Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/08

 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх,  Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй  шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                              С.Ариунаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                   *******, *******,

Шүүгдэгч                                                               *******,

                                                                              *******,

                                                                              *******,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч                    Д.Галтогтох,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч                   Т.Энхболд,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч              Д.Урансувд,

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/386 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн,1995 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: ЖЙ 95030810/.

овогт , Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 04ий өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багт бүртгэлтэй, одоо Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Ивээлийн тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: /.

овогт , Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Халхгол 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, /РД: /. Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 10 сар 18 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 7 дугаар байрны урд талд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орой 23 цагийн үед зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан,

шүүгдэгч *******, *******, ******* нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 7 дугаар байрны урд талд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орой 23 цагийн үед нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, хохирогч хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар,

Шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн шүүгдэгч ******* овогт ******* *******, овогт , овогт нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч ******* *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч ******* *******д 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, д 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дахь хэсгийн 6.2-д заасныг баримтлан шүүгдэгч ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 5 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 3 жил хорих ялаар,

шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 8 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг журамлан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, өмнөх тогтоолоор өршөөлд хамруулан оногдуулсан 10 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 8 жилийн хорих ял, шүүгдэгч *******д оногдуулсан 4 жилийн хорих ял, шүүгдэгч *******т оногдуулсан 3 жил 5 сар 10 хоногийн хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 184. хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт шүүгдэгч *******өөс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү /2021.05.03-12.03, 6 сарын/ 1.176.156 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтантуяад олгох, 2021 оны 12 дугаар сараас эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 196,026 төгрөгийг гаргуулж Болортулгын Чингүүн, Болортулгын Гэгээнээ нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь гаргуулж тэдний төрсөн эх Г.Алтантуяад олгохоор тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-ыг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтантуяад шүүгдэгч *******өөс 3,000,000 төгрөг, шүүгдэгч *******аас 2,400,000 төгрөг, шүүгдэгч *******ээс 3,500,000 төгрөг нийт 8.900.000 төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг шударгаар хүлээн мэдүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан болно.

Би тухайн үед нэг сургуульд хамт сурч байсан найз эмэгтэйн гуйлтаар гэрт нь архи авч очсон бөгөөд найз эмэгтэй Цэрэн ажлын газрынхантайгаа өөрийн гэрт уулзахаар товлосон байсныг мэдээгүй юм. Улмаар Цэрэнгийн гэрт ажлын газрын хүмүүс нь ирж хамт архи уусан бөгөөд Оюунбат гэж залуу намайг зодно, цохино гэж гар далайн айлган сүрдүүлж байсан. Мөн намайг байшингаас гарах гэж байхад шанаа хэсэгт гараараа цохьсон. Оюунбат бид хэдийг гадагш гарсны дараа талийгаач мөн намайг нүүр хэсэгт цохиж унагаасан. Унаад босож ирэхдээ би чулуу авч цохих гэж далайхад ******* хорьж чулууг хаяулсан юм.

Би талийгаачийн хөл хэсэгт нэг удаа өшиглөсөн нь үнэн. Үүнийгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үнэн зөвөөр нь ярьж хэргээ хүлээсэн болно. Бусдыг нэг удаа хөл хэсэгт өшиглөсөн үйлдэлд шүүхээс 4 жилийн хорих ял оноосон явдалд хорих ялын хугацаа арай чангадсан гэж үзэж байна.

Иймд гэм буруугаа шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирол төлбөрөө бүрэн төлсөн, ар гэрт өндөр настай аав, ээжийг миний бие тэжээн тэтгэдэг, найз охин маань төрөөд нэг сар гаруй болсон удахгүй гэрлэлтээ батлуулах зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялын хугацааг багасгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Миний бие шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 7 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрч байгаа.

Харин 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй. Харин оногдуулсан 5 жилийн хорих ялыг багасгуулах хүсэлтэй байна. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч цаашид хохирогчийн үр хүүхдэд гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулах болно.

Тухайн гэмт хэрэг гарах үед би хохирогч болон ******* нарыг муудалцуулахгүй, зодолдуулахгүй гэж барьж, хорьж байсан. Хэрүүл зодоон үүсгэхийг хүсээгүй бөгөөд өөрийн найз нарыг өмөөрч хохирогчийг цохьсондоо үнэхээр их харамсаж байна.

Би одоо эдлэх 8 жилийн хорих ялаас бага ял авбал хорих ангиас хурдан гарч ирээд ажил, хөдөлмөр эрхэлж хохирогчийн ар гэр үр хүүхдүүдэд шүүхээс тогтоосон мөнгийг төлж барагдуулахыг хүсч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хандаж шүүгдэгч *******, ******* нар давж заалдах гомдол гаргасантай танилцлаа. Ялаа багасгах талаар гомдол гаргажээ.

Миний нөхрийн амь нас юу болж байна. Харин ч зүйл ангийг хөнгөрүүлсэн байсан. Тэд нар нийлж зодоогүй бол миний нөхөр эмч хараад үзээд ч мэдэх боломжгүй гэмтэл авч, амь насаа алдаж биднийг өнчрүүлэхгүй байсан.

Эдгээр хүмүүс ял аваад зарим нь талыг нь эдлэхгүй суллагдаад ирнэ. Тэр хүмүүсийн өмнө амьдрал байна. Аз жаргалтай амьдрах элэг бүтэн байх боломж байна. Гэтэл миний нөхөр хэзээ ч босч ирж хоёр нялх үрдээ, ханьдаа, ээж, эгч дүүстээ харагдахгүй үүрд үгүй болсон. Миний амьдрал утга учиргүй болсон. Гэвч хоёр хүүхдийнхээ төлөө амьд явна.

Эдгээр хүмүүс зөвхөн оршуулгын зардлыг төлчихлөө гэж бардам байна. Ядаж гуйж байхад зээлийг нь гэмшиж харамссан юм бол төлөлцөөд өгч болох л байсан. Нөхөр минь амьд сэрүүн байсан бол зээлээ төлөөд өшөө цаашаа байр сууцтай сайн сайхан мөрөөдлөө биелүүлж, хоёр хүүхэд минь ийм тарчигхан амьдрахгүй байсан.

Бүхэл бүтэн амьд хүнийг үхүүлчихээд сэтгэл зовж, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа харагдахгүй байна. Ёс болгож л буруугаа хүлээсэн. Тиймээс анхан шатны шүүх үндэслэлтэй шийдсэн учир хэвээр үлдээх нь зөв гэж үзэж байна.” гэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 7 дугаар байшингийн хажууд зодоон болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Надад гэхдээ арай хүнд ял оногдуулсан гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр гэмт хэрэг гарсан нь үнэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би танхайрч бахирсан нь үнэн. Гэхдээ надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна” гэв.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Галтогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй. Харин танхайн хэргээр 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг багасгуулах хүсэлтэй байгаа. *******ийн хувьд анхнаасаа тай уулзаж гэрийнх нь түлхүүрийг авах гэж ирсэн. Гэвч дотроос талийгаач болон нар муудалцаж байгаа байдалтай гарч ирсэн. Ингээд ын хувьд газраас чулуу авч шидэх, цохих гэж оролдож байсан. *******ийн хувьд хоёр ч удаа чулууг нь авч газар хаяж байсан. Гэрч нарын хувьд цагаан хувцастай хүн буюу нь салгах гэж байхад буцаж залуучуудыг уруу татаж маргалдаж байсан гэж хэлдэг. ******* оролцооны хувьд бусдыгаа бодвол бага байгаа. Тиймээс хуулийн боломжийг ашиглан аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Хорих ялыг багасгах саналыг гаргасан. Энэ зүйлчлэл буруу гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэх ёстой байсан. Талийгаачийг үхэлд хүргэсэн гол гэмтэл нь хүнд гэмтлийн улмаас болсон гэдэг нь тодорхой. Би бичгийн нотлох баримт шинжлэн судлах үед шинжээчийн дүгнэлтийг хэлсэн. Гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байсан гэж үзсэн. ...Шүүх энэ байдлыг анхаарч үзэх ёстой. ...Хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Урансувд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*******ийн хувьд тухайн хүнийг ямар нэг шалтаг шалтгаангүйгээр цохиж зодоогүй. Хүмүүс муудалцахаар нь салгах гэж очоод Болортулгад цохиулсан байгаа. Тэрнээс биш хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэсэн зүйл байхгүй. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн эсэхэд эргэлзээ төрж байсан. Ер нь бол олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл гаргасан. Амь нас хохирсон асуудал нь ийн үйлдэлтэй хамааралтай бус байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ын хувьд бүх асуудлыг эхлүүлсэн болох нь гэрч нарын тайлбараар нотлогддог. Ганцхан өөрөө л өөрийгөө өмөөрөөд байх юм. Манай нөхөр хүнтэй түрүүлж муудах хүн биш гэж бодож байна. ын хувьд найз охин маань төрөх гэж байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн байна. Гэтэл манай нөхөр хоёр хүүхдээ орхиод явсан байгаа шүү. Харин ч хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Би их гомдолтой байна. ..., нарын ял хөнгөдсөн гэж үзэж байна. Аль болох хүнд ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд шүүгдэгч нарт оногдуулсан ял нь үнэхээр бага санагдсан. Бүхэл бүтэн хүнийг шороонд булсан  байна шүү дээ. ...Одоо бэр маань ажилгүй байгаа. Хоёр ээжийнхээ гэрээр хоёр хүүхдээ зөөгөөд явж байна. ...Бид хоёр анх шүүхэд орж ирэхдээ их сүрдэж байсан. Одоо хэлж байгаа зүйлсийг нь хараад гэмшихгүй байна гэж бодож байна. ...Одоо хохирогчийг маш их буруутай үйлдэл байсан гэж хэлээд байх юм. Би үнэхээр дүүгээ гаргаж ирээд харуулмаар байна. Тэгж хүмүүс рүү агсам тавиад байх хүн биш. Үнэхээр ялыг нь хөнгөрүүлэх юм бол би дахиж гомдол гаргах болно. Нэгэнт болоод өнгөрсөн явдал юм гээд л энэ асуудлыг хаясан. Ялыг нь багасгах боломжгүй гэж үзэж байна гэв.

Прокурор С.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдол гаргахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүссэн. Гэтэл өмгөөлөгч нар хуралдаан дээр хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх санал гаргаж байх шиг байна. Үүнтэй санал нийлэхгүй байна. Олон нийтийн хэв журмыг бүлэглэн алдагдуулж, бусдын биед амь насанд хохиролтой хүнд гэмтлийг учруулсан байгаа. Санаатайгаар үгсэж тохиролцоогүй хэдий ч тухайн үйлдлийн улмаас хохирогч нас барсан. Хүнийг зодож байхдаа хэнийг хэдэн удаа өшиглөсөн, цохисон үйлдлээ тоолоод байж байхгүй шүү дээ.

...Гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэдэгт эргэлзээ төрж байна. Шүүх гэм буруудаа хандаж байгаа байдлыг харгалзан шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулсан. 386 тоот шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 7 дугаар байрны урд талд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орой 23 цагийн үед зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан,

шүүгдэгч *******, *******, ******* нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 7 дугаар байрны урд талд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орой 23 цагийн үед нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, хохирогч хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Ц.Цэрэнгийн шүүх хуралдаанд өгсөн: “...Ингээд намайг гадаа гарахад хойд талын орцонд 3 хүн зогсож байсан ба тухайн хүмүүстэй маргалдаад байсан. Тэр үед хэн нь хэнийгээ цохиод байгаа гэдэг нь харагдахгүй байсан. Би дунд нь ороод салгасан. ...Газраас босох гэж байхад зүүн талд талийгаач газарт нүүр хэсгээ урд зүгт, толгой хэсгээ баруун зүгт харуулаад хэвтсэн байдалтай 3 хүнд өшиглүүлээд байсныг болиулсан. Тэр үед нэг нь талийгаачийг өшиглөх гэж байгаад намайг өшиглөсөн. Талийгаачийг газраас босгоход баруун нүдний ойр орчмоос нь цус гарсан байсан...” гэх,

Гэрч С.Гансэлэмийн шүүх хуралдаанд өгсөн: “...******* хүмүүстэй маргалдаад байсан бөгөөд нэг хүнд цохиулаад газарт унасан. Нөгөө залуу нь цааш зугтаасан. Тухайн үед харанхуй болсон байсан учир хэн хэнийгээ цохиод байгаа эсэх нь тодорхой харагдахгүй байсан. ...******* газраас 2 удаа чулуу аваад цохих гээд далайж байхад ******* болиулсан. ...Би *******ийн араас гүйгээд явж байхад нэг хүн газарт унаад өшиглүүлж байсан...” гэсэн,

Гэрч З.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Цэрэнгийн гэрээс , Отгонмягмар, Болортулга бид нар гарахад ын 3-н найз залуучууд нь гадаа зогсож байсан бөгөөд тэр үед над руу дайраад байсан. Тэр үед Болортулга бид нарын дундуур орж ирээд ыг аваад хойшоо алхсан. ...Намайг гүйх үед Болортулга болон түүний 2 найзуудад баригдаад үлдэх шиг болсон. ...Тэр үед Болортулгын хамарнаас болон хөмсөгнөөс нь цус гарч сэтэрсэн байдалтай байхаар нь зугтаах гэж байгаад болон 2 найзуудад нь баригдаад тэр гуравт зодуулсан гэж ойлгосон...” /1 хх 123-124/ гэсэн,

Гэрч П.Батболдын: “...Тэгээд би удахгүй ойролцоогоор 10 минутын дараа очиход Болортулга ах ганцаараа гадаа зогсож байсан ба надад хэлэхдээ ах нь зодуулчлаа гэж хэлсэн. Тэгээд би хэнд зодуулсан юм бэ гэж асуухад зодсон хүмүүс тэнд байна гээд 3 дугаар байшингийн хойно байсан 4 залууг зааж өгсөн. Тэгээд би нөгөө залуучуудтай очиж уулзахад бид над зодоогүй гээд худлаа яриад байсан...” /1 хх 133-134/ гэсэн,

Гэрч Ц.Цэрэнгийн: “...Газарт унаад босч ирээд хартал Болортулгыг ертөнцийн зүгээр урд талд , түүний 2 найз нь газарт унагаагаад 3 талаас нь өшиглөж байсан. Тэгэхээр нь би очиж салгаад Болортулгыг газраас босгоод байж байтал Отгонмягмар өөр газраас бахираад гарч ирсэн. ...Гаднаас нь харахад бол нүүр хэсэгтээ өшиглүүлсэн мэт хөмсөгний дээд хэсгээс цус гарсан, хамраас цус гарсан, гар нь шалбарсан, нэг нүд нь хавдсан байдалтай байсан. ...Намайг харж байхад хэн нэгэн Болортулгыг мод чулуу бариад цохиж байгаа харагдаагүй ...” /1 хх 81-84/,

Мөн “...Би газарт унаад босч ирэхэд хохирогч Болортулга газарт унасан байсан. Чухам яагаад хэн газарт унагаасныг хараагүй мэдэхгүй байна. Болортулгыг тойроод нэг нь цээж хэсэгт нь нөгөө нь хөл хэсэгт нь нэг нь нуруу хэсэгт нь , , ******* 3 зогсоод өшиглөж байсан. Яг хэн нь хаана нь зогсоод хохирогч Болортулгын хаашаа өшиглөж байсныг тодорхой санахгүй байна. Учир нь би нилээн согтуу байсан. Гэхдээ ямар ч байсан энэ гурвын өшиглөж байсныг хараад би салгах гэж очсоноо маш сайн санаж байна. ...” /1 хх 87-89/ гэсэн,

Гэрч С.Гансэлэмийн: “...Миний харж байхад маргалдаж байсан хүмүүс тоосгоор цохиогүй. ... газар уначихсан газраас малгайгаа аваад босоод дахин хоорондоо зодолдоод нэг нэгнийгээ цохиж байгаа бололтой пид пад гэх чимээ гараад байсан. ...Тэр залуугийн араас хөөсөн болохоор би араас нь явахад *******, хоёр нүдний шилтэй залууг газарт унагаачихсан хоёр талаас нь өшиглөөд пид пид хийх чимээ гарч байсан...” /1 хх 101-105/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Урьд гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ №52 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид учирсан баруун нүдний ухархайн дээд болон дотор хана, самалдаг ясны дээд болон доод ханын нийлмэл цөмөрсөн далд хугарал, өнчин тархины хальсны цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүдний дээд доод зовхины няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт, цээж, зүүн шилбэний цус хуралт, баруун гуяны зулгаралт, цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь дээрхи гэмтлийн улмаас тархины аалзан бүрхүүлийн үрэвслээр хүндэрч нас баржээ. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хүний гараар цохих, өшиглөх, хатуу биет болох чулуу тоосгоор цохих аль аль үед үүсэх боломжтой. Талийгаач нь гэмтэл авсан даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ яаралтай авсан тохиолдолд амь нас аврагдах боломж байжээ. Өрхийн болон БОЭТ-ийн эмч нар зохих зөвлөгөө, эмчилгээ, оношилгоог цаг алдалгүй хийсэн байна” гэсэн 580 дугаартай дүгнэлт /1 хх 216-223/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 23-24/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 25-36/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 40-48, 50, 52-53/ зэрэг тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т тус тус зааснаар,

шүүгдэгч *******, ******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэн тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус зүйлчилж, ял оногдуулсан, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Харин *******ийн хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан шийдвэрлэх байтал тухайн зүйлд байхгүй 2 дахь хэсгийн 2.3-д заасныг журамлан гэж буруу бичсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөхөөр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дахь хэсгийн 6.2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 5 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 8 жилийн хорих ялаар,

шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дахь хэсгийн 6.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, өмнөх тогтоолоор өршөөлд хамруулан оногдуулсан 10 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт  тохирсон байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч ******* “...Бусдыг нэг удаа хөл хэсэгт  өшиглөсөн үйлдэлдээ шүүхээс 4 жилийн хорих ял оноосон явдалд хорих ялын хугацаа арай чангадсан гэж үзэж байна. ...”, шүүгдэгч ******* “...Харин 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй. Харин оногдуулсан 5 жилийн хорих ялыг багасгуулах хүсэлтэй байна. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” тухай хуулийн ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж өөрийгөө илчлэн ирж, мөрдөн шалгах ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэн үнэн зөв мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг хамааруулан үзэх учиртай.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд 3 000 000 төгрөг төлсөн байх боловч яллагдагчаар “Би өмнө нь талийгаач Болортулгыг цохисон гэж худлаа мэдүүлэг өгсөн. Учир нь би Болортулгыг нас барна гэж бодоогүй. чи энэ хэргийг даачих” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “Би талийгаачийн шанаа хэсэгт нэг л удаа цохисон” гэж тус тус мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч *******ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж зааснаар шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ял оногдуулсан байх тул шүүгдэгч *******ын хорих ялыг багасгаж өгнө үү гэх гомдлыг хүлээн авч хангах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Энхболд тус шүүх хуралдаанд “Хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой”  гэсэн тайлбар гаргаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явдал бөгөөд эдгээр шинжүүд хангагдсан тохиолдолд тухайн гэмт хэргийн бүрдэл шинж бүрэн хангагдахаар хуульчилсан.

Гэмт этгээдүүд уг гэмт үйлдлийг хэрэгжүүлэхдээ урьдчилан үгсэж тохиролцоогүй хэдий ч үйлдэл, санаа сэдлээрээ нэгдэж тодорхой, хувийн сэдэлт, зорилгогүйгээр олон нийтийг илтэд үл хүндэтгэн нийгмийн дэг журмыг зөрчиж, бусдын аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг үл тоомсорлож, бүдүүлэг авирлан үйлдлээ хэрэгжүүлэх ба энэ гэмт хэргийн заавал байх шинж нь бүлэглэн үйлдсэн байхыг шаарддаг.

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийн “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирол, хор уршиг бодитойгоор шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болно. Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй бөгөөд шүүх түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг журамлан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, өмнөх тогтоолоор өршөөлд хамруулан оногдуулсан 10 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 18 хоногийн хорих ялыг өршөөлийн хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос үлдсэн 5 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн “Танхайн хэрэгт оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэх, шүүгдэгч ******* нарын “Хорих ялын хугацааг багасгаж өгнө үү” гэх  давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23ы өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                О.БААТАРСҮХ                                                                                                                                                            Ж.ДОЛГОРМАА