Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 224

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                        Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Ж.Байгалмаа, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч Л.Оюунтуяа

Иргэдийн төлөөлөгч Ч.Пүрэвдорж

Хохирогч А.Зандарьяа, И.Саруул, И.Сод-Эрдэнэ, Л.Ванчиндорж

Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьбазар

Шүүгдэгч Г.Нарантуяа, Г.Ганзул, С.Отгонцагаан

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар, С.Батмөнх-Очир, Х.Оюунбат, Р.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Солгой овогт Гангаасамбуугийн Нарантуяа, Боржигон овогт Гонгорсүрэнгийн Ганзул, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намбуу овогт Санжидын Отгонцагаан нарт холбогдох 201514000615 дугаарын хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

            1. Намбуу овогт Санжидын Отгонцагаан, Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “Бяцхан-Од” цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 2-р баг Оюут, Дөмөг гудамж 35 тоотод оршин суух, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай /РД: РЮ67030603/

            2. Солгой овогт Гангаасамбуугийн Нарантуяа, Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Орхон аймгийн авто оношилгооны газарт үйлчлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 5-06 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай./РД: ФБ71122961/

            3. Боржигон овогт Гонгорсүрэнгийн Ганзул, Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 12-01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. /РД: ФА81122406/

            Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар

            1. Шүүгдэгч Г.Ганзул, Г.Нарантуяа нар нь бүлэглэн иргэн Жаргалсайханаас 2013 оны 05 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөмөг” худалдааны төвийн зүүн талд байх 3000 м2 газрыг үзүүлж үүнээс 750 м газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 21 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан, иргэн Зандарьяагаас Булган аймгийн нутаг дэвсгэрт байх Бүрэн бүст амралтын газарт зуслангийн газар авч өгнө гээд 2 айлын хашаа бариагүй газрыг үзүүлээд 7 500 000 төгрөг, Зуун айл худалдааны төвийн хойд талд 300 м2 газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 18 000 000 төгрөг, энэ газар дээр сунгаад 650 мкв газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 40 000 000 төгрөг, мөн ”Дөмөг” худалдааны төвийн зүүн талд байрлах 400 м2 газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 25 000 000 төгрөг, энэ газар дээрээ 350 м2 газар сунгаж авч өгнө 12 000 000 төгрөг 1500 мкв газрыг нэмж гэрчилгээ гаргаж өгнө гэж 81 000 000 төгрөг, 2014 оны 07 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р хорооллын урд талд байрлах газарт 6 гаражийн газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 10 000 000 төгрөг, нийт 1 93 500 000 /нэг зуун ерэн гурван сая таван зуун мянга / төгрөгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Г.Ганзул, С.Отгонцагаан нар нь бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын эхээр Б.Мядагмаагийн хүүхдийг Орхон аймгийн Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж 3 200 000 төгрөг, И.Сод-Эрдэнийг Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж 4 200 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын эхээр И.Саруулын хүү Учралыг Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж хэлээд 4 200 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын эхээр Д.Эрхэмбаярыг Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж хэлээд 3 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын эхээр Л.Ванчиндоржийг ажилд оруулж өгнө гэж 5 000 000 төгрөг, Л.Сандагдоржоос 1 700 000 төгрөг, Д.Цэрэн-Очироос 1 700 000 төгрөг залилан мэхлэж бусдад нийт 23 000 000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан.

          3. Шүүгдэгч Г.Ганзул нь ганцаараа иргэн Саруулыг залилан мэхэлж хүү Учралын нэр дээр байх үл хөдлөх хөрөнгийг нь барьцаанд тавиулан 50 000 000 /тавин сая/ төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Г.Нарантуяа, Г.Ганзул нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар, С.Отгонцагаанд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч П.Жаргалсайханы ... “2013 оны 5 дугаар сард надтай Ганзул гэдэг нэртэй эгч газрын албаны хүмүүстэй найз нөхдийн харьцаатай, та хоёрт 100 айлын ойролцоо газар авч өгч чадна гэж хэлсэн. Ганзул эгч би газрын наймаа хийдэг, надад бүрэн итгэж болно, хаана газар авмаар байна гэхээр нь би Шархай төвийн хажууд газар авмаар байна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Ганзул эгч чиний асуусан газар бүтэх юм шиг байна. Яг одоо 3,800,000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг аваад хүрээд ир гэсэн. Үүнээс хойш Ганзул эгчид цувуулаад нийт 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөг өгсөн. Дөмөг Худалдааны төвийн зүүн талын 750 мкв газар дээр хашаа барь гэхээр нь 850 000 /найман зуун тавин мянгаар хашаа барьсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53-86-р хуудас/

2. Хохирогч А.Зандаръяагийн ... “Нарантуяа, Ганзул нар Булган аймгийн нутаг дэвсгэрт байх Бүрэнбүст амралтын газарт зуслангийн газар авч өгнө гээд айлын хашаа бариагүй газрыг үзүүлээд 7 500 000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг дансаар шилжүүлж авсан. 2013 оны 06-р сард Нарантуяа Ганзул нар Дөмөг худалдааны төвийн зүүн талд байх дүү Пүрэвжамцад газар авч өгсөн. Дахиад бас газар байгаа, та хоёр авах уу гэж ярьж байсан. Би Нарантуяа, Ганзул нарт хандаж Зуун айл худалдааны төвийн ард талд 300 метр квадрат газарт дээврийн төмрийн худалаа явуулах газар авах гээд хөөцөлдөж байгаа, та нар уг газрыг авч өгч чадах уу гэхэд Ганзул надад 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг өгчих, би хурдан гэрчилгээг нь гаргаж өгнө гэхээр итгээд Нарантуяагийн Хаан банкны 5093100261 дансанд 2013 оны 09-р сарын 13-ны өдөр 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг шилжүүлсэн. Нөгөө газрыг чинь 650 метр кв нэмээд гаргуулах хэрэгтэй юм байна тэгэхгүй бол хүмүүс аваад та нарт ямар ч ашиггүй болно, нэмээд 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг өгчих мөн Дөмөг худалдааны төвийн зүүн талд байх Төмрийн захын залгаа 400 метр квадрат газрыг 25,000,000 /хорин таван сая/ төгрөг нийт 65,000,000 /жаран таван сая/ төгрөгийг өгчих гэхээр нь Нарантуяагийн Хаан банкны 5093100261 дансанд 2013 оны 09-р сарын 23-ны өдөр шилжүүлсэн. 2014 оны эхээр Ганзул надтай уулзаад нэг мөсөн 350 метр газар авах уу гэхээр нь би гэрчилгээ найдвартай гарах уу гэхэд найдвартай гэхээр нь Ганзулд 8 000 000/ найман сая/ 4-5 хоногийн дараа 4 000 000/ дөрвөн сая / төгрөгийг бэлнээр өгсөн. Ганзул 2014 оны 09 сард над руу залгаад та дахиад Дөмөг худалдааны төвийн зүүн талын газраас нэг хүн 1500 мкв газраа авахаа больчихлоо та 90 сая төгрөг нэмээд өгчих танд 2250 мкв газрын гэрчилгээ гаргаж өгье гэсэн. 2014 оны 10-р сарын 06-нд Ганзулын Хаан банкны 5093029219 дансанд 60,000,000 /жаран сая/ төгрөг, 2014 оны 10-р сарын 08-ны өдөр Ганзулын Хаан банкны 5093029219 дансанд 21 000 000 /хорин нэгэн сая / төгрөгийг шилжүүлсэн. 2014 оны 07 дугаар сард Нарантуяа Ганзул нар 7-р хорооллын урд байх 6 гаражийн газрыг 10 000 000 төгрөгөөр зараад гэрчилгээ гаргаж өгнө гэсэн Би 10 000 000 төгрөгийг Нарантуяагийн данс руу шилжүүлсэн. Энэ газрын гэрчилгээ 2016 онд гарсан. Энэ 6 гаражийг барьж байх үед Ганзул би дахиад 7 гаражийн гэрчилгээ гаргаж өгнө та нэг мөсөн гаражаа барьчих гэхээр нь би өөрийнхөө хөрөнгөөр нэмээд 7 гараж барьсан. Энэ тохиолдолд би Ганзулд мөнгө өгөөгүй. Энэ гаражийн гэрчилгээ 2016 оны 08 сард Ганзулын нөхрийн нэр дээр гарсан. Газрын албанд төлөх 2 400 000 төгрөгийг би төлсөн” гэсэн мэдүүлэг /х/х 221-224-р хуудас/

3. Хохирогч М.Мядагмаагийн ... “2015 оны эхээр Булган аймгийн Орхон сумын Мааньт гэдэг газар өвөлжиж байхад манай хамаатны Түвшинзаяа миний таньдаг эмэгтэй байдаг юм. Тэр хүн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн цагдаад ажилд оруулж өгч чадна гэж ярьсан. Би хүү Түвшинтөртэй зөвшилцөж асуухад хүү маань ажилд орох сонирхолтой байсан тул би Түвшинзаяагаас ажилд оруулж өгнө гэсэн Ганзул гэх эмэгтэйгийн утасны дугаарыг аваад хүүдээ өгсөн. 2015 оны 03 сард Ганзултай холбогдоход бичиг баримтаа яаралтай бүрдүүл дараа нь цагдаагийн курст явуулна гэхээр нь хүүгийнхээ бичиг баримтыг бүрдүүлээд 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг хүүгээрээ Ганзулд өгч явуулсан. Би Ганзултай утсаар холбогдоход 2015 оны 04 сард цагдаагийн курст явах гэж байгаа та мөнгөө яаралтай өг гэхээр нь би хаширлаад өгөхгүй байгаад байсан чинь дахин дахин яриад байхаар 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг аваад үлдэгдэл мөнгийг нь банкнаас малчны зээл аваад 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Эрдэнэтэд ирээд Ганзултай уулзаад бэлэн 3 000 000 /гурван сая/ төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94-р хуудас/

4. Хохирогч И.Сод-Эрдэний ... “Би Ганзулыг танина. Ганзулыг миний төрсөн эгч Саруул ажилд оруулж өгдөг хүн гэж танилцуулсан. 2015 оны 02-р сарын эхээр Ганзул гэдэг эмэгтэйтэй уулзахад өнөөдөр маргаашгүй яаралтай ажилд оруулна. Ажилд оруулах хөлс 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг яаралтай өг гээд байхаар нь би Сувдаа эгчийн нөхөр Зандарьяагаас 4,000,000 /дөрвөн сая / төгрөгийг зээлээд Ганзулын дансруу шилжүүлсэн. Харин 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийг бэлнээр өгсөн. Ганзул Гэрээт цагдаагийн хэлтэст харуулын цагдаагаар ажилд орохын тулд эхлээд иргэний үнэмлэхний хуулбарыг авсан. Мөн их дээд сургуульд суралцсан уу гэж Ганзул асуухаар нь би төгсөөгүй гэхэд Ганзул би өөрөө зохицуулна гэж хэлээд миний цахим үнэмлэхийн хуулбарыг авсан. Мөн ажилд орчихвол сарын 1,000,000 төгрөгний цалинтай, 7 хоног гараад 7 хоног амардаг гэж хэлж байсан. Ганзулд мөнгө өгсөнөөс хойш 2 сар гаруй хоногын дараа буюу 2015 оны 03-р сарын эхээр надаас гадна Саруул эгчийн хүү Учрал, мөн танихгүй 6 хүний хамт Ганзул өөр намхан нуруутай эмэгтэйгийн хамт дагуулаад Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөнхбат гэдэг нэртэй хүний өрөөнд оруулж байсан. Тухайн үед юу гэж ярьж байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Мөнхбат гэдэг хүний өрөөнөөс гарахад Мөнхбат бид нарыг тэнцэхгүй хүмүүс байна гэж хэлж байсан. Ганзул Цагдаагийн газрын гадаа гараад эгч нь та нарыг оруулж чадна, надад итгэ гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг. / хх-ийн 114-11-р хуудас / Хохирогч И.Сод-эрдэнийг дахин байцаасан байцаалтанд ... “Цагдаагийн газарт Ганзулын хамт 3 давхарын булангийн өрөөнд зогсож байхад гаднаас намхан нуруутай эмэгтэй орж ирээд Ганзултай уулзаж байгаад бид нарыг ажилд оруулах бичиг авна гээд Отгонцагаан гэдэг эмэгтэй ганцаараа ороод гарч ирээд бид нарыг ор гэж хэлсэн. Бид нар бүгдээрээ булангийн өрөөнд ороод нэг эрэгтэй хүнтэй уулзахад цэргийн алба хаагаагүй, их сургууль төгсөөгүй байна. Нас хэтэрсэн та нар тэнцэхгүй гэж хэлсэн. Бид нар гарч ирээд Отгонцагаанд бид тэнцэхгүй байна гэхэд энэ хүн юу гэж хэлэх нь хамаагүй ямар ч байсан ажилд оруулна гэж хэлсэн. Ганзул бид нарыг цуглуулаад Отгонцагаантай уулзуулсан болохоор Отгонцагаан гэдэг хүн биднийг ажилд оруулж өгөх юм байна гэж ойлгосон гэсэн мэдүүлэг /х/х 161-р хуудас/

5. Хохирогч И.Саруулын ... “2015 оны 02-р сард төрсөн дүү Сувдаа миний утас руу залгаад Эрдэнэт үйлдвэрийн цагдаад нэг хүн хүмүүсийг найдвартай ажилд оруулдаг гэж байна. Чи энэ хүнтэй уулзахгүй юм уу гэхэд нь би Сувдаатай энэ эмэгтэйгийн машинд уулзахад тэр эмэгтэй өөрийгөө Ганзул гэж танилцуулаад найдвартай үйлдвэрийн цагдаад ажилд оруулна. Ар талд нь том хүмүүс байгаа. Сарын 1,000,000 төгрөгний цалинтай, эхлээд бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, нэг хувь 4 200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг бэлнээр өгчих юм бол эхлээд 45 хоногийн цагдаагийн курсэд явуулаад шууд ажилдаа орно, мөн цолтой болж ирнэ гэхээр нь би Ганзулд итгээд 2015 оны 02-р сарын эхээр хүү Д.Учралыг ажилд оруулах гэж бичиг баримтын хамт 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөгийг Ганзулд бэлнээр өгсөн. Тухайн үед Ганзул манай гэрт ганцаараа орж ирээд авсан. Хажууд манай нөхөр Өлзийбат хамт байсан. Дүү Сод- Эрдэний 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгний 200,000 төгрөгийг Ганзулд бэлнээр өгсөн. Ганзулд 2015 оны 02-р сард багтаад 8 200,000 /найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг өгсөн” гэсэн мэдуүлэг. /х/х 119-120-р хуудас/

6. Хохирогч Д.Эрхэмбаярын ... “2015 оны 02-р сарын эхээр найз Ванчиндорж миний утасруу залгаад Орхон аймагт Гэрээт цагдаагийн хэлтэст ажилчин авч байгаа гэнэ, найдвартай оруулж өгөх хүн байгаа гэж Түвшинзаяа надад хэллээ, хоёулаа ажилд орох уу, цалин нь 1,000,000 төгрөг юм байна гэхээр нь би Түвшинзаяа эгчийн утасруу залгаж асуухад ажилд оруулж чадах найдвартай хүн байгаа, харин ажилд ороход 5,000,000 /таван сая/ төгрөгийг төлөх ёстой гэж хэлэхээр нь би ээжтэйгээ ярилцаж байгаад Түвшинзаяа эгчийн өгсөн Ганзулын хаан банкны 5093029219 дугаартай дансруу 2015 оны 03-р сарын 30-ны өдөр 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, 2015 оны 04-р сарын 01-ны өдөр 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш ажилд оруулж өгнө гэсэн Ганзул гэдэг эгч утсаа авахгүй байж байгаад холбогдохоороо удахгүй ажилд орно, 7 хоногийн дараа ажилд орно гэх мэтээр худлаа ярьдаг байсан” гэсэн мэдүүлэг. /х/х 121-р хуудас/

7. Хохирогч Л.Сандагдоржийн ... “2015 оны 02 дугаар сард манай хүргэн Цэрэн-очир Ганзул гэх эмэгтэйгээр дамжуулан Орхон аймгийн дотоодын цэрэгт 1 500 000 төгрөгөөр ажилд оруулах таньдаг хүн байгаа гэж байсан. Миний хүү Алтангэрэл ажилгүй байсан тул хүүгээ ажилд оруулья гэж гэж бодоод Ганзул гэх эмэгтэйг эмнэлэгт хэвтэж байх үед нь 1 500 000 төгрөг болон бүртгэлийн мөнгө 200 000 төгрөг нийт 1 700 000 төгрөг өгсөн. Ганзул гэх эмэгтэй биднээс авсан мөнгөө цааш нь Отгонцагаан гэх эмэгтэйд өгсөн болохыг мэдсэн. Би мөнгөө Отгонцагаанаас ажил дээр нь очиж авсан” гэсэн мэдүүлэг. /х/х 233-234-р хуудас/                           

8. Хохирогч Д.Цэрэн-очирын ... “2015 оны 02 дугаар сард эхнэр маань утсаар яриад Эрдэнэтийн дотоодын цэрэгт ажилд орох боломж байна. Миний нэг үйлчлүүлэгч ажилд оруулах хүн таньдаг гэнээ гэж хэлсэн. Эхнэр бид хоёр Ганзултай уулзаад бичиг баримтын мөнгө 200 000 төгрөг, ажилд оруулах 1 500 000 төгрөг бэлнээр өгсөн Хэсэг хугацааны дараа Ганзул дүү Алтангэрэл бид хоёрыг цагдаа дээр дуудаад бид хоёрыг очиход 2 эрэгтэй нэг эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэй Алтанэрэл бид хёрыг болон танихгүй 2 залууг хоёр хоёроор нь авч цагдаагийн газрын нэг даргын өрөөнд орсон. Ямарч байсан Ганзул бид хоёрыг дагуулж ороогүй, цагдаагийн газарт ирэхэд байсан танихгүй эмэгтэй дагуулж орсон. Уг эмэгтэйг Отгонцагаан гэдгийг сүүлд мөнгөө нэхэх үедээ мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 235-236-р хуудас/

9. Хохирогч Л.Ванчиндоржийн ... “2015 оны 02-р сарын дундуур бэр эгч Түвшинзаяа миний утасруу залгаад Орхон аймгийн Гэрээт цагдаагийн хэлтэст ажилчин авна гэж байна, чи орох уу, ажилд оруулж чадах хүн байна, Гэхдээ ажилд орохын тулд 5,000,000 төгрөгийг өгөх хэрэгтэй гэхээр нь би яг ямар ажил хийх юм бэ гэж асуухад эхлээд цагдаагийн курсид 45 хоног яваад цагдаагаар Орхон аймагт ирж ажиллана. Эхний 3 сар 700 000 төгрөгний цалинтай ажиллаж байгаад 1,000,000 төгрөгний цалинтай болдог гэсэн гэхээр нь би Түвшинзаяа эгчид яаж мөнгө өгөх талаар асуухад Ганзул гэдэг нэртэй хүний хаан банкны дансны дугаар өгсөн. Би Түвшинзаяа эгчийн надад өгсөн гэх дансны дугаар руу 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 850 000 /найман зуун тавин мянган төгрөг/ , 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 4 150 000 /дөрвөн сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг 5093029219 дугаартай дансруу шилжүүлсэн. Тэрнээс хойш нилээн хэд хоногийн дараа Түвшинзаяа эгч миний утас руу залгаад Орхон аймагт ирэх хэрэгтэй байна. цагдаагийн газарт өөрөө очдог гэсэн гэхээр нь би Орхон аймагт ирэхэд Ганзул гэж өөрийгөө танилцуулсан намхан нуруутай бор царайтай эмэгтэй, намхан нуруутай танихгүй эмэгтэйгийн хамт Цагдаагийн газрын гадаа уулзсан. Тухайн үед цагдаад ажилд орно гэж надаас гадна хамаатны залуу Эрхэмбаяр, танихгүй 2 ах нарын хамт Цагдаагийн газарт орж 2 давхарын булангын хаалганд суудаг хүнтэй уулзахад бид нарыг цагдаагийн байгууллагад тэнцэхгүй гэж хэлээд гаргасан. Цагдаагийн газрын гадаа зогсож байхад Ганзул гэдэг эмэгтэй ямарч асуудалгүй ажилд оруулна та нар түр хүлээж байх хэрэгтэй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн123-124-р хуудас/

 

                10. Гэрч Н.Пүрэвжамцын ... “2013 оны 03 сараас хойш эхнэр Жаргалсайхан бид хоёр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр 100 айлын худалдааны төвд талбай түрээсэлж “Шилмэл буйдан” ХХК-ны салбарыг ‘ажиллуулдаг байхад талбайн түрээсэнд сарын 4,104,000 төгрөгийг төлдөг тул өөр газар худалдаж аваад сендэвчээр дэлгүүр бариад бараагаа зарвал илүү ашигтай байх гэж ярилцаж байхад эхнэр Жаргалсайхан надад Нарантуяа эгч газар аваад зардаг бизнес хийдэг сурагтай байсан. Би Нарантуяа эгчтэй уулзаад асуугаад үзнэ гэж ярьж байсан. Удалгүй Жаргалсайхан Нарантуяа эгчээс Дөмөг худалдааны төвийн хойд талын засмал замын хажуу талын 2400 метр квадрат газрыг 21,000 000 /хорин нэгэн сая/ төгрөгөөр авч өгч чадна гэж байна гэхээр би шилмэл буйдан” ХХК-аас сарын 5 хувийн хүүтэй 12,000,000/ арван хоёр сая / төгрөг зээлсэн. Мөн өөрийн эзэмшлийн 63-61 УНС улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 8,000,000 /найман сая/ төгрөгөөр зараад нийт 23 000 000 /хорин нэгэн сая/ төгрөгийг Нарантуяа эгчид өгч байсан. Тэрнээс хойш Нарантуяа эгч нөгөө газар чинь бүтэхгүй юм шиг байна. Та нар засмал замын зүүн дагуу газар авчих гээд Ганзул эгч бид 3 хамт очоод 750 метр квадрат газрыг үзээд авахаар болсон. Тэрнээс хойш 2014 оны хавар хүртэл газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж худлаа ярьж байгаад Нарантуяа эгч энэ газар болохгүй юм байна. Хар замын урд тал буюу горьдлогын баруун талд байх 750 метр квадрат газрыг гэхээр би 850,000 төгрөгөөр хашаа барьсан. Уг газрын гэрчилгээг гаргаж өгөхгүй болохоор Ганзул эгч Нарантуяа эгч нараас яасан бэ гэж асуухад одоо 7 хоног хүлээчих, маргааш өглөө газрын гэрчилгээг нэг хүнээс гарын үсэг зуруулаад гаргаад өгнө гэж хэлээд худлаа яриад өдөр сунгуулаад байдаг болсон” гэсэн мэдүүлэг. /х/х 141-142-р хуудас/

11. Гэрч И.Сувдаагийн.... “Би Нарантуяа, Ганзул нарыг танина. Манайх Зуун айл худалдааны төвийн барилгын материалын дэлгүүрийг ажиллуулдаг юм. Нарантуяа манай дэлгүүрээр үйлчлүүлж байгаад нэг нэгнийгээ таньдаг болсон, Харин Ганзулыг Нарантуяа нөхөр бид хоёрт манай хамаатны дүү гэж танилцуулсан. Ганзул, Нарантуяа нар газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хэлээд нөхөр бид хоёроос мөнгө авсан. Эхлээд 18 000 000 /арван найман сая/ төгрөг өгчих гэхээр нь Нарантуяагийн данс руу шилжүүлсэн. Дараа нь 40 000 000 / дөчин сая/ төгрөгийг 650 мкв газрын мөнгө, Дөмөг худалдааны төвийн хажуу талын газрын зам дагуу 400 мкв газрын үнэ гэж нийт 65 000 000 /жаран таван сая/ төгрөгийг Нарантуяагийн данс руу шилжүүлсэн. Мөн 7 гаражийн газар байна гэж 10 000 000 /арван сая / төгрөгийг, нийт 210 000 000 /хоёр зуун арван сая төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /х/х 155-156-р хуудас/

12. Гэрч Ж.Пүрэвсүрэнгийн ... “Миний том охин Жаргалсайхан, хүргэн Пүрэвжамц нар одоогоос хоёр жилийн өмнө намайг Солонгос улсад байхад Нарантуяад 21000000 /хорин нэгэн.сая/ төгрөгийг газар авахуулна гэж өгсөн гэсэн. Би Монголд 2014 оны 1 сард ирээд Нарантуяатай уулзаж Жаргалсайханы авах гэж байгаа газрын талаар тодруулахад Нарантуяа Ганзул гэх эмэгтэйд мөнгийг нь өгсөн гэсэн. Ганзул газрын асуудлыг бүтээнэ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х/х 164-р хуудас/

13. Гэрч Д.Алтангэрэлийн … “2014 оны 07-р сүүлээр найз Амгаланбаатар намайг 7-р хорооллын урд талд гараж барих уу гэхээр би 13 машины гаражийг нийт 13 000 000 /арван гурван сая/ төгрөгөөр барьсан. Дээрх мөнгө бол зөвхөн ажлын хөлс юм. Би дээрх гаражуудыг Баатархүү, бас нэг залуугийн хамт 2 сарын хугацаанд барьсан. Баатархүүг одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Дээрх гаражийг барьж байхад цагдаа болон Газрын албаны ажилтан нар ирээд гараж бариулахгүй, зөвшөөрөлгүй газар гараж бариад байна гэхээр нь Зандаръяагийн утасруу залгаад хэлэхэд би хүнтэй ярьчихаад эргээд залгана гэж хэлдэг байсан. Удалгүй Ганзул гэж өөрийгөө танилцуулсан намхан нуруутай бор царайтай эмэгтэй ганцаараа ирээд бид нарыг 1-2 хоног амарч байгаад дахиад гаражаа үргэлжлүүлээд барь гэдэг байсан. Энэ мэтчилэнгээр дээрх гаражуудыг барьж дуусгасан” гэсэн мэдүүлэг. /х/х 159-р хуудас/

14. Гэрч Д.Цолмонгийн … “2014 оны 06 сарын 18-ны өдөр Г.Ганчимэг гэдэг хүн Дөмөг худалдааны төвийн хажуу талд байх Ник шатахуун түгээх станцын зүүн талын 3000 метр кв газрыг эзэмших талаар өргөдөл гаргасаныг хүлээн авч шалгаад 2014 оны 10 сарын 06-ны өдөр 1006 дугаартай бусдын эзэмшил газартай давхцсан тул газар эзэмшүүлэх боломжгүй гэсэн утга бүхий албан бичиг хүргүүлсэн. Ник нефть бааз шатахуун түгээх станцаас зүүн тийш 50 га газрыг 2012 оны 03 сарын 12-ны өдрийн 102 дугаартай Орхон аймгийн засаг даргын орлогч Пүрэвлхагвын гаргасан захирамжаар Их сургуулиудын хотхон ашиглалтын өмнөх захиргаанд Оюутны хотхоны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гаргасан. Дээрх газрыг иргэн аж ахуйн нэгжид давхар эзэмшүүлэх боломжгүй. Сайнбилэг гэх иргэн 2016 манай газарт хандаж Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Дөмөг худалдааны төвийн хажууд Ник петровис ХХК-ны ШТС-ын зүүн талд газар хүссэн өргөдөлд, материал байгаа эсэхийг шүүж үзэхэд ямар нэгэн өргөдөл материал байхгүй байна. Хэдий захирамж гарсан боловч газрын албанд Сайнбилэг иргэний холбогдох материал ирээгүй тул гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй. Хувийн хэрэг нээж гэрчилгээ гаргаж өгдөг” гэсэн мэдүүлэг.

15. Гэрч Ц.Мөнх-эрдэниин ... “Аймгийн засаг даргад 2015 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бий болгох Ганчимэг гэх иргэний төслийг дэмжихийг хүсч албан бичиг бичээд Ганчимэгт өгч явуулж байсан. 2016 онд аймгийн засаг дарга Дангаасүрэнтэй уулзаад манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр гарах төсөл хүмүүс хийгээд явж байгаа юм манайхаас албан тоот өгсөн байгаа та дэмжиж өгөөрэй гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /х/х 243-р хуудас/

16. Гэрч Манлайбаатарын … “Ганчимэг гэх иргэний нэрээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн Мөнх-эрдэнэ гэх хүн 2013 онд аймгийн засаг даргад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлдвэрийн байр барих газар хүссэн өргөдөл өгсөн байдаг. Хүсэлтийг хүлээн авч судалгаа явуулахад анх хүссэн газар нь бусдын эзэмшил газартай давхцсан тул боломжгүй гэсэн хариу өгсөн. Аймгийн захиргаа хуулийн хэлтсээс энэ асуудлыг шийдэх боломжит байршлыг судал гэж чиглэл өгсөн. Дөмөг худалдааны төвийн зүүн талд ШТС-ийн зүүн талд 500 мкв газрыг тогтоочихсон байсан. 2016 оны 07 сарын 08 ны өдөр Сайнбилэг гэх иргэний нэрээр захирамж гарсан байсан” гэсэн мэдүүлэг. /х/х 244-245-р хуудас/

17. Гэрч Г.Болдбаатарын ... “Намайг ажиллаж байх хугацаанд Сайнбилэг Ганзул гэх иргэд газар эзэмшихээр хүсэлт өргөдөл өгч байгаагүй. Хэрэв өгч байсан бол надаар дамжиж газрын албаар судлагдаж холбогдох өргөдөл, материал байх ёстой. 2017 оны 07 сарын 08-ны үед засаг Дангаасүрэн ажлаа өгөх нэлээн дөхсөн байсан үе юм. Газрын албаны даргаар ажиллаж байсан Манлайбаатар Мөнх-эрдэнэ гэх хүнийг надтай уулзуулж энэ иргэн засаг даргад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор газар хүсэж хандсан байгаа. Энэ хүний асуудлыг шийдвэрлэе, засаг даргатай уулзсан байгаа гэж хэлж байсан. Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй манай өрөөнд надтай уулзаад уг газар захирамжинд Сайнбилэг гэх хүний нэрээр гарах ёстой гэж хэлж байсан. Ингээд захирамжийн төслийг гаргаж засаг даргад танилцуулсан. Ер нь төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаанд оролцоогүй гарсан захирамж учир хууль ёсны захирамж гэж үзэхгүй гэсэн” мэдүүлэг. /хх-ийн 246-247-р хуудас/

18. Гэрч С.Мягмаржаргалын ... “Манай харилцагч Ганзул дотоодын цэрэгт хүн ажилд оруулж өгөхөөр зуулчилж байсан. Ингээд би Ганзултай уулзаж нөхөр дүүгээ ажилд оруулахаар ярьсан. 2015 оны 02 сарын сүүлээр нэг эмэгтэй над руу утасдаад Цэрэн-очир, Алтангэрэл нарыг Цагдаагийн газарт ирээд ир гэж хэлсэн. Манай нөхөр дүүг уулзуулсан цагдаагийн хүн нь тэнцэхгүй хүмүүс байна гэж хэлсэн юм шиг байсан. Уг эмэгтэй Отгонцагаан минь энэ хүмүүс шаардлага хангахгүй байна гэж надад хэллээ гэж ярихад нь би нэрийг нь Отгонцагаан гэдэг болохыг мэдсэн” гэсэн мэдүүлэг. /х/х 248-250-р хуудас/

19. Гэрч Р.Түвшинзаяагийн “2015 оны 02 сард Ганзул миний утас руу залгаад Гэрээт цагдаагийн хэлтэст харуулчин цагдаагаар 2 хүн ажилд оруулах боломж баина. Чи хамаатан садан найз нөхдийгөө ажилд оруулахгүй юм уу гэхээр нь би манайд ажилд орох хүн байхгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш 2 хоногын дараа Ганзул эгч миний утасруу залгаад одоо ажилд оруулах гээд байна. Чамд хүн байвал хурдан оруул, энэ боломжийг алдаж болохгүй, сарын 1,000,000 төгрөгийн цалинтай, бонус авдаг, 7 хоногийн дотор ажилд оруулж чадна гэхээр нь би гэртээ харьж нөхөртэйгээ ярилцаж байгаад хадам дүү Ванчиндорж, Эрхэмбаяр нарыг нэг хүний 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг, нийт 8400000 /найман сая дөрвөн эуун мянга/ төгрөгийг Ганзулд дансаар шилжүүлсэн. Ганзул эгчид дансаар мөнгө шилжүүлсэнээс хойш байнга худлаа ярьж энэ долоо хоногт бүтнэ дараа 7 хоногт бүтнэ, цагдаагийн сургалт нь удахгүй болно, шууд оруулна гэх мэтээр байнга худлаа ярьдаг байсан. Би аргаа бараад цагдаагийн байгууллагад хандсан байна” гэсэн мэдүүлэг. /х/х 165-р хуудас/

20. Гэрч Д.Учралын ... “Би Ганзул гэдэг эмэгтэйг танина. 2015 оны 02-р сарын эхээр ээж Саруулын төрсөн дүү Сувдаа эгч Ганзул гэдэг хүнийг Гэрээт цагдаагийн хэлтэст хүмүүсийг ажилд оруулдаг хүн гэж танилцуулсан. Мөн Сувдаа эгч нөхрийн хамт Ганзул гэдэг хүнээс газар худалдаж авч байгаа, итгэлтэй хүн гэж ярьсан байсан. Ганзул гэдэг, хүн эхлээд цагдаагаар ажилд ороод эхний 2-3 сар 750 000 төгрөгний цалин авч байгаад сүүлдээ 1,000,000 төгрөгний цалин авдаг гэхээр нь цэрэгт яваагүй, дээд боловсрол, байхгүй гэж хэлэхэд Ганзул эгч зүгээрээ би зохицуулна, би дээрээс нь яриулаад болгочих байх гэж хэлсэн. Тэрнээс хойш 1-3 хоногийн дараа намайг ажилд оруулна гэж ээж Саруул хүмүүсээс мөнгө зээлж нийт 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг Ганзулд бэлнээр өгсөн.  Ганзулд мөнгө өгч байхад манай аав Өлзийбат хажууд нь хамт байсан. Ээжийн төрсөн дүү Сод-Эрдэнэ надтай адилхан ажилд орох гэж Ганзулд мөнгө өгсөн. Ганзул гэдэг эмэгтэй Сод-Эрдэнэ ах бид хоёрыг Цагдаагийн газарт хүрээд ир, та нарыг хүмүүстэй уулзуулна гэхээр нь ах бид хоёр Цагдаагийн газарт ирэхэд намхан нуруутай эгчийн хамт танихгүй ажилд орох гэж байгаа хоёр хүний хамт ирчихсэн байсан. Тэгээд бид нар цагдаагийн газрын 3 давхар байх Мөнхбат гэдэг хүний өрөөнд орж уулзуулахаар бид нараас цэрэгт явсан уу, их сургууль төгссөн үү гэж асуухаар нь бид нар цэрэгт яваагүй, сургууль төгсөөгүй гэж хэлсэн. Мөнхбат гэдэг хүн бид нарыг тэнцэхгүй гэж хэлээд гаргасан. Тэгээд бид Цагдаагийн гадаа зогсож байхад Ганзул эгч би хүмүүсээр яриулж байгаад ажилд оруулна гэж хэлж итгэл төрүүлдэг байсан. Тэрнээс хойш Ганзул гэдэг хүн утсаа авахаа больсон” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтийн шатанд өгсөн мэдүүлэг, шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн дүгнэлт /х/х-н 189, 199-р хуудас/,  эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /х/х-н 209-232-р хуудас/ зээлийн гэрээний хуулбар, банкны дансны гүйлгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэсэлэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганзул мэдүүлэхдээ “Газрын гэрчилгээний хувьд бусдыг залилсан асуудал байхгүй. Эдгээр хүмүүсийн газрын гэрчилгээ нь гарсан. Заримыг хөөцөлдөж байгаад энэ хэрэгт шалгагдсан. Дотоодын цэрэгт оруулна гэж хүмүүсээс авсан мөнгөний заримыг нь Отгонцагаанд өгсөн. Отгонцагаан хурандаа нарыг танина ажилд оруулах хүн байна уу гэсэн. Тэгээд хүмүүст хэлсэн. Өөрөө тэр хүмүүстэй уулзахгүй гэдэг байсан” гэсэн мэдүүлэг.   

             Шүүгдэгч Г.Нарантуяа мэдүүлэхдээ “Миний хувьд өөртөө авсан мөнгө байхгүй. Ганзулыг газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж бодсон. Ах дүү нартаа туслая гэж болсон. Бусдыг залилан мэхэлсэн зүйл байхгүй” гэв.     

             Шүүгдэгч С.Отгонцагаан мэдүүлэхдээ “Ганзул худлаа ярьж байна. Би хүн ажилд оруулна гэж хэлсэн зүйл байхгүй. Эдгээр хүмүүсээс би мөнгө аваагүй, уулзаагүй. Ганзул нь харин намайг хохироож байгаа. Энэ хэрэгт буруугүй” гэв.    

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын гэм буруу нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар санал дүгнэлтээ “Мөрдөн байцаалтийн ажиллагаа маш хангалтгүй хийгдсэн. Эдгээр хүмүүсийн заримынх нь газрын гэрчилгээ гарч одоо газраа өмчилж эзэмшиж байгаа. Энэ хэрэгт тодорхой шалгах ёстой зүйлүүд олон байгаа. Одоо хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар Ганзул, Нарантуяа нарын гэм буруутай гэж үзэх боломжгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгох эсвэл дахин шалгаж тодорхойгүй зүйлүүдийг тогтоох ёстой” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат дүгнэлтдээ “Энэ хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх саналыг гаргасан. Учир нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаагаад шалгаж тогтоох зүйлүүд нь бүрэн шалгагдаагүй. Ганзулын хувьд бусдыг ажилд оруулна гэж залилан мэхэлсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Харин газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж залилсан гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, С.Батмөнх-Очир нар дүгнэлтдээ “ Отгонцагааныг гэм буруутай гэж үзэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Ганцхан Ганзулын мэдүүлгийг үнэлж болохгүй. Отгонцагаанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьбазар дүгнэлтдээ “ Шүүгдэгч нарын гэм буруу нотлогдож тогтоогдсон учир гэм буруутайд тооцож хохирогч нарт хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.                   

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч А.Зандаръяа мэдүүлэхдээ “ Ганзул, Нарантуяа нарт нийт 165 500 000 төгрөг залилуулсан. Энэ мөнгөө нэхэмжлэнэ” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ванчиндорж мэдүүлэхдээ “ Ганзулд 5 сая төгрөг өгсөн. Үүнийгээ нэхэмжилнэ” гэв.

Хохирогч И.Сод-Эрдэнэ мэдүүлэхдээ “Ганзулд 4 сая 200 мянган төгрөг өгсөн. Үүнээс 850 000 авсан. Одоо 3 350 000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

Хохирогч Саруул мэдүүлэхдээ “ Шүүгдэгч нараас одоо нийт 9 200 000 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд 1. Шүүгдэгч Г.Ганзул нь Г.Нарантуяатай бүлэглэн иргэн Жаргалсайханаас 2013 оны 05 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөмөг” худалдааны төвийн зүүн талд байх 3000 м2 газрыг үзүүлж үүнээс 750 м газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 21 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан, иргэн Зандарьяагаас Булган аймгийн нутаг дэвсгэрт байх Бүрэн бүст амралтын газарт зуслангийн газар авч өгнө гээд 2 айлын хашаа бариагүй газрыг үзүүлээд 7 500 000 төгрөг, Зуун айл худалдааны төвийн хойд талд 300 м2 газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 18 000 000 төгрөг, энэ газар дээр сунгаад 650 мкв газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 40 000 000 төгрөг, мөн ”Дөмөг” худалдааны төвийн зүүн талд байрлах 400 м2 газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 25 000 000 төгрөг, энэ газар дээрээ 350 м2 газар сунгаж авч өгнө 12 000 000 төгрөг 1500 мкв газрыг нэмж гэрчилгээ гаргаж өгнө гэж 81 000 000 төгрөг, 2014 оны 07 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р хорооллын урд талд байрлах газарт 6 гаражийн газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 10 000 000 төгрөг, нийт 1 93 500 000 /нэг зуун ерэн гурван сая таван зуун мянга / төгрөгийг залилан мэхлэн авсан.

            Шүүгдэгч Г.Ганзул нь шүүгдэгч С.Отгонцагаантай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын эхээр Б.Мядагмаагийн хүүхдийг Орхон аймгийн Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж 3 200 000 төгрөг, И.Сод-Эрдэнийг Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж 4 200 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын эхээр И.Саруулын хүү Учралыг Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж хэлээд 4 200 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын эхээр Д.Эрхэмбаярыг Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж хэлээд 3 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын эхээр Л.Ванчиндоржийг ажилд оруулж өгнө гэж 5 000 000 төгрөг, Л.Сандагдоржоос 1 700 000 төгрөг, Д.Цэрэн-Очироос 1 700 000 төгрөг залилан мэхлэж бусдад нийт 23 000 000 төгрөг залилан мэхлэж авсан.

Шүүгдэгч Г.Ганзул нь ганцаараа иргэн Саруулыг залилан мэхэлж хүү Учралын нэр дээр байх үл хөдлөх хөрөнгийг нь барьцаанд тавиулан 50 000 000 /тавин сая/ төгрөгийг залилан мэхлэж авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.Жаргалсайханы мэдүүлэг /х/х-н 82-86-р хуудас/ хохирогч М.Мядагмаагийн мэдүүлэг /х/х-н 94-96-р хуудас/, хохирогч А.Зандаръяагийн мэдүүлэг /х/х-н 100-106-р хуудас/, хохирогч С.Сод-Эрдэний мэдүүлэг /х/х-н 115-116-р хуудас/ хохирогч И.Саруулийн мэдүүлэг /х/х-н 118-120-р хуудас/, хохирогч Д.Эрхэмбаярын мэдүүлэг /х/х-н 121-122-р хуудас/, хохирогч Л.Ванчиндоржийн мэдүүлэг /х/х-н 123-125-р хуудас/, хохирогч Н.Мөнхсайханы мэдүүлэг /х/х-н 126-127-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Ж.Лувсандагвын мэдүүлэг /х/х-н 133-134-р хуудас/, гэрч Н.Пүрэвжамцын мэдүүлэг /хх-ийн 141-142-р хуудас/, С.Сайнбилэгийн мэдүүлэг / хх-ийн 148-р хуудас/, Л.Гонгорсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 149-р хуудас/, Б.Гэрэлт-Одын мэдүүлэг /хх-ийн 150-152-р хуудас/, Г.Ганчимэгийн мэдүүлэг /хх-ийн 152-153-р хуудас/, И.Сувдаагийн мэдүүлэг//хх-ийн 155-158-р хуудас , Д.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 159-р хуудас/, С.Эрдэнэбаатарын мэдүүлэг /162-р хуудас/, С.Эрдэнэдалайгийн мэдүүлэг /хх-ийн 162-р хуудас/, Х.Чингэсийн мэдүүлэг /хх-ийн 163-р хуудас/, Ж.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 164-р хуудас/, Р.Түвшинзаяагийн мэдүүлэг /хх-ийн 165-р хуудас/, Д.Учралын мэдүүлэг /хх-ийн166-р хуудас/, Б.Буянбатын мэдүүлэг /хх-ийн 167-р хуудас /, П.Тэгшбаярын мэдүүлэг /хх-ийн 168-р хуудас/, Д.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 169-р хуудас/, Б.Хунтхүүгийн мэдүүлэг /хх-ийн 170-р хуудас/, О.Мөнх-Одын мэдүүлэг /хх-ийн 171 р хуудас/, Х.Нарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 172-р хуудас/, З.Равдангийн мэдүүлэг /хх-ийн 153-р хуудас/, О.Түвшинтөрийн мэдүүлэг /хх-ийн 174-р хуудас/, С.Мягмаржаргалын мэдүүлэг /хх-ийн 176-р хуудас/, С.Туяагийн мэдүүлэг /хх-ийн 177-р хуудас/, Б.Бүрэн-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 178-р хуудас/, Б.Доржсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 179-р хуудас/, Д.Цолмонгийн мэдүүлэг /хх-ийн 180-р хуудас/, Д.Баярзолын мэдүүлэг /хх-ийн 181-р хуудас/, Б.Зоригтын мэдүүлэг /хх-ийн 182-р хуудас/, Г.Баасанжаргалын мэдүүлэг /хх-ийн 183-р хуудас/, Э.Нарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 184-р хуудас/, Д.Мөнхбатын мэдүүлэг /х/х-н 141-188- хуудас/, шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн дүгнэлт /х/х-н 189, 199-р хуудас/,  эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /х/х-н 209-232-р хуудас/ сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлэг, зээлийн гэрээний хуулбар, банкны дансны гүйлгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. Шүүгдэгч Г.Нарантуяа нь Г.Ганзултай бүлэглэн иргэн Жаргалсайханаас 2013 оны 05 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөмөг” худалдааны төвийн зүүн талд байх 3000 м2 газрыг үзүүлж үүнээс 750 м газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 21 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан, иргэн Зандарьяагаас Булган аймгийн нутаг дэвсгэрт байх Бүрэн бүст амралтын газарт зуслангийн газар авч өгнө гээд 2 айлын хашаа бариагүй газрыг үзүүлээд 7 500 000 төгрөг, Зуун айл худалдааны төвийн хойд талд 300 м2 газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 18 000 000 төгрөг, энэ газар дээр сунгаад 650 мкв газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 40 000 000 төгрөг, мөн ”Дөмөг” худалдааны төвийн зүүн талд байрлах 400 м2 газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 25 000 000 төгрөг, энэ газар дээрээ 350 м2 газар сунгаж авч өгнө 12 000 000 төгрөг 1500 мкв газрыг нэмж гэрчилгээ гаргаж өгнө гэж 81 000 000 төгрөг, 2014 оны 07 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р хорооллын урд талд байрлах газарт 6 гаражийн газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 10 000 000 төгрөг, нийт 1 93 500 000 /нэг зуун ерэн гурван сая таван зуун мянга / төгрөгийг залилан мэхлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.Жаргалсайханы мэдүүлэг /х/х-н 82-86-р хуудас/ хохирогч А.Зандаръяагийн мэдүүлэг /х/х-н 100-106-р хуудас/, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн дүгнэлт /х/х-н 189, 199-р хуудас/,  эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /х/х-н 209-232-р хуудас/ сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлэг, зээлийн гэрээний хуулбар, банкны дансны гүйлгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3. Шүүгдэгч С.Отгонцагаан нь Г.Ганзултай бүлэглэж 2015 оны 02 дугаар сарын эхээр Б.Мядагмаагийн хүүхдийг Орхон аймгийн Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж 3 200 000 төгрөг, И.Сод-Эрдэнийг Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж 4 200 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын эхээр И.Саруулын хүү Учралыг Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж хэлээд 4 200 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын эхээр Д.Эрхэмбаярыг Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж хэлээд 3 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын эхээр Л.Ванчиндоржийг ажилд оруулж өгнө гэж 5 000 000 төгрөг, Л.Сандагдоржоос 1 700 000 төгрөг, Д.Цэрэн-Очироос 1 700 000 төгрөг залилан мэхлэж бусдад нийт 23 000 000 төгрөг залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь М.Мядагмаагийн мэдүүлэг /х/х-н 94-96-р хуудас/, хохирогч С.Сод-Эрдэний мэдүүлэг /х/х-н 115-116-р хуудас/ хохирогч И.Саруулийн мэдүүлэг /х/х-н 118-120-р хуудас/, хохирогч Д.Эрхэмбаярын мэдүүлэг /х/х-н 121-122-р хуудас/, хохирогч Л.Ванчиндоржийн мэдүүлэг /х/х-н 123-125-р хуудас/, хохирогч Н.Мөнхсайханы мэдүүлэг /х/х-н 126-127-р хуудас/, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтийн шатанд өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргээр тус тус нотлогдож байна гэж үзлээ.

 Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар тэдний өмгөөлөгч нар болон шүүгдэгч нар мэтгэлцэж байх боловч хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлахад шүүгдэгч нар нь илтэд хууль бус өөрөөр хэлбэл газрын гэрчилгээ гаргаж өгнө, ажилд оруулж өгнө гэх зэргээр хохирогч нарын газартай болох, ажилд орох хэрэгцээ, гарцаагүй байдал зэргийг ашиглан итгэл төрүүлж, хуурч мэхлэн их хэмжээний мөнгө авч залилсан болох нь нотлогдож байх тул гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг, тохирч байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Ганзул, Г.Нарантуяа нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчлөн зүйлчилэх нь зүйтэй.

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэж гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

            Шүүгдэгч С.Отгонцагаанд бүлэглэж бусдын эд хөрөнийг залилан мэхлэж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд түүний үйлдлүүд нь 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар С.Отгонцагаанд ял шийтгэл оногдуулж, уг ялаас өршөөн хэлтрүүлэх үндэстэй байна.

            Хохирогч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.Ганзулаас нийт 104 775 000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Зандаръяад 82 750 000 төгрөгийг, хохирогч П.Жаргалсайханд 9 750 000 төгрөгийг, хохирогч И.Саруулд 7 100 000 төгрөгийг, хохирогч Л.Ванчиндоржид 2 500 000 төгрөгийг, хохирогч Д.Эрхэмбаярт 1 000 000 төгрөгийг, хохирогч И.Сод-Эрдэнэд 1 675 000 төгрөгийг, шүүгдэгч Г.Нарантуяагаас 92 500 000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Зандаръяад 82 750 000 төгрөгийг, хохирогч П.Жаргалсайханд 9 750 000 төгрөгийг, шүүгдэгч С.Отгонцагаанаас 7 275 000 төгрөг гаргуулж хохирогч И.Саруулд 2 100 000 төгрөгийг, хохирогч Л.Ванчиндоржид 2 500 000 төгрөгийг, хохирогч Д.Эрхэмбаярт 1 000 000 төгрөгийг, хохирогч И.Сод-Эрдэнэд 1 675 000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв. Бусад хохирол нөхөн төлөгдсөн байна гэж үзлээ.

            Эрүүгийн 201514000615 дугаартай хэрэгт хохирол төлүүлэх, хөрөнгө хамгаалах зорилгоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 1-1 тоот хашаа байшин, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 5-6в тоот хашаа байшин, 18-12 ОРО улсын дугаартай Приус 20 маркийн автомашин зэргийг битүүмжлэн ирүүлснийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шүүгдэгч Г.Ганзул, Г.Нарантуяа нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг зудирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Гонгорсүрэнгийн Ганзул, Солгой овгийн Гангаасамбуугийн Нарантуяа нарыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд, шүүгдэгч Намбуу овгийн Санжидын Отгонцагааныг бүлэглэж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Ганзул, Г.Нарантуяа нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчилсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.-д зааснаар шүүгдэгч Г.Ганзулын 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Нарантуяаг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар шүүгдэгч С.Отгонцагааныг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч С.Отгонцагаанд оногдуулсан 2 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Ганзулд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял, шүүгдэгч Г.Нарантуяад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Отгонцаганд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Г.Ганзул, Г.Нарантуяа нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Ганзулаас нийт 104 775 000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Зандаръяад 82 750 000 төгрөгийг, хохирогч П.Жаргалсайханд 9 750 000 төгрөгийг, хохирогч И.Саруулд 7 100

000 төгрөгийг, хохирогч Л.Ванчиндоржид 2 500 000 төгрөгийг, хохирогч Д.Эрхэмбаярт 1 сая төгрөгийг, хохирогч И.Сод-Эрдэнэд 1 675 000 төгрөгийг, шүүгдэгч Г.Нарантуяагаас 92 500 000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Зандаръяад 82 750 000 төгрөгийг, хохирогч П.Жаргалсайханд 9 750 000 төгрөгийг, шүүгдэгч С.Отгонцагаанаас 7 275 000 төгрөг гаргуулж хохирогч И.Саруулд 2 100 000 төгрөгийг, хохирогч Л.Ванчиндоржид 2 500 000 төгрөгийг, хохирогч Д.Эрхэмбаярт 1 сая төгрөгийг, хохирогч И.Сод-Эрдэнэд 1 675 000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн 201514000615 дугаартай хэрэгт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 1-1 тоот хашаа байшин, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 5-6в тоот хашаа байшин, 18-12 ОРО улсын дугаартай Приус 20 маркийн автомашин зэргийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

9. Шүүгдэгч Г.Ганзул, Г.Нарантуяа нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АЛТАНГАДАС

 

                               ШҮҮГЧИД                                                 Ж.БАЙГАЛМАА

 

                                                                                                 Г.ДЭЛГЭРСАЙХАН