Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00870

 

Ж.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00680 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М, М.Т нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 3 848 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баттулга,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Тунгалагнаран,    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.А нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 хотхон, 102 дугаар байрны 4 тоотод орших хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байгаад 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, үйл ажиллагааг цаашид явуулах боломжгүй болсон. Иргэн Б.М, М.Т нар нь уг дэлгүүрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, түрээслэхээр “Мишээлт хайрхан” ХХК-тай тохиролцсон байсан учир Ж.А миний бие дэлгүүрт байх өөрийн үлдэгдэл бараа, материалыг үнээр нь тооцож жагсаалтаар хүлээлгэн өгч Б.М нь бараа, материалын үнийг төлөхөөр тус тус тохиролцсон. Уг хүлээлгэн өгсөн бараа нь нийт 3 643 000 төгрөг болсон бөгөөд Б.М-гаас мөнгөө өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх мөнгийг огт төлөөгүй байсаар байна. Үүнээс гадна Ж.А миний бие нь дэлгүүрийн бараа татахдаа МСS компаниас надад олгосон урамшуулал болох 205 000 төгрөгийн үнэ бүхий барааг мөн иргэн Б.М, М.Т нарт нэмж шилжүүлэн өгсөн боловч түүний үнийг одоо хүртэл төлөхгүй байсаар байгаа юм. Тиймээс иргэн Б.М, М.Т нараас бараа материалын үнэ болох 3 643 000 төгрөг, мөн урамшуулалд ирсэн барааны үнэ болох 205 000 төгрөг нийт 3 848 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.А-ын 3 848 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Амьдралдаа нэг ч удаа харж байгаагүй бараа материал хүлээлгэн өгөөгүй хүн нэхэмжлэлийн шаардлага гаргасанд маш их гайхаж байна. Миний нөхөр М.Т нар Саруул Тэнгэр 2 хотхон, 102 дугаар байрны 4 тоотод хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр “Мишээлт хайрхан” ХХК-тай харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулан ажиллуулж эхэлсэн байдаг. Хуучин түрээслэгч болох Ж.А биш түүний эхнэр болох Гэрэлцэцэгээс нийт 28 660 800 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг М.Т хүлээж авсан. Бараа материалын үнийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Гэрэлцэцэгийн Хаан банкны 5037148665 тоот төгрөгийн дансруу эхлээд 10 660 800 төгрөг, дараагийн шилжүүлгээр 10 000 000 төгрөг, дараагийн шилжүүлгээр 3 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Дэлгүүрт ашиглагдаж байсан пост машин Гэрэлцэцэгийн нэр байсан бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн нийт 3 096 470 төгрөг Гэрэлцэцэгийн дансруу орсон бөгөөд үүнээс 1 357 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буцаан шилжүүлж 1 739 470 төгрөгийг өөртөө авч үлдсэн. Энэ хэдхэн хоногийн хугацаанд үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй, түрээслэгч Гэрэлцэцэг түрээслүүлэгч Ундармаа түүний нөхөр Баатарцогт нар хоорондын өр авлагаасаа болж байнга дэлгүүрт хэрэлдэж хэл ам гаргаж, үүндээ оролцуулах болсон тул арга буюу 9 дүгээр сарын 05-нд дэлгүүрийг буцаан хүлээлгэн өгөх болсон. Ингээд Гэрэлцэцэг буцаан өгөх байсан барааны үлдэгдэл 5 000 000 төгрөг дээр АПУ-ийн урамшууллын 144 350 төгрөг, зайдасны 14 640 төгрөг нэмэгдээд нийт 5 158 990 төгрөгөөс Гэрэлцэцэгийн пост машинаас авсан орлого болох 1 739 470 төгрөг, 7 дугаар сарын цахилгааны хэрэглээний төлбөр болох 381 634 төгрөг, хугацаа нь дууссан хэрэглэгчийн шаардлага хангахгүй болсон буцаасан 498 000 төгрөгийн үнэ бүхий бараа материал, 8 дугаар сарын орон сууцны төлбөр 70 000 төгрөгийг хуваан 35 000 төгрөг тус тус хасаад 2 504 886 төгрөгийн өглөгтэй үлдсэн. Түрээслэгч Гэрэлцэцэг түрээслүүлэгч Ундармаа түүний нөхөр Баатарцогт нар хоорондын өр авлагын хэрүүл болж, маш их хохирч дэлгүүрийг буцаан өгөх болсон бөгөөд Ундармаа, Баатарцогт нарт 3 дугаар сарын түрээсийн мөнгийг урьдчилж 9 000 000 төгрөг, түүн дээр барьцаа 2 000 000 төгрөг нийт 11 000 000 төгрөг М.Т-өгсөн байсан бөгөөд Ундармаа түүний нөхөр Баатарцогт нар нь 2018 оны 8 дугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 05-ны хооронд түрээсийн төлбөр 2 000 000 төгрөг, татвар 309 890 төгрөг, Гэрэлцэцэгт өгөх 2 504 886 төгрөгөөс 2 400 000 төгрөгийг тус тус суутган авч үлдэгдэл 6 300 000 төгрөгийг буцаан олгосон. Гэрэлцэцэг нь 2 504 886 төгрөгийн барааны суутгал хийснийг мэдэж байсан бөгөөд тухайн үед зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл түрээслэгч Гэрэлцэцэг түрээслүүлэгч Ундармаа түүний нөхөр Баатарцогт нар хоорондын өр авлагын асуудалтай хүмүүс. МСS компанийн урамшууллын 205 000 төгрөгийн бараа сүүлд орж ирсэн тул олгох нь зүйтэй гэхдээ уг 205 000 төгрөгийг М.Т Гэрэлцэцэгт олгох ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг тайлбар гаргах үүргээ хэрэгжүүлж талуудын хооронд болсон бүх зүйлийн талаар дэлгэрэнгүй бичсэн болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй байдаг тул хуудас нэг бүр дээр гарын үсэг зурсан бараа материал хүлээлгэн өгсөн, хүлээн авсан баримтыг гаргаж өгөх ёстой гэж үзэж байна. Энэ хэргийн нэхэмжлэгч нь Ж.А биш мөн хариуцагч нь Б.М би биш тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. М.Т миний бие Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Саруул тэнгэр 2 хотхоны 102 дугаар байр, 4 тоотод орших хүнсний дэлгүүрийг түрээсэлж байсан нь үнэн боловч нэхэмжлэгч Ж.А-тай нэг ч удаа уулзаж байгаагүй, ямар ч бараа материал хүлээж авч байгаагүй болно. Харин өмнөх түрээслэгч гэх Гэрэлцэцэг гэдэг эмэгтэйгээс бараа материал хүлээн авч төлбөрийг түүний Хаан банкны 50371448665 тоот дансанд төлж байсан бөгөөд ямар ч хамааралгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Т-аас 3 034 713 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 813 286 төгрөг болон хариуцагч Б.М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Т-аас 63 505 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.А-т олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх талаар дүгнэлт өгөх нь зүйтэй” гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсгийг удирдлага болгон нэхэмжлэгч Ж.А-ыг хамтран үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй этгээд, мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3 -т "үүрэг гүйцэтгүүлэгчийн хэн нэг нь ...шаардлага гаргаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгүүлэгчийн аль нэгд шилжүүлж болох бөгөөд.... " гэж заасныг хэрэглэсэн. Энэ хуулийн заалтаар үүрэг гүйцэтгэгч өөрөө үзэмжээрээ аль нэг үүрэг гүйцэтгэгчийг сонгож болохоор, мөн үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь шаардлага гаргаагүй байх тухай заасан байхад Ж.А- шаардлага гаргаж нэхэмжилсэн, хариуцагч Ж.А нэхэх эрхгүй гэж маргаж байхад сайн дураараа үүрэг гүйцэтгүүлэгчийг сонгож байгаа мэтээр тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дэх хэсэгт "өөрийн нэрийн өмнөөс эсвэл бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийг нэхэмжлэгч" гэнэ гэж заасан. Гэтэл Ж.А нь нэхэмжлэл гаргах эрхтэй тухай ямар ч баримт хэрэгт байхгүй. Энэ нь дараах байдлаар нотлогдоно. Уг хэргийн гэрч Г.Гэрэлцэцэг шүүх хуралд мэдүүлэхдээ би өөрөө барааг хүлээлгэн өгсөн. Мөн гэрч Б.Нямаа, Ж.Оюун-Эрдэнэ нар шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өгөхдөө бараа хүлээлгэн өгөх ажлыг бүхэлд нь Г.Гэрэлцэцэг хариуцаж байсан, учир нь бараанууд Г.Гэрэлцэцэгийнх, мөн хариуцагч Б.М хариу тайлбартаа Г.Гэрэлцэцэгтэй харилцан тохиролцож барааг нь миний нөхөр хүлээж авсан, Г.Гэрэлцэцэгийн Хаан банкан дахь 5037148665 тоот дансанд барааны үнийг шилжүүлсэн, Ж.А-тай нэг ч удаа уулзаж байгаагүй гэх тайлбар, бараа хүлээлцсэн баримтад Ж.А гэж нэг ч удаа бичигдээгүй байхад хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлсон нь буруу. Мөн хавтас хэрэгт Г.Гэрэлцэцэг, Ж.А нар нь албан ёсны гэр бүл болохыг нотолсон баримт байхгүй, Ж.А нь Г.Гэрэлцэцэгтэй хамтран нэхэмжлэл гаргаагүй байхад хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзэж нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарласан нь хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл Ж.А нь Г.Гэрэлцэцэг нар хамтран нэхэмжлэл гаргасан тохиолдолд дээрх хуулийн зүйл заалтыг хэрэглэх ёстой. Харин Ж.А ганцаараа нэхэмжлэл гаргасан. Шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн үйл баримтад хууль зүйн талаас нь дүгнэлт өгөхдөө Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрч байгаа ч худалдагч тал болох Г.Гэрэлцэцэг хугацаа нь дууссан, хэрэглэгчийн шаардлага хангахгүй болсон хүнсний бүтээгдэхүүн худалдсан, худалдан авагч М.Т энэ тухай даруй мэдэгдэж хоорондын тооцооноос хасч тооцох буюу үнийг төлөхгүй байх тухай шаардлага хүргүүлсэн тухай хариу тайлбар болон шүүх хуралд хэлсэн үгэндээ мэдүүлсээр байхад түүнийг харилцан тооцохгүй гэж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталсан шийдвэр гарсан. Мөн хариуцагч барааны үнэ болох 2 400 000 төгрөгийг Г.Гэрэлцэцэгийн түрээсэлж байсан дэлгүүрийн түрээслүүлэгч Ундармаа гэгчид суутгуулж өгсөн тухай дансны хуулгыг хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөөр байхад шүүх дүгнэхдээ "Мишээлт хайрхан" ХХК-д түүний өмнөөс төлсөн гэх баримт бичгийн баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгчээр Г.Гэрэлцэцэг байсан бол хариуцагч би хугацаа нь дууссан барааг хүлээлгэж өгсөн, харилцан ноорог цаасан дээр тооцоо нийлж Г.Гэрэлцэцэг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримтыг үнэлүүлэх, дэлгүүр ажиллуулж байх хугацааны ашиглалтын зардлын тооцоо зэргийг үнэн зөв эсэх талаар харилцан мэтгэлцэх боломж олгоогүйд гомдолтой байна гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Б.М, М.Т нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 3 848 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ж.А нь Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, “Саруул тэнгэр 2” хотхоны 102 дугаар байрны 4 тоотод орших хүнсний дэлгүүрт байсан 28 660 800 төгрөгийн үнэ бүхий барааг хариуцагч М.Т-д 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр худалдсан байх бөгөөд хариуцагч нар нийт 23 660 800 төгрөг, пост машины гүйлгээгээр хийгдсэн 1 739 470 төгрөгийг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгч Ж.А нь тус дэлгүүрийг түрээсэлж байсан, дэлгүүрт байсан барааг эхнэр Г.Гэрэлцэцэгээр дамжуулан хариуцагч М.Т-д шилжүүлсэн үйл баримтад анхан шатны  шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, “Саруул тэнгэр 2” хотхоны 102 дугаар байрны 4 тоотод орших хүнсний дэлгүүрийг нэхэмжлэгч Ж.А нь түрээсэлж байсан нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Мишээлт хайрхан” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ж.А нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагч М.Т-аас шаардах эрхтэй бөгөөд Ж.А нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. /хх-ийн 48-50, 80-84 дүгээр тал/

Иймд хариуцагч М.Т-аас 3 034 713 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 813 287 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.М-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч мөн давж заалдах гомдолдоо 2 400 000 төгрөгийг Г.Гэрэлцэцэгийн өмнөөс “Мишээлт хайрхан” ХХК-д төлсөн гэх боловч хариуцагч нь энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 505 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

                                                                       ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

                                                                                                                   Г.ДАВААДОРЖ