Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00930

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/0504 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “БХТ” ХХК-д холбогдох,

3 500 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “БХТ” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар ажил гүйцэтгэх гэрээ /тоног төхөөрөмж хөлслүүлэх гэрээ/ байгуулан өөрийн эзэмшилд байсан 77-98 УБР автосамосволоор газар шорооны ажил буюу 3,5 км зайд 1 тн төмрийн хүдэр тээвэрлэхэд 600 төгрөг байхаар тохиролцон гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Би гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн ба ажлын хөлс болох 3 500 000 төгрөгийг гэрээний дагуу 30-35 хоногийн дотор өгөх байсан ба одоог хүртэл санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар өгөөгүй. Тус компани нь одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Иймд “БХТ” ХХК-иас ажлын хөлс болох 3 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал иргэн С.Б-ын өмчлөлийн 77-98 УБР улсын дугаартай автосамосволыг 38 000 000 төгрөгөөр худалдан авсан. Анхнаасаа энэ машиныг худалдаж авахаар тохиролцсон байсан бөгөөд шалгаж үзэхийн тулд 14 хоногийн хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингээд иргэн С.Б-д урьдчилгаа 5 000 000 төгрөгийг төлөөд автосамосволыг хүлээн авч ажиллуулж байгаад 12 дахь хоног дээрээ үлдэгдэл 33 000 000 төгрөгийг өгөөд худалдаж авсан. “БХТ” ХХК нь автосамосволыг худалдаж аваагүй бол ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлс төлөхөд татгалзах зүйлгүй, харин түүнийг худалдан авсан тул тохиролцсон ёсоор зөвхөн автосамосволын үнийг төлсөн. Үүнийг иргэн С.Б мэдсээр байж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасны дагуу хариуцагч “БХТ” ХХК-иас 3 472 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 27 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч С.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “БХТ” ХХК-иас 70 505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Талуудын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдан өмчлөх эрх С.Б-аас “БХТ” ХХК-нд шилжсэн үйл баримтыг зохигчид хүлээн зөвшөөрч байх ба энэ тухай баримт хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан байна. Тус гэрээний 17-д зааснаас үзвэл тээврийн хэрэгслийг 38 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч С.Б 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 07-ны хооронд тээвэрлэлт хийсэн болохыг хариуцагч зөвшөөрч байх ба мөн оны 6 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, 6 дугаар сарын 13-ны өдөр 33 000 000 төгрөг тус тус хүлээн авсан талаар нэхэмжлэгч маргахгүй байна. Хэдийгээр дээрх байдлаар 38 000 000 төгрөгийг тээвэрлэлтийн явцад болон тээвэрлэлт зогссоны дараа хоёр таслан шилжүүлсэн болон тээврийн хэрэгслийн эзэмшил, өмчлөл бодитойгоор хариуцагчид шилжсэн нь баримтаар тогтоогдож байх боловч энэхүү нөхцөл байдал нь тээврийн хэрэгслийг худалдаж авсан тохиолдолд даалгаврын гэрээний үйлдлийг хариу төлбөргүй хийхээр тохиролцсон гэх хангалттай үндэслэл болж чадахгүй байна. Тодруулбал, дээрх агуулгаар болзол тавьж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх хариуцагчийн тайлбар хангалттай баримтаар нотлогдохгүй байна. Харин Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д ... гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч хөлс төлөх үүргийг хүлээнэ, 399.2-т Даалгавар гүйцэтгэгчийн хийж байгаа тухайн үйлдэл зайлшгүй хариу төлбөрийн шинжтэй бол талууд хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ гэж тус тус заажээ. Иймд хариуцагч “БХТ” ХХК-ийн болзол тавьсан бөгөөд тус болзол биелсэн тул төмрийн хүдэр тээвэрлэсний хөлсийг төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй гэж үзлээ” гэжээ. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тоног төхөөрөмж хөлслүүлэх гэрээ байгуулагдсан, үүнтэй маргахгүй. Гэрээ байгуулагдахаас өмнө талууд 77-98 УБР улсын дугаартай автосамосвалыг худалдан авахаар тохиролцоод техникийн хүчин чадлыг шалгаж үзэхийн тулд 14 хоногийн хугацаатай тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл машин хэвийн ажиллаж байвал худалдаж авна, үгүй бол тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний дагуу хөлс төлнө. Ингээд С.Б-ын өмчлөлийн автосамосвал хэвийн ажиллаж байсан тул 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр худалдаж авсан. Автосамосвалын үнэ болох 38 сая төгрөгийг С.Б-тай тохиролцсоны дагуу өмнө өгсөн 5 сая төгрөг дээрээ 33 сая төгрөг төлж дуусгасан. Энэ нь хариуцагч тал нэхэмжлэгч С.Б-ын дансруу 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр автомашины түрээсийн урьдчилгаа гэж 5 сая төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр худалдан авсан автомашины үлдэгдэл төлбөр гэж 33 000 000 төгрөг шилжүүлсэн баримтаар нотлогдоно. Хэрэв С.Б төмрийн хүдэр тээвэрлэсэн хөлсөө авах нь үнэн байсан бол маргаж буй автосамосвалаа зарахдаа автомашины түрээсийн урьдчилгаа болгож авсан 5 000 000 төгрөгөөс суутгаж авах бүрэн боломжтой байсан. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйд гомдолтой байна гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “БХТ” ХХК-д холбогдуулан 3 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийн өмчлөлийн 77-98 УБР улсын дугаартай автомашинаар, 3,5 км зайд 1 тн хүдрийг 600 төгрөгөөр тээвэрлэсэн тул ажил гүйцэтгэсэн хөлс болох 3 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл хариуцагч “БХТ” ХХК нь нэхэмжлэгч С.Б-тай 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд, 3,5 км зайд 1 тн хүдрийг 600 төгрөгөөр тээвэрлүүлэхээр тохиролцож, нэхэмжлэгч С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийт 5 787,14 тн хүдэр тээвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, хариуцагчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-6, 55 дугаар тал/

Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байх боловч хариуцагч нь гэрээг хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй бөгөөд анхан шатны шүүх даалгаврын гэрээ хэмээн дүгнэж хариуцагчаас нийт /5 787тн х 600₮/ 3 472 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. /хх-ийн 4, 55 дугаар тал/

Хариуцагч давж заалдах гомдолдоо “... С.Б хүдэр тээвэрлэсэн хөлсөө авах нь үнэн байсан бол маргаж буй автосамосвалаа зарахдаа автомашины түрээсийн урьдчилгаа болгож авсан 5 000 000 төгрөгөөс суутгаж авах бүрэн боломжтой байсан ...” гэх боловч хариуцагчийн дээрх гомдол үндэслэлгүй болно.

Тодруулбал, талууд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж хариуцагч “БХТ” ХХК нь нэхэмжлэгч С.Б-ын өмчлөлийн 77-98 УБР улсын дугаартай, автомашиныг /өөрөө буулгагч/ 38 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, хариуцагч нь 38 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна. /хх-ийн 44-45 дугаар тал/

Иймд нэхэмжлэгч нь 10 өдөр 5 787,14 тн хүдэр тээвэрлэсэн 3 472 200 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй тул хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/0504 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 505 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Э.ЗОЛЗАЯА

                                                ШҮҮГЧ                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                        Г.ДАВААДОРЖ