Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 302

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогч О.М-

Шүүгдэгч Ч.З- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.З-д холбогдох эрүүгийн 1725001770095 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Ч-ийн З- /РД: хх************/

Шүүгдэгч Ч.З-г 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт О.М-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ч.З-гийн гэрт О.М-, Ч.З-, түүний эхнэр Б- нар архи ууж байгаад гарч караоке орохоор таксинд сууж яваад З- нь эхнэр Б-ийг эхлээд цохиод улмаар О.М-ийг нүүр рүү нь цохиж биед нь дээд баруун нэгдүгээр шүдний хугарал, баруун нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл, хохирол учруулсан байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     -Хохирогч О.М-ийн . . . Б-ийн нөхөр нь эхлээд Б-ийн толгой руу гараараа цохих шиг болсон. Эргэж хараад миний баруун хөмсөгний дээд хэсэг рүү гараараа хүчтэй цохихоор нь чи яагаад зүгээр явж байгаа хүнийг цохиж байгаа юм бэ гэсэн чинь шүд рүү цохиод шүд хугалсан гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

    - Гэрч Д.Б-ийн . . . З- руу уурласан чинь намайг нүүр рүү цохихоор нь нүүрээ дарсан чинь манай найз М- чи яаж байгаа юм бэ эмэгтэй хүнийг гэсэн чинь З- баруун гарын ард талаар М-ийг нүүр рүү 2 удаа цохиод авсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

       - Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 731 дугаартай: О.М-ийн биед дээд баруун нэгдүгээр шүдний хугарал, баруун нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Дээд баруун нэгдүгээр шүдний хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана”гэх дүгнэлт/хх-ийн 18/,

  - Хохирогч О.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017-8-28-нд өглөө суудлаар ирээд найз Б-ийнд очсон. Тэнд нэг найз нь байсан. Хоол цай идэж архи уусан. Караоке орох болж такси барьсан. Таксины жолооч урд суудалдаа хүүхэд суулгасан байсан тул бид 4 арын суудалд чихэлдэж суусан. Б- “хүүхэд авч явлаа” гэсэн, би “за яах вэ боломжгүй болоод тэр биз” гэсэн гэтэл З- эхлээд Б-ийг цохиод яах ийхийн зуургүй миний нүүр рүү тас хийтэл цохисон. Дахин нэг цохисон. Тэгээд намайг зам дээр шууд түлхэж буулгаад яваад өгсөн. Би нөхрөө дуудаад энд буудалд 4 хоносон. З- ирж уулзаагүй. 1 шүд унасан. 1шүд ломбодуулсан. Буйланд суулгадаг шүд хийлгэх бодолтой байгаа. Гомдолтой. Хохирол 3 сая төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Ч.З-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Таксинд явж байгаад агсраад байхаар нь нүүр рүү нь цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

            Шүүх шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.З- нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт таксинд хамт сууж явсан О.М-ийг нүүр рүү нь цохиж биед нь дээд баруун нэгдүгээр шүдний хугарал, баруун нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл, хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

                     Шүүгдэгч Ч.З-гийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй  байх тул түүнийг хүний эрүүл мэндэд

          санаатай халдах хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

       Шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохиролын шинж байдал, улсын яллагчийн саналыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

        Шүүгдэгч шүүх хуралдаанд “ хөдөлмөрийн чадвараа 70% алдсан, группт байдаг” гэж мэдүүлж байх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүйн зэрэгцээ, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн...”гэдэгт хамаарахгүй байна.

       Хохирогч шүүх хуралдаанд шүүгдэгчээс 3 сая төгрөг нэхэмжилж байна гэсэн боловч хэрэгт 157700 төгрөгний баримт /хх21/ авагдсан, нэхэмжлэлийн бусад хэсэг баримтаар нотлогдохгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж хэлэлцэхгүй орхилоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б хүний эрүүл мэндэд санаатай халдах хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З-г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.З-д оногдуулсан ялыг өдөрт 3 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

         4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Ч.З-гоос 157,700 төгрөг гаргуулан хохирогч О.М-т олгож,нэхэмжлэлийн бусад хэсгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, хэлэлцэхгүй орхисугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

  6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж

заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ