| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/03485/И |
| Дугаар | 181/ШШ2024/00145 |
| Огноо | 2024-01-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/00145
| 2024 01 10 | 181/ШШ2024/00145 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, З овогт Э.Н/РД: ................../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******,******* байрлах, МК ХХК/РД: ............, гүйцэтгэх захирал Н.Б./-д холбогдох,
50,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш нар оролцов. Хариуцагч МК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхжаргал овогтой Наранбаатар миний бие 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр МК ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 10-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй П А-2 орон сууцны хотхоны Е блок 2-р орц, 11-р давхар, 1101 тоотын 45.75 мк.в, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар Орон сууц захиалгын гэрээ хийсэн. Уг орон сууцын нийт төлбөр нь 86,925,000 төгрөг болсон ба уг үнийн дүнгээс 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр эхний төлөлт болох 50,000,000 төгрөгийг өөрийн 5554161165 тоот Хаан банкны данснаас МК ХХК-ийн Голомт банкны 3205105505 тоот данс руу шилжүүлсэн болно. Уг орон сууц нь 2022 онд ашиглалтад орох төлөвлөгөөт хугацаатай байсан боловч тогтоосон хугацаанд ашиглалтад ороогүй өдийг хүрч байна. Нэхэмжлэгч би 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр МК ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах тухай саналтай очиж үүнийг байгууллагаас зөвшөөрч Орон сууц захиалгын гэрээ-г хураан авч Гэрээ цуцалсны протокол үйлдэж өгсөн болно. Уг протокол дээр төлбөрийг 180 хоног дотор олгохоор заасан боловч одоог хүртэл буцаан олгогдоогүй байна. Иймд Орон сууц захиалгын гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.2.6 дах хэсэгт заасан заалтыг зөрчиж буцаан олгогдохоор шийдвэрлэсэн төлбөрийг шилжүүлээгүй байх тул 50,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. гэв.
Шүүх нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ цуцалсан протокол, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Э.Нын Хаан банкны төлбөр шилжүүлэгийн баримт, Э.Нын Иргэний үнэмлэхийн лавлагаа, Оршин суугаа хаягийн лавлагаа, хариуцагчийн баримтаар гаргасан МК ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Н хариуцагч МК ХХК-д холбогдуулан гэрээ цуцалсны төлбөр 50,000,000/тавин сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч МК ХХК-д 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Зохигчид 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр № П2-Е-01/39-100 Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан болох нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ цуцалсан протоколоор тогтоогдож байна.
2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн № П2-Е-01/39-100 Орон сууц захиалан бариулах гэрээнд зааснаар хариуцагч нь ХУД, ....-р хорооны нутаг дэвсгэрт П А-2 орон сууцны хотхоны Е блок, 2-р орц, 11-р давхар, 1101 тоот, 45.75 метр квадрат, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 1101 тоот, 45.75 метр квадрат, 2 өрөө орон сууцны үнэд нийт 86,925,000/наян зургаан сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ цуцалсан протоколоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн тус 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн № П2-Е-01/39-100 Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь 1101 тоот, 45.75 метр квадрат, 2 өрөө орон сууцны үнэд 50,000,000/тавин сая/ төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ цуцалсан протокол, Хаан банк ХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь орон сууц 2022 онд ашиглалтанд ороогүй үндэслэлээр хариуцагчид Гэрээг цуцлах тухай хүсэлт гаргаж, зохигчид 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Гэрээ цуцалсан протокол үйлдсэн болох нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ цуцалсан протоколоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн 1101 тоот, 45.75 метр квадрат, 2 өрөө орон сууц ашиглалтад ороогүй гэх тайлбар үндэслэлтэй болох нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ цуцалсан протоколоор тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн тус тайлбарыг баримтаар үгүйсгээгүй болно.
Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т ... энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй:, 226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол;, 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал ... үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан.
Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчид Гэрээний үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон тохиолдолд үр дүн гарахгүй болох нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ цуцалсан протоколоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар Гэрээнээс татгалзсантай холбогдон нэхэмжлэгчид нийт 50,000,000/тавин сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ цуцалсан протокол, Хаан банк ХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.
Гэрээний аль нэг тал гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зоригтой байдаг ба Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалтад зөвхөн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан боловч гэрээг цуцлах тохиолдолд уг журмын зарим зохицуулалт хамааралтай болно.
Иймд хариуцагч нь Гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 225 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 50,000,000/тавин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ цуцалсан протоколд иргэн М.Уянга гарын үсэг зурсан байх боловч 50,000,000/тавин сая/ төгрөгийг нэхэмжлэгч нь төлсөн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МК ХХК-иас нийт 50,000,000/тавин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нт олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгт хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нт олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МК ХХК-иас нийт 50,000,000/тавин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгт хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
, С.ХИШИГБАТ