Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/386

 

 

 

 

 

 

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, Ерөнхий шүүгч , Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Иргэдийн төлөөлөгч С.Гажид

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд

Гэрч *******, *******

Шинжээч эмч Ж.Жаргалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуун цахар овогт Пүрэвсүрэнгийн Мөнхтөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өзөөн овогт Пүрэвдоржийн Отгондэлгэр, Баатууд овогт Оюундоржийн Пүрэвням нарт тус тус холбогдох эрүүгийн 2121000000177 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1995 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10

 

дугаар баг Ялалтын 12-08 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зуун цахар овогт Пүрэвсүрэнгийн Мөнхтөр /РД: *******/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 04ий өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багт бүртгэлтэй, одоо Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Ивээлийн 2-03 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Баатууд овогт Оюундоржийн Пүрэвням /РД: *******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Халхгол 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг тоотод  оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 10 сар 18 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн, Өзөөн овогт Пүрэвдоржийн Отгондэлгэр /РД: /.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 7 дугаар байрны урд талд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орой 23 цагийн орчимд Ө.Болортулгыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан,

Мөн яллагдагч *******, *******, ******* нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 7 дугаар байрны урд талд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орой 23 цагийн орчимд нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, хохирогч Ө.Болортулгыг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр намайг гэртээ унтаж байхад *******, Б.Гансэлэм 2 утсаар яриад “бид хоёрт уух юм байна. Гадаа уух гэсэн чинь хүйтэн байна. Хамт уух газар байна уу” гэж асуусан. Би гэрээсээ гараад П.Отгондэлгэр, Б.Гансэлэм нарын хамт явж байгаад ******* руу утсаар “би танай гэрт очоод жаахан пиво уугаад үсээ угаачихаад маргааш өглөө  эрт ажилдаа явах хэрэгтэй байна аа” гэж ярихад “чи 3 дугаар байшингийн гадаа ирээд түлхүүр аваарай” гэж хэлсэн. Би *******, Б.Гансэлэм нарын хамт 3 дугаар байшингийн гадаа ирээд ******* руу утсаар ярихад байрны орцноос *******, З.Оюунбат, *******, талийгаач нар ар арааасаа цувраад гарч ирсэн. Тэр үед *******ын тохой хэсэг нь шалбарсан байдалтай бахираад гарч ирцгээсэн. Би *******аас юу болсон талаар асуухад “энэ хэд намайг дотор зодчихлоо” гэж хэлсэн. Би талийгаач болон түүүний найз нар, З.Оюунбат нарт “та нар яаж байгаа юм бэ, би найзыгаа аваад явлаа” гэж хэлсэн. Тэр үед ******* талийгаачтай зодолдоод байхаар нь ******* бид хоёр салгасан. Б.Гансэлэм тухайн үед цаана зогсож байсан. ******* талийгаачийг чулуугаар цохих гэж байхад нь би гараас нь чулууг нь аваад болиулсан. Тэр үед 7 дугаар байрнаас эмэгтэй хүн “та нар болиоч” гэж хэлсэн. ******* талийгаач хоёр маргалдаад ******* гадуур хувцсаа тайлахаар нь би хувцсыг нь өмсүүлсэн. Хэсэг хугацааны дараа ******* дахиад газраас чулуу аваад талийгаачийг цохих шиг болсон. Талийгаач цохиулаад доошоо хараад буцаж дээшээ харахад нь хөмсөгний дээд талын хэсэг нь язарсан цус гарсан байсан. Талийгаач энэ цохилтын улмаас гэмтэл авсан байх гэж бодож байна” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр найзууд маань утсаар яриад “архи аваад ирэх үү” гэхээр нь би архи аваад найзуудынхаа байгаа газарт нь очсон. Намайг *******гийн гэрт очиход М.Мөнхзултай хоёулаа байсан. Удалгүй М.Мөнхзул ажлын хүмүүс ирж байгаа гэж хэлээд гэртээ оруулсан. Бид нар *******гийн гэрт ороод авчирсан архиа ууж дуусгасан. Би *******гийн гэрийн арын өрөөнд гар утсаа цэнэглээд байж байхад ******* залгаад “найз нь танай гэрт очоод толгой, хүзүүгээ угаагаад байж байя, болох уу” гэхээр нь би “3 дугаар байрны гадаа хүрээд ирээ. Найз манай гэрт очоод толгой хүзүүгээ угаагаад байж байгаарай” гэж хэлсэн. Би *******гийн хамт дахин 2 шил архи авч ирсэн. Бид нар суугаад архиа ууж дуусгахад талийгаач М.Мөнхзулыг гэрт нь хүргэж өгнө гэж хэлээд явсан. Тэр үед З.Оюунбат намайг зодоод явуулчихъя гэж хэлээд заналхийлээд ариун цэврийн өрөөнд нүүр рүү гараараа цохиод шалан дээр унагаасан. Унахад тохой маань шалбараад цус гарсан. Бид нар *******гийн гэрээс гарцгаах гэж байхад З.Оюунбат намайг татаж чангаагаад байсан учир би гадуур өмсөж явсан хувцасаа /жинсэн яак/ орцонд унагаасан байсан. Би гадаа гараад З.Оюунбаттай маргалдаад зогсож байхад талийгаач намайг 1 удаа цохисон. Тэр үед ******* “чи яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ” гэж хэлэхэд талийгаач *******ийг бас цохисон. ******* талийгаачийг явах гэж байхад нь 1 удаа цохисон” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр *******, Б.Гансэлэм бид нар *******ын гэрийн түрхүүрийг авах гээд 3 дугаар байрны гадаа очсон. Тэр үед ******* гар утсаа авахгүй байхаар нь бид нар 3 дугаар байрны хамгийн хойд талын орцонд ороод хүлээж байсан. Удалгүй ******* руу утсаар ярихад “одоо гарлаа” гэж хэлсэн. ******* орцноос *******, талийгаач болон түүний найз нар гарч ирэхдээ хоорондоо маргалдаад байсан. Би очоод салгах гэтэл талийгаач намайг цохиод ертөнцийн зүгээр баруун тийш зугтааж байсан. ******* араас нь гүйцэж очоод 1 удаа цохиход талийгаач хөл алдаад газарт унасан, тэр үед нь би 2-3 удаа өшиглөсөн. Дараа нь би талийгаачийн цээж хэсэгт нь өшиглөсөн” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Талийгаач бид нар тус тусдаа амьдарцгаадаг. 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ө.Батболд дүү маань надтай уулзаад “ах хүнд зодуулсан байсан” гэж хэлсэн. Би ажилтай байсан учир гайгүй байх гэж бодоод ажилдаа явсан. Гэтэл манай эгч болон бэр яриад талийгаачийг “халуураад байна” гэж хэлэхээр нь эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж бодоод 4 дүгээр сарын 30-ны өдөр эмнэлэгт хандаад шинжилгээ авахуулсан. Гэтэл тухайн өдрийн орой нь талийгаач маань бөөлжөөд бага охиноо танихгүй байгаа юм шиг анзаарагдсан гэсэн. Маргааш өдөр нь би дүүгээ эмнэлэгт үзүүлэх гээд эмч болон эмнэлгийн ажилтан нартай ярьсаар байгаад 13 цагийн орчимд дүүтэйгээ эмнэлгийн гадаа уулзахад нэг нүд нь хавдаад нүдээ нээх боломжгүй болсон, гөлийсөн ярьж байгаа зүйлийн талаар ойлгож байгаа эсэх нь тодорхойгүй байгаад байсан. БОЭТ-ын хүлээн авахад үзүүлэхэд эмч томографикт харуулах шаардлагатай гэж хэлсэн. Томографикийн зураг авдаг аппаратыг нь асаахад 1 цаг орчмын хугацаа шаардлагатай байдаг гэсэн. Ингээд талийгаач маань хүлээн авахын өрөөнд хэвтээд л байсан. Тэгж байгаад  томографикийн зураг авдаг аппарат нь ассан гэхээр нь дүүгээ аваад толгойных нь зургийг нь авахуулсан. Эргээд хүлээн авах өрөө рүү нь авч ирэхэд дүүгийн маань бүх бие нь чангараад таталт өгч эхэлсэн. Би эмч нарт нь уурлаад “та нар хүний бие муудаад байхад нь эмчилгээ хийл дээ” гэж хэлээд бухимдсан. Тэр үед эмч нар “за за” гэж хэлээд сэхээн амьдруулах тасагт минийг дүүг оруулсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа дүү маань нас барсан. Шүүгдэгч нар миний дүүг нийлж зодоод гэмтэл учруулаад алчихсан. Миний дүү эхнэр, хоёр хүүхдүүдийн хамт амьдардаг байсан бөгөөд амьдрал зохиох гэж Төр-ийн банкнаас цалингийн зээл авчихсан байсан. Шүүгдэгч нараас оршуулгын зардалд өгсөн бүх мөнгийг нь дүүгийнхээ цалингийн зээлийн төлөлтийг хийсэн. Шүүгдэгч нар хүн алчихаад 3, 3 сая төгрөгийг өгөөд л болоо юу. Тэгвэл хүн бүр хүн алчихаад мөнгө өгөөд байж болох юм байна гэж ойлгож байна. Шүүгдэгч *******ийн мэдүүлэг эргэлзээтэй байна. ******* ******* дүүг маань цохиж байхыг нь харчихаад яагаад *******ыг цохиж байхыг нь хараагүй юм бэ. Мөн дүүг маань газарт хэвтэж байхыг нь харсан юм бол хашаа хараад хэвтэж байсан гэдгийг нь яагаад тодорхой санахгүй байгаа юм бэ. ******* дүүг маань алаагүй *******, ******* хоёр алсан байж ч магадгүй. Эсвэл шүүгдэгч нар бүгдээрээ нийлээд талийгаачийг маань зодоод гэмтэл учруулсан ч байж болох шүү дээ. Нэг  хүн  халдах, 3 хүн зэрэг халдах хоёр ялгаатай. Дүүгийн маань хүүхдүүд аавыгаа асуугаад, настай ээж нь бие нь муудаад талийгаачийн маань араас явах нь холгүй өдөр хоногийг өнгөрөөж байна. Иймд шүүгдэгч нараас талийгаачийнхаа эхнэр, хүүхдүүдэд нь үлдэх юм авах хүсэлтэй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ” 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхрийг ажлынх нь хүн “машин янзлаад өгөөч” гэж хэлээд дуудаад манай нөхөр гэрээсээ гараад явсан. Орой 19 цагийн орчимд би нөхөр рүүгээ утсаар залгахад “ханиагаа уучлаарай. Хань нь ажлынхантайгаа уугаад сууж байна” гэж хэлсэн. Манай нөхөр асуудал гаргадаггүй учир би юм хэлээгүй. Орой 23 цагийн орчимд нөхөр маань гэртээ ирэхдээ баруун нүднийхээ дээд хэсэгт жаахан  шалбарсан байдалтай ирсэн. 28-наас 29-ний өдрүүдэд нөхөр маань гэртээ бие нь бага зэрэг халуурах гээд байгаа юм шиг арзайгаад байна гэж хэлж байсан. Ингээд 29-ний орой нь нөхөр маань 39,5 хэмээр халуурч эхэлсэн. Маргааш өглөө нь түргэн дуудаж үзүүлэхэд эмчийн хэлсэн үгэнд ухаан нь орон гаран, хариу үйлдэл үзүүлэхдээ муу болсон байсан. Тухайн өдрөө нөхөр маань хар ногоон өнгөөр бөөлжөөд байхаар нь өрхийн эмч дуудаж үзүүлэхэд “архины хордлого хүрсэн байна” гэж хэлээд хорсоол, нүүрсэн хар эм уугаарай гээд бичиж өгсөн. Ковид-19-ийн шинжилгээ өгөх гээд нөхрийг маань амаа ангай гэхэд амаа ангайх чадалгүй байсан. Шинжилгээ авсан эмч “нөхрийн чинь бие муу байна хүүхдүүдээ тусгаарлаарай” гэж хэлсэн. Маргааш өдөр нь нөхрийн маань бие улам дордсон. Би нөхрийнхөө биеийн байдлын талаар ээж болон эгч нарт нь утсаар хэлсэн. Шүүгдэгч нараас оршуулгын зардлаас гадна 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх цалин тэтгэмжийн зөрүүг сарын 312,000 төгрөгөөр тооцож нийт 2,184,000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Бид нар 5 ханатай гэрт амьдарч  байсан. Одоогоор би гэрээ хураагаад аав, ээжийнхээ гэрт амьдарч байна. Би өглөөний 7 цагаас оройн 20 цаг хүртэл ажиллаад нөхрийнхөө цалингийн зээлийг төлж байна. Одоо 2 сая төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байна. Өнөөдөр миний дансанд 900,000 төгрөг ирсэн байсан. Би цалингийн зээл төлөхөд л зарцуулах болно. Хүүхдүүдийг маань өглөө оройд нь цэцэрлэгт хүргээд өгөх хүн байхгүй болохоор гэртээ л байгаа. Шүүгдэгч нар хүний амьдралаар тоглочихлоо шүү дээ” гэв.

   Шинжээч эмч Ж.Жаргалан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Талийгаач менингит буюу аалзан хальсны бүрхүүлийн үрэвслээр нас барсан. Талийгаачид гавал тархины гэмтэл болох самалдаг ясны шүүрсэн болон босоо ясны хугарал, цус хуралт, өнчин ясны цус харвалт баруун, зүүн нүдний дээд, доод зовхины няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, цээжний ард зүүн талд цус хуралт, зүүн 5, 7 дугаар хавирганы булчин, зөөлөн эдийн цус хуралт, баруун гуяны зулгаралт, зүүн шилбэний цус хуралт гэх гэмтлүүд тогтоогдсон. Эд эсийн шинжилгээгээр тархины аалзан хальсны бүрхүүлийн үрэвсэл, үжлийн бүрхүүл, дэлүү, зүрхний булчингийн цус харвалт, уушгины шигдээс болон хатгалгаа, судсанд цус бүлэглэх хам шинж илэрсэн. Үхлийн шалтгаан нь талийгаачид учирсан самалдаг ясны хугарлын улмаас хамрын хөндийгөөр халдвар орж тархины аалзан хальсны бүрхүүлийг үрэвсүүлж тархины менингит өвчний хүндрэлээр нас барсан” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд  мэдүүлэхдээ: “Тэр өдөр М.Мөнхзул эгч “ээлжийн амралтаа авч байгаа болохоор нэг юм ууя л даа” гэж хэлээд ажлын газрын З.Оюунбат руу холбогдсон. З.Оюунбат төмөр замд ажилтай явж байна гэхээр нь би ******* руу залгаад хэлсэн. Ингээд М.Мөнхзул эгч бид хоёр манай гэрийг цэвэрлэхээр 3 дугаар байр руу явцгаасан. Удалгүй ******* 1 шил архи аваад манай гэрт ирсэн. Манай гэрт сууж байхад З.Оюунбат *******ыг гараараа зангаад байсан. ******* арын өрөөнд гар утсаа цэнэглэж байгаад гарч ирээд надад “танай найз чинь намайг гараараа зангаад байна” гэж хэлсэн. Би яав л гэж дээ гэж бодсон. Удалгүй З.Оюунбат ******* хоёр маргаад байхаар нь би “бүгдээрээ гарцгаая” гэж хэлээд хувцсаа өмсөж байхад З.Оюунбат *******ыг шанаадсан. Талийгаач нь З.Оюунбат ******* хоёрыг салгасан. Ингээд намайг гадаа гарахад хойд талын орцонд 3 хүн зогсож байсан ба тухайн хүмүүстэй маргалдаад байсан. Тэр үед хэн нь хэнийгээ цохиод байгаа гэдэг нь харагдахгүй байсан. Би дунд нь ороод салгасан. Нэг мэдэхэд миний гар утас байхгүй байхаар нь “гар утас маань хаана байна” гэхэд ******* олж өгсөн. Би тэнд байсан хүмүүсийн нэгнийх нь гарнаас бариад зогсож байхад миний гарыг угзраад тавиулсан. Би тэгэхэд газарт унасан. Газраас босох гэж байхад зүүн талд талийгаач газарт нүүр хэсгээ урд зүгт, толгой хэсгээ баруун зүгт харуулаад хэвтсэн байдалтай 3 хүнд өшиглүүлээд байсныг болиулсан. Тэр үед нэг нь талийгаачийг өшиглөх гэж байгаад намайг өшиглөсөн. Талийгаачийг газраас босгоход баруун нүдний ойр орчмоос нь цус гарсан байсан. Би түүнээс зүгээр үү гэж асуухад талийгаач “З.Оюунбат, ******* хоёр ямар муухай юм бэ” гэж хэлсэн. Нүүр нь бага зэрэг хавдсан, бага зэргийн шалбархайтай байсан. Би талийгаачаас “гайгүй юу” гэж асуухад “гайгүй ээ” гэж хэлээд манай гэрээс гараад явсан” гэв.

 

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Орцноос гарч ирэхдээ ******* бахираад байсан. ******* хүмүүстэй маргалдаад байсан бөгөөд нэг хүнд цохиулаад газарт унасан. Нөгөө залуу нь цааш зугтаасан. Тухайн үед харанхуй болсон байсан учир хэн хэнийгээ цохиод байгаа эсэх нь тодорхой харагдахгүй байсан. Би хажуугаар нь гүйгээд явахад нэг хүн газарт унасан байсан. Эргээд ирэхэд хүмүүс байхгүй байсан. Талийгаачийг *******ыг цохихыг нь би харсан. Зодоон 10-20 минут болсон байх. ******* согтуу байсан ба зодолдож байсан хүмүүсийг болиулах гээд  байсан. ******* газраас 2 удаа чулуу аваад цохих гээд далайж байхад ******* болиулсан. *******ийг хэн цохисныг нь хараагүй ямар ч байсан цохиулаад газарт унаж байсан. Зодоон болж эхлэхэд нэг хүн 1 дүгээр байрны зүгт гүйсэн. Тэр хүний араас ******* хөөсөн. Би *******ийн араас гүйгээд явж байхад нэг хүн газарт унаад өшиглүүлж байсан. Хэн байсан гэдгийг хараагүй. Бид нар 3 дугаар байрны хойд талын орцонд ууж байсан пивоо үлдээсэн байсан учир би уух юм аа авч ирэх гээд явсан. Тэр хооронд юу болсон талаар мэдэхгүй байна” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч С.Гажид шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь хохирогчийг цохисны улмаас гэмтэл авч нас барсан хэрэгт, мөн шүүгдэгч нар нь бүлэглэн хэрэг хийсэн гэм буруутай байна” гэв.

 

  Гэрч З.Оюунбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...22 цагийн үед бид нар архиа ууж дуусаад явах гэж байхад би Пүрэвням гэх залуутай Цэрэнгийн гэр дотор нь муудалцаж маргалдсан. ...Тэгээд Цэрэнгийн гэрээс Пүрэвням, Отгонмягмар, Болортулга бид нар гарахад Пүрэвнямын 3-н найз залуучууд нь гадаа зогсож байсан бөгөөд тэр үед Пүрэвням над руу дайраад байсан. Тэр үед Болортулга бид нарын дундуур орж ирээд Пүрэвнямыг аваад хойшоо алхсан бөгөөд тэр хоёрын өөдөөс нь Пүрэвнямын 2 найз ирж байх шиг байсан. Тэгээд би 3 дугаар байрны зүүн талаар урагшаа гүйсэн бөгөөд 3-р байрны зүүн талд байдаг рестораныг тойроод зүүн талаар нь 7-р байшингийн зүүн урд талаас нь гарч ирэх үед Болортулга 7-р байшингийн зүүн хойд талаас гарч ирээд бид хоёр таарсан. Тэгэхэд баруун талаас Пүрэвням 2 найзын хамт өөдөөс ирсэн бөгөөд Болортулга надад хандан зугтаарай гэхээр нь би Болортулгыг орхиод гэрийн зүг буюу ертөнцийн зүгээр зүүн зүгт 2-р байшингийн хойд тал 1-р байрны урд талаас СМУ хороолол руу гүйсэн. Намайг гүйх үед Болортулга Пүрэвням болон түүний 2 найзуудад баригдаад үлдэх шиг болсон. ...гэрээсээ гараад буцаад Болортулгын үлдсэн газарт очихоор болоод 1-р байрны зүүн талаас харахад хүмүүс харагдахгүй шинжтэй байхаар нь буцаад явж байхдаа гэрийн ойролцоо Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл дотор Болортулга, Цэрэн болон Болортулгын дүү Батболд нар явж байсан. Тэгэхээр нь тээврийн хэрэгсэлд суугаад би Болортулгаас чи зүгээр үү гэж асуухад зүгээр зүгээр одоо харилаа, замаараа Цэрэнг буулгаж өгнө гэж хэлж байсан. Тэр үед Болортулгын хамарнаас болон хөмсөгнөөс нь цус гарч сэтэрсэн байдалтай байхаар нь зугтаах гэж байгаад Пүрэвням болон 2 найзуудад нь баригдаад тэр гуравт зодуулсан юм байна гэж ойлгосон...” гэжээ. /хх-ийн 123-124/

 

Гэрч П.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн орчим ах өөрийн утсаар яриад би 3 дугаар байшингийн гадаа байна, намайг ирээд аваач ах нь архи уусан байна гэж хэлсэн. Тэгээд би  ойролцоогоор 10 минутын дараа очиход Болортулга ах ганцаараа гадаа зогсож байсан ба надад хэлэхдээ ах нь зодуулчлаа гэж хэлсэн. Тэгээд би хэнд зодуулсан юм бэ гэж асуухад зодсон хүмүүс тэнд байна гээд 3 дугаар байшингийн хойно байсан 4 залууг зааж өгсөн. Тэгээд би нөгөө залуучуудтай очиж уулзахад бид над зодоогүй гээд худлаа яриад байсан...” гэжээ. /хх-ийн 133-134/

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гадаа Болортулга Пүрэвнямыг Оюунбатаас салгах гээд зайдуу аваад явж байсан чинь Пүрэвнямын найз гэх 2 залуу Болортулга руу дайраад цохих гээд байхаар нь би дундуур нь ороод салгаад явж байсан. Ингээд хөөцөлдөөд хэрүүл болоод зууралдаад явж байгаад 7 дугаар байшингийн баруун талд явж байхад би нэгэнд нь түлхүүлээд газарт унасан. Газарт унаад босч ирээд хартал Болортулгыг ертөнцийн зүгээр урд талд Пүрэвням, түүний 2 найз нь газарт унагаагаад 3 талаас нь өшиглөж байсан. Тэгэхээр нь би очиж салгаад Болортулгыг газраас босгоод байж байтал Отгонмягмар өөр газраас бахираад гарч ирсэн. Ингээд Оюунбат олдохгүй байхаар нь дахиад зодуулж магадгүй гэж айгаад Болортулга, Отгонмягмар нарт гэрийнхээ түлхүүрийг өгөөд орж бай гэж хэлээд Оюунбатыг 7 дугаар байшин орчмоор хайгаад явж байхад 7 дугаар байшингийн зүүн буланд Пүрэвням найзуудтайгаа зогсож байгаад надтай тааралдаад ...Ингээд Пүрэвнямтай яриад зогсож байхад 7 дугаар байрны баруун талаас Болортулга, түүний дүү, Отгонмягмар 3 ирсэн. Үүнтэй зэрэгцээд цагдаагийн алба хаагч машинтай ирсэн ...Ингээд Болортулга дүүтэйгээ гэр рүүгээ явсан. ...Гаднаас нь харахад  нүүр хэсэгтээ өшиглүүлсэн мэт хөмсөгний дээд хэсгээс цус гарсан, хамраас цус гарсан, гар нь шалбарсан, нэг нүд нь хавдсан байдалтай байсан. ...Намайг харж байхад  хэн нэгэн Болортулгыг мод, чулуу бариад цохиж байгаа харагдаагүй ...” гэжээ. /хх-ийн 81-84/

 “...Би газарт унаад босч ирэхэд хохирогч Болортулга газарт унасан байсан. Чухам яагаад хэн газарт унагаасныг хараагүй мэдэхгүй байна. Болортулгыг тойроод нэг нь цээж хэсэгт нь нөгөө нь хөл хэсэгт нь нэг нь нуруу хэсэгт нь Пүрэвням, Отгондэлгэр, Мөнхтөр 3 зогсоод өшиглөж байсан. Яг хэн нь хаана нь зогсоод хохирогч Болортулгын хаашаа өшиглөж байсныг тодорхой санахгүй байна. Учир нь би нилээн согтуу байсан. Гэхдээ ямар ч байсан энэ гурвын өшиглөж байсныг хараад би салгах гэж очсоноо маш сайн санаж байна. Зодоон болох үед З.Оюунбат, Отгонмягмар ах болон Пүрэвнямын найз гэх нүдний шилтэй залуу /Гансэлэм/ 3 харагдаагүй. Бусад нь болох би, Пүрэвням, Отгондэлгэр, Мөнхтөр, Болортулга бид 5 л байсан. Өөр хүн харагдаагүй...” гэжээ. /хх-ийн 87-89/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би орцны үүднээс хараад зогсож байхад Пүрэвням /дээгүүрээ нүцгэн байсан/ , хар өнгийн савхин куртик өмссөн намхан залуу /Оюунбатыг хэлэв/-тай маргалдаад заамдалцаад зогсож байхад Мөнхтөр /хар өнгийн савхин куртик, шар өнгийн юүдэнтэй малгайтай хувцас өмссөн байсан/, Отгондэлгэр /ногоон эрээн өнгийн куртик өмссөн, хар өнгийн кэпкэн малгай өмссөн байсан/ , танихгүй эмэгтэй /Цэрэн/, нүдний шилтэй, улаан өнгийн юүдэнтэй цамцтай гадуураа эрээн өнгийн куртик /хохирогч Болортулга/ өмссөн залуучууд салгах гэж байсан. Пүрэвням руу хоёр залуу /Болортулга, Оюунбат/ зодох гээд дайраад байсан бөгөөд Пүрэвням газраас тоосго аваад шидэх гээд далайгаад байсан болохоор Мөнхтөр хориглоод байсан. Газарт байсан тоосгыг хоёр удаа авсан бөгөөд хориглоод газарт хаяулсан. Миний харж байхад маргалдаж байсан хүмүүс тоосгоор цохиогүй. ...миний харсанаар Отгондэлгэр газар уначихсан газраас малгайгаа аваад босоод дахин хоорондоо зодолдоод нэг нэгнийгээ цохиж байгаа бололтой пид пад гэх чимээ гараад байсан. Тэгсэн цэнхэр өнгийн бараан куртиктэй залуу /Оюунбат/ цаашаа зугтаагаад яваад өгчихсөн. Тэр залуугийн араас Отгондэлгэр хөөсөн болохоор би араас нь явахад Мөнхтөр, Пүрэвням хоёр нүдний шилтэй залууг газарт унагаачихсан хоёр талаас нь өшиглөөд пид пид хийх чимээ гарч байсан...” гэжээ. /хх-ийн 101-105/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 52 тоот дүгнэлтэд:

1.Талийгаач Ө.Болортулгын цогцост оношинд бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Самалдаг ясны шүүрсэм болон босоо ялтас хугарал, цус хуралт, өнчин тархины хальсны цус харвалт, баруун нүдний дээд зовхины няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь үхэлд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Зүүн нүдний доод зовхины цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ.

3. Дээрхи гэмтэл нь амьд байх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4.Талийгаач нь гэмтлийн гаралтай тархины аалзан бүрхүүлийн үрэвслийн улмаас нас баржээ.

5.Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6.Талийгаач нь эмнэлэгт эрт хандаж зохих тусламж авсан бол амь насыг аврах боломжтой гэжээ. /1-р хх-ийн 195-204/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 580 тоот дүгнэлтэд:

1.Урьд гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ №52 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Талийгаачид учирсан баруун нүдний ухархайн дээд болон дотор хана, самалдаг ясны дээд болон доод ханын нийлмэл цөмөрсөн далд хугарал, өнчин тархины хальсны цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт , баруун нүдний дээд доод зовхины няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт, цээж, зүүн шилбэний цус хуралт, баруун гуяны зулгаралт, цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3.Талийгаач нь дээрхи гэмтлийн улмаас тархины аалзан бүрхүүлийн үрэвслээр хүндэрч нас баржээ.

4.Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хүний гараар цохих, өшиглөх, хатуу биет болох чулуу тоосгоор цохих аль аль үед үүсэх боломжтой.

5.Талийгаач нь гэмтэл авсан даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ яаралтай авсан тохиолдолд амь нас аврагдах боломж байжээ.

6.7.Өрхийн болон БОЭТ-ийн эмч нар зохих зөвлөгөө, эмчилгээ, оношилгоог цаг алдалгүй хийсэн байна гэжээ. /1-р хх-ийн 216-223/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 30 тоот дүгнэлтэд:

1.******* нь сэтгэцийн хувьд эрүүл байна.

2.******* нь өөрийн үйлдэл, эс үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байна.

3.******* нь өөрийн болон бусдад аюул учруулах өвчин эмгэггүй байна.

4.******* нь үнэн зөв мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1-р хх-ийн 230/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-24/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 25-28, 29-33, 34-36/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 37-39, 49, 51/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 40-44, 45-48, 50, 52-53/

Гэрч Т.Бямбадоржийн мэдүүлэг /1-р хх-ийн 137-138/

Гэрч П.Нямсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 141-143/

Гэрч М.Өлзийлхамын мэдүүлэг /1-р хх-ийн 146-147/

Гэрч М.Амартэгшийн мэдүүлэг /1-р хх-ийн 150-152/

Гэрч Ц.Байгальтуяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 154/

Гэрч Б.Дөлгөөний мэдүүлэг /1-р хх-ийн 156-158/

Гэрч Г.Баярцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 168-169/

Гэрч М.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 172-174/

Гэрч А.Оргилмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 185-187/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 195-198/

Шинжээч Ж.Жаргалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 208-209/

*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 11-14, 17-20/

*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 22-23, 26-27/

*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 29-30, 33-34/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 35-37/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /2-р хх-ийн 116-134/

Шинжээч эмч Ж.Жаргалангийн мэдүүлэг /2-р хх-ийн 167-168/

Гар утасны түүхэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 169/

Гэрч С.Ариунбаярын мэдүүлэг /2-р хх-ийн 176-178/

Гэрч Т.Мөнхжаргалын мэдүүлэг /2-р хх-ийн 181-182/

Гэрч Ё.Долгорсүрэнгийн мэдүүлэг /2-р хх-ийн 185-186/

*******ийн хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 197, задгай 2 хуудас/

*******, ******* нарын хохирол төлсөн баримт /задгай 2 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч амь нас нь хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч Пүрэвсүрэнгийн Мөнхтөр нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 7 дугаар байрны урд талд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орой 23 цагийн орчимд Ө.Болортулгыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, мөн шүүгдэгч Пүрэвсүрэнгийн Мөнхтөр, Пүрэвдоржийн Отгондэлгэр, Оюундоржийн Пүрэвням нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 7 дугаар байрны урд талд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орой 23 цагийн орчимд нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, хохирогч Ө.Болортулгыг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , , гэрч *******, *******, шинжээч эмч Ж.Жаргалан нарын мэдүүлгүүд, мөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч П.Батболд, З.Оюунбат, Т.Бямбадорж, П.Нямсүрэн, М.Өлзийлхам, М.Амартэгш, Ц.Байгальтуяа, Б.Дөлгөөн, Г.Баярцэцэг, М.Пүрэвсүрэн, С.Ариунбаяр,  Т.Мөнхжаргал нарын мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 52 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 580 тоот дүгнэлт, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утасны түүхэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шинжлэн судалж үзвэл шүүгдэгч *******, *******, ******* нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа хохирогч Ө.Болортулгыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд явцаараа хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдах ба дээрх үр дагаврыг шүүгдэгч нар нь зориуд хүсэж төлөвлөөгүй боловч тэдгээрийн санаатай үйлдэл нь эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох гарцаагүй урьдач нөхцөл болсон байна. Түүнчлэн шүүгдэгч ******* нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа, үүнээсээ хальж хохирогч Ө.Болортулгын эрүүл мэндэд хүнд хохирол учирч болохыг мэдсээр атлаа түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дээд болон дотор хана, самалдаг ясны дээд болон доод ханын нийлмэл цөмөрсөн далд хугарал, өнчин тархины хальсны цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулж буй шууд санаатай үйлдэл байх ба хохирогч нь уг хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хүндрэл үүсч нас барсан нь тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжийг мөн хангаж байх тул шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгийн 2.5-д зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчлүүлэх тухай” санал болон шүүгдэгч *******ийн  өмгөөлөгч Д.Урансувдын “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай” саналыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

          Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, мөн шүүгдэгч *******, *******, ******* нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхаас гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийг, шүүгдэгч *******, *******, ******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, мөн шүүгдэгч *******, *******, ******* нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгч С.Гажидын   “Шүүгдэгч ******* нь хохирогчийг цохисны улмаас гэмтэл авч нас барсан хэрэгт, мөн шүүгдэгч нар нь бүлэглэн хэрэг хийсэн гэм буруутай байна” гэж дүгнэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Хохирогчид учирсан гэмтэл нь тухайн үедээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эмчилгээ хийгдсэн бол амь нас аврагдах боломжтой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд 2021 оны 04, 05 дугаар сард  орон нутагт Ковид-19 цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон, хохирогч нь анхан шатны эмнэлгийн тусламж /өрхийн болон 103-ын яаралтай тусламж/ үйлчилгээ авсан боловч уг гэмтлийг гаднаас нь хараад оношилж тогтоох боломжгүй, цаг хугацаа алдаж эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн зэрэг нөхцөл байдал хохирогч амь насаа алдахад нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж зааснаар шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д 7 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******д 5 жил хорих ял, шүүгдэгч *******д 6 жил хорих ял, шүүгдэгч *******т 3 жил хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд уг хуулийн зорилго нь коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг  бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэг удаа ялаас өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заажээ.

 

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т  “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, ... Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах /Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ... гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж тус тус заасантай нийцэж байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 5 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 3 жил хорих ялаар, шүүгдэгч Оюундоржийн Пүрэвнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 4 жил хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жил хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 10 сар 18 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор өршөөлд хамруулан оногдуулсан 10 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 08 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 08 хоногийн  хорих ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 184 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******д оногдуулсан 8 жил, шүүгдэгч *******д оногдуулсан 4 жил, шүүгдэгч *******т оногдуулсан 3 жил 5 сар 08 хоногийн хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

 Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Болортулгын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас нас барсан бөгөөд шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , нар нь оршуулгын зардалд 9 сая төгрөг нэхэмжилсэнээс 7,923,705 төгрөгийн баримт ирүүлсэн, мөн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх цалин тэтгэмжийн зөрүүг сарын 312,000 төгрөгөөр тооцож  2,184,000 төгрөгийг гаргуулах, 2 хүүхдэд насанд хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулахаар тус тус нэхэмжилсэн.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд нийт 8,900,000 төгрөг төлсөн байх тул оршуулгын зардлыг бүрэн төлсөн гэж үзлээ.

Харин амь хохирогч Ө.Болортулгын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дунджаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасаж тооцох нь зүйтэй байна. Үүнд:

Нийгмийн даатгалын дэвтэр 2-р хавтасны 132-р тал

  1. 2 дугаар сарын цалин 1,655,263.16 - 206,907.90 = 1,448,355.26 төгрөг
  2. 3 дугаар сарын цалин 1,175,994.32 - 146,999.29 = 1,028,995.03 төгрөг
  3. 4 дүгээр сарын цалин 487,784.09 - 60,973.01 = 426,811.08 төгрөг

Нийт сүүлийн 3 сарын  дундаж цалин хөлс 968,053.79 төгрөг  /1,448,355.26 + 1,028,995.03 + 426,811.08 = 2,904,161.37 : 3 сар = 968,053.79/ болно. Нас барагчийн сүүлийн 3 сарын цалингийн дундаж 968,053.79 төгрөгнөөс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар нас барагч болон хөдөлмөрийн чадвартай эхнэр нарт оногдох хэсгийг хасаж үлдэх хэсгээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тооцох нь зүйтэй. Нас барагч нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг байсан ба түүний сүүлийн 3 сарын цалингийн дундаж 968,053.79 төгрөгийг 4 ам бүлд хуваахад нэг хүнд 242,013.4  төгрөг оногдоно. /968,053.79 : 4 = 242,013.4 хоёр хүний 484,026.8 төгрөг/  968,053,79 төгрөгнөөс 484,026.8 төгрөгийг хасаж үлдэх хэсэг нь 484,027 төгрөг болно.

484,027 төгрөгнөөс нийгмийн халамжийн сангаас олгож буй 288,000 төгрөгийг /Засгийн газрын шийдвэрээр өөрчлөгдөх хүртэл/ хасаж тооцоход 196,027 төгрөг болох бөгөөд энэ мөнгийг шүүгдэгч *******өөс сар бүр гаргуулан амь хохирогч Ө.Болортулгын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Чингүүн, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн  охин Б.Гэгээнээ нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл олгохоор шийдвэрлэлээ.

Гэм хорын нөхөн төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс  6 сараар  тооцоход 1,176,162 төгрөг болно.  /196,027 x 6 сар =1,176,162/ Үүнийг шүүгдэгч *******өөс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгож, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-ыг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д шүүгдэгч *******өөс 3,000,000 төгрөг, шүүгдэгч *******аас 2,400,000 төгрөг, шүүгдэгч *******ээс 3,500,000 төгрөг нийт 8,900,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Зуун цахар овогт Пүрэвсүрэнгийн Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          мөн шүүгдэгч Зуун цахар овогт Пүрэвсүрэнгийн Мөнхтөр, Өзөөн овогт Пүрэвдоржийн Отгондэлгэр, Баатууд овогт Оюундоржийн Пүрэвням нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Шүүгдэгч Пүрэвсүрэнгийн Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 7 /долоо/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Пүрэвсүрэнгийн Мөнхтөрийг 5 /тав/ жил хорих ял, Оюундоржийн Пүрэвнямыг 6 /зургаа/ жил хорих ял, Пүрэвдоржийн Отгондэлгэрийг 3 /гурав/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг баримтлан

          шүүгдэгч Пүрэвсүрэнгийн Мөнхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 5 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 3 жил хорих ялаар,

          шүүгдэгч Оюундоржийн Пүрэвнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 4 жил хорих ялаар тус тус тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жил хорих ялаар тогтоосугай.  

           

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг журамлан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, өмнөх тогтоолоор өршөөлд хамруулан оногдуулсан 10 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 08 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 08 хоногийн  хорих ялаар тогтоосугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 8 жил хорих ял, шүүгдэгч *******д оногдуулсан 4 жил хорих ял, шүүгдэгч *******т оногдуулсан 3 жил 5 сар 08 хоногийн хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 184 /нэг зуун наян дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

          8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт шүүгдэгч *******өөс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн нөхөн төлбөрийн зөрүү 1,176,162 төгрөг, 2021 оны 12 дугаар сараас эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 196,027 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Болортулгын Чингүүн, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн  охин Болортулгын Гэгээнээ нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь сар бүр гаргуулж, тэдний төрсөн эх д олгохоор тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-ыг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д шүүгдэгч *******өөс 3,000,000 төгрөг, шүүгдэгч *******аас 2,400,000 төгрөг, шүүгдэгч *******ээс 3,500,000 төгрөг нийт 8,900,000 төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

          12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.НАМУУНТУЯА

                              ШҮҮГЧИД                                           Л.БАТЖАРГАЛ

                                                                                                 П.ПАГМА