Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 000095

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Н.д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                                    Хэргийн индекс 142/2017/0208/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

            Шүүх хуралдаанд: 

   

                      Прокурор                                            Г.Эрдэнэбаатар    

               Шүүгдэгч                                           Т.Н

               Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолтой Т.Н холбогдох, 1725000480012 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 16-нд Дархан-Уул аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй,  ХХК-ны авто тээврийн байгууллагад токарчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр суманд тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Т. Н.

 

Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 07 дугаар сарын 18-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний цалинг авах гэлээ гэсэн шалтгаанаар эхнэр Х.Н.тай маргалдан, гутлаар толгой тус газарт цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Халимаг овогт Т. Н.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Т.Н.г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Т.Н нь торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

Т.Н.аад холбогдох хэргийн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Н.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ба шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрхи мөнгөн төлбөрийг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг тусгаж өгөөгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь эрүүгийн хэрэг хянан шийдврлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Иймд Т.Н.д холбогдох Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон дээд шатны прокурор Г.Эрдэнэбаатар дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байгаа..., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байх тул шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 07 дугаар сарын 18ы өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Х.Н түүнд цалингаа өгөхгүй гэсэн шалтгаанаар маргалдан улмаар гутлаар толгой тус газарт цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох:

 

-Хохирогч Х.Н-ийн ...надад мөнгө өгөхгүй гэж намайг янз бүрийн зүй бус үгээр доромжлон, агсам тавьж гутлаараа миний толгойн тус газарт цохихоор нь би зодуулахгүй гэж зугтаасан боловч намайг барьж аваад цохисон... гэсэн,

 

- Насанд хүрээгүй гэрч Т.О-ын ... гэртээ 22 цагийн үед орсон чинь гэрт аав, ээж хоёр хоёулаа байхгүй, унтлагын өрөөний шал жаахан цус болчихсон байсан ..., ...Удалгүй ээж маань толгойгоо боочихсон гэртээ орж ирсэн.., Намайг орой гадаа тоглож байх үеэр л аав, ээж муудалцсан юм шиг байсан гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Т.Н-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг,

 

- Шүүх шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 636 дугаартай

 

Х.Н-ийн биед хуйханд шарх үүсчээ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн зүйл хэсэг зөв, шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ял, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон байна.

 

Харин шүүх Т.Н-аад торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4.д заасан ...шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзаж торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх мөн торгуулийн ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр барагдуулах талаар тусгаж өгөөгүй байна.  

 

Иймд дээд шатны прокурорын бичсэн ...анхан шатны шүүх шүүгдэгч Т.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ба шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрхи мөнгөн төлбөрийг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг тусгаж өгөөгүй тул тогтоолд нэмэлт оруулж өгнө үү... гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2., 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

 

- ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Т.Н.д оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөг хэсэгчлэн төлүүлсүгэй... гэсэн заалт нэмж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               З.ХОСБАЯР

 

    ШҮҮГЧИД                                                                            С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                   Ц.ТУЯА