Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/00952

 

Б.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00902 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Ш-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Л-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж нийт 14 200 000 төгрөг тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс учирсан хохирол 16 105 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ш нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Д.Л-тай автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж “Тоёота хайлюкс” автомашиныг 31 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 12 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг 3 сарын хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон. Б.Ш нь мөнгө төлж чадахгүй болж, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д.Л-тай очиж уулзаад “мөнгөө төлөх боломжгүй байна” гэхэд Д.Л “...машинаа орхиод яв” гэсэн учир машинаа хүлээлцсэн. Тухайн үед машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Б.Ш нь сүүлд 3 дугаар сарын 11-ний өдөр 900 000 төгрөг, 850 000 төгрөгийг тус тус Д.Л-ын дансанд хийгээд “... машинаа авъя” гэхэд Д.Л “... чамд өгөх машин байхгүй, мөнгийг чинь ч буцаан өгөхгүй, чамтай яриад байх асуудал байхгүй” гэж хэлсэн. Иймд хариуцагч Д.Л-аас “Тоёота хайлюкс” маркийн автомашинд өгсөн 12 000 000 төгрөг, сүүлд өгсөн 900 000 төгрөг, 850 000 төгрөг, суудлын бүрээс, дугуйны олгой хаймарын мөнгө 450 000 төгрөг, нийт 14 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ш нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр манай хуурай ахынд хамт ирээд Увс аймгийн ойд явах гэж байгаа учир машин худалдан авах гэсэн юм гэсэн. Тэгээд тухайн үед “Тоёота хайлюкс” маркийн автомашиныг сонирхсон. Тухайн үед Б.Ш-т 12 000 000 төгрөг байсан. Би түүнд “...чи залуу хүн юм чинь мөнгөндөө таарсан машинаа ав” гэсэн чинь манай таньдаг ах болон Б.Ш аавтайгаа ирээд “энэ л машиныг авмаар байна” гэж гуйсан. Үлдэгдэл төлбөрийг 3 сарын дотор төлж барагдуулна гэж хэлсэн. Тэр үед Б.Ш кадастрын компани ажиллуулдаг байсан бөгөөд аав нь ч малаа зараад үлдэгдэл төлбөрийг тохирсон хугацаандаа төлөх боломжтой гэсэн учир би машинаа Б.Ш-т өгсөн. Эхний сард ямар ч харилцаагүй байсан ба дараагийн сард төлбөр хийх ёстой байтал төлбөрөө хийхгүй алга болсон. Утсаа ч авахаа болиод, удаа дараа залгуулж байж авахаараа “энд явж байна, тэнд явж байна” гээд алга болсон. Би эхнэрийг нь олж уулзаад Б.Ш-ыг байнга асууж байсан. 3 сар дуусгаад, эхнэр нь “Б.Ш ирчихсэн байна” гэхээр нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр очоод Б.Ш-т “...асуудал шийдэгдтэл машинаа энд тавья” гэж хэлээд машин борлуулдаг газар аваачиж тавьсан. Тэр үед би “чи төлбөрөө төлж чадахгүй бол машинаа заръя” гэхэд “үгүй би машинаа авна” гэж хэлсэн. Тэр үед өмнөх гэрээний хугацаа дууссан байсан учир зээлийн гэрээ хийсэн. Сар сардаа хүү өгнө гэж хэлээд өгөхгүй байсан учир аргаа бараад 3 сард “машиныг чинь зарлаа шүү” гэхэд “зарж болно” гэсэн. Бидний гэрээ 5 сард дуусах байсан. Б.Ш 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 850 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 900 000 төгрөгийг Хаан банкны 5099010188, 5018420088 дугаарын аль нэг данс руу нь хийсэн. Яг аль данс гэдгийг нь сайн санахгүй байна. Түүнээс хойш бид фейсбүүкээр байнга холбоотой байсан. 2016 он гараад эдийн засгийн хямрал ажиглагдаад бүх зүйлийн үнэ унасан. Би эргэлтээ хаагаад машиныг нь байлгаад байж болохгүй байсан. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сар хүртэл машины үндсэн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй. Би Б.Ш-т “...машины үнэ унасан учир 23 000 000 төгрөг төгрөгөөр зарах гэтэл зарагдахгүй байна, чи өөрөө 22 000 000 төгрөгөөр авах уу” гэж асуухад Б.Ш “...авахгүй” гэсэн учир машиныг зараад мөнгөө гаргаж авсан. Хэрвээ 11 сард машинаа авахгүй гэсэн бол 28 500 000 төгрөгөөр зарах боломжтой байсан. Гэтэл өөрөө тэгэхийг хүсээгүй. Увс, Сүхбаатар аймгийн хооронд 18 000 км явсан. Машины өнгө үзэмжийг нь эрс муутгасан байсан. Тэр үед нь машины зургийг нь авч, км-ын заалтыг өөрт нь харуулж хүлээлцсэн ба машиныг 2016 оны 6 сар хүртэл огт хөдөлгөөгүй. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээг 6 сараар хийсэн ба 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гэрээ дуусаж байгаа. Гэрээ дуусангуут тухайн машины эвдэрч гэмтсэн зүйлийг засаж, янзлаад 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зарсан. Урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан өгөх үндэслэлгүй. 2016 оны 6 сард 22 000 000 төгрөгөөр зарсан. Надаас 1 405 000 төгрөгийн зардал гарсан. 2016 оны 6 сараас 2018 оны 10 сар хүртэл ямар нэгэн зүйл яриагүй. Бид хоёрын хооронд тооцоо дууссан гэж бодож байсан. Гэнэт ийм асуудал тавьж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Ш нэхэмжлэл гаргасантай холбогдуулан өөрт учирсан хохирол болох 16 150 000 төгрөг нэхэмжилж байна. Үүний үндэслэл нь машин зарахтай холбогдуулан 1 405 000 төгрөгийн зардал гарсан бөгөөд 31 000 000 төгрөгийн машин 22 000 000 төгрөг хүртэл буурч үнээ алдсан учир 9 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн хэрвээ миний 19 000 000 төгрөгийг Б.Ш 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн бол тэр мөнгөөр 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ойролцоогоор 3 удаа автомашин эргэлдүүлнэ. Нэг машин ойролцоогоор 8 000 000 - 10 000 000 төгрөгийн ханштай орж ирдэг. Ашиг нь 10 хувь гэж үзээд 5 700 000 төгрөгийн ашиг олох алдагдсан боломжийн зардлаа нэхэмжилж байна. Би өөрөө бизнес хийдэг учир энэ нь маш тодорхой зардал юм. Б.Ш машиныг унаад 18 000 км явсан өнгө үзэмжийг муутган, элэгдэл хорогдол гаргаснаас үүдэн 600 000 төгрөгөөр 4 дугуй авч тавьсан. 2 талынх нь толийг нь Б.Ш хулгайд алдсан түүнийг шинээр авч засуулахад 400 000 төгрөг болсон. Мөн машины моторын төмөр хаалтуудыг гэмтээсэн байсан ба 300 000 төгрөгөөр засуулсан. Татвар даатгалын төлбөр 72 900 төгрөг, агаарын бохирдол 32 100 нийт 105 000 төгрөг болсон. Ингээд нийт 1 405 000 төгрөг болж байгаа машины зөрүү 9 000 000 төгрөг нийтдээ 16 150 000 төгрөг болж байна. 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 11 400 000 төгрөгөөр нэмэгдүүлээд одоо 16 105 000 төгрөг болсон. Хоёр шаардлагыг хооронд нь тооцуулах зорилгоор бичигдсэн. Бид Б.Ш-аас 16 105 000 төгрөгийг гаргуулахыг шаардаж байгаа. Анхны нэхэмжлэлийн шаардлага болох 4 750 000 төгрөг нь гэрээтэй холбоотой алданги байсан бол сүүлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа бүхэлд нь өөрчилсөн. 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрээнээс татгалзаж, машин 22 000 000 төгрөгөөр зарагдаж, гэрээ байгуулагдсан үйлдлээр энэ гэрээ дуусгавар болж байгаа. Үүнээс учирсан хохирлоо барагдуулах шаардлага гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч машинаа 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авахдаа машины бүрэн бүтэн байдлыг өөрөө хараад хүлээн авсан бөгөөд 6 сар харсан гэх боловч 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан учир зарах эрх нь байсан. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш манайх машиныг унаж эдлээгүй учир хүлээлгэн өгснөөс хойшхи асуудлыг мэдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг сайн ойлгохгүй байна. 2 400 000 төгрөгийн хохирол нэхээд байна гэж ойлгож байна. Хариуцагч машинаа аваад бас манай 12 000 000 төгрөгийг авсан байж ямар хохирол нэхэж байгаа огт ойлгохгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Л-аас 13 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ш-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 450 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Б.Ш-аас 1 405 000 төгрөг гаргуулан Д.Л-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Ш-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-аас 288 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ш-т олгуулах, Д.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 700 төгрөгийг улсын орлогод үлдээж, Б.Ш-аас 37 430 төгрөг гаргуулан Д.Л-д олгуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан “Тоёота хайлюкс” маркын 2006 онд үйлдвэрлэгдсэн хар өнгөтэй, суудлын зориулалттай 33-62 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдахаар тохиролцсон тул гэрээг хэрхэн нэрлэснээс үл хамааран Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ гэж үзэхээр байна гэж дүгнэсэн. Шүүхээс уг шийдвэрээ "талуудын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 263.2 дах хэсгийг хангаагүй байна. Гэрээнд төлбөрийн үлдэгдэлд заавал хүү тооцож нэмсэн байхыг шаарддаг бөгөөд уг гэрээгээр хүү тооцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хуульд заасан агуулгын шаардлагыг хангаагүй тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх боломжгүй гэх тайлбарыг хийдэг. Хуульд хүүний хэмжээг заавал тусгана гэж заасны "хүү тооцсон бол гэрээнд заавал заах ёстой гэх агуулгаар хэрэглэхээс биш заавал хүү тооцох ёстой гэдэг утгаар авч үзэх нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд харшлахаас гадна гэрээ нь талуудын хүсэл зоригоос гадуур албадлагын шинжтэй нөхцөлийг бий болгож болохгүй. Д.Л нь Б.Ш-ын худалдан авсан машины мөнгийг бүрэн төлөөгүй байхад эд хөрөнгийг түүний эзэмшил ашиглалтад шилжүүлж өгч үлдэгдэл төлбөрийг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн авахаар тохиролцож график гарган гэрээндээ тусгасан үйлдэл болон мөнгийг бүрэн төлөгдсөний дараагаар өмчлөх эрхийг шилжүүлэхээр заасан нөхцөл байдлаар бүрэн тогтоогдож байна. Иймээс талуудын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 263.2 хэсэгт заасан гэрээний агуулгад тавих шаардлагыг хангасан мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зэлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх бүрэн үндэстэй бөгөөд харин уг гэрээ нь машины үнийн дүнгийн хэмжээгээр байгуулагдсан байх атал шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу. Шүүх Иргэний хуулийн 263.2 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлаж өөр зүйл заалтыг хэрэглэснээс үүдэн Д.Л намайг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу тээврийн хэрэгслийн нэрийг Б.Ш-т шилжүүлээгүй гэх үр дагавар гарсан төдийгүй хэргийн үйл баримтад тохирсон Иргэний хуулийн 264 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах болон учирсан хохирол, зардлаа шаардах эрхийн зохицуулалтыг хэрэглээгүй тул эрх зүйн хувьд бүрэн дүгнэлт өгөөгүй гэх үндэслэлтэй. Шүүх худалдагчийн гэрээнээс татгалзсан хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр тооцсон нь хэт нэг талыг баримталж худалдан авагчийн гэм буруу хэр удаан хугацаанд үргэлжилсэн байдалтай холбогдох баримтыг дутуу үнэлж Д.Л миний эд хөрөнгийн алдагдал, ашиг орлогоор хохирсон нөхцөлийг үгүйсгэсэн үйлдэл бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Бодит байдал дээр Д.Л би 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнээс 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор татгалзсан. Учир нь Б.Ш-т зарсан тээврийн хэрэгслийг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэн Мөнх-Эрдэнэд 22 000 000 төгрөгөөр зарсан. Үүнээс үүдэн надад машины үнийн зөрүүд 9000 000 төгрөгийн хохирол учирсан. Үнэ нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Ш-тай 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний үүргийг биелүүлэхтэй холбогдуулан дахин тохиролцсоны үндсэн дээр үлдэгдэл төлбөр 19 000 000 төгрөгийг барагдуулсны дараа авахаар ил зогсоолд байршуулсан. Харин Б.Ш нь мөнгөө төлөөд машинаа авахаар болж Д.Л надад үлдээсэн ч 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл мөнгөө төлнө машиныг зарж болохгүй шүү гэж хүлээлгэсэнтэй холбоотой. Шүүх Иргэний хуулийн 225.1 дэх заалтыг хэрэглэсэн атлаа хэрэгт үзлэг хийх замаар нотлох баримтаар авагдаж, шинжлэн судлагдсан зохигч нарын хоорондын цахим захидал болон Б.Ш-ын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 900 000 төгрөгийн баримт, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 850 000 төгрөгийн баримт зэргийг буруу үнэлж төлбөрийн үлдэгдэлд барьцаалсан 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж үзсэн нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл шүүх гэрээнээс татгалзсан хугацааг нотлох баримтад үндэслэж зөв тодорхойлохыг хичээсэнгүй. Учир нь Д.Л намайг Б.Ш-ын хүсэлтээр гэрээнд нэмэлт хугацаа тооцож хүлээсэн байдлыг огт харгалзалгүйгээр 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Ш-аас машин авсан бөгөөд өөрсдийн хооронд байгуулсан гэрээний 3.1 дэх заалтыг баримтлан тээврийн хэрэгслийг худалдан борлуулж хохирлоо барагдуулах эрхтэй, боломжтой тул 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл байлгаж байгаад машиныг 22 000 000 төгрөгөөр зарж 9 000 000 төгрөгийн зөрүү хохиролд орсныг Б.Ш-аас гаргуулах боломжгүй гэсэн нь түүний хариуцлагагүй, хууль зөрчсөн үйлдлийг илтэд дэмжсэн үйлдэл болсон. Б.Ш үнэхээр машинаа 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр надад өгөөд харилцаагаа дуусгаж байсан бол 2016 оны 3 сард надад мөнгө төлөх шаардлагагүй төдийгүй 2016 оны 5, 6 сард надруу мессеж бичээд машиныг зарж болохгүй гэж яриад захидал бичээд байх шаардлагагүй. Мөн түүнчлэн шүүх Д.Л миний Япон Улсаас машин оруулж ирж худалдан борлуулах бизнесийн үйл ажиллагааг дагнан эрхэлдэг байдалтай холбогдох баримтуудыг болон нэхэмжлэгчийн “Д.Л нь машины ченж" гэх тайлбарыг илтэд үгүйсгэж Б.Ш-аас авах 19 000 000 төгрөгийг 2015 оны 11 сард хүлээн авсан бол машины худалдаанд эргэлтийн хөрөнгөөр ашиглах байсан, улмаар уг худалдаанаас 5 700 000 төгрөгийн ашиг олох байсан эсэхийг баримтаар нотлоогүй гэсэн нь үнэхээр ойлгомжгүй. Учир нь зохигчдын тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудад тусгагдсан огноо, импортын давтамж, захиалга хийсэн машины төрөл зэргээс Д.Л намайг уг бизнесийг эрхэлдэг болох нь харагдах төдийгүй Монгол Улсын зах зээлд хамгийн эрэлт хэрэгцээтэй борлуулалт өндөртэй “Приус-20” машиныг хэдэн төгрөгөөр, хэдэн удаа, хэдэн ширхэг машин оруулж ирж, хэдэн төгрөг нэмээд худалдан борлуулдаг болохыг бүрэн харах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж Д.Л миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 14 700 000 төгрөгийг Б.Ш-аас гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.                                     

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч Д.Л-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж нийт 14 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд нийт 16 105 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч Б.Ш нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Тоёота хайлюкс” маркын, 33-62 УБР улсын дугаартай автомашиныг 31 000 000 төгрөгөөр худалдан авахаар хариуцагч Д.Л-тай гэрээ байгуулж, урьдчилгаа 12 000 000 төгрөгийг өгч, үлдэх 19 000 000 төгрөгөөс 2015 оны 9 сарын 14-ний өдөр 8 000 000 төгрөг, 10 сарын 14-ний өдөр 7 000 000 төгрөг, 11 сарын 01-ний өдөр 400 000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар тохиролцсон нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3-4 дүгээр тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Б.Ш нь дээрх автомашины төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйн улмаас 2015 оны 11 сарын 11-ний өдөр хариуцагч Д.Л-д автомашиныг буцаан өгчээ. Гэвч нэхэмжлэгч Б.Ш- нь автомашины төлбөрт 2016 оны 3 сарын 14-ний өдөр 900 000 төгрөг, 2016 оны 3 сарын 18-ны өдөр 850 000 төгрөгийг төлсөн, хариуцагч Д.Л 2016 оны 6 дугаар сарын 03-ны автомашиныг М.Мөнх-Эрдэнэд 22 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 26 дугаар тал/

Хариуцагч талаас нэхэмжлэгчид шилжүүлсэн автомашиныг буцаан авсан байх тул талууд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үр дагавар үүсчээ. Иймд нэхэмжлэгч Б.Ш нь гэрээний дагуу хариуцагч Д.Л-д шилжүүлсэн 13 750 000 /12 000 000₮, 900 000₮, 850 000₮/ төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч нь автомашинд 450 000 төгрөгийн эд зүйл худалдаж авсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.Л нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо 31 000 000 төгрөгийн автомашиныг 22 000 000 төгрөгөөр зарсанаас үүссэн тул алдагдал 9 000 000 төгрөг шаардсан нь хууль зүйн үндэслэл муутай байна. Талуудын байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний 3.11 дэх хэсэгт худалдан авагч төлбөр төлөх үүргээ зөрчвөл автомашиныг нэн даруй буцаан авах эрхийг худалдагчид олгосон байна. Хариуцагч Д.Л-ын хувьд нэхэмжлэгч Б.Ш-аас автомашиныг хугацаа алдалгүй буцаан авч өөр этгээдэд худалдан борлуулах замаар үнийн бууралтаас сэргийлэх боломжтой байсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутах боломжгүй байна. /хх-ийн 3 дугаар тал/

Түүнчлэн, нэхэмжлэгч нь төлбөрөө зохих ёсоор гүйцэтгэсэн бол хариуцагч 5 700 000 төгрөгийн ашиг олох байсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан гаалийн бүрдүүлэлт, татвар төлөлтийн баримтуудаар эргэлзээгүй нотлогдохгүй, нэхэмжлэгчийн төлбөрөө төлөөгүй явдал, хариуцагчид 5 700 000 төгрөгийн орлого ороогүйн хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй тул анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Харин хариуцагч нь автомашиныг нэхэмжлэгч Б.Ш-аас хүлээн авсны дараа толь 400 000 төгрөгөөр, 4 ширхэг дугуйг 600 000 төгрөгөөр, моторын хаалт 300 000 төгрөгөөр худалдан авч, тээврийн хэрэгслийн татварт 72 900 төгрөг, агаарын бохирдолд 2 100 төгрөг, зам ашиглалтын төлбөрт 30 000 төгрөг нийт 1 405 000 төгрөгийг зарцуулсан, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-т зааснаар гэрээний дагуу авч, буцаасан зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан гэх үндэслэлд хамаарах тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 1 405 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно. /хх-ийн 51-53 дугаар тал/

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00902 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                   Г.ДАВААДОРЖ