Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00331

 

Б.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00902 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 952 дугаар магадлалтай,

Б.Ш-ын нэхэмжлэлтэй,

Д.Л-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 14.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээнээс учирсан хохирол 16.105.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ш-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Д.Л-тай автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж Тоёота хайлюкс автомашиныг 31.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 12.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг 3 сарын хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон боловч мөнгө төлж чадахгүй болж, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д.Л-тай очиж уулзаад мөнгөө төлөх боломжгүй байна гэхэд Д.Л- ...машинаа орхиод яв гэсэн учир машинаа хүлээлцсэн. Тухайн үед машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Б.Ш- нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 900.000 төгрөг, 3 сарын 18-ны өдөр 850.000 төгрөгийг тус тус Д.Л-ын дансанд шилжүүлсэн. Мөн машинд 220.000 төгрөгөөр суудлын бүрээс, 100.000 төгрөгөөр 4 дугуйны олгой хаймер, 130.000 төгрөгөөр аккумлятор авч тавьсан. Машин унаж байх 3 сарын хугацаанд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй Д.Лхаважавд хүлээлгэн өгсөн. 2016 оны 05 дугаар сард машинаа авъя гэхэд Д.Л- ...чамд өгөх машин байхгүй, мөнгийг чинь ч буцаан өгөхгүй, чамтай яриад байх асуудал байхгүй гэж хэлсэн. Иймд хариуцагч Д.Л-аас Тоёота хайлюкс маркийн автомашинд өгсөн 12.000.000 төгрөг, сүүлд өгсөн 900.000 төгрөг, 850.000 төгрөг, суудлын бүрээс, дугуйны олгой хаймерын мөнгө 450.000 төгрөг, нийт 14.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Л-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.Ш- нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр манай хуурай ахынд хамт ирээд Увс аймгийн ойд явах гэж байгаа учир машин худалдан авах гэсэн юм гэсэн. Тэгээд тухайн үед Тоёота хайлюкс маркийн автомашиныг сонирхсон. Тухайн үед Б.Ш-т 12.000.000 төгрөг байсан. Би түүнд ...чи залуу хүн юм чинь мөнгөндөө таарсан машинаа ав гэсэн чинь манай таньдаг ах болон Б.Ш- аавтайгаа ирээд энэ л машиныг авмаар байна гэж гуйсан. Үлдэгдэл төлбөрийг 3 сарын дотор төлж барагдуулна гэж хэлсэн. Тэр үед Б.Ш- кадастрын компани ажиллуулдаг байсан бөгөөд аав нь ч малаа зараад үлдэгдэл төлбөрийг тохирсон хугацаандаа төлөх боломжтой гэсэн учир би машинаа Б.Ш-т өгсөн. Эхний сард ямар ч харилцаагүй байсан ба дараагийн сард төлбөр хийх ёстой байтал төлбөрөө хийхгүй алга болсон. 3 сар дуусгаад, эхнэр нь Б.Ш- ирчихсэн байна гэхээр нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр очоод Б.Ш-т ...асуудал шийдэгдтэл машинаа энд тавья гэж хэлээд машин борлуулдаг газар аваачиж тавьсан. Тэр үед би чи төлбөрөө төлж чадахгүй бол машинаа заръя гэхэд үгүй би машинаа авна гэж хэлсэн. Тэр үед өмнөх гэрээний хугацаа дууссан байсан учир зээлийн гэрээ хийсэн. Сар сардаа хүү өгнө гэж хэлээд өгөхгүй байсан учир аргаа бараад 3 сард машиныг чинь зарлаа шүү гэхэд зарж болно гэсэн. Бидний гэрээ 5 сард дуусах байсан. Б.Ш- 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 850.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 900.000 төгрөгийг дансаар хийсэн. Би Б.Ш-т ... машины үнэ унасан учир 23.000.000 төгрөгөөр зарах гэтэл зарагдахгүй байна, чи өөрөө 22.000.000 төгрөгөөр авах уу гэж асуухад Б.Ш- ...авахгүй гэсэн учир машиныг зараад мөнгөө гаргаж авсан. Хэрвээ 11 сард машинаа авахгүй гэсэн бол 28.500.000 төгрөгөөр зарах боломжтой байсан. Гэтэл өөрөө тэгэхийг хүсээгүй. Увс, Сүхбаатар аймгийн хооронд 18.000 км явсан. Машины өнгө үзэмжийг нь эрс муутгасан байсан. Тэр үед нь машины зургийг нь авч, км-ын заалтыг өөрт нь харуулж хүлээлцсэн ба машиныг 2016 оны 6 сар хүртэл огт хөдөлгөөгүй. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээг 6 сараар хийсэн ба 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гэрээ дуусаж байгаа. Гэрээ дуусангуут тухайн машины эвдэрч гэмтсэн зүйлийг засаж, янзлаад 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зарсан. Урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан өгөх үндэслэлгүй. 2016 оны 6 сард 22.000.000 төгрөгөөр зарсан. Надаас 1.405.000 төгрөгийн зардал гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.Л-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Б.Ш- нэхэмжлэл гаргасантай холбогдуулан өөрт учирсан хохирол болох 16.150.000 төгрөг нэхэмжилж байна. Үүний үндэслэл нь машин зарахтай холбогдуулан 1.405.000 төгрөгийн зардал гарсан бөгөөд 31.000.000 төгрөгийн машин 22.000.000 төгрөг хүртэл буурч үнээ алдсан учир 9.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн хэрвээ миний 19.000.000 төгрөгийг Б.Ш- 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн бол тэр мөнгөөр 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ойролцоогоор 3 удаа автомашин эргэлдүүлнэ. Нэг машин ойролцоогоор 8.000.000 – 10.000.000 төгрөгийн ханштай орж ирдэг. Ашиг нь 10 хувь гэж үзээд 5.700.000 төгрөгийн ашиг олох алдагдсан боломжийн зардлаа нэхэмжилж байна. Би өөрөө бизнес хийдэг учир энэ нь маш тодорхой зардал юм. Б.Ш- машиныг унаад 18.000 км явсан өнгө үзэмжийг муутган, элэгдэл хорогдол гаргаснаас үүдэн 600.000 төгрөгөөр 4 дугуй авч тавьсан. 2 талынх нь толийг нь Б.Ш- хулгайд алдсан түүнийг шинээр авч засуулахад 400.000 төгрөг болсон. Мөн машины моторын төмөр хаалтуудыг гэмтээсэн байсан ба 300.000 төгрөгөөр засуулсан. Татвар даатгалын төлбөр 72.900 төгрөг, агаарын бохирдол 32.100 нийт 105.000 төгрөг болсон. Ингээд нийт 1.405.000 төгрөг болж байгаа машины зөрүү 9.000.000 төгрөг нийтдээ 16.150.000 төгрөг болж байна. 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 11.400.000 төгрөгөөр нэмэгдүүлээд одоо 16.105.000 төгрөг болсон. Хоёр шаардлагыг хооронд нь тооцуулах зорилгоор бичигдсэн. Бид Б.Ш-аас 16.105.000 төгрөгийг гаргуулахыг шаардаж байгаа. Анхны нэхэмжлэлийн шаардлага болох 4.750.000 төгрөг нь гэрээтэй холбоотой алданги байсан бол сүүлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа бүхэлд нь өөрчилсөн. 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрээнээс татгалзаж, машин 22.000.000 төгрөгөөр зарагдаж, гэрээ байгуулагдсан үйлдлээр энэ гэрээ дуусгавар болж байгаа. Үүнээс учирсан хохирлоо барагдуулах шаардлага гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ш-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Хариуцагч машинаа 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авахдаа машины бүрэн бүтэн байдлыг өөрөө хараад хүлээн авсан бөгөөд 6 сар харсан гэх боловч 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан учир зарах эрх нь байсан. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш манайх машиныг унаж эдлээгүй учир хүлээлгэн өгснөөс хойшхи асуудлыг мэдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг сайн ойлгохгүй байна. 2.400.000 төгрөгийн хохирол нэхээд байна гэж ойлгож байна. Хариуцагч машинаа аваад бас манай 12.000.000 төгрөгийг авсан байж ямар хохирол нэхэж байгаа огт ойлгохгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00902 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Л-аас 13 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ш-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 450 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Б.Ш-аас 1 405 000 төгрөг гаргуулан Д.Л-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Ш-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-аас 288 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ш-т олгуулах, Д.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 700 төгрөгийг улсын орлогод үлдээж, Б.Ш-аас 37 430 төгрөг гаргуулан Д.Л-д олгуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 952 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00902 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Л-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх талуудын хооронд 2015.08.14-ний өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Тоёота Хайлюкс маркын 33-62УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдахаар тохиролцсон тул гэрээг хэрхэн нэрлэснээс үл хамааран Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзэхээр байна гэж дүгнэсэн. Шүүхээс уг шийдвэрээ талуудын 2015.08.14-ний өдөр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасныг хангаагүй байна. Гэрээнд төлбөрийн үлдэгдэлд заавал хүү тооцож нэмсэн байхыг шаарддаг бөгөөд уг гэрээгээр хүү тооцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хуульд заасан агуулгын шаардлагыг хангаагүй тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх боломжгүй гэх тайлбарыг хийдэг. Хуульд хүүний хэмжээг заавал тусгана гэж заасныг “хүү тооцсон бол гэрээнд заавал заах ёстой гэх агуулгаар хэрэглэхээс биш заавал хүү тооцох ёстой гэдэг утгаар авч үзэх нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд харшлахаас гадна гэрээ нь талуудын хүсэл зоригоос гадуур албадлагын шинжтэй нөхцлийг бий болгож болохгүй юм. Зээлээр худалдах худалдан авах гэрээ болох нь: Д.Л- Б.Ш-ыг худалдан авсан машины мөнгийг бүрэн төлөөгүй байхад эд хөрөнгийг түүний эзэмшил ашиглалтад шилжүүлж өгч, үлдэгдэл төлбөрийг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн авахаар тохиролцож график гарган гэрээндээ тусгасан үйлдэл болон мөнгийг бүрэн төлөгдсөний дараагаар өмчлөх эрхийг шилжүүлэхээр заасан нөхцөл байдлаар бүрэн тогтоогдоно. Зохигчийн 2015.08.14-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 263.2-т заасан гэрээний агуулгад тавих шаардлагыг хангасан мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж үзэх бүрэн үндэстэй бөгөөд харин уг гэрээ нь машины үнийн дүнгийн хэмжээгээр байгуулагдсан байх атал шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу байна. Ийнхүү шүүх Иргэний хуулийн 263.2 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлаж өөр зүйл заалтыг хэрэглэснээс үүдэн Д.Л- намайг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу тээврийн хэрэгслийн нэрийг Б.Ш-т шилжүүлээгүй гэх үр дагавар гарсан төдийгүй хэргийн үйл баримтад тохирсон Иргэний хуулийн 264 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах болон учирсан хохирол, зардлаа шаардах эрхийн зохицуулалтыг хэрэглээгүй тул эрх зүйн хувьд бүрэн дүгнэлт өгөөгүй гэх үндэслэлтэй байна. Шүүх худалдагчийн гэрээнээс татгалзсан хугацааг 2015.11.11-ний өдрөөр тооцсон нь хэт нэг талыг баримталж худалдан авагчийн гэм буруу хэр удаан хугацаанд үргэлжилсэн байдалтай холбогдох баримтыг дутуу үнэлж Д.Л- миний эд хөрөнгийн алдагдал, ашиг орлогоор хохирсон нөхцлийг үгүйсгэсэн үйлдэл бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Д.Л- би 2015.08.14-ний өдрийн гэрээнээс 2016.06.03-ны өдөр албан ёсоор татгалзсан. Учир нь 2015.11.11-ний өдөр Б.Ш-тай 2015.08.14-ний өдрийн гэрээний үүргийг биелүүлэхтэй холбогдуулан дахин тохиролцсоны үндсэн дээр “үлдэгдэл төлбөр 19.000.000 төгрөгийн төлбөрийг барагдуулсны дараа авахаар” ил зогсоолд байршуулсан. Ийнхүү Б.Ш- мөнгөө төлөөд машинаа авахаар болж Д.Л- надад үлдээсэн ч 2016.06.03-ны өдөр хүртэл мөнгөө төлнө машиныг зарж болохгүй шүү гэж утсаар ярьж, мессеж бичин хүлээлгэсэн. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Гэвч тэрээр машиныг аваагүй тул би 2016.06.03-ны өдөр машиныг иргэн Мөнх-Эрдэнэд 22.000.000 төгрөгөөр зарсан. Үүнээс үүдэн надад машины үнийн зөрүүд 9.000.000 төгрөгийн хохирол учирсан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 225.1 дэх заалтыг хэрэглэсэн атлаа хэрэгт үзлэг хийх замаар нотлох баримтаар авагдаж, шинжлэн судлагдсан зохигч нарын хоорондын цахим захидал болон Б.Ш-ын 2016.03.14-ний өдрийн 900.000 төгрөгийн баримт, 2016.03.18-ны өдрийн 850.000 төгрөгийн баримт зэргийг буруу үнэлж машиныг төлбөрийн үлдэгдэлд барьцаалан, зээлийн гэрээ байгуулах замаар хугацаа сунгасан 2015.11.11-ний өдрийн үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж үзсэн, мөн үнийн зөрүүгээс 9.000.000 төгрөг алдсан нь үндэслэл муутай гэсэн нь учир дутагдалтай байна. Бодит байдал дээр Б.Ш- нь үнэхээр машинаа 2018.11.11-ний өдөр надад өгөөд харилцаа дуусгаж байсан бол 2016 оны 03 сард надад мөнгө төлөх шаардлагагүй төдийгүй 2016.05, 06 сард надруу мессеж бичээд машиныг зарж болохгүй гэж яриад захидал бичээд байх шаардлагагүй юм. Мөн шүүх Д.Л- миний олох байсан ашиг 5.700.000 төгрөгөөр хохирсон атал баримтаар нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь зохигчийн тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудад тусгагдсан огноо, импортын давтамж, захиалга хийсэн машины төрөл зэргээс Д.Л- намайг уг бизнесийг эрхэлдэг болох нь харагдах төдийгүй Монгол улсын зах зээлд хамгийн эрэлт хэрэгцээтэй борлуулалт өндөртэи Приус-20 машиныг хэдэн төгрөгөөр, хэдэн удаа, хэдэн ширхэгийг оруулж ирж, хэдэн төгрөг нэмээд худалдан борлуулдаг болохыг бүрэн харах боломжтой байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Д.Л- миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 14.700.000 төгрөгийг Б.Ш-аас гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Ш- Д.Л-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн 13.750.000 төгрөг, хохирол 450.000 төгрөг, нийт 14.200.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч учирсан хохирол 16.105.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийг хариуцагч, сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

а/ Зохигч, Тоёото Хайлюкс маркийн автомашиныг 31.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохирч худалдан авагч Б.Ш- урьдчилгаа 12.000.000 төгрөгийг төлж, үлдэх 19.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөөр тохирсон нь тогтоогджээ. Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Гэхдээ үнийг хэсэгчлэн төлөх тохиролцоо болгон зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулдаггүй, тухайн гэрээнд төлбөл зохих хүүгийн хэмжээг заавал тусгана гэж хуульд зааснаас үзвэл талууд хүү төлөхөөр тохиролцсон байх нь гэрээний нэг нөхцөл гэж үзэх бөгөөд зохигч, гэрээндээ энэ талаар заагаагүй байна.

Иймд  зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь зээлээр худалдах-худалдан авах гэрээ биш гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

б/ Нэхэмжлэгч Б.Ш- автомашины үнэд нийт 13.750.000 төгрөг төлсөн хэдий ч үлдэх төлбөрийг төлөөгүйгээс талууд гэрээнээс татгалзсан байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэгтэй. Хариуцагч 2015.11.11-ний өдөр автомашиныг хүлээн авсныг зохигч маргаагүй тул 13.750.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангасан нь хуульд нийцжээ. Нэхэмжлэгч Б.Ш- дугуйны олгой хаймерны үнэ 450.000 төгрөг гаргуулах шаардлагаа нотлоогүй тул шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг үгүйсгэх үндэслэлгүй байна.

в/ Нэхэмжлэгч Б.Ш- автомашиныг 3 сар ашиглах явцдаа чанар байдлыг муутгаснаас шинээр авч тавьсан толь, дугуй, моторын хаалтын үнэ болон тээврийн хэрэгслийн татвар,  агаарын бохирдлын, зам ашиглалтын төлбөрт нийт 1.405.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шүүх хангахдаа хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Д.Л- Б.Ш-аас хохирол буюу олох байсан орлогод 5.700.000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргаж, Япон улсаас автомашин оруулж ирсэн тухай гаалийн баримт, дансны хуулга гаргасныг шүүх тухайн шаардлагыг хангалттай нотлоогүй гэж хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ш- автомашиныг 2015.11.11-ний өдөр буцаан өгсөн боловч мөнгөө төлж худалдаж авна гэх түүний хүсэлтээр хариуцагч Д.Л- 2016.06 сар хүртэл автомашиныг хадгалсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Харин нэхэмжлэгчээс гэрээний үнэд 12.000.000 төгрөгийг 2015.11.11-ний өдөр, 1.750.000 төгрөгийг 2016.03 сард авсан, 2016.06 дугаар сард автомашиныг бусдад худалдан борлуулсан атлаа төлөөгүй байгаа нөхцлийг харгалзан автомашины үнийн зөрүүд 9.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б нар оролцсоныг магадлалд заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг зөрчсөнийг тэмдэглэх нь зүйтэй байна. Энэ алдаа техникийн чанартай тул магадлалыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00902 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 952 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Д.Л- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 238.500 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                Г.АЛТАНЧИМЭГ