Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/00954

 

Э.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00654 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б, Б.Ба, Ц.Б нарт холбогдох

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Энхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Цагаанбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б бид хоёр 2012 онд гэрлэлтээ цуцлуулж охиныг маань миний асрамжид үлдээсэн. 2014 онд Б.Б утсаар залган гэрээн дээр гарын үсэг зурчих гэсэн. Юун гэрээ гэхэд орон сууц худалдах гэхэд асран хамгаалагч зурах ёстой юм гэхэд нь аавыгаа дагуулан Хан-Уул дүүрэг дээр ирэхэд Ц.Б гэх хүн гэрээ барьчихсан байсан. Миний охины эзэмшдэг орон сууцыг надад мэдэгдэхгүйгээр зарж борлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурахгүй болохоор 2014 оны хавар миний эсрэг хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байсан. Тухайн нэхэмжлэлд эх нь цалин орлого, орон байргүй гэж нэхэмжлэл гарган анхан, давах, хяналтын шатны шүүхээр яваад миний талд шийдвэр гарсан. Худалдах, худалдан авах гэрээг талуудад мэдэгдээд хэлэлцэх боломжтой байсан. Надтай ярилцаж, мэдэгдсэн зүйл байхгүйгээр гэрээ хийгдсэн байдаг. Тухайн үед надтай ярилцаж тохиролцоод миний охинд ашигтай гэрээ хийгдэн, 33 хувийг охиныхоо нэр дээр хадгаламж нээлгэн байршуулсан бол 5 жилийн хугацаатай хадгаламжийн хүү тооцогдох байсан. Охиныхоо эрх ашгийг хамгаалж ямар нэг шийдвэр гаргахыг нь хүлээн, ярилцах гэж үзэн өнөөдрийг хүрсэн ч ямар нэг шийдвэрт хүрээгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Ц.Б, Б.Ба, Б.Б нарын байгуулсан 2014 оны 2 сарын 21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд Б.Б Э.У нар нь гэрлэлтээ цуцлуулсан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Э.У нь өөрийн хүсэлтээр орон сууцны өмчлөх эрхээс татгалзсан байна. Б.Б түүний аав Б.Ба, түүний охин Б.Ариундэлгэр гэсэн 3 хүний нэр дээр өмчлөх эрх байна. Охин Б.Ариундэлгэрийн хууль ёсны төлөөлөгч буюу асран хамгаалагч нь Б.Б байсан бөгөөд өмчлөгч Б.Ба-ыг төлөөлж Б.Б нь итгэмжлэл хийлгэн орон сууцыг Ц.Б болон н.Баттогтох гэх ах дүү хоёртой худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед Гэр бүлийн тухай хуулийн 28.1 болон 30.1-т зааснаар эцэг байх эрхийг хязгаарласан нөхцөл байдал байгаагүй. Иргэний хуулийн 17.2-т заасны дагуу 7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ гэсэн заалт байна. Үүний дагуу төрсөн аав нь охиныхоо өмнөөс гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл яригдахгүй байна. Хоёрдугаарт 2014 онд Б.Б-ний охин аавтайгаа амьдарч аавынхаа асрамжид байсан учраас охиныхоо байрыг зарж, охиндоо мөнгө өгөхгүй гэх асуудал байхгүй. Б.Б-ний зүгээс охиндоо 33 хувийн мөнгийг данс нээлгэж өгөхөд татгалзах зүйлгүй гэх хүсэлтээ бичгээр өгч хавтаст хэрэгт авагдсан байдаг. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны 30 хувийн төлбөрийг өгсөн боловч үлдсэн 70 хувь нь банкны зээлээр гарахгүй байгаа, байрны төлбөрийг бүрэн гүйцэд авч чадаагүй гэдгийг нэхэмжлэгч тал ойлгох хэрэгтэй байна. Хариуцагч Б.Ба нь шударга өмчлөгч болох гэж байгаа хүн юм. Маргаантай гэдгийг мэдсэн эсхүл үнэ хямдруулж авч байгаа зүйл байхгүй зах зээлийн үнээр худалдаж авах гэж байгаа процесст энэ этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна. Тухайн орон сууцанд засвар хийн, тодорхой хугацааны урсгал зардлуудыг төлж, урьдчилгаа 30 хувийг төлсөн учир энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох ямар нэг үндэслэл байхгүй байна. Б.Б тухайн үед хууль эрх зүйн мэдлэггүй, охиныхоо өмнөөс гарын үсэг зурж болно гэдгийг мэдэхгүй байсан учраас ээжийг нь дуудсан. 2012 онд гэрлэлт цуцлуулахад охиныг ээжийнх нь асрамжид үлдээсэн хэдий ч Б.Б-ний эцэг байх эрхийг хасаж, хязгаарласан зүйл байхгүй. Асран хамгаалагч эцэг, эх нь байгаа тохиолдолд хэнийх нь асрамжид байлгах талаар шийдэж байгаа зүйл юм. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ба шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Э.У-ын нэхэмжлэлийн дагуу орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Шинэ дүр төрх цогцолбор 84 дүгээр байрны 7 тоот 79.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь Б.Б, Б.Ба, Б.Ариундэлгэр гэсэн 3 хүний өмч бөгөөд нэхэмжлэгч Э.У-ын өмч биш юм. Өөрөөр хэлбэл өөрт хамааралгүй өмчлөлийн талаар нэхэмжлэлийн шаардлага эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 151 000 000 төгрөгийн 70 хувийг худалдагч талд өгөөгүй байгаа. 50 000 000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд төлсөн ба нэхэмжлэгч талын 180 000 000 төгрөгөөр худалдаж байна гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Өмнөх хуралд хэлснээр Голомт банканд 95 000 000 төгрөгөөр 8 хувийн зээл гарах боломжтой гэх зээлийн хорооны шийдвэр гарсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар Б.Б, Б.Ба, Б.Ариундэлгэр, Ц.Б нарын хооронд байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 912 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Б.Ба, Ц.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 912 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.У-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрийнхээ үндэслэлд "...Хууль ёсны төлөөлөгч гэж эцэг, эх, асран хамгаалагчийг хэлнэ гэж хуульчилсан тул охин Б.Ариундэлгэрийн нэрийн өмнөөс эцэг байх эрхийг нь хасах, хязгаарлах зэрэг шийдвэр гараагүй эцэг Б.Б нь хэлцэлд гарын үсэг зурах эрхтэй гэх хариуцагч талын тайлбарыг үгүйсгэх боломжгүй хэдий ч Орхон аймгийн шүүхийн шийдвэрээр охин Б.Ариундэлгэрийг 18 нас хүртэл хараа хяналтдаа байлгаж, асарч хүмүүжүүлэх үүргийг эх Э.У-д олгосон тул хүүхдийн өмчлөх эрхэд халдсан хэлцлийг хийхэд эхийн зөвшөөрлийг авах ёстой байсан гэж үзэх нь хуульд нийцнэ. Иймд дээрхийг нэгтгэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Шинэ дүр төрх цогцолбор, үйлдвэр-2 /17041/, ХД-84 дүгээр байрны 7 тоот 79.5 м.кв талбайтай гурван өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж шүүх дүгнэв” гэсэн дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн. 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу нэг талаас орон сууцны өмчлөгч Б.Б, Б.Ба, Б.Ариундэлгэр болон худалдан авагч Ц.Б нарын хооронд орон сууц худалдах хүсэл зоригийн илэрхийллээ хангалттай тодорхой илэрхийлж нөгөө талаас орон сууцыг худалдаж авахыг илэрхийлэн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээнд нэг талаас орон сууцны өмчлөгч Б Билгүүн Б.Ба-ыг төлөөлж итгэмжлэлийн дагуу түүний хүү болох Б.Б, өмчлөгч Б.Ариундэлгэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг Б.Б гарын үсэг зурж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Өмчлөгч Б.Ба-аас хүү Б.Б нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу итгэмжлэл хийлгүүлсний үндсэн дээр хэлцэлд төлөөлөх бүрэн эрхийг олж авсан. Өмчлөгч Б.Ариундэлгэрийн өмнөөс түүний төрсөн эцэг Б.Б нь Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1-т заасны дагуу өөрийн охиныхоо хууль ёсны төлөөлөгчийн хувиар хэлцэлд төлөөлж гарын үсэг зурсан. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцыг худалдах болсон үндсэн шалтгаан нь тухайн орон сууцны өмчлөгч Б.Б, (Эрдэнэт үйлдвэрт ажилладаг) Б.Ба, Б.Ариундэлгэр (Орхон аймагт сургуульд сурч байсан) нар нь бүгд Орхон аймагт ажиллаж амьдрахаар, суралцахаар болсон байсан тул, өөрсдийн өмчлөлийн орон сууцаа худалдах шаардлага гарсан. Улмаар худалдан авагч Ц.Б-д орон сууцаа худалдахаар болж урьдчилгаа болгож 30 хувийн төлбөрөө төлсөн бөгөөд үлдэгдэл 70 хувийн төлбөрөө ипотекийн зээлээр худалдаж авахаар банкнаас зээлийн шийдвэр гаргуулсан. Шүүхээс дүгнэхдээ нэхэмжлэгч Э.У болон Б.Б нар нь 2012 онд гэрлэлтээ цуцлуулахдаа охиныг эхийн асрамжид үлдээсэн. 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийхэд зохих этгээдийн зөвшөөрлийг охин Б.Ариундэлгэрийн эх Э.У өгөх ёстой гэж тайлбарласан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг тайлбарлан хуулийн урьдчилсан нөхцөлүүдийг нь авч үзвэл "хуульд заасан тохиолдолд" гэсэн урьдчилсан нөхцөл орсон байна. Гэтэл иргэний хууль, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох хэсгийг үзэхэд заавал эцэг, эх хоёр нь хамтдаа эрх зүйн чадамжгүй этгээдийн өмнөөс хэлцэлд төлөөлнө гэсэн заалт байхгүй. Мөн шүүгч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 56.1.8-д "хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл гэдэг" нь тухайлбал Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт "Хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна”, мөн Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна”, мөн Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлд их хэмжээний хэлцэл хийх журмыг зохицуулж өгсөн байх бөгөөд компанийн гүйцэтгэх захирал нь их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлаас авах зэргээр хуульд заасан зөвшөөрөл өгөх зохих этгээдийг зааж өгсөн. Гэтэл шүүгч хуулийн 56.1.8-ийн “хуульд заасан тохиолдолд” гэдгийг “Орхон аймгийн шүүхийн шийдвэрээр тогтоосон” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Орхон аймгийн шүүхийн шийдвэр нь хуульд заасан тохиолдолд хамаарна гэж буруу тайлбарлан дүгнэсэн. Шүүхийн шийдвэрээр эхийн асрамжид үлдээж байгаа нь охин Б.Ариундэлгэрийн хууль ёсны төлөөлөгч нь зөвхөн эх Э.У болсныг тогтоож байгаа, нөгөөтэйгүүр охин Б.Ариундэлгэрийн хууль ёсны төлөөлөгчөөс эцэг Б.Б нь хасагдаж байгаа гэсэн үг биш. Түүнчлэн эцэг Б.Б-ийг охин Б.Ариундэлгэрийн эцэг байх эрхийг нь хязгаарласан, хассан зүйл байхгүй ба Гэр бүлийн тухай хуульд зааснаар түүний эцэг байх эрх үүрэг нь хэвээр үргэлжилж байгаа. Худалдах, худалдан авах гэрээ хийгдэж өмчлөх эрх шилжсэнээр байрны төлбөр орж ирэх бөгөөд үүнийг охиныхоо нэр дээр байрны төлбөрийн 33 хувийг данс нээн байршуулахад татгалзах зүйлгүй болох талаар санал, хүсэлтээ бичгээр болон амаар шүүх хуралд илэрхийлж байсан. Мөн худалдан авагч Ц.Б нь тухайн байрыг эзэмшиж байранд засвар хийсэн зэргээр худалдан авагчийн эрх ашиг хөндөгдөж байгаад шүүх дүгнэлт хийгээгүй гэжээ.

                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Б.Б, Б.Ба, Ц.Б нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Б.Б-тэй 2007 онд гэр бүл болж, 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан байх бөгөөд 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Ариундэлгэр эхийн асрамжид үлдэж, нэхэмжлэгч Э.У нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, “Шинэ дүр төрх” цогцолбор үйлдвэр-2 /17041/ ХД-84 дүгээр байр, 7 тоот, Ү-2206010101 улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөс татгалзсан болох нь талуудын тайлбар, шүүхийн шийдвэр болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8-9 дүгээр тал/

Дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Б.Б, Б.Ба, Б.Ариундэлгэр нар бүртгэгдсэн байх боловч хариуцагч Б.Б нь зөвхөн хариуцагч Б.Ба-аас итгэмжлэл авч 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр уг орон сууцыг хариуцагч Ц.Б-д худалдахаар гэрээ байгуулжээ. /хх-ийн 10 дугаар тал/

Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч хэлцэл хийх талаар зохицуулсан байна. Гэтэл хариуцагч Б.Б, Б.Ба нар нь Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, “Шинэ дүр төрх” цогцолбор үйлдвэр-2 /17041/ ХД-84 дүгээр байрны 7 тоотод байрлах, Б.Б, Б.Ба, Б.Ариундэлгэр нарын өмчлөлийн орон сууцыг өмчлөгч буюу охин Б.Ариундэлгэрийн асран хамгаалагч, эх Э.У-ын зөвшөөрөлгүйгээр хариуцагч Ц.Б-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Охин Б.Ариундэлгэрийг асран тэтгэх эрх, үүрэг нь эцэг Б.Б-д хэвээр байгаа ч хүүхдийг төлөөлж хэлцэл хийхэд хүүхдийг асран хамгаалагч эхийнх нь эрх хөндөгдөх учиргүй юм.

Хариуцагч давж заалдах гомдолдоо, шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг үнэлээгүй гэх боловч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 912 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                  ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                   Г.ДАВААДОРЖ