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн дагуу хамгаалж, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласаар ирсэн. “ШШ” ХХК намайг ажилд орохоос өмнө буюу 2004 оноос уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж 2009 онд баяжуулах үйлдвэр, үйлдвэрийн хаягдлын далан, уурхайн кемпын хэсгүүдээ барилгын техникийн комисс болон уурхай хүлээн авах комисст хүлээлгэн өгч уурхай, баяжуулах үйлдвэрүүдээ туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн. Гэтэл Баяжуулах үйлдвэрийн хаягдлын байгууламж нь чанаргүй баригдсаны улмаас газрын гүнд нилээд их хэмжээний шүүрэлт гарч уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалтаар зогсоож 2010, 2015 онуудад Улсын мөрдөн байцаах газраас мөрдөн шалгаж, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаах, прокурорын шатанд тогтоогдож хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр уг хэрэг хэрэгсэхгүй болсон. Үйлдвэрийн хаягдлын байгууламж нь 56 га газарт 36 метрийн гүнтэй 6 төрлийн химийн хорт бодис, хар тугалга, цайр, уран гэх мэт химийн хорт бодис болон хүнд металлуудын хольцтой бохир хаях зориулалттай байгууламж юмаа. Энэхүү байгууламжийн ойролцоо гүний усны орд газар байдаг, энэ усны ордоос “ШШ” ХХК-ийн ажилчид болон ойролцоох хэд хэдэн багийн иргэд ундаалдаг ба тус хаягдлын байгууламжийн дор газрын гүнд ч усны судал байх магадлалтай гэж усны мэргэжилтнүүд үздэг. Шүүрэлт гарсан үйлдвэрийн хаягдлын даланг дахин шинэчлэн засварлах, бүтээгдэхүүн тээвэрлэх замын чиглэлийг тогтоох асуудлаар миний бие компанийн гүйцэтгэх захирлын өгсөн чиглэлүүдийн дагуу холбогдох хууль тогтоомжууд, ажлын заавар, журам, норм, стандартуудыг нэг бүрчлэн судалсны үндсэн дээр үйлдвэрийн хаягдлын байгууламжид онцгой анхаарч арга хэмжээ авахгүй бол уурхайн ажилчид, хүн ам, хүрээлэн байгаа орчинд ноцтой хохирол учруулах, улмаар компанид эрсдэлтэй талаар тодорхой хууль зүйн зөвлөгөөг 2015 онд “ШШ” компанийн тухайн үеийн удирдах албан тушаалтнуудад өгсөн боловч харамсалтай нь миний өгсөн хууль зүйн зөвлөгөөг хүлээж аваагүй. Миний бие сүүлийн жилүүдэд Монгол Улсын хууль дээдлэх зарчмыг үл хүндэтгэдэг шинээр томилогдон ирсэн компанийн удирдлагад хавчигдаж, хүнд нөхцөлд ажиллаж байсан бөгөөд 2008-2017 оныг хүртэл компанийн үе үеийн удирдлагуудад хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар саналаа удаа дараа илэрхийлсэн боловч гэрээ байгуулах эрх бүхий удирдах албан тушаалтнууд хятадад байгаа, хотод байгаа ирэхээр нь хөдөлмөрийн гэрээ байгуулъя, толгой компанийн хуулийн хэлтэст хандаж гэрээ боловсруулна, эсхүл удирдлагууд удаан хугацаагаар нутаг явсан гэсээр 2018 оны 2 дугаар сарыг хүртэл надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтан надаас шалтгаалаагүй юмаа. 2007 онд “ШШ” ХХК-ийн цайр, хар тугалгын олборлох үйлдвэрийн хаягдлын далангийн суурийг мэргэжлийн бус компани норм, стандартын дагуу хийгээгүйгээс далангийн сууриас шүүрэлт гарч байгаль орчинд онц их хэмжээний хохирол учирсан нь 2013 онд эрүүгийн журмаар шалгагдан тогтоогдсон. Үүнээс хойш намайг хавчиж, заавал буруутгах зүйл хайж эхэлсэн. 2015-2018 онуудад Улаанбаатар хот дахь салбар газрын дарга Хөхбар нь надад ажил өгөх, захиралтай уулзуулах дургүй, захиралтай уулзахад орчуулга бүрэн хийгдэхгүй, ажил дээр суулгахгүй, улмаар дуудахаар ирж бай гэж зааварчилгаа өгсөн ба энэ хугацаанд компаниас цалин хөлсийг минь төлсөөр байсан. Энэ хугацаанд миний бие удаа дараа компанийн удирдлагуудтай уулзаж ажил өгөхгүй байгаа шалтгааныг тодруулахаар уулзахад компанийн удирдлагууд тодорхой юм хэлэхгүй байсаар ирсэн. Ингэж явсаар миний бие 2018 оны 2 сард компанийн гүйцэтгэх захирал Ли женд бичгээр ажлын байраа баталгаатай болгуулах, ажил өгөхгүй байгаа шалтгааныг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч дахин хүсэлт гаргасан. Гэтэл миний гомдол хүсэлтэд хариу огт өгөөгүй, харин хөдөлмөрийн гэрээ байгуулах, дотоод журам, ажлын байрны тодорхойлолттой танилцаж хүлээн зөвшөөрөхийг шаардсан мэдэгдэл ирүүлсэн. Надад ирүүлсэн мэдэгдэлтэй танилцахад хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтууд нь намайг ажлаас халах зорилготой нь илэрхий байсан, хөдөлмөрийн дотоод журамтай танилцахад хүний эрх зөрчих магадлалтай заалтууд орсон байсан тул хөдөлмөрийн гэрээ байгуулах гол нөхцөл болох ажиллах нөхцөлийн талаар компанийн удирдлагуудаас асууж тодруулахад “ШШ” компанид хууль зүйн туслалцаа үзүүлж буй Нандинцэцэг хуульч энэ талаар МХЕГ дүгнэлт гаргана та энэ талаар ярьж шаардах эрхгүй гэж хэлсэн. Миний бие хуульчийн хувьд хүн, ам, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган ажилласныхаа төлөө хүний хувьд бурханы шашин шүтдэг, бурханы шашинд ус, ургамал, ан амьтан, хөрс, шороо бүгд хүнтэй адил амьтай гэж үздэг учир Байгаль орчныг бохирдуулж болохгүй тухай үзэл бодлоо илэрхийлж, засч залруулахыг шаардсаныхаа төлөө ялгаварлан гадуурхагдаж, хавчигдсаар ажлаас үндэслэлгүй халагдсан. “ШШ” ХХК Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 -д “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно” гэж заасныг зөрчиж ялгаварлан гадуурхаж ажлаас орон тоо хассан гэх үндэслэлгүй бодит байдалд нийцэхгүй үндэслэлээр өөрсдийн давуу байдлаа ашиглан намайг халсан. “ШШ” компаниас хуулийн зөвлөхийн орон тоо хассан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгч, Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай гүйцэтгэх захирлын тушаалыг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ш.Д надад гардуулсан. Мэдэгдлийг гардан авч орон тоо хассан нь үндэслэлгүй талаар “ШШ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ли Женд гомдол гаргасан боловч надад ямар нэг хариу ирүүлэхгүй байсаар 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр орон тоо хассан үндэслэлээр намайг ажлаас халсан тухай тушаалыг гардуулсан тул би шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. “ШШ” ХХК-д хуулийн зөвлөхийн хийх ажил, чиг үүрэг хэвээр байгаа нь бодит үнэн. Тиймээс би энэ мэдэгдэл, тушаалд бичсэн орон тоо хассан гэх үндэслэл нь үнэнд нийцэхгүй гэж үзэж байна. “ШШ” ХХК 2018 оны 5 дугаар сарын 25 буюу орон тоо хассан мэдэгдлийг надад өгсөн өдрөө Монголын Хуульчдын холбооны хариуцлагын хороонд намайг байгууллагын зөвшөөрөлгүйгээр Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж байгууллагын нууцыг задалсан, мэргэжлийн хяналтын газрын ажлыг хийлгэхгүй байнга гомдол гаргаж дарамталдаг гэх мэт зүйлийг дурдаж надад хариуцлага хүлээлгэхийг хүсч гомдол гаргасан байдаг. Ийнхүү “ШШ” ХХК-иас Монголын Хуульчдын холбоонд гаргасан 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гомдолд байгууллагын удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр Мэргэжлийн хяналтын газарт хандсан, байгууллагын нууцыг задалсан гэж бичсэн нь намайг Мэргэжлийн хяналтын газарт хандсанд илэрхий дургүйцсэн нь энэхүү баримт бичгээр нотлогдоно. Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооноос 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/79 дүгээр захирамжаар “ШШ” ХХК-н гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн “Дачэн” хуулийн нөхөрлөлтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй ажилладаг гэдгийг тус нөхөрлөлийн хуульч Норжинсүрэн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр батлан хэлсэн. “ШШ” ХХК-д миний өгч байсан хууль зүйн зөвлөгөөг “Дачэн” хуулийн нөхөрлөл өгч байгаа зэрэг үйл баримтуудаас миний ажлын албаны чиг үүрэг хэвээр байгаа, зөвхөн Данзмаа намайг халах гэсэн нь илэрхий бөгөөд, хэрэгт байгаа баримт бичгүүдээр нотлогдоно. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 32 042 714 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани анх Ш.Д-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь үнэн. Гэхдээ манайх хөдөлмөрийн гэрээ, журам өөрчлөөд явж байгаа. Ш.Д-тай хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан ч хуульд заасан эрхийг хөндөж байна гээд байгуулаагүй. Хэрэв эрх ашгийг нь зөрчиж байна гэж үзсэн тохиолдолд шүүхэд хандах ёстой байсан ч Хүний эрхийн үндэсний комисст хандаж зөвлөмж авч байгаа нь үндэслэлгүй байна. Манайх Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн зөвлөмжийг хүлээж авсан. Гэхдээ тухайн зөвлөмжид хүний эрхийг зөрчсөн талаар ямар ч зүйл байгаагүй. Бид нарын буруугаас болж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж байна. Бидний зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгчийн буруу гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр 1 сарын өмнө мэдэгдэж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарсан. “ШШ” ХХК нь 2016 оноос хойш өмгөөллийн “Дачэн” гэх нөхөрлөлтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Ш.Д хэлэхдээ 2016 оноос хойш надад ажил өгөхгүй байсан гэж байна. Компани өөр нөхөрлөлөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Гэтэл яагаад заавал том компанид хуульчийн орон тоо байх ёстой гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Ажил олгогчийн зүгээс өмгөөллийн нөхөрлөлтэй гэрээ байгуулсан учир хуульчийн орон тоог хасах эрх нь байгаа. Компанийн бүтэц өөрчилж, орон тоо хасах нь Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн эрхийн асуудал. Харин Ш.Д-ийн ярьж буй зүйл нь ямар ч үндэслэлгүй. Данзмааг ажлаас халсан тушаалд компанийн нууцыг задруулсан тул ажлаас халсан гэх үг үсэг байхгүй. Манайх орон тоо хасагдсан гэх үндэслэлээр л ажлаас халсан. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажлын байрны тодорхойлолтод шаардлагатай тохиолдолд уурхай явж ажиллахаар заасан гэж байна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд уурхай явж ажиллахаар заасан нь үүрэг болгосон зүйл биш. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхгүй гэж хэлсэн гэж байна. Энэ нь хүнийг гүтгэсэн асуудал. Тиймээс манай компанийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг халсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Ш.Д-г “ШШ” ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, “ШШ” ХХК-аас 29 634 872 төгрөг гаргуулан Ш.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажлын байрны орон тоо хассан нь үндэслэлгүй болохыг тогтоолгох болон 2 063 252 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ш.Д-ийн нэхэмжлэлтэй, “ШШ” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2019/00526 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.6. 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг тус тус үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлэлгүйгээр шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин шүүх хуралдаанд оролцсон боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хамааралгүй асуудлаар шүүх дүгнэлт хийн хүний нөөцийн ажил хасагдаагүй байх тул ажлаас халсан нь үндэслэлгүй гэж дүгнэснээр шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн. Хариуцагч хуулийн нөхөрлөлөөс хууль зүйн туслалцаа авч ажиллаж байсан нь хуулийн зөвлөхийн ажил хасагдаагүй талаар шүүх дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон. 2016 оноос хуулийн нөхөрлөл шаардлагатай асуудлаар хуулийн туслалцаа үзүүлж байсан. Тухайн үед нэхэмжлэгч тус байгууллагад ажиллаж байсан ажил олгогч цаашид хуулийн зөвлөхийг орон тоогоор ажиллах шаардлагагүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болсон гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2019/00526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч “ШШ” ХХК-д холбогдуулан хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ш.Д нь 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч “ШШ” ХХК-д хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтны ажлын байранд түр хугацаагаар томилогдон орсон бөгөөд “ШШ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 395 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар “ШШ” ХХК-ийн хуулийн зөвлөхийн орон тоог хассан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 16, 40 дүгээр тал/

Талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгч нь хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд ажиллаж, цалин хөлсөө тогтмол авч байсан зэргээс үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ. /хх-ийн 111-113 дугаар тал/

Хариуцагч татгалзалдаа “ШШ” ХХК-ийн ажил, албан тушаалын жагсаалтыг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 356 дугаар тушаалаар шинэчлэн баталж, нэхэмжлэгч Ш.Д-ийн эрхэлж байсан хуулийн зөвлөхийн албан тушаал хасагдсан тул 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ш.Данзмаад хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцсэн, үндэслэлтэй хэмээн тайлбарлажээ. /хх-ийн 14-16 дугаар тал/

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Хариуцагч “ШШ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Грейт промис энтерпрайз” компанийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “ШШ” ХХК-ийн ажилчдын ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж, шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг “ШШ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ли Жэнд олгожээ. /хх-ийн 101-104, 135 дугаар тал/

Дээрх шийдвэрийг үндэслэн “ШШ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 356 дугаар ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаалаар хуулийн зөвлөхийн орон тоо хасагдаж, “ШШ” ХХК-иас 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр а-18-171 дугаар мэдэгдлээр Ш.Д-д хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдэж, Ш.Д нь тус мэдэгдлийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 14-15, 43-46 дугаар тал/

Иймд хариуцагч “ШШ” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Д-г ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн, үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хуулийн зөвлөхийн орон тоог хассан гэх боловч 18 орон тоо нэмэгдсэн, хүний нөөцийн 5 орон тоо хасагдаагүй хэвээр байгаа, “ШШ” ХХК-ийг “Дачэн” хуулийн нөхөрлөлтэй гэрээтэй ажилладаг тул тус компанид хуулийн зөвлөхийн ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл ажлын байрны 18 орон тоо нэмэгдсэн байгаа нь хуулийн зөвлөхийн ажил албан тушаалыг хасагдаагүй гэх үндэслэлгүй, түүнчлэн ажил олгогчийн зүгээс хуулийн нөхөрлөлөөс эрх зүйн туслалцаа авсан нь хуулийн зөвлөхийн орон тоо хэвээр хадгалагдаж байгаа гэх үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэгч Ш.Д нь 2008 оны 10 сарын 06-ны өдөр хариуцагч байгууллагад хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтны ажлын байранд түр хугацаагаар томилогдсон боловч тэрээр хуулийн зөвлөхийн ажил үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор тодруулсан байх тул энэ хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “ШШ” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай Ш.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/00526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “ШШ” ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 125 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                  ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР

                                                                                 Г.ДАВААДОРЖ