Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00336

 

Ж.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00680 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 870 дугаар магадлалтай,

Ж.А-ын нэхэмжлэлтэй,

Б.М-, М.Т- нарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 3.848.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч М.Э, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 хотхон, 102 дугаар байрны 4 тоотод орших хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байгаад 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, үйл ажиллагааг цаашид явуулах боломжгүй болсон. Иргэн Б.М-, М.Т- нар нь уг дэлгүүрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, түрээслэхээр Мишээлт хайрхан ХХК-тай тохиролцсон байсан учир Ж.А- миний бие дэлгүүрт байх өөрийн үлдэгдэл бараа, материалыг үнээр нь тооцож жагсаалтаар хүлээлгэн өгч Б.М- нь бараа, материалын үнийг төлөхөөр тус тус тохиролцсон. Уг хүлээлгэн өгсөн бараа нь нийт 3.643.000 төгрөг болсон бөгөөд Б.М-гаас мөнгөө өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх мөнгийг огт төлөөгүй байсаар байна. Үүнээс гадна Ж.А- миний бие дэлгүүрийн бараа татахдаа МСS компаниас надад олгосон урамшуулал болох 205.000 төгрөгийн үнэ бүхий барааг Б.М-, М.Т- нарт нэмж шилжүүлэн өгсөн боловч түүний үнийг одоо хүртэл төлөхгүй байсаар байгаа юм. Тиймээс иргэн Б.М-, М.Т- нараас бараа материалын үнэ болох 3.643.000 төгрөг, мөн урамшуулалд ирсэн барааны үнэ болох 205.000 төгрөг, нийт 3.848.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М-, М.Т- нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Амьдралдаа нэг ч удаа харж байгаагүй бараа материал хүлээлгэн өгөөгүй хүн нэхэмжлэлийн шаардлага гаргасанд маш их гайхаж байна. Миний нөхөр М.Т- нар Саруул Тэнгэр 2 хотхон, 102 дугаар байрны 4 тоотод хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр Мишээлт хайрхан ХХК-тай харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулан ажиллуулж эхэлсэн байдаг. Хуучин түрээслэгч болох Ж.А- биш түүний эхнэр болох Гэрэлцэцэгээс нийт 28.660.800 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг М.Т- хүлээж авсан. Бараа материалын үнийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Гэрэлцэцэгийн Хаан банкны 5037148665 тоот төгрөгийн дансруу эхлээд 10.660.800 төгрөг, дараагийн шилжүүлгээр 10.000.000 төгрөг, дараагийн шилжүүлгээр 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Дэлгүүрт ашиглагдаж байсан пост машин Гэрэлцэцэгийн нэр байсан бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн нийт 3.096.470 төгрөг Гэрэлцэцэгийн дансруу орсон бөгөөд үүнээс 1.357.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буцаан шилжүүлж 1.739.470 төгрөгийг өөртөө авч үлдсэн. Энэ хэдхэн хоногийн хугацаанд үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй, түрээслэгч Гэрэлцэцэг түрээслүүлэгч Ундармаа түүний нөхөр Баатарцогт нар хоорондын өр авлагаасаа болж байнга дэлгүүрт хэрэлдэж хэл ам гаргаж, үүндээ оролцуулах болсон тул арга буюу 9 дүгээр сарын 05-нд дэлгүүрийг буцаан хүлээлгэн өгөх болсон. Ингээд Гэрэлцэцэг буцаан өгөх байсан барааны үлдэгдэл 5.000.000 төгрөг дээр АПУ-ийн урамшууллын 144.350 төгрөг, зайдасны 14.640 төгрөг нэмэгдээд нийт 5.158.990 төгрөгөөс Гэрэлцэцэгийн пост машинаас авсан орлого болох 1.739.470 төгрөг, 7 дугаар сарын цахилгааны хэрэглээний төлбөр болох 381.634 төгрөг, хугацаа нь дууссан хэрэглэгчийн шаардлага хангахгүй болсон буцаасан 498.000 төгрөгийн үнэ бүхий бараа материал, 8 дугаар сарын орон сууцны төлбөр 70.000 төгрөгийг хуваан 35.000 төгрөг тус тус хасаад 2.504.886 төгрөгийн өглөгтэй үлдсэн. Түрээслэгч Гэрэлцэцэг түрээслүүлэгч Ундармаа түүний нөхөр Баатарцогт нар хоорондын өр авлагын хэрүүл болж, маш их хохирч дэлгүүрийг буцаан өгөх болсон бөгөөд Ундармаа, Баатарцогт нарт 3 дугаар сарын түрээсийн мөнгийг урьдчилж 9.000.000 төгрөг, түүн дээр барьцаа 2.000.000 төгрөг нийт 11.000.000 төгрөг М.Т- өгсөн байсан бөгөөд Ундармаа түүний нөхөр Баатарцогт нар нь 2018 оны 8 дугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 05-ны хооронд түрээсийн төлбөр 2.000.000 төгрөг, татвар 309.890 төгрөг, Гэрэлцэцэгт өгөх 2.504.886 төгрөгөөс 2.400.000 төгрөгийг тус тус суутган авч үлдэгдэл 6.300.000 төгрөгийг буцаан олгосон. Гэрэлцэцэг нь 2.504.886 төгрөгийн барааны суутгал хийснийг мэдэж байсан бөгөөд тухайн үед зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл түрээслэгч Гэрэлцэцэг түрээслүүлэгч Ундармаа түүний нөхөр Баатарцогт нар хоорондын өр авлагын асуудалтай хүмүүс. МСS компанийн урамшууллын 205.000 төгрөгийн бараа сүүлд орж ирсэн тул олгох нь зүйтэй гэхдээ уг 205.000 төгрөгийг М.Т- Гэрэлцэцэгт олгох ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг тайлбар гаргах үүргээ хэрэгжүүлж талуудын хооронд болсон бүх зүйлийн талаар дэлгэрэнгүй бичсэн болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй байдаг тул хуудас нэг бүр дээр гарын үсэг зурсан бараа материал хүлээлгэн өгсөн, хүлээн авсан баримтыг гаргаж өгөх ёстой гэж үзэж байна. Энэ хэргийн нэхэмжлэгч нь Ж.А- биш мөн хариуцагч нар нь ч хариуцагч биш тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00680 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Т-аас 3.034.713 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 813.286 төгрөг болон хариуцагч Б.М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Т-аас 63 505 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.А-т олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 870 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 505 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй зүйл заалтыг хэрэглэж нэхэмжлэгч биш этгээд нэхэмжлэл гаргасан байхад хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.А-тай хариуцагч М.Т- нэг ч удаа уулзаж байгаагүй бөгөөд эрх зүйн харилцаа үүсээгүй болох нь гэрч Гэрэлцэцэг, Б.Нямаа, Ж.Оюун-Эрдэнэ нарын “Гэрэлцэцэгтэй байрны найз тул дэлгүүрийнхээ барааг хүлээлцэхэд нь тусалсан, Гэрэлцэцэг дэлгүүрээ ажиллуулдаг байсан” гэх мэдүүлэг, хариуцагч Б.М-гийн “Гэрэлцэцэгтэй манай нөхөр М.Т- харилцан тохиролцож бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авахаар амаар тохиролцсон” гэх тайлбар, М.Т-ын “Гэрэлцэцэгтэй барааг нь худалдан авахаар харилцан тохиролцож барааг тоолж хүлээн авсан” гэх тайлбарууд байсаар байхад шүүх нэхэмжлэгч биш гэдэг нь тодорхой байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.А-аас бараа хүлээж аваагүй, барааны мөнгийг Ж.А-т өгөөгүй нь Түмэнжаргал, Адъяабаатар нарын хооронд ямар ч гэрээ, хэлцэл байгаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.А- нэхэмжлэл гаргахдаа БЗД-н 19-р хороо, Саруул тэнгэр 2 хотхоны 102-р байрны 4 тоот хаягт байрлах Мишээлт Хайрхан ХХК-тай түрээсиин гэрээ байгуулсан тухай баримт өгсөн нь хариуцагч М.Т-тай бараа худалдах-худалдан авах гэрээ хийсэн гэдгийг нотлох баримт биш байхад нэхэмжлэгч гэж  тооцож хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Ж.А- нэхэмжлэл гаргасан хүлээлцсэн бараа материалын чанар байдал болон хоорондын тооцоо үйл баримтын талаар мэтгэлцэх боломж олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэгжих боломж олгоогүй. Гэрэлцэцэг надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан тохиолдолд Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд шүүхийн байгууллагаар маргаанаа шийдүүлэхэд татгалзах зүйлгүй. Анхан шатны шүүх хурал дээр Гэрэлцэцэгээс барааг нь авч мөнгийг нь мөн өөрийнх дансанд шилжүүлж байсан тул бидний хоорондын тооцоо нийлсэн баримтыг хэрэгт өгч чадаагүй болно. Иймд эрхэм шүүгч та бүхэн анхнаасаа харилцан тохиролцож гэрээ хийсэн Гэрэлцэцэгтэй холбоотой бараа бүтээгдэхүүний тооцоо, өр авлагын асуудлыг шийдүүлэх боломж олгож анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.М-, М.Т- нараас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3.260.530 төгрөг, MCS компанийн 205.000 төгрөгийн болон бусад урамшууллын барааны үнэ 382.470 төгрөг, нийт 3.848.000 төгрөг гаргуулах Ж.А-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ж.А- Мишээлт хайрхан ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 3 хотхоны 102 дугаар байрны 4 тоот байрыг түрээсэлж эхнэр Г.Гэрэлцэцэгийн хамт хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад дараагийн түрээслэгч М.Т-д дэлгүүрт байсан 28.660.800 төгрөгийн барааг худалдахаар тохирсон, барааг эхнэр  Г.Гэрэлцэцэг хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон байна.

Ж.А-, Г.Гэрэлцэцэг нар хамтарч үйл ажиллагаа явуулж байсан, гэрч Г.Гэрэлцэцэгийн мэдүүлэгт “уг бараа бидний гэр бүлийн хөрөнгө” гэсэн байх тул хариуцагч нарын “Г.Гэрэлцэцэгээс бараа хүлээн авсан, Ж.А- шаардах эрхгүй“ гэх татгалзал үндэслэлгүй байна.

Ж.А-, Г.Гэрэлцэцэг нар хамтран үүрэг гүйцэтгүүлэгч буюу хэн нь ч барааны үнийг хариуцагч М.Т-аас шаардах эрхтэй гэж  үзсэн шүүх дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 241.3-т заасантай нийцжээ.

Иймд Ж.А-, Г.Гэрэлцэцэг нар болон М.Т- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч барааны үнийн үлдэгдэлд 3.034.713 төгрөг төлөх үүрэгтэй нь хэргийн баримтаар тогтоогдсон тул уг мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Харин хариуцагч Б.М- гэрээний тал биш учир түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

MCS компанийн 205.000 төгрөгийн болон бусад компанийн урамшууллын барааны үнэ 382.470 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй бөгөөд барааны үнийн үлдэгдэл 3.260.530 төгрөгөөс нэхэмжлэгч нарын түрээсэлж байсан хугацаан дахь ашиглалтын төлбөрт 35.000 төгрөг, цахилгааны төлбөрт 190.817 төгрөгийг тус тус хасч  нийт  3.034.713 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь хууль  зөрчөөгүй байна.

Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийсэн байх ба хариуцагч М.Т-, Б.М- нар Ж.А-тай гэрээ байгуулаагүй гэж маргасан боловч тэдний түрээсэлж байсан үеийн цахилгааны болон ашиглалтын төлбөрийг төлөх мөнгөнөөс суутган тооцно гэж мэтгэлцсэний дагуу шүүх нотлох баримтын хэмжээнд тухайн зардлыг хасч тооцсон байна.

Дээрхи байдлаас Ж.А- нэхэмжлэл гаргасан учир Г.Гэрэлцэцэгийн эсрэг гаргах нотлох баримт, тайлбараа өгч, мэтгэлцэж чадаагүй гэсэн нь үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00680 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 870 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч М.Т- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 63.505 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ