Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 02566

 

 

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2018/02566

Улаанбаатар хот

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Н Д  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н ш ш г г холбогдох

Үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг  2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.            

                                                      

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Тогмид, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Тогмид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1968 дугаар магадлалаар Н.Даас 27 622 996 төгрөгийг гаргуулж “Фүжи холдинг ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Н ш ш г г нь Н.Дд мэдэгдэлгүйгээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар Н.Дын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 4 байр, 4 тоот орон сууцыг 76 777 900 төгрөгөөр үнэлж 53 744 530 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон байна. Энэхүү мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнгөнцэцэг Н.Дд мэдэгдэж өгсөн. “Хөрөнгө эстимэйт” ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 4 байр, 4 тоот орон сууцны үнийг өнөөдрийн зах зээлийн үнэлгээг хэт багасгаж үнэлсэн байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар хийлгэсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Н.Даас зээлийн гэрээний үүрэгт 27 622 996 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд мэдэгдэлгүйгээр түүний өмчлөлийн орон сууцыг үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулсан. Гэтэл “Хөрөнгө эстимэйт” ХХК хэтэрхий багаар үнэлсэн, Н ш ш г г нь дангаараа Н.Дд мэдэгдэлгүйгээр үнэлгээ хийсэн тул хүчингүй болгож өгнө үү. Уг нь бол ганц газраар үнэлүүлэх биш өөр өөр үнэлгээний газраар үнэлгээ хийлгэж бодит үнийг тогтоох байсан юм. Мөн шүүхээс орон сууцны үнэлгээг хийж, үнэлгээ багаар тогтоосон эсэхийг тогтоох боломжтой гэж үзэж байна. Бид төлбөр авагчид мөнгийг нь төлнө, боломжгүй нөхцөл байдал үүссэн болохоор хугацаандаа төлөөгүй, харин орон сууцаа худалдан борлуулмааргүй л байгаа юм гэв. 

 

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Цогжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1315 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1968 дугаар магадлалаар Н.Даас 27 622 996 төгрөгийг гаргуулж “Фүжи холдинг ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.Дд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 4 тоот 329 м.кв хоёр өрөө орон сууцыг битүүмжилж хураан шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход “Хөрөнгө эстимент” ХХК нь 76 777 900 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч Н.Дд 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч Н.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг дээрх үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлт гаргаж мэдэгдэл хүлээн авсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Н.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Тогмидын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар Н.Даас төлбөр гаргуулж, нэхэмжлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК-нд олгохоор болсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдсэн, мэдэгдлийг хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй. Иймд барьцаа хөрөнгө болох орон сууцыг битүүмжилж, уг орон сууцны үнийг талаар санал авахад өөрөө Н.Д нь санал өгөөгүй болно. Тиймээс бид хуульд заасны дагуу үнэлгээ хийлгэж уг үнэлгээр төлбөр төлөгч Н.Дд 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдсэн. Тиймээс ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Өөрөө үнийн санал өгөөгүй, мөн төлбөрөөс төлөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, төлбөр авагчийн эрх ашиг бас зөрчигдөж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                     

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Н ш ш г гт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 4 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны үнэлгээг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үнэлгээ хийхдээ орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, 76 777 900 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй, үнэлгээг хийхдээ төлбөр төлөгчид мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэгч нь дангаараа үнэлгээ хийж эрх ашгийг хохироох хэмжээнд хүрээд байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, орон сууцны үнэлгээний талаар санал асуусан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

  

 “Фүжи холдинг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Дд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 603 028 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №183/ШШ2017/01315 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.Даас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 603 028 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК-нд олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 4 тоот 29 м.кв орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 26-29-р хуудас/

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №1968 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №183/ШШ2017/01315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч Н.Даас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 622 996 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК-нд олгож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 980 032 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “305 965” төгрөг гэснийг “296 065” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. /хэргийн 30-34-р хуудас/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №183/ГХ2018/00020 дугаар “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-аар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №183/ШШ2017/01315 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1968 дугаар магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлснээр 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18290117 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 25-р хуудас/

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулсан гэдэгтэй маргаагүй болно.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Даас 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Н ш ш г гт “...миний өмчлөлийн ХУД-ийн 3 дугаар хороо, 11 дүгээр байр 4 тоот 2 өрөө орон сууцандаа одоогийн зах зээлийн ханшийг мэдэхгүй байгаа тул үнийг санал өгөхөөс татгалзаж байна” гэж, төлбөр авагч “Фүжи холдинг ББСБ” ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 байр, 4 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206004387 дугаартай 29 м.кв 2 өрөө орон сууцанд хөндлөнгийн шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг гаргуулах” хүсэлтийг ирүүлсэн тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан талуудын хүсэлт, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор тус тус тогтоогдож байна. /хэргийн 58-61-р хуудас/

Хэрэгт авагдсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 04 тоот 29 м.кв талбайтай /хэмжилтээр 54 м.кв/, 2 өрөө, Ү-2206004387 тоотод бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 76 777 900 төгрөг” гэж үнэлжээ. /хэргийн 63-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж саналт хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж зааснаар “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайланг хариуцагч нь нэхэмжлэгчид 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр танилцуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэлээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. /хэргийн 52-р хуудас/

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж зааснаар орон сууцыг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, хэд хэдэн газраар үнэлгээ хийлгэж зах зээлийн бодит үнийг тогтоогоогүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, уг үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан.

Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа нотлосон баримтыг ирүүлээгүй, уг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол, 4 байр, 4 тоотод байрлах 29 м.кв 2 өрөө орон сууц нь зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон орон сууцыг 76 777 900 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур болох талаар баримтаар нотлоогүй тул шүүх орон сууцны үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн орон сууцыг хэд хэдэн газраар үнэлгээ хийлгэж бодит үнийг тогтооно гэсэн боловч “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тайланд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн харьцуулан зэрэгцүүлэх арга, орлогын хандлагын арга, зардлын хандлагын аргуудыг хэрэглэж үнэлж буй хөрөнгийг төлөв байдалд үндэслэн үнэлгээг тогтоосон байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв. 

Нэхэмжлэгч нь орон сууцны үнэ хэт доогуур болохыг шүүхээс шинжээч томилж тогтоох боломжтой гэсэн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, мөн орон сууцны үнэлгээний талаарх баримтуудыг өөрөө гаргаж ирэх бүрэн боломжтой байх тул хүсэлтийг хангаагүй болно.  

 Иймд нэхэмжлэгч Н.Дын хариуцагч Н ш ш г гт холбогдох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 04 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохооор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Н.Дын хариуцагч Н ш ш г гт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 04 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН