Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/09

 

*******ид холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                             Д.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                  Б.Батчимэг

Шүүгдэгч                                                              *******

Өмгөөлөгч                                                            М.Энхтуяа

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн шүүх хуралдааны 2021/ШЗ/47 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор *******ид холбогдох 2121000000304 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 28ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шаргалжин овогт ******* *******, 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг, “Баруун сүүж” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:*******/

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг, “Баруун сүүж” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн үед ******* гарт байсан ташуурыг авах зорилгоор булаацалдаж байх үедээ ташуурын үзүүр хэсгээр толгойн тус газарт нь болгоомжгүйгээр цохиж, хүний амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 2121000000304 дугаартай хэргийг хэлэлцээд “...Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Баруун сүүж” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн үед О.Гантулгын гарт байсан ташуурыг авах зорилгоор булаацалдаж байх үедээ ташуурын үзүүр хэсгээр толгойн тус газарт нь болгоомжгүйгээр цохиж, хүний амь насыг хохироосон гэдгийг хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогоогүй байна.

... Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Н.Уянга нь “...хохирогчийн биед үүссэн дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр баруун чамархайн урд хэсэгт хүч үйлчилснээс буюу хүчтэй цохих, цохигдох үед үүссэн байх боломжтой. Гавлын суурь ясны туушдаа шугаман хугарал нь нэг цэгээс үүссэн байх боломжтой. Хохирогчийн баруун чамархайн урд хэсэгт овойж хавдсан цус хуралт байгаа учраас нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэж үзсэн...” гэж мэдүүлсэн.

... шүүгдэгч *******ийн ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь хохирогч ******* гавлын баруун чамархайгаас гавлын дээд хонхороор баруун зүүн ухархайн дээд хана, шүүрсэм ялтас хүрсэн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсэг, бага тархины хоёр тал бөмбөлгийн доод хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлийг авч нас барсан болох нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, эргэлзээ төрүүлэхүйц байна.

... Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол гарснаас хойш гэрч өгсөн мэдүүлэгтээ “...машины урд талд Гантулга ах *******ид ташуураар цохиулаад унаж байсан. Тэгээд би сандраад гарсан, намайг очиход Гантулга ах уначихсан, ******* ташуураа барьчихсан зогсож байсан ...би яг яаж цохихыг бол хараагүй, ямар ч байсан Гантулга ах цохиулж унаад ******* гартаа ташуур барьсан байсан ...гэхдээ булааж авах гээд л цохисон байх...” гэж, гэрч Б.Буянбат “...Түвшээ ах Гантулга ахыг *******ид ташуураар цохиулаад унаж байхыг харсан юм шиг байна лээ. Тэгээд гүйгээд гарсан. Би ч араас нь гарсан. ... ******* гартаа ташуур барьчихсан байсан. ...гадаа гараад ташуураар цохиод алсан. ******* ах ташуураар толгой руу нь цохиод алсан. Би хэдийгээр хараагүй ч гэсэн уг үйл явдал маш богино хугацаанд болсон. Гэнэт болоод яг тэр үед гарахад л ******* гартаа ташууртай Гантулга ахыг цохисон байдалтай байсан...” гэж тус тус мэдүүлэг өгсөн байх ба мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд гэрч ын “...гэрээс Гантулга ах ташуур барьж гарсан, араас нь ******* гарсан, машины ойролцоо Гантулга ах *******ид ташуураар цохиулаад унаж байсан...” гэсэн, гэрч Б.Буянбатын “...намайг гэрээс гарахад гэрийн баруун урд талд Гантулга ах газарт унасан, ******* ташуурыг барьсан зогсож байсан...” гэсэн мэдүүлгийг тус тус тусгасан байхаас гадна туршилт хийсэн тэмдэглэлд яллагдагч *******ийн “...Гантулга ах над руу ташуур далайсан. Тэгэхээр нь би арагш ухартал ташуураа барьсан чигээрээ машины зүгт гарахаар нь би очоод ташуураас барьж аваад зууралдсан. Тэгсэн чинь Гантулга ах зүүн гараараа ташуур барьсан хэвээрээ баруун гараараа нэг удаа миний баруун шанаа руу цохисон. Гантулга ах нэг гараа ташуураас салгаад намайг цохих үед би ташуурыг мушгиад доош нь дарсан байсан. Зэрэг тонгойж байгаад би 2 гараараа ташуураас барьчихсан хойшоо гэдэргээ ташуураа салгах гээд дээш чигтэй хүчтэй татсан чинь ташуурын үзүүр Гантулга ахын баруун чамархай онож цохисон...” гэх мэдүүлэг бэхжүүлэгдсэн байна.

Эдгээрээс үзвэл гэрч , Б.Буянбат нарын мэдүүлэг нь өөрөө агуулгын хувьд зөрүүтэй, үйл баримтыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй, эргэлзээ бүхий байхаас гадна шүүгдэгч *******ийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул гэрч нараас амь хохирогч ******* хэнд хэрхэн ямар байдалтай яаж цохиулж унасан, амь хохирогчид учирсан дээрх гэмтэл нь хэний ямар үйлдэл, эс үйлдэхүйгээс болж үүссэн талаар дахин нарийвчлан тодруулж асуух шаардлагатай гэж шүүх үзлээ.

... Гэрч Б.Буянбат мөрдөн шалгах ажиллагаанд өмнө өгсөн “...гадаа гараад ташуураар цохиод алсан. ******* ах ташуураар толгой руу нь цохиод алсан. Би хэдийгээр хараагүй ч гэсэн уг үйл явдал маш богино хугацаанд болсон. Гэнэт болоод яг тэр үед гарахад л ******* гартаа ташууртай Гантулга ахыг цохисон байдалтай байсан...” гэх мэдүүлгийнхээ талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Цагдаа дээр очиход цагдаа чи хараагүй ч гэсэн муу ухаанаар бодоход чи мэддэг юм байгаа биз дээ, та дөрөв байсан юм чинь чи юу болсныг харсан байж таараа. Мэдэхгүй байна гэж байхгүй хэл гээд байхаар нь хэлсэн...” гэж байгаагаас үзвэл түүнээс мэдүүлэг авахдаа хөтөлж, тулгаж мэдүүлэг авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин гэрч ыг прокурорын саналаар шүүх хуралдаанд оролцуулахаар мэдэгдэх хуудсаар дуудсан боловч оролцохгүй гэсэн учраас шүүх түүнийг шүүх хуралдаанд албадан ирүүлэх шийдвэр гаргаж, Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасан. Гэвч аймгийн Цагдаагийн газар гэрч ыг шүүхийн дуудсан цагт албадан ирүүлж чадаагүй тул шүүх хуралдаанд оролцогчдын санал хүсэлтийг харгалзан түүнийг чөлөөлж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Иймд шүүгдэгч *******ийн ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь хохирогч  ******* хүнд гэмтэл авч нас барсан болох нь бүрэн тогтоогдоогүй өөрөөр хэлбэл гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ...” гэсэн дүгнэлт хийж *******ид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолдоо: “...Гэрч “Би Гантулгыг унаж байхыг харсан. Түвшинжаргал яг цохисон үйл баримтыг хараагүй.” гэдэг. Үүнийгээ байцаалтын явцад тодотгож асуухад хэлсэн байдаг. Гэрч Б.Буянбат “******* амь хохирогч Гантулгыг цохисон, тэр л алсан” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Тэгээд яг яаж цохисон болохыг тодруулахаар “Би шал цэвэрлэж байсан болохоор хараагүй. Түвшин ах харсан байх” гэдэг. Шүүх хурал дээр Б.Буянбат өөрөө оролцож тодорхой мэдүүлэг өгч мөрдөн байцаалтын шатанд тодорхой бус асуултуудад хариулж тодруулж өгсөн.

Гэтэл шүүх захирамжийн тодорхойлох хэсэгт “...гэрч нараас амь хохироч ******* хэнд, хэрхэн ямар байдалтай, яаж цохиулж унасан, ... үйлдэл эс үйлдэхүйгээс болж үүссэн талаар дахин нарийвчлан тодруулж асуух шаардлагатай гэж үзлээ” гэж бичжээ.

Энэ дүгнэлтээс үзвэл шүүгч өөрөө цохиж унасан гэж үзээд байна гэж үзэх боломжтой. Энэ байдалтай холбогдуулж хэнээс тодруулж асуух нь тодорхойгүй. Хэрэг учрал болоход байсан дөрвөн хүнээс нь хоёр нь гэрчээр, нэг нь шүүгдэгчээр оролцож байгаа, шүүхэд ирээд оролцох боломжтой. Өөр нэмж шалгах ажиллагаа байхгүй гэж үзэж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрт байхдаа янз бүрийн авир гаргаад байсан ч би хэрүүл маргаан гаргаагүй. Над руу ташуур бариад дайрахаар нь тэрийг нь авах гэж л оролдсон. Над руу гэрт байхад хоол шидсэн боловч оноогүй. Шүргээд өнгөрсөн. Гарч яваад машины толийг хүртэл хугалсан. Машины урд байхдаа ташуур бариад над руу далайгаад дайрсан юм. Мөн баруун гараараа миний хүзүү хэсэг рүү цохисон. Би үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж асуух гэрч ч байхгүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах саналыг гаргасан. Гэвч гэрч Түвшинжаргал нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Энэ бүхний шалтгааныг би хоёр янзаар бодож байна. Нэгдүгээрт Түвшинжаргал нь талийгаачийн малчин байсан. Талийгаачийн малыг тоолж өгөхөд дутаасан байсан. Энэ шалтгаанаас болсон байх боломжтой. Яагаад ирээгүй гэдгийг гайхаж байна. Тухайн үед олон хүн ирсэн байсан тул хүндэтгээд хурлаа цааш үргэлжлүүлсэн. ...*******ийн хувьд малыг нь маллах гэж ирсэн малчин л байсан. Элдвийн үйлдэл гаргаж байхад нь огт үг дуу гаргаагүй, хүч хэрэглэсэн байдалд нэг ч удаа эсэргүүцэл үзүүлээгүй. Гантулгын хувьд ташуур булаалгах үедээ *******ийн нүүр рүү нь цохисон байгаа. Санаа сэдлийн байдлын хувьд болгоомжгүй үйлдэл гаргасан. Санаатай цохисон үйлдэл гаргаагүй. Шүүгчийн захирамж үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна. Мэдүүлгийн зөрүү гарсан зүйл байхгүй. Хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний хувьд гэрч нарыг бүгдийг нь оролцуулах хүсэлт гаргасан. Гэхдээ гэрчийг чөлөөлж хуралдааныг үргэлжлүүлсэн байгаа. ...Би эсэргүүцэл бичээгүй хэдий ч шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ илэрхийлж байна. Хэрэгт авагдсан баримтаар тухайн хэрэг болсон нөхцөл байдал бүрэн тогтоогдсон. Нэмэлт ажиллагаа хийх ёстой гэсэн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийг санаатай үйлдсэн эсэхийг тодруулах болохоос ганц “цохисон, цохигдсон” гэдэг үгнээс санаатай, санаандгүй гэдгийг ялгах боломжгүй юм. ...Сэжигтэн яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэх гэсэн хуулийн зохицуулалтын дагуу зүйлчлэлийг өөрчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах дараах үндэслэл тогтоогдов.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад , Б.Буянбат нараас тус бүр хоёр удаа гэрчийн мэдүүлэг авч, мөн хэн алинаас нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийж тэмдэглэл үйлдсэн байх ба эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Гэтэл шүүх гэрч ыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мөн түүнийг албадан ирүүлэх Цагдаагийн байгууллага үүргээ бүрэн гүйцэтгээгүй байхад шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын саналыг үндэслэн түүнийг /гэрчийг/ шүүх хуралдаанаас чөлөөлж, хуралдааныг үргэлжлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна” гэсэн заалттай нийцээгүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэх  боломжтой байсан байна.

Гэрч нь хэргийн маргаантай үйл баримтыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гол гэрч мөн бөгөөд, мөрдөн байцаалтын шатанд удаа дараа гэрчээр асуугдах ажиллагаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч оролцоогүй байгаа нь эсрэг мэдүүлэг өгч буй гэрчтэй нүүр тулж, асуулт тавих, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлах ажиллагаанд яллах талтай эрх тэгш мэтгэлцэн оролцох, тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоох боломжийг алдагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн гэрч ыг шүүх хуралдаанаас чөлөөлсөн атлаа шүүгчийн захирамжид “...мөрдөн шалгах ажиллагаанд гэрч “...ташуурыг бариад машин цохиж болзошгүй байдалтай гэрээс гарах үед ******* араас дагаж гарсан. Би гэр дотор эд зүйлийг янзлаад гэрээс гарах үед Гантулга ах гэрийн үүдэнд унаж байсан бөгөөд хажууд нь ******* ташуур барьчихсан байхаар нь би ташуурыг нь булаан авч ... машины арын суудалд тавиад яаж байгаа юм бэ гэж асуухад ******* “би хүн алчихлаа” гэж хэлсэн...” гэж, гэрч Б.Буянбат ”...би гадаа яг юу болсныг хараагүй бөгөөд намайг гарах үед Гантулга ах машины зүүн хэсэгт хэвтэж байсан...” гэж 2021 оны 09 дүгээр сарын 02, 03-ны өдөр тус тус мэдүүлсэн байна.

Үүнээс үзвэл шүүгдэгч *******ийн ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь хохирогч ******* гавлын баруун чамархайгаас гавлын дээд хонхороор баруун зүүн ухархайн дээд хана, шүүрсэм ялтас хүрсэн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсэг, бага тархины хоёр тал бөмбөлгийн доод хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлийг авч нас барсан болох нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, эргэлзээ төрүүлэхүйц байна. ...” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож *******ид холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан тул шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04ий өдрийн 2021/ШЗ/47 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ЭНХЦЭЦЭГ

                           ШҮҮГЧИД                                                О.БААТАРСҮХ

                                                                           Ж.ДОЛГОРМАА