Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 300

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Х.Бүжинлхам

Шүүгдэгч Э.Энхболор нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Энхболорт холбогдох эрүүгийн 1725001590075 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Зүлэгт суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум Говил багийн гэр хорооллын 6-62 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тэмээт овгийн Энхээгийн Энхболор, рөгистрийн дугаар /ЕТ93050422/

Шүүгдэгч Э.Энхболорыг Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” хүнсний захын ногооны зах дотор Х.Бүжинлхамын лангуун дээр 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллаж байхдаа 543,162 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулий 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Э.Энхболор нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” хүнсний захын ногооны зах дотор Х.Бүжинлхамын лангуун дээр 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллахад 2 удаа тооллого хийсэн ба эхний удаа 8 сарын 09-ний өдөр Э.Энхболорыг байлцуулан хийсэн тооллогоор 175 355 төгрөгийн дутагдал гарсан, 2 дахь удаа буюу 8 сарын 14-ний өдөр Э.Энхболорыг байлцуулахгүйгээр хийсэн тооллогоор 367,807 төгрөгийн дутагдал гарсан болохыг хөрөнгийн үнэлгээний “Бан хас” ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Х.Бүжинлхамын…. Тэгээд тохироод 2017 оны 08 дугаар сарын 01-ний өглөө ирээд бараагаа тоолж хүлээлгэж өгөөд ажиллуулсан. Тэгээд өдөрт лангуун дээр сууж орой орлогоо авчирч өгдөг байсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би хот явж хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлийг авах гэсэн юм орондоо ээжийгээ суулгачихъя гэсэн. Тэгэхээр нь за явчихаад ир гээд явуулсан. Тэгээд ирнэ гэж хэлсэн өдрөө ирээгүй юм. Тэгэхээр нь бараагаа тоолоод үзсэн 619,920 төгрөг дутсан. Шинжээчийн дүгнэлтээр 543,162 төгрөгийн дутагдал гарсаныг хүлээн зөвшөөрч байна.”... гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/

            -Гэрч Э.Энхриймаагийн... “Энхболор нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Хүлэг худалдааны төвийн хажуу талд байх ногооны зах дотор өндөгний лангуун дээр суусан юм. 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тооллогоор Энхболорт 175.000 төгрөгийн дутагдал гарсан гэсэн. Тэрнээс хойш лангуун дээрээ сууж байгаад Улаанбаатар хот руу явсан хойгуур нь буюу 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр лангууны эзэн гэх эмэгтэй Энхболорыг байхгүй хойгуур нь тооллого хийгээд дахиад 300,000 гаран мянган төгрөгийн алданги гарчихсан гэсэн. Энхболор өөрөө надад хэлэхдээ эхний тооллогоор гарсан 300,000 гаран мянган төгрөгийн барааг би төлөхгүй гэж ярьж байсан. ”... гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

         -Гэрч Ж.Сувдмаагийн :...2017 оны 8 сарын 15-ны өдрийн 13 цагийн үед Бүжинлхам лангууны барааг тоолж байгаад намайг бичээд өгөөч гэсэн. Бид 2-ыг тоолж байхад Энхболор байгаагүй. Барааг тоолж дууссаны дараа тооцоогоо хийчихээд 200 гаран мянган төгрөг байхгүй байна. Өмнө 7 хоногт тоолоход бас дутаж байсан гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг/хх11-р хуудас/

            -“Бан Хас” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаартай  үнэлгээний тайлан,үндэслэл болгосон баримтууд... /хх-ийн 15-19-р хуудас/

            -Э.Энхболорын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдал тодорхойлсон баримтууд  /хх-ийн 28-30-р хуудас/

       -Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:2017 оны 8 дугаар сарын 13-нд хот яваад ирье, дүүгээр суулгана гэсэн. Маргааш ирнэ гэсэн боловч ирээгүй. Маргааш нь дүү нь суусан. Ирнэ гэсэн өдрөө ирээгүй, утсаар ярихад маргааш очно гэсэн боловч ирэхгүй болохоор нь тооллого хийсэн. 600 гаруй мянган төгрөг дутсан. Нэг зарлага хасаагүй байсан тул түүнийг хасаад 543.163 төгрөг дутсан. Өдөр болгон бараагаа падаанаар авдаг. Орлого зарлагаа хувийн дэвтэрт тэмдэглээд явдаг. Орлогын мөнгө дутсан гэж бодож байна. Хохиролоо төлүүлнэ гэсэн мэдүүлэг,

       -Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би зөвшөөрөхгүй байгаа. Энэ лангуун дээр 13 хоног суусан. 9 хоноод тоолоход 100 гаруй мянган төгрөг дутлаа гэсэн. Дахиад намайг байхгүйд тоолоод 300 гаруй мянга дутлаа гэсэн. Би нөхрөө гаргаж өгөх гээд хот явсан. Дүүгээ суулгаад явсан. Ирэхэд дүүг маргааш битгий ирээрэй гээд явуулсан байсан болохоор би очоогүй. Яагаад дутагдал гарсаныг олоогүй. Би мөнгө хэрэглээгүй. Би 13 хоногийн цалингаа аваагүй тул эхний дутсан гэх 100 гаруй мянган төгрөгийг түүгээр нь суутгая гэж хэлсэн гэх мэдүүлэг зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд хэрэгт хамааралтай, гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой байх бөгөөд эдгээр баримтаар Э.Энхболорын гэм буруу нотлогдохгүй байна гэж дүгнэв.

            Шүүгдэгч Э.Энхболор нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллаж байхдаа 543,162 төгрөг завшсан болохыг тогтоосон, яллах дүгнэлтэд заасан хөрөнгийн үнэлгээний “Бан хас” ХХК-ний шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар...”гэсэн, 2 дахь хэсэгт “...тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргаж...”гэсэн, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан. эсхүл...шинжилгээ хийлгэнэ” гэсэн заалт болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий ...хүнийг урьж...” гэсэн, 6.1.2-д ”шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг” гэсэн, 6.1.5.-д “шинжээчийн дүгнэлт” гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн...”гэсэн заалтад тус тус нийцээгүй байна.

        Өөрөөр хэлбэл хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Бан хас “ХХК болон  хөрөнгийн үнэлгээчин Д.Мөнхбатын хийсэн шинжилгээний дүгнэлт нь нягтлан бодох бүртгэлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай этгээд хийвэл зохих  шинжилгээг хийснээрээ Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэсний дагуу нотлох баримтаар тооцогдохгүй байна. Нягтлан бодох бүртгэлийн тусгай мэдлэг эзэмшсэн эсэх нь тодорхойгүй, энэ чиглэлээр шинжилгээ хийх тусгай зөвшөөрөлгүй этгээд дүгнэлт гаргажээ.

        Хэргийн 31-55 дугаар хуудаст байгаа зарлагын падаанууд болон хувийн гар тэмдэглэл зэрэг нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалтгүй, зарим баримт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлагад нийцэхгүй, тодорхой бус, тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай баримтууд байх бөгөөд эдгээр баримтаар болон хохирогчийн мэдүүлэг, гэрч Ж.Сувдмаа, Э.Энхриймаа нарын мэдүүлэг зэрэг баримтаар Э.Энхболор 543.162 төгрөг завшсан эсэхийг хангалттай бүрэн тогтоох боломжгүй байна.

        Улсын яллагчийн яллах дүгнэлтэд заасан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүйг дурьдаж шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

        Хохирогч иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар төлбөр нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг,36.2,36.3 дугаар зүйлийн 2.2, 36.6,36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Энхээгийн Энхболорт  Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2. Э.Энхболорт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.

 

4. Хохирогч Х.Бүжинлхамын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

6. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ