Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Х.Нарантуяа

Шүүгдэгч Т.Нямдаваа нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Нямдаваад холбогдох эрүүгийн 1725000480012 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Халимаг овгийн Түмээгийн Нямдаваа, Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 16-ны  өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэр ХХК-ны авто тээврийн байгууллагад токарчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум, Зэст багийн 1-6-45 тоотод оршин суух , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ФД66011618/

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Т.Нямдаваа нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Орхрн аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 9А-02 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний цалинг авах гэх шалтгаанаар эхнэр Х.Нарантуяатай маргалдан, гутлаар толгой тус газарт цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Х.Нарантуяагийн “2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал нөхөр Нямдаваа орой 19 цагийн үед гэртээ архи уучихсан согтуу орж ирэхээр нь цалин мөнгөө авсан бол байрныхаа төлбөр тооцоог хийнэ ш дээ мөнгө төгрөгөө надад өг гэсэн чинь надад мөнгө өгөхгүй гэж намайг янз бүрийн зүй бус үгээр доромжлон агсам тавьж гутлаараа миний толгойн тус газарт цохихоор нь би зодуулахгүй гэж зугтаасан боловч намайг барьж аваад цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 12-15-р хуудас/

2.Насанд хүрээгүй гэрч Т.Отгонбаярын ..”2017 оны 07 сарын 18-ны өдөр гадаа тоглож байгаад гэртээ 22 цагийн үед орсон чинь гэрт аав ээж хоёр хоёулаа байхгүй, унтлагын өрөөний шал жаахан цус болчихсон байхаар нь аавын хамарнаас цус гарчихсан юм байхдаа гэж бодоод байж байтал миний төрсөн ах надтай утсаар яриад ээж байна уу гэж асуучихаад гэртээ ирээгүй байгаа бол цагдаа дээр байгаа юм гэж гэж хэлчихээд утсаа тасалсан. Удалгүй ээж маань толгойгоо боочихсон гэртээ орж ирэхээр нь аавтай маргалдсан юм байна гэж бодоод юу болсон талаар ээжээс асуугаагүй. Намайг орой гадаа тоглож байх үеэр л аав, ээж муудалцсан юм шиг байсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

3. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 20-ны өдрийн 636 дугаартай дүгнэтэд: “Х.Нарантуяагийн биед хуйханд шарх үүсчээ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/ болон Т.Нямдаваагийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх 27-28-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 30-р хуудас/ зэргийн шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Т.Нямдаваа нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй  гэв.

            Шүүгдэгч Т.Нямдаваа нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Орхрн аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 9А-02 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний цалинг авах гэх шалтгаанаар эхнэр Х.Нарантуяатай маргалдан, гутлаар толгой тус газарт цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Х.Нарантуяагийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 636 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

                     Шүүгдэгч Т.Нямдаваагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Х.Нарантуяа шүүх хуралдаанд “Миний бие нөхөр Т.Нямдаваатай маргалдан биед учруулсан гэмтэл одоо эдгэрч эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгч туслана уу” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                           ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Халимаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Т.Нямдавааг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Нямдаваа нь торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нямдаваад урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС