Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/176

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шинжээч эмч Н.Уянга

Гэрч Б.Буянбат, Г.Түвшинжаргал

Шүүгдэгч С.Банзрагч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргалжин овогт Сугарын Банзрагчид холбогдох эрүүгийн 2121000000304 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг, “Баруун сүүж” гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шаргалжин овогт Сугарын Банзрагч /РД: ЙЗ87112518/

 

Шүүгдэгч С.Банзрагч нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг, “Баруун сүүж” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд О.Гантулгын гарт байсан ташуурыг авах зорилгоор булаацалдаж байх үедээ ташуурын үзүүр хэсгээр толгойн тус газарт нь болгоомжгүйгээр цохиж, хүний амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Банзрагч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тухайн үед Өвөрхангай аймгаас гэртээ ирээд 1 хонож байсан. Тухайн өглөө үүрээр 6 цагийн үед талийгаач Гантулга нь хэдэн хурга, ишиг ачиж ирсэн байсан ба түүнийгээ буулгаж байсан. Би гүүгээ уяад орж ирэхэд манай ахынд нэг шил архи ууж байсан. Мөн манайд Өвөрхангайгаас ирсэн айраг ууна гэж 2-3 хүн ирсэн байсан ба бүгдээрээ айраг ууцгаасан. Энэ ташуур нь Өвөрхангай аймгийн хүний ташуур юм. Манай саахалт айлын Оюун гэж хүн надаас ташуур асуугаад байсан болохоор би тэр хүнд үзүүлье гээд Өвөрхангай аймгаас авчраад машинаасаа буулгаагүй машины ард байлгаж байсан. Би тэр үед гүүгээ нэг саагаад Оюун гэх хүнийх рүү явах гэтэл талийгаач хоёулаа хамт явъя гэхэд нь хүлээнгээ дахиж гүүгээ саасан. Тухайн үед Мандахынд хүмүүс ирсэн архи ууцгааж байсан. Талийгаач Гантулга худаг ухаж байгаа хүмүүс ирэхээр нь хоёулаа хамт явъя гэсэн. Тэр үед худаг ухаж байсан хүмүүс нь утсаа авахгүй бухимдалтай байсан. Би Оюун гэх айл руу явах гэтэл хоёулаа шууд худаг руу явъя гэсэн. ... худаг руу нь очтол хүмүүс нь байгаагүй тул худгийн зүүн урд талын айл руу очиж худаг ухаж байсан хүмүүст хонь өгөх байсан юм шиг байна лээ, худаг гаргаагүй байгаа юм чинь хонь битгий өгөөрэй гэж хэлээд тэр айлд 1 шил архи уусан. Энэ айл руу очих замдаа хойд талд нь машины дугуй хагараад архиа ууж дуустал нь айлын гадаа дугуйгаа янзалсан. Үүний дараа талийгаач манай малчиных руу явъя гээд малчин Түвшинжаргалынх руу явж байтал машины дугуй дахин хагарсан. Тэгтэл тэр чигээрээ явчих гээд дугуйгаа хагархай хэвээр нь цааш явж очтол Түвшинжаргал ах гэртээ байгаагүй. Утсаар ярьж асуутал адуугаа усалж байна одоо очлоо гэсэн. Талийгаач нэг Чингис архи авсан байсан ба Түвшинжаргал ахыг ирэхээс өмнө тэр архийг задалсан. Удалгүй Түвшинжаргал ахыг ирэхэд нь гэрт нь орцгоож би архийг нь аягалж нэг тойруулсан. Бид нар 2-3 удаа л тойруулж байсан. ... талийгаач худаг усаа яриад би баян хүн юм уу, худаг ус гаргахгүй, Түвшинжаргал, Буянбат хоёрыг худаг руу очсон уу, хүмүүс ирсэн үү гэх мэтээр юм ярьж байх шиг байсан. Тэгэхэд нь тэр хүмүүс нь ирээд явсан ш дээ гэхэд яагаад надтай уулзахгүй явдаг юм бэ гээд уурласан. Иймэрхүү байдалтай байж байгаад над руу чи үхрээ авах юм уу гэхэд нь би авна, сая Өвөрхангай аймаг яваад ирлээ гэсэн. Чи авна гээд зөндөө удчихлаа шүү дээ гэхэд нь би хол газар ажлаа зохицуулаад нэг мөр ирлээ гэхэд уурласан. Би бодохдоо худаг ус гараагүйд уурласан юм болов уу гэж бодсон, миний хувьд уурлахаар зүйл хэлээгүй гэж бодож байсан. ... над руу данхтай цай, хоол шидээд, тэр үед нь би тантай хэрэлдэхгүй гээд өөр юм хэлээгүй. Улмаар намайг зүүн талын орон дээр дарж авч цохисон. Гэхдээ тийм ч хүчтэй цохиогүй, би тантай хэрэлдэхгүй гэхэд талийгаач гэрээс шууд гарсан. Гэрээс гараад яасан ч яадаг юм гээд миний машины толийг өшиглөсөн. Талийгаач анх Түвшинжаргал ахынх руу орохдоо машины ард талд байсан ташуурыг өөрөө барьж орсон. Би энэ ташуурыг Банзрагчаас авсан юм ямар байна гээд Түвшинжаргалд харуулж байсан. Талийгаач тэр үед ташуурыг сагалдарганд нь ороогоод бариад яваад байсан. Талийгаач гэрээс гараад миний машины толийг яг өшиглөж байхад нь би гарсан. Нэг толь нь газар унасан байсан ба цаашаа ташуураа далайхад нь би машины шил хагалах гэж байна гэж бодоод ташуурыг нь бариад авсан. ... биеийнхээ хүчээр доош нь дараад зогсож байхад талийгаач баруун гараараа миний чамархай хэсэг рүү цохисон. ... талийгаачийг баруун гараа тавингуут нь би бүх биеэрээ ташуурыг дээш нь татахад талийгаач ёо гээд доошоо суусан. ...талийгаачийг доошоо суухад нь би ташуурыг гарнаас нь авсан. Намайг ташуур гартаа барьсан байхад Түвшөө ах гарч ирээд юу болж байна вэ гээд ташуур аваад машин руу хийсэн. Тэгээд босохгүй болохоор нь эмч дуудсан...гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би энэ хүнд гомдолтой байна. Би оршуулгын зардалд 38 сая төгрөг нэхэмжилсэн боловч надад дутуу мөнгө өгсөн. Миний зүгээс өмгөөлөгчийн зардал гэж тусад нь мөнгө нэхэмжлээгүй. Гэтэл шүүгдэгч нь өмгөөлөгчийн зардал нэхэмжилсэн гэж байна. Би өмгөөлөгчийнхөө мөнгийг аль хэдийн өгсөн. Шүүгдэгчээс одоо 5400.000 төгрөг нэхэмжилж байна. Маш их гомдолтой... гэв.

 

Шинжээч эмч Н.Уянга шүүх хуралдаанд дүгнэлтийнхээ талаар гаргасан тайлбартаа: Талийгаачийн биед учирсан гавал ясны хугарал нь хүчтэй цохилтын улмаас үүснэ. Гавлын баруун чамархайгаас гавлын дээд хонхороор баруун чамархайн зүйн ухархайн дээд хана гавал ясны хугарал, их тархины 2 тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсэг, бага тархины 2 тал бөмбөлгийн доод хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хажуу болон 3,4-р ховдлын цус харвалт, баруун чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний цус хуралт нь нэг удаагийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. Талийгаачийн нүдэнд үүссэн цус хуралт нь тархинд үүссэн гэмтлээс үүдэлтэйгээр үүссэн ба бусад гэмтлүүд нь тус бүртээ механик үйлчлэлийн хүчин зүйлээс үүсэх боломжтой ч эдгээр гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй байна...гэв.

 

Гэрч Б.Буянбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өглөө 6 цагийн үед талийгаач ирээд намайг худаг ухалцаад өгөөч гэхэд нь би худаг дээр байж байгаад өдөр 15 цагийн орчимд буцаж ирсэн. Улмаар Түвшинжаргалтай хамт зүүн талаар үхэр, адуу бөөгнүүлээд явж байхад бүрлээч Банзрагчтай хамт гэрт ирчихлээ хүрээд ирэх үү гээд утсаар залгахад нь очсон. ... Түвшинжаргал бид хоёр очоод гэр рүү орцгоосон, машины дугуй нь хагарсан байсан тул би дугуйг нь нөхөж өгсөн. Энэ хэд гэрт ороод нэг бүтэн шил архины тал хүртэл нь ууцгаагаад хоорондоо муудалцсан. Бүрлээч Банзрагч руу “надаас өөр чамайг баруун аймаг руу авч явах хүн байхгүй шүү гуйлагчин минь” гэж хэлж муудалцаж, ноцолдсоны дараа бүрлээч, Банзрагч хоёр гадаа гарч гайгүй болоод буцаж орж ирцгээгээд муудалцаад байхад нь би салгаад байж байтал энэ хоёр буцаж гадагшаа гараад ийм зүйл болсон байсан. Би цохисныг нь хараагүй. Тухайн үед Түвшинжаргал бид хоёр гэрт асгасан хоол, данхтай цайг цэвэрлээд байж байхад ийм зүйл болсон. Гэрээс Банзрагч, бүрлээч хоёр зүгээр гарсан. Гадаа зодолдоод байхад нь Түвшинжаргал ах гараад Банзрагчийг чи яаж байгаа юм гэхэд нь би араас нь гарсан. Гарахад бүрлээч сонин дуугараад хэвтэж байсан. Түвшөө ах гүйж очоод Банзрагчийн гарнаас ташуурыг нь аваад машин руу хийсэн...гэв.

 

Гэрч Г.Түвшинжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Талийгаач надтай хоноод өглөө эрт Мандах гэх айл руу явсан. Мандахынх руу очоод над руу худаг ухаж байгаа хүмүүс рүү очиж уулз гэж утсаар ярьсан, тэр хүмүүс нь худаг ухсан ч юмгүй яваад өгцгөөсөн. Намайг адуундаа явж байхад талийгаач оройхон Банзрагчтай хамт ирээд “ах нь ирчихлээ ахын дүү хаана явна” гэсэн. Би Буянбаттай хамт  мотоциклтой ирэхэд талийгаач, Банзрагч хоёр нилээн согтуу байж байсан. Ах нь энэ ташуурыг авлаа гээд  ташуур барьчихсан, нилээн ууртай, Банзрагч руу дайрч давшилсан байдалтай байсан. Би тухайн үедээ талийгаачийн малыг нь хараад гэрт нь амьдардаг байсан. Талийгаач Банзрагчтай хамт ирэхдээ 1 литрийн шар Чингис архи авчирсан ба дүүтэйгээ ууна гээд тэр архинаас бид нар 4 хуруу уусан. Буянбат нь архи уудаггүй. ... талийгаач, Банзрагч руу дайрч хоорондоо муудалцаад савтай хоол, данхтай цай зэргийг шидсэн. Үүний өмнө талийгаач гэрээс гарч Банзрагчийн машины толийг хугалаад гадаа гайгүй болж орж ирээд ташуур бариад гарсан. Тухайн үед хаалга хагас онгорхой байсан ба газарт байсан савтай хоолыг бариад өөр тийш тавиад хартал Банзрагч ташуур барьчихсан, талийгаач урагшаа хараад суучихсан байсан. Би гүйж гараад яаж байгаа юм бэ чи гээд ташуурыг нь аваад машин руу хийгээд өмсөж байсан цамцаа тайлаад толгойн дор нь хийж дэрлүүлээд цагдаад мэдэгдэж, эмнэлэг дуудсан...гэв.  

 

Гэрч Ц.Оюунзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ташуураар цохиулсан хүн ухаагүй, хөдлөхгүй байна гэсэн дуудлага ирсэн. Улмаар дуудлагыг хүлээн авч 21 цагийн орчимд дуудлага дээр ирэхэд “Баруун сүүж” гэх газарт Тоёота Приус-20 маркийн автомашины хойд зүгт баруун чихнээс нь цус гарсан, 2 нүдний зовхи хавдаж хөхөрсөн ... хүн нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 103 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач О.Гантулгын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын баруун чамархайгаас гавлын дээд хонхороор баруун зүүн ухархайн дээд хана, шүүрсэм ялтас хүрсэн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсэг, бага тархины хоёр тал бөмбөлгийн доод хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хажуу болон 3,4-р ховдлын цус харвалт, баруун чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний цус хуралт, цээж, баруун мөрний ар хэсгийн зулгаралт, баруун бугулга, тохойн хонхор, шуу, зүүн шилбэний цус хуралт зэрэг шинэ гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гавлын баруун чамархайгаас гавлын дээд хонхороор баруун зүүн ухархайн дээд хана, шүүрсэм ялтас хүрсэн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсэг, бага тархины хоёр тал бөмбөлгийн доод хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хажуу болон 3.4-р ховдлын цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-т зааснаар баруун чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний цус хуралт нь тус бүртээ, цээж, баруун мөрний ар хэсгийн зулгаралт, баруун бугалга, тохойн хонхор, шуу, зүүн шилбэний цус хуралт нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаачийн цусанд хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 2 промиль процент спиртийн алкоголь илэрсэн нь согтолтын дунд зэрэг болно.

5. Талийгаач нь 3-р бүлгийн харъяалалын цустай байна.

6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Талийгаач нь гавлын баруун чамархайгаас гавлын дээд хонхороор баруун зүүн ухархайн дээд хана, шүүрсэм ялтас хүрсэн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсэг, бага тархины хоёр тал бөмбөлгийн доод хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хажуу болон 3,4-р ховдлын цус харвалт, баруун чамархайн хуйх, булчингийн цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ. гэх дүгнэлт /хх-ийн 94-97 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-17 тал/

- Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх18-20 тал/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-27 тал/

- С.Банзрагчийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77, 78-82 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Эд мөрийн баримтаар: Цагаан өнгийн металлаар бүрсэн хар өнгөтэй ташуур 1 /нэг/ ширхэг, “CD” 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Шаргалжин овогт Сугарын Банзрагч нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг, “Баруун сүүж” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд амь хохирогч О.Гантулгын гарт байсан ташуурыг авах зорилгоор булаацалдаж байх үедээ ташуурын үзүүр хэсгээр толгойн тус газарт нь болгоомжгүйгээр цохиж, хүний амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэг, шинжээч эмч Н.Уянга, гэрч Б.Буянбат, Г.Түвшинжаргал нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 103 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”,  3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь “шүүгдэгч С.Банзрагч нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироогүй, харин хүний амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэг үйлдсэн тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаах саналтай байна” гэж маргаж мэтгэлцэж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг талуудын мэтгэлцээний  үндсэн дээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээд шүүгдэгч С.Банзрагчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч  С.Банзрагч нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

 

 Шинжээч эмч Н.Уянгын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “...Талийгаач нь гавлын баруун чамархайгаас гавлын дээд хонхороор баруун зүүн ухархайн дээд хана, шүүрсэм ялтас хүрсэн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсэг, бага тархины хоёр тал бөмбөлгийн доод хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хажуу болон 3,4-р ховдлын цус харвалт, баруун чамархайн хуйх, булчингийн цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн 103 дугаар дүгнэлт,

 

Гэрч Г.Түвшинжаргалын: “...талийгаач, Банзрагч руу дайрч хоорондоо муудалцаад савтай хоол, данхтай цай зэргийг шидсэн. Үүний өмнө талийгаач гэрээс гарч Банзрагчийн машины толийг хугалаад гадаа гайгүй болж орж ирээд ташуур бариад гарсан. Тухайн үед хаалга хагас онгорхой байсан ба газарт байсан савтай хоолыг бариад өөр тийш тавиад хартал Банзрагч ташуур барьчихсан, талийгаач урагшаа хараад суучихсан байсан. Би гүйж гараад яаж байгаа юм бэ чи гээд ташуурыг нь аваад машин руу хийгээд өмсөж байсан цамцаа тайлаад толгойн дор нь хийж дэрлүүлээд цагдаад мэдэгдэж, эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Буянбатын: “...Энэ хэд гэрт ороод нэг бүтэн шил архины тал хүртэл нь ууцгаагаад хоорондоо муудалцсан. Бүрлээч Банзрагч руу “надаас өөр чамайг баруун аймаг руу авч явах хүн байхгүй шүү гуйлагчин минь” гэж хэлж муудалцаж, ноцолдсоны дараа бүрлээч, Банзрагч хоёр гадаа гарч гайгүй болоод буцаж орж ирцгээгээд муудалцаад байхад нь би салгаад байж байтал энэ хоёр буцаж гадагшаа гараад ийм зүйл болсон байсан...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

Харин хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд, гэмт этгээд нь хүний амь насанд аюултай үйлдлээ ухамсарлаж, хохирогчийг үхэлд хүргэх боломжийг урьдчилан харж, түүнийг хүсч, эсхүл үхэлд зориудаар хүргэх санаа зорилгоор хандсан байдаг бол болгоомжгүй байдлаар бусдын амь насыг хохироох гэмт хэргийн хувьд, үйлдэлдээ хөнгөмсөгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан байдаг.

Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байгаа нь дангаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг нотлохгүй ба хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэгт ч энэ шинж хадгалагддаг болно. Эдгээр гэмт хэргүүд нь гэм буруугийн субъектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо ялгагдаж хүнийг санаатай алах гэмт хэргийг шууд санаагаар үйлдэхдээ гэмт этгээд хохирогчийн үхлийг хүссэн байдаг бол шууд бус санаагаар үйлдсэн тохиолдолд хохирогчийн үхлийг чухалчлаагүй боловч үйлдлийн үр дүнд хохирогч үхэхийг мэдэж зориуд хүргэсэн байдаг. Харин хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч хүсээгүйгээс гадна хэдийгээр амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй бол хайхрамжгүй хандлагаар, мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдсан бол хөнгөмсөг хандлагаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцдог.

 

 

Шүүгдэгч С.Банзрагчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нар архи ууж согтуурсан, шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Банзрагчийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Банзрагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

 

Шүүгдэгч С.Банзрагчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

 

Шүүгдэгч С.Банзрагчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас амь хохирогч О.Гантулгын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэг нь амь хохирогчийн оршуулгын зардлын үлдэгдэл хэсэг болох 5400.000 төгрөгийг нэхэмжилж байх тул шүүгдэгч С.Банзрагчаас зайлшгүй төлөх оршуулгын зардлын үлдэгдэл болох нийт 5400.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо 13 дугаар хорооллын 4-110 тоотод оршин суух Боржигон овогт Батсүхийн Батчимэг /РД: ЖЮ71051909/-д олгохоор шийдвэрлэв. 

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СД 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цагаан өнгийн металлаар бүрсэн хар өнгөтэй 1 /нэг/ ширхэг ташуурыг шүүгдэгч С.Банзрагчид буцаан олгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С.Банзрагчийн ЙЗ87112518 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шаргалжин овогт Сугарын Банзрагчийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Банзрагчийг 5 /тав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Банзрагчид оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Банзрагчийн цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч С.Банзрагчаас нийт 5400.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо 13 дугаар хорооллын 4-110 тоотод оршин суух Боржигон овогт Батсүхийн Батчимэг /РД: ЖЮ71051909/-д олгосугай.

 

6 Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “CD” 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С.Банзрагчийн ЙЗ87112518 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлсүгэй

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан өнгийн металлаар бүрсэн хар өнгөтэй 1 /нэг/ ширхэг ташуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Банзрагчид буцаан олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Банзрагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ