Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/07

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх,  З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Д.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                    *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн

өмгөөлөгч                                                               В.Давааням

Шүүгдэгч                                                                 *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                         Д.Урансувд

                                                                                Ө.Батболд

Нарийн бичгийн дарга                                             Г.Чинзориг нарыг оролцуулан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, 1981 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: *******/

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багт 2021 оны 10 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед “Их хурд” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.1а “тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.ыг дайрч амь насыг хохироосон, мөн зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 3.4д “зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх”, 3.5б “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэг, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх үүргийг хүлээнэ.” гэснийг тус тус зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил хасаж, 3 /гурав/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450   000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 /гурав/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  даруй хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс бусдын амь насанд учруулсан гэм хорын хохиролд 7 364 336 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Халхгол сумын 2 багт оршин суух ******* /*******/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж маргаж байна.

Шүүхээс хэргийн талаар нотолбол зохих зүйл нотлогдож байна гэсэнтэй санал нийлэхгүй байна. Шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өмгөөлөн оролцож буй өмгөөлөгч миний зүгээс шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх санал гаргахдаа болон шүүх хуралдаанд хэргийн талаар нотолбол зохих зүйл хангалттай, эргэлзээгүй, хөдөлшгүй тогтоогдоогүй тул хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай гаргасан хүсэлт, түүний талаар маргаж буй үндэслэлийг шийтгэх тогтоолдоо дурьдалгүй энэ талаар огт дүгнэлт хийсэнгүй.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч *******г талийгаач Б.ыг тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг хохироосон гэх үйл баримт эргэлзээтэй байх тул дахин шалгаж өгнө үү гэх хүсэлт гаргаж санал дүгнэлтээ тайлбарлаж байсан.

Тухайлбал: *******гийн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл уг осол гэмтэл гарсан үйл явдалтай хамааралтай эсэх, шалтгаант холбоотой эсэх, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны  тэмдэглэлд ******* нь талийгаачийг хэвтэж байсан гэх ба сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ талийгаач нь гуйваад явж байсан гэдэг. Эдгээр мэдүүлгүүд нь яллагдагчийн хувьд өөрийн эсрэг мэдүүлэг өгсөн хэдий ч эргэлзээ бүхий байдлыг шалгахгүйгээр бусад нотлох баримтаар давхар нотлогдсон гэж үзэх нь хангалттай биш юм. гийн гэр нь *******гийн гэрээс хойшоо чиглэлтэй буюу хэрэг учрал болсон гэх газраас хол эсрэг чиглэлд байдаг. Тэгвэл гийн мэдүүлэг *******гийн мотоциклтой явж байсан гэдгээр буруутгагдаж байна уу, шинжээч эмчийн дүгнэлтээр талийгаачид учирсан гэмтлийг тогтоосон болохоос *******г мотоциклоор дайрч амь насыг хохироосон гэж дүгнээгүй. Ер нь энэ хэрэгт *******гийн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэгт нийцүүлэн бусад баримтыг тогтоогдож байна гэж үзэх нь учир дутагдалтай.

******* би дайраагүй гэж яллагдагчаар татсан мэдүүлэгтээ мэдүүлдэг ба түүний өмнө өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй энэ нөхцөл байдалд дүгнэлт хийн мөрдөн шалгах ажиллагаа хийхийг хүсээгүй. Хэрэг учрал болсон гэх газарт мотоциклийн мөр тогтоогдсон. Тэгвэл энэ мөр нь *******гийн тээврийн хэрэгслийн мөртэй адилхан эсэх, *******гийн сэжигтнээр “талийгаач гуйваад явж байсан, миний зүүн гарын тохойд цохигдон арын дугуйны доогуур бөгсөн биеэрээ дайрагдсан гэх байдал нь хэргийн бодит байдалд тохирох уу гэдэг нь эргэлзээтэй байхад энэ талаар хуульд заасан эрхийнхээ дагуу шалгуулах хүсэлт гаргасан бидний хүсэлтийг огт хангахгүй байгаа нь хэргийг үнэн зөвөөр шийдэхэд нөлөөлж байна.

*******д холбогдох хэргийн тухайд хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй ба ингэснээр эргэлзээтэй нотлох баримтад үндэслэн гэм буруутай гэж үзсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хэтэрхий дордуулж ял халдаах үндэслэл болж байна. Үндсэндээ шүүгдэгчийн өөрийн гэм буруутайг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэх заалттай зөрчилдөж байх тул шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болж байна.

Мөн хэрэгт хохирогч хэн бэ гэдгийг ойлгоход асар их эргэлзээтэй нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Хэргийн материалтай танилцахад хохирогчийг Эрдэнэбаатар гэж бичсэн байсан боловч мэдүүлэг бүхэнд хохирогчийн нэр өөр өөр бичигдэн зарим нэг шинжээчийн дүгнэлт, шүүхийн гэм буруутайд тооцох үндэслэл болсон гэх баримтуудад энэ алдаа олон байсан. Шүүхэд хэргийг шинжлэн судлахад тухайн алдааг арилгагчаар даран зөвтгөсөн хэдий ч зарим алдаа хэвээр байгаагаас гадна хэн энэ нэрийг засаж засвар оруулсан талаар ямар нэг тэмдэглэл огт үйлдээгүй байгаа нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн журмыг илтэд зөрчсөн гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд *******гийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг зургаар баримтжуулсан боловч энэ гэмтэл нь осол болсон тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл үү эсвэл өмнө үүссэн байсан гэмтэл үү гэдгийг тогтоогоогүй явдал нь *******г яллах үндэслэл болно гэдэг маш харамсалтай байна. Энэ нөхцөл байдлыг тогтоох нь *******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотлох баримт болох үндэслэлтэй. Мөн тээврийн хэрэгслийн мөрийг адилтган тогтоосноор ******* энэ хэргийг үйлдсэн эсэхийг тогтоох хангалттай нотлох баримт болох үндэслэлтэй. Би хөдөлшгүй, эргэлзээгүй баримтаар яллах, цагаатгах ямар шийдвэр гарах вэ түүнийгээ л шалгаад өгөөч гээд байгаа юм.

 

Шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг зөрчиж байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “... Миний бие тай найз нөхөд, хамт архи уух үедээ ууж, үерхэн найзалж нөхөрлөж явсан анд минь юм. Би найзыгаа дайраагүй юм шүү гэдгээ чин сэтгэлээсээ хэлж байна. Би яагаад найзыгаа дайрсан гэж мэдүүлсэнийг шүүхэд хэлж ч чадахгүй байлаа. Би дайраагүй учраас хэргийг шударгаар үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж итгэж байсан. Талийгаачийн ажил явдал дуусаад байхад цагдаагийн газраас ярьж намайг хэсэг дээр ирэх шаардлагатай гэсэн. Ганц надад л жаргал зовлонгоо ярьж, бие биедээ хань болж ууж, идэж үг хэлээ ойлголцдог найзыгаа алдсан болохоор сэтгэл санаа сайхан байгаагүй.

Ингээд цагдаагийн газар очиход миний мотоциклд үзлэг хийсэн, дараа нь чи ыг дайрсан байна гэж удаа дараа хэлсэн. Чамайг харсан байна, чи үнэнээ хэл гэж шаардсан. Би удаа дараа энэ үгийг сонсоод би үнэхээр найзыгаа дайрсан юм байх даа гэж эргэлзэж эхэлсэн.

Би тэр өдөр өглөөнөөс орой болтол гэрийнхээ ажлыг амжуулсан. Манайх багийн төвөөс хойшоо байдаг. Багийн төв рүү огт ороогүй. Харин ахынхаар орсон. Тэднийх манайхаас баруун хойш км шахуу зайтай байдаг. Тэднийд өдөржин ажилласан болохоор нуруугаа амрааж шалан дээр хэвтсэн нь үнэн. Тэгээд нэг хэсэг дугхийсэн, үүнийгээ бол сайн мэдэж байна.

Гэтэл намайг найзыгаа дайрч алсан гээд тулгахад нь би үнэндээ эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Осол болсон замаар наснаасаа олон явсан би замаа сайн мэднэ. Тэр замаар хаашаа хэнийд очдог гэдгийг багийн иргэд бүгд л мэднэ. Байцаагч намайг зодож, цохиж дарамтлаагүй ч чи алсан гэнэ, чи дайрсан, нотлох баримт тогтоогдлоо гээд байхад би согтуу байсан, мөн ухаан санааны хувьд тийм юмыг  сайн ойлгох хэмжээний эцсийн үр дагаврыг ойлгохгүй учраас эргэлзэж байгаад хүмүүсээс сонсож байсан яриаг л ярьж өгсөн. Гэтэл энэ маань намайг гэмт хэрэг үйлдсэн болгож шоронд оруулах болж байна гэхэд маш их харамсаж байна.

Би өмгөөлөгчдөө ч ойлгуулж хэлж чадахгүй, би дайраагүй, хүн алаагүй гээд байдаг. Ганцхан төрсөн дүүдээ л хэлсэн. Тэр үед ээж маань биеийн байдал маш муу байж байгаад өвчнөө даалгүй нас барсан. Ийм олон золгүй явдалд өртөж угийн зожиг миний хувьд нийгмийн харилцаанд орж үзээгүй малчин би өөрийгөө буруугүй гэдгээ илэрхийлж хамгаалж чадахгүй хэрэгтэн болсондоо харамсаж шүүхийг үнэхээр хэрэг хийсэн үгүйг минь шударгаар тогтоож гэм зэмгүй болохыг минь нотолж өгөөч гэж хүсч байна.

Хэрвээ би найзыгаа баттай дайрсан бол хийсэн хэргээ хүлээе, даанч хийгээгүй учраас үнэнийг тогтоох байх гэж найдаж байна. Дахин шалгаж гүйцэтгэх ажиллагаа явуулаад ч болтугай хэргийг мөрдөн шалгана уу. Надад шалгуулмаар байгаа эргэлзэж байгаа зүйл олон байгаа боловч мөн л хэлж мэдэхгүй байна. Миний бие мориноос унаж хүнд гэмтэл аваад үхээд боссон хүн. Энэ ослын ул мөрөөс би ой ухааны хувьд хэвийн биш гэдгээ мэднэ. Би гэмт хэрэг үйлдээгүй учир шүүхээс үнэнийг олоод өгөөч гэж хүсье.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* чи миний хүүг алсан шүү дээ, сумаар чамайг алсан гэж ярьж байгаа. Чи яагаад үнэнээ хэлэхгүй байгаа юм. Би чамд маш их гомдолтой. ******* надад энэ шүүх хуралдаанаас өмнө 2,0 сая төгрөг өгсөн.” гэв.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэмт хэрэг үйлдээгүй. Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хуульд нийцсэн байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт 2 дугаар багийн төвд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн орой 19 цагийн үед “Их хурд” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.1а/ “тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.ыг дайрч амь насыг хохироосон, мөн зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 3.4д/ “зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх”, 3.5б/ “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэг, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх үүргийг хүлээнэ.” гэснийг зөрчсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Гэрч Д.Оюунбайгалийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би багийн цаг уурт ажилладаг бөгөөд Жаргалмааг гуйгаад өөрийн эзэмшлийн “Королла” маркийн 90-21 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 19 цаг 30 минутын үед цагдаагийн хэсгийн байрнаас зүүн тийш замаар явж байхад машины гэрэлд зам дээр хүн хэвтэж байгаа харагдсан. Бид 2 эхлээд таниагүй бөгөөд гэрлээ тусгаад сайн харсан чинь багийн иргэн ах байсан. ...Мөн машины гэрэлд толгойгоо өндийлгөж байгаа харагдсан. Жаргалмаа багийн засаг Үржиндорж руу утсаар залгаж хэлсэн. ... 10 орчим минутын дотор буцаад замаараа ирэхэд ахын нүүр нь зүүн тийш харсан, хөл нь нугаларсан байдалтай, урагшаа чиглэлтэй хэвтэж байсан. ...” /хх 33/ гэсэн,

Гэрч З.гийн: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний орой нар шингээд харанхуй болж байхад би гэртээ гал түлээд цай халаагаад ууж байхад ******* манай гэрт орж ирээд Монгол гэрийн баруун баганын хажууд газар хулдаасан шалан дээр дээшээ хараад хэвтээд өгсөн. ...******* 30 орчим минут болсон байх “Пүүлээ ахаа би явлаа” гээд гараад явсан. ******* манайд ирэхдээ өөрийнхөө улаан өнгийн мотоциклтой ганцаараа ирсэн.  ...Миний бодлоор 18 цагийн орчим ирсэн гэж бодож байна. Дөнгөж нар шингээд үдшийн бүрий болж байсан. Манай гэрт ирээд 30 орчим минут болоод мотоциклоо унаад яваад өгсөн.” /хх 89/ гэсэн,

Гэрч Д.Мягмарсүрэнгийн: “... 20 цагийн орчимд холбооны хажуу замаар дэлгүүр орох санаатай явж байхад холбооны зүүн талын зам дээр хүн хойшоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би баруун талаар нь тойрч гараад буцаад гэрэл тусгаад хартал Эрдэнээ ах хэвтэж байсан. Эрдэнээ ах архи их уусан, тасарсан байдалтай байсан тул би ганцаараа түүнийг мотоцикл дээр авч явж чадахгүй гэж бодоод шууд өөрийн найз Б.Бат-Эрдэнэтэй уулзаж түүнээс тусламж авахаар тэдний гадаа очоод найз Бат-Эрдэнийг дуудан гаргаж ирээд ...   ахыг бид 2 дундаа өргөж суулгаад шууд гэрт нь хүргэж өгсөн.  ...” /хх 50-52/ гэсэн,

Гэрч Б.Бат-Эрдэнийн: ... Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний орой гэртээ байж байхад 20 цаг 10 минутын орчим гадаа мотоцикл чагнаалдаад Эрдэнээ гээд дуудсан. ... Эрдэнээ ах цагдаагийн байрнаас зүүн тийш 100 орчим метр зайд айлын хашааны буланд зам дээр баруун талаараа толгой нь урагшаа, нүүр нь зүүн тийш харсан, бараан өнгийн хувцастай хэвтэж байсан. ...Тэгээд бид хоёр гэрт нь хүргэж өгөхөд аав нь байсан. ...” /хх 40-41/ гэсэн,

Гэрч Ц.Жаргалмаагийн: “ ...2021 оны 10 дугаар сарын 11-ний орой ...би Оюунбайгаль эгчтэй хамт машинаар нь 19 цаг 30 минутын үед явсан. ... цагдаагийн байрнаас зүүн тийш 100 орчим метр зайд айлын хашааны наад талд машины шороон зам дээр баруун тийш хажуу талаараа харсан саран хэлбэртэй хүн хэвтэж байхаар нь замаас гарахад толгойгоо өндийлгөөд харсан. ... багийнхаа Засаг дарга Үржиндорж руу 19 цаг 32 минутанд ... зам дээр хүн хэвтэж байна. Бэхжав ахын Эрдэнээ ах байж магадгүй гэж хэлсэн. ...” /хх 42-43/ гэсэн,

Гэрч Д.Бэхжавын: “...орой 20 цаг өнгөрч байхад гадаа харанхуй болсон байсан бөгөөд гэрийн гадаа мотоциклийн чимээ гараад удаагүй 2 залуу хүү ыг 2 талаас нь сугадаад оруулж ирсэн. Тухайн үед Эрдэнэбаатар /ыг Эрдэнэбаатар гэж бичсэн/ нилээн согтуу, бараг тасарсан байсан байх. Тухайн 2 залуу “орон дээр тавиад өгөх үү, ах энэ хойно зам дээр хэвтэж байна гэж хэлсэн. ...” /хх 30-31/ гэсэн,

Шүүгдэгч *******гийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн: “... “Их хурд” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг унаад багийн цагдаагийн хэсгийн байрны урдуур замаар зүүн тийш явж байхад багийн иргэн Ариукагийн хашааны урд талын салаа замын үзүүр дээр мотоциклийн гэрэлд хүн явж байгаа харагдсан бөгөөд тэр хүн гуйваад явж байсан. Би ойролцойгоор 45 км цагийн хурдтай явж байсан. Гэрэлд харахад зам дээр явж байсан ба би түүнийг арай ч миний урдуур орчихгүй байлгүй дээ гэж бодсон чинь миний зүүн гарын тохойны хэсэгт цохиулж унаад ... мотоциклийн арын дугуй хэсэг ын биеийнх нь хөл, гуяны хэсгээр дайраад гарсан. ... би түүнийг аваад явах гэтэл явахгүй эндээ архи ууна гээд байхаар нь би тухайн газарт орхиод явсан. ...Осол болоход 19 цаг өнгөрч байсан...” гэсэн  /хх-ийн 139-140 тал/  мэдүүлгүүд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлтдээ: Талийгаач хүү маань 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд гэрээсээ гараад 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн байсан. Би хүүгээ гэртээ ирэхэд нь байгаагүй. Намайг гэртээ ирэхэд нөхөр маань “хүүг мотоциклтой 2 хүн авч ирсэн” гэж хэлсэн. Би хүүгээ харахад орны урд талд хэвтэж байхаар нь ор руу өргөж хэвтүүлсэн. Тэр үед хүү маань “өө миний ээж ирсэн үү. Хүү нь их даарч байна. Зузаан хөнжил нөмрөх хэрэгтэй байна” гэхээр нь нөхөр маань хүүдээ 2 давхар хөнжил нөмрүүлээд хөлийг нь бариад, би толгойг нь барьсан. Удалгүй хүү маань “намайг хүн алах гээд байна” гэж 3 удаа хэлсэн. Би хүүгээсээ “хэн миний хүүг алах гээд байгаа юм бэ” гэж тодруулж асуухад тодорхой хариу хэлээгүй. Харин “миний ээж хүүгээ үхэхээс нь өмнө үнсчих ээ” гэж хэлээд 20 минутын дараа нас барсан. ******* миний хүүг дайрч алчихаад өнөөдөр ийм юм яриад байгааг ойлгохгүй байна. Би маш их гомдолтой байна. ...” /хх 226/ гэсэн,

Шинжээч эмч Б.Өнөрборгилын шүүх хуралдаанд мэдүүлсэн: ...Талийгаачид аарцаг ясны хугарал, төмсөгний хуйхнагт язарсан шарх, төмсөг цаашаа чихэгдэж орсон, баруун талын гуя, цавьны орчимд зулгаралт, цус хуралт, баруун талын хавирга, өвчүү ясны хугарал, духанд зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан байсан. ... Талийгаачид учирсан гэмтэл шулуун шугамаар доод хэсгээс дээш чиглэлтэй үүссэн байсан. Төмсөг чихэгдээд татагдсан байсан учир тухайн тээврийн хэрэгслийн эд анги нь төмсөгт язрал, дарагдал үүсгэж биеийн дээд хэсэг рүү шулуун шугамаар гэмтэл учруулсан. ...” /хх 227/ гэсэн мэдүүлгүүд,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Амь хохирогч Б.ын цогцост хэвлий, бага аарцгийн хөндийд цус хуралдалт /200мл/, ээрцэгний заадлын хугарал /аарцаг ясны хугарал/, хуйхнагт язарсан шарх, төмсөгний чихэгдэл, няцрал, өвчүү ясны их бие хэсгийн хугарал, баруун 2-7-р хавирга ясны хөндлөн хугарал, дух, цээж, зүүн шилбэнд зулгаралт, баруун ташаан толгойд зурагдаж язарсан зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд тээврийн хэрэгсэлд дайрагдах үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.  Амь хохирогч нь хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтнүүдийн битүү гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогчийн цусанд 2,3% спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байжээ. Цус нь В/III/-р бүлгийн харьяалалтай байна.” гэсэн 128 дугаар дүгнэлт /хх 103-106/,

2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн” тэмдэглэлд: “...Хэрэг учрал нь Ялалт багийн төв дотор Цагдаагийн хэсгийн байрнаас ертөнцийн зүгээр зүүн тийш 100 орчим метр зайд шороон зам дээр болсон байв. Уг осол болсон газрыг сэжигтэн *******гээр заалгаж ослын “А” цэгийг тогтоон ...байв.” гэсэн тэмдэглэл /хх 12/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11/, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 15-17/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 18-20/, эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 21-23/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 109-114/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 3 /гурав/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нь “Шүүгдэгч ******* энэ гэмт хэргийг үйлдээгүй, эргэлзээтэй нотлох баримтуудыг дахин шалгуулах, хохирогч Б.ын нэрийг Б.Эрдэнэбаатар гэж бичсэн, эдгээрийн зөрүүг арилгуулах, мөн *******гийн мотоциклд дахин үзлэг хийлгэх шаардлагатай байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар тухайлбал гэрч З.гийн “ ...Миний бодлоор 18 цагийн орчим ирсэн гэж бодож байна. Дөнгөж нар шингээд үдшийн бүрий болж байсан. Манай гэрт ирээд 30 орчим минут болоод мотоциклоо унаад яваад өгсөн.” /хх 89/ гэсэн, гэрч Д.Мягмарсүрэнгийн “... 20 цагийн орчимд холбооны хажуу замаар дэлгүүр орох санаатай явж байхад холбооны зүүн талын зам дээр хүн хойшоо харсан байдалтай хэвтэж байсан. ...  Эрдэнэбаатар ахыг бид 2 дундаа өргөж суулгаад шууд гэрт нь хүргэж өгсөн.  ...” /хх 50-52/ гэсэн, гэрч Б.Бат-Эрдэнийн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний орой гэртээ байж байхад 20 цаг 10 минутын орчим гадаа мотоцикл чагнаалдаад Эрдэнээ гээд дуудсан. ... Эрдэнээ ах цагдаагийн байрнаас зүүн тийш 100 орчим метр зайд айлын хашааны буланд зам дээр баруун талаараа толгой нь урагшаа, нүүр нь зүүн тийш харсан, ... хэвтэж байсан.... Тэгээд бид хоёр гэрт нь хүргэж өгөхөд аав нь байсан. ...” /хх 40-41/ гэсэн, гэрч Ц.Жаргалмаагийн “ ...2021 оны 10 дугаар сарын 11-ний орой ... би Оюунбайгаль эгчтэй хамт машинаар нь 19 цаг 30 минутын үед явсан. ... цагдаагийн байрнаас зүүн тийш 100 орчим метр зайд айлын хашааны наад талд машины шороон зам дээр баруун тийш хажуу талаараа харсан саран хэлбэртэй хүн хэвтэж байхаар нь замаас гарахад толгойгоо өндийлгөөд харсан. ... бид хоёр хажуугаар нь өнгөрөөд буцаад ирэхэд 10 орчим минут болсон байх. ...” /хх 42-43/ гэсэн, гэрч Д.Оюунбайгалийн “...19 цаг 30 минутын үед цагдаагийн хэсгийн байрнаас зүүн тийш замаар явж байхад машины гэрэлд зам дээр хүн хэвтэж байгаа харагдсан. Бид 2 эхлээд таниагүй бөгөөд гэрлээ тусгаад сайн харсан чинь багийн иргэн ах байсан. ...” /хх 33/ гэсэн, гэрч Д.Бэхжавын мэдүүлсэн: “...орой 20 цаг өнгөрч байхад гадаа харанхуй болсон байсан бөгөөд гэрийн гадаа мотоциклийн чимээ гараад удаагүй 2 залуу хүү ыг 2 талаас нь сугадаад оруулж ирсэн. ...” /хх 30-31/ гэсэн мэдүүлгүүд болон 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэгээр: “...Хэрэг учрал нь Ялалт багийн төв дотор Цагдаагийн хэсгийн байрнаас ертөнцийн зүгээр зүүн тийш 100 орчим метр зайд шороон зам дээр болсон байв. Уг осол болсон газрыг сэжигтэн *******гээр заалгаж ослын “А” цэгийг тогтоон ... байв.” гэсэн тэмдэглэл /хх 12/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14/ зэрэг баримтуудаас үзэхэд тухайн гэмт хэрэг нь Халх гол сумын Ялалт 2 дугаар багийн төвд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байрнаас зүүн тийш 100 орчим метр зайд айлын хашааны наад талд машины шороон зам дээр орой 19 цагийн орчим үйлдэгдсэн гэдэг нь тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч ******* 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө: “... “Их хурд” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг унаад багийн цагдаагийн хэсгийн байрны урдуур замаар зүүн тийш явж байхад багийн иргэн Ариукагийн хашааны урд талын салаа замын үзүүр дээр мотоциклийн гэрэлд хүн явж байгаа харагдсан бөгөөд тэр хүн гуйваад явж байсан. Би ойролцойгоор 45 км цагийн хурдтай явж байсан. Гэрэлд харахад зам дээр явж байсан ба би түүнийг арай ч миний урдуур орчих гүй байлгүйдээ гэж бодсон чинь миний зүүн гарын тохойны хэсэгт цохиулж унаад ... мотоциклийн арын дугуй хэсэг ын биеийнх нь хөл, гуяны хэсгээр дайраад гарсан. ... би түүнийг аваад явах гэтэл явахгүй эндээ архи ууна гээд байхаар нь би тухайн газарт орхиод явсан. ...Осол болоход 19 цаг өнгөрч байсан...” гэж мэдүүлсэн нь /хх 139-140/ дээрх гэрчүүдийн мэдүүлсэн гэмт хэрэг үйлдэгдсэн газар болон цаг хугацаатай тохирч байна.

Мөн шинжээч эмч Б.Өнөрборгилын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: ...Талийгаачид аарцаг ясны хурал, төмсөгний хуйхнагт язарсан шарх, төмсөг цаашаа чихэгдэж орсон, баруун талын гуя, цавины орчимд зулгаралт, цус хуралт, баруун талын хавирга, өвчүү ясны хугарал, духанд зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан байсан. ... Талийгаачид учирсан гэмтэл шулуун шугамаар доод хэсгээс дээш чиглэлтэй үүссэн байсан. Төмсөг чихэгдээд татагдсан байсан учир тухайн тээврийн хэрэгслийн эд анги нь төмсөгт язрал, дарагдал үүсгэж биеийн дээд хэсэг рүү шулуун шугамаар гэмтэл учруулсан. ...” /хх 227/ гэсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “... Амь хохирогч нь хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтнүүдийн битүү гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэсэн /хх 103-106/ 128 дугаар дүгнэлт зэрэг баримтуудаар давхар нотлогдож байхаас гадна шүүгдэгч *******гийн “би Б.ыг мотоциклоор дайраагүй” гэсэн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Замын цагдаагийн тасгийн 2021 оны 10 сарын 16-ны өдрийн “Зам тээврийн осол дээр тогтоосон актад: “Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн тодорхой бичих” хэсэгт “Урд талын хөлний хамгаалалт хугарсан, хөлний хоёр гишгүүр хугарсан, баруун хойд дохионы гэрэл хагархай.” гэсэн тэмдэглэл, /хх-ийн 16 тал/ Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Их хурд” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2021 оны 10 сарын 16-ны өдрийн тэмдэглэлд: Үзлэгээр уг тээврийн хэрэгсэлд: “Ард талын дохионы гэрэл хагарсан, урд хөлний хамгаалалт хугархай, хөлийн хоёр гишгүүр хугархай.” гэж бичигдсэн, /хх-ийн 17 тал/ Эд зүйл, /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн “үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал” гэсэн хэсэгт “Улаан өнгийн улсын дугааргүй “Их хурд” маркийн мотоцикл байв. ... мотоциклийн зүүн талын хөлний төмөр хамгаалалт хугарч доод хэсэгтээ 15 орчим см урт үзүүр бүхий төмөр хугарч үлдсэн, ил гарсан байдалтай, зүүн урд болон баруун ард гэрлэн дохио хагарсан, ... мотоциклийн урд их гэрлийн суурийг урд карланаас холбож боосон, мөн мотоциклийн арын ачааг яндангаас сураар боосон байдалтай байна. ...” гэсэн тэмдэглэл  /хх-ийн 22/ зэрэг баримтууд болон  2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн” тэмдэглэлд хэргийн газарт шүүгдэгч *******гийн эзэмшлийн мотоциклийн эд анги /мотоциклийн хөлний гишгүүр, хөлний хамгаалалт, хойд талын дохионы гэрэл/ хугарч, хагарч үлдсэн эсэх талаар тэмдэглэгдээгүй байх тул шүүх хуралдаанд шүүгдэгч *******гийн мэдүүлсэн “мотоциклийн хөлний гишгүүр, хөлний хамгаалалт, хойд талын дохионы гэрэл өмнө нь буюу өвөл хугарсан байсан. ...” /хх-ийн 225/ гэсэн мэдүүлгийг үгүйсгээгүй боловч дээрх байдлыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт амь хохирогч Б.ын нэрийг “Эрдэнэбаатар” гэж бичсэн, “нэрийг зассан”  гэсэн гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан нөхцөл байдалд хамаарахгүй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн оролцогчдоос энэ талаар тодруулсан байгааг дурдах нь зүйтэй.

Цаашид мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа, прокурор мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийг хянахдаа дээрх алдааг гаргахгүй ажиллахад анхаарвал зохино.

Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийг прокурорт буцаах үндэслэл байхгүй тул тэдний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж тус шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 2,0 сая төгрөг төлснийг магадлалд дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд улсын яллагч Д.Ганчимэгийн овгийн эхний үсгийг “С” /С.Ганчимэг/ гэж бичиж техникийн алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 /дөчин ес/  хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 2,0 сая төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДОЛГОРМАА  

                        ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

                                                                                           З.ЭНХЦЭЦЭГ