Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00867

 

Н.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02566 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1968 дугаар магадлалаар Н.Даас 27 622 996 төгрөгийг гаргуулж “Фүжи холдинг ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ нь Н.Д-д мэдэгдэлгүйгээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар Н.Д-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 4 байр, 4 тоот орон сууцыг 76 777 900 төгрөгөөр үнэлж 53 744 530 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон. Энэхүү мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнгөнцэцэг Н.Д-д мэдэгдэж өгсөн. “Хөрөнгө эстимэйт” ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 4 байр, 4 тоот орон сууцны үнийг өнөөдрийн зах зээлийн үнэлгээг хэт багасгаж үнэлсэн байна. Иймд НШШГГ-ын “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар хийлгэсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар Н.Д-аас төлбөр гаргуулж, нэхэмжлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК-нд олгохоор болсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдсэн, мэдэгдлийг хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй. Иймд барьцаа хөрөнгө болох орон сууцыг битүүмжилж, уг орон сууцны үнийн талаар санал авахад өөрөө Н.Д нь санал өгөөгүй болно. Тиймээс бид хуульд заасны дагуу үнэлгээ хийлгэж уг үнэлгээгээр төлбөр төлөгч Н.Д-д 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдсэн. Тиймээс ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Өөрөө үнийн санал өгөөгүй, мөн төлбөрөөс төлөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, төлбөр авагчийн эрх ашиг бас зөрчигдөж байгаа гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 04 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 4 дүгээр байр, 4 тоот, 29 м.кв 3 өрөө орон сууцыг хариуцагч өөрийн санаачлагаар "Хөрөнгө эстимэйт" ХХК-иар үнэлгээ хийлгүүлэн 76 777 900 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний 70 хувь болох 53 744 530 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргасан бөгөөд уг үнэлгээний байгууллагаас манай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь одоогийн зах зээлийн үнэд нийцэхгүй хэт бага үнэлсэн учраас үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэсэн заалтыг зөрчиж, өмчлөгчийн эрх ашгийг хэт дордуулж, өмчийг үнэгүйдүүлж, Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2-т өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн ... дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулж болно, 176.2.1-т үүрэг гүйцэтгэгчийн төлбөл зохих өрийн шинж чанараас шалтгаалан дуудлага худалдааг түр хойшлуулж болно, 176.2.2-т өмчлөгчийн эдийн засгийн болон хувийн харилцаа холбоог харгалзан үзэх шаардлагатай, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдэлнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчиж өмчлөгч буюу нэхэмжлэгчийн хуулиар эдлэх эрхийг хязгаарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01315 дугаар шийдвэрээр “Фүжи холдинг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Д-д холбогдох хэрэгт хариуцагч Н.Д-аас 29 603 028 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 4 тоот, 29 м.кв орон сууцаар хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1968 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Н.Д-аас 27 622 996 төгрөг гаргуулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 26-34 дүгээр тал/

Нэхэмжлэгч Н.Д нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул “Фүжи холдинг ББСБ” ХХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 20 дугаартай гүйцэтгэх хуудас гаргаж, НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үүсгэсэн байна. /хх-ийн 25, 35 дугаар тал/

Хариуцагч нь шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 23, 2018 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр тус тус нэхэмжлэгч Н.Д-д хүргүүлсэн байх бөгөөд барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 4 тоот, 29 м.кв орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр битүүмжлэн, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргажээ. /хх-ийн 36-37, 53-59 дүгээр тал/

Төлбөр төлөгч Н.Д нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн саналд “орон сууцны одоогийн зах зээлийн ханшийг мэдэхгүй байгаа тул үнийн санал өгөхөөс татгалзаж байна” гэжээ. /хх-ийн 60-61 дүгээр тал/ Төлбөр авагч “Фүжи холдинг ББСБ” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр уг орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 62 дугаар тал/

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч НШШГГ нь “Хөрөнгө эстимэйт” ХХК-нийг шинжээчээр томилж, шинжээч нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 4 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг харьцуулан, зэрэгцүүлэх аргыг ашиглан нийт 76 777 900 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /хх-ийн 63-74 дүгээр тал/

Түүнчлэн, хариуцагч байгууллагаас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 4/12967 дугаартай мэдэгдлээр шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн, нэхэмжлэгч Н.Д нь уг мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогджээ. /хх-ийн 75-78 дугаар тал/

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх боловч энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийг зөрчсөн гэх боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх хуулиуд зөрчигдсөн гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

                                                  ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

                                                                                                  Г.ДАВААДОРЖ