Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/00147

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/00147

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 3а байр, 30 тоотод оршин суух, Б овогт Б.О/РД: ............/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнеско гудамж, Юнион бюлдинг, 5-р давхар, 502 тоотод байрлах, АЭЖИ ХХК/РД: ......., гүйцэтгэх захирал Б.Х/-д холбогдох,

 

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, цалин хөлсийг олгоогүй өдрийн алданги, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх, ажиллаж байсан хугацааны борлуулатын урамшуулал 16,327,511 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ундрах, С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О миний бие АЭЖИ ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, маркетинг борлуулалтын албаны ахлах менежерийн албан тушаалд анх ажиллаж эхэлсэн. Гэвч 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б/192 дугаартай хөдөлмөр эрхлэлтийг цуцлах тухай захирлын тушаал гарсан байсныг 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хамт ажиллаж байсан найзаасаа авсан.

Ажил олгогчийн зүгээс ажлаас халах болсон үндэслэл нь:

1. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 21-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүрэгт ажилдаа хүрэлцэн ирээгүй нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул Б.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсугай гэсэн байна.

2. Б.О-ийн ажилласан хугацааны цалин хөлсийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон бодож олгох ажилтантай холбоотой төлбөр тооцоог зохих журмын дагуу барагдуулах, ажилласан хугацааны амралтын цалинг бодож олгохыг Санхүү бүртгэлийн албаны Ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсүгэй гэсэн утгатай тушаал гарсан байна.

Миний бие нь дээрх өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүрэгт ажилдаа хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь ажил олгогч АЭЖИ ХХК нь 2022 оны 09 дүгээр сараас эхлэн цалин хөлс болон борлуулалтын урамшууллыг хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанд олгож байгаагүй бөгөөд зарим саруудад цалин хөлсийг өгөлгүй 30 хоногоос дээш хэтрүүлж байсан. Мөн ажил олгогч нь надад 2022 оны 11,12 дугаар сарын цалинг огт олгоогүй билээ. Миний бие нь тухайн үед компани захирал Б.Халиунд цалин хөлс олгох тухай удаа дараа шаардлага тавьж байсан. 2022 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд компани захирал Б.Халиунтай биеэр уулзаж, мөн утсаар ярьж цалин хөлс олгох талаар шаардлагыг тавьж ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тухайгаа хэлсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т ажилтан дараах нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, 54.1.3-т ажил олгогч ажилтны цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй, 54.2-т Ажилтан энэ хуулийн 54.1-т заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тухайгаа ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд ийнхүү татгалзах болсон нөхцөл арилах хүртэлх хугацаанд ажиллахгүй байх эрхтэй гэж тус, тус заасан байдаг. Гэвч үүний дараа 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/192 дугаартай ажлаас халах тухай захирлын тушаал гарсан байна.

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулан үндсэн цалин 3,500,000 төгрөг болгон өөрчилсөн. Мөн Хөдөлмөрийн гэрээ анх байгуулахад миний ажил үүрэгтэй холбоотойгоор сар бүрийн үндсэн цалин хөлснөөс гадна 1 сарын нийт борлуулалтын орлогын 2.0%-тай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгогчоос ажилтан надад олгож байхаар харилцан тохиролцсон боловч өнөөдрийг энэ тохиролцоог албан ёсоор бичгээр албажуулаагүй бөгөөд нийт борлуулалтын 2.0%-тай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг ажил олгогчоос одоог хүртэл олгоогүй байна. Үүний дагуу миний бие 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдөр ажил олгогчид бичгээр хүсэлт гаргаж байсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарсан байх хэр нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж заасан байдаг.

Иймд урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, цалин хөлсийг олгоогүй өдрийн алданги, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичүүлж, ажиллаж байсан хугацаанд хийсэн нийт борлуулалтын урамшуулал болох 16,327,511 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж өгнө үү. Алданги нэхэмжилж байгаа шаардлагаас татгалзаж байна. Урамшуулал гаргуулах шаардлагаа дэмжиж байна. гэв.

 

Хариуцагч Ай энд жи интехнэшнл ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогч цалин хөлсийг 30 болон түүнээс дээш хоногоор хоцроосон тул үүрэгт ажлаа гүйцэтгэхээс татгалзсан тухайд: Ажилтан Б.Отэй 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ХГ-23/22 тоот Хөдөлмөрийн гэрээ /туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ/-ээр Маркетинг, борлуулалтын албаны дарга албанд тушаалд 1 сарын туршилтын хугацаатай, туршилтын хугацааны цалинг 2,000,000 төгрөг, цаашид үндсэн ажилтан болсон тохиолдолд 2,500,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, ажиллаж эхэлсэн. Улмаар ажилтны нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Захиргаа, хүний нөөцийн албанд бичгээр гаргасан хүсэлтдээ үндсэн ажилтнаар ажиллах хүсэлттэй байгаа тул жинхэлж өгнө үү гэсэн утга бүхий хүсэлтийг гаргаж, компанийн зүгээс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ХГ-23/22 тоот Хөдөлмөрийн гэрээнд Үндсэн цалин хөлсийг 1,750,000 төгрөг, Гүйцэтгэлийн цалин хөлсийг 1,750,000 төгрөг болгон өөрчилж, нэмэлт өөрчлөлтийн гэрээг талууд байгуулсан. 2022 оны 10 дугаар сарын цалинг олговол зохих хугацаанд олгож, 2022 оны 11 дүгээр сарын урьдчилгаа цалинг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 480,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 395,000 төгрөг нийт 875,000 төгрөгийг олгосон. Гэвч ажилтан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажил олгогч нь 2022 оны 11,12 дугаар сарын цалин хөлсийг огт олгоогүй нь ажил олгогч нь цалин хөлсийг 30 болон түүнээс дээш хоногоор хоцроосон тул энэ тухай гүйцэтгэх захиралд Б.Халиунаад удаа шаардлага тавьж, 2022 оны 12 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд утсаар болон биечлэн уулзахдаа ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн гэх боловч ажил олгогчоор олговол зохих цалин хөлсийг олгоогүй хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан хугацаанд хүрээгүй байх тул ажилтан үүрэгт ажлаа гүйцэтгэхээс татгалзах эрхгүй юм.

Ажлаас буруу халсан, урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд буцаан томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад: АЭЖИ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Ш-23 тоот Компанийн алба, хэлтсийн бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах, албан тушаалтнуудын цалингийн цэсийг шинэчлэн батлах тухай тогтоолоор өмнө нь байсан маркетинг борлуулалтын албыг татан буулгаж, тус албаны ажилтнуудыг борлуулалтын менежер болгож, цалинд өөрчлөлт оруулсан. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4-д заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 22/12-731 тоот албан бичгээр Компанийн Маркетинг борлуулалтын албанд ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Од шинэчлэгдсэн компанийн бүтцийн дагуу Борлуулалтын менежерээр ажиллуулах тухай саналыг хүргүүлж, календарийн 30 хоногийн дотор хариугаа ирүүлэхийг мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16, 19, 20, 21-ний Өдрүүдэд үүрэгт ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул АЭЖИ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугар сарын 21-ний өдрийн Б/192 тоот тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.5, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.9.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан тул хууль зөрчин ажлаас халсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Ажиллаж байсан хугацаанд хийсэн нийт борлуулалтын урамшуулалд 16,327,511 төгрөгний тухайд: Талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ тус, тус байгуулсан. Уг гэрээнүүдэд ажилтантай үндсэн цалин хөлсийг тохиролцсон ба борлуулалтын урамшуулал олгох тухай тусгаагүй юм. Иймд уг борлуулалтын урамшуулалд 16,327,511 олгох үндэслэлгүй юм.

Ажилласан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон нэмэлт өөрчлөлтийн гэрээний дагуу 2022 оны 11 дүгээр сард үндсэн цалин 1,750,000 төгрөг бодогдохоос ажилтны тухайн сард ажиллавал зохих 168 цагаас 108 цаг ажиллаж 1,123,958 төгрөг бодогдсон. Гүйцэтгэлийн цалин 1,750,000 төгрөг бодогдохоос 64% гүйцэтгэлтэй гэж дүгнэсний дагуу 1,120,000 төгрөг, нийт 2,243,958 төгрөг бодогдсон. 2,243,958 төгрөгөөс 875,000 төгрөгийг урьдчилан олгож, НДШ 11.5% буюу 158,055 төгрөг, ХХОАТ 10% буюу 184,590.31 төгрөг, Эрсдэлийн сангийн 2% буюу 27,500 төгрөгийг суутгаж, 898,813 төгрөгийг олгоогүй. 2022 оны 12 дугаар сарын үндсэн 3,500,000 төгрөг бодогдохоос ажилтан 168 цаг ажиллахаас 69.2 цаг ажиллаж 1,441,667 төгрөг, ээлжийн амралтын олговорт 828,196.33 төгрөг, нийт 2,269,863 төгрөг бодогдсоноос НДШ 11.5% буюу 261,034 төгрөг, ХХОАТ 10% буюу 188,882.88 төгрөг, Эрсдэлийн сангийн 2% буюу 70,000 төгрөгийг суутгаж, 1,749,946 төгрөг, 2022 оны 11,12 сарын нийт 2,648,759 төгрөг, нийт эрсдэлийн сангийн 2% буюу 202,088.26 төгрөг, нийт 2,850,847.26 төгрөгийг олгоогүй нь үнэн болно. Учир нь 2022 оны 7 дугаар сарын 12-ний өдөр 3,000,000 төгрөгийг ажилтанд урьдчилан олгосон тул уг цалинг олгоогүй. Мөн нэхэмжлэгчийн 2022 оны 11, 12 дугаар саруудын ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бодогдсон цалингаар нь ажил олгогчийн зүгээс төлсөн болно.

Иймд Б.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Б.О-ийн 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн АЭЖИ ХХК-ийн Б/192 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай захирлын тушаал, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 23/03-158 дугаар АЭЖИ ХХК-ийн албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Албн тушаалын тодорхойлолт, 223 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, хариуцагчийн баримтаар гаргасан Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гүйцэтгэлийн цалин бодох журмын хуулбар, хариуцагчийн нягтлан бодогчийн цалингийн тайлан, АЭЖИ ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, 2022 оны 8 дугаар 31-ний өдрийн АЭЖИ ХХК-д Б.О-ийн гаргасан хүсэлтийн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/67 дугаар АЭЖИ ХХК-ийн захирлын тушаалын хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/136 дугаар АЭЖИ ХХК-ийн захирлын тушаалын хуулбар, АЭЖИ ХХК-ийн цаг бүртгэлийн программаас татаж авсан 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ажилчдын цагийн бүртгэлийн англи хэл дээрх хуулбар, АЭЖИ ХХК-ийн цаг бүртгэлийн программын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ажилчдын цагийн бүртгэлийн Монгол хэл рүү орчуулсан орчуулга, АЭЖИ ХХК-ийн цаг бүртгэлийн программаас татаж авсан 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ажилчдын цагийн бүртгэлийн Англи хэл дээрх хуулбар, АЭЖИ ХХК-ийн цаг бүртгэлийн программаас татаж авсан 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ажилчдын цагийн бүртгэлийн Монгол хэл рүү орчуулсан орчуулгыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.О хариуцагч АЭЖИ ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 29,968,956/хорин есөн сая есөн зуун жаран найман мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлж, борлуулалтын урамшуулалд 16,327,511/арван зургаан сая гурван зуун хорин долоон мянга таван зуун арван нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч АЭЖИ ХХК нь ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О хариуцагч АЭЖИ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас цалин хөлсийг олгоогүй өдрийн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Маркетинг борлуулалтын албаны ахлах менежерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны Б/136 дугаар Ажилд авах тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16, 19, 20, 21-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүрэгт ажилдаа хүрэлцэн ирээгүй ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/192 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.4-т ажилтан ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж заасан.

 

Зохигчийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.2.5-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан; гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16, 19, 20-ны өдрүүдэд ажил тасалсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ажилчдын ажилласан цаг/ажиллаагүй цагийн бүртгэл болон Ажилчдын ажилласан цаг/ажиллаагүй цагийн бүртгэлийн орчуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэж маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т Ажилтан дараах нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй:, 54.1.3-т ажил олгогч ажилтны цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй., 54.2-т Ажилтан энэ хуулийн 54.1-д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тухайгаа ажил олгогч ... нэн даруй мэдэгдэх бөгөөд ... нөхцөл арилах хүртэлх хугацаанд ажиллахгүй байх эрхтэй. гэж заасан.

 

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.2-т сарын бүрийн 10-ны өдөр болон 25-ны өдөр цалинг олгох тухай заажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн цалин хөлсийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн цалин хөлсийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олгосон болох нь хариуцагчийн нягтлан бодогчийн цалингийн тайлангаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй болох нь хариуцагчийн хариу тайлбар болон хариуцагчийн нягтлан бодогчийн цалингийн тайлангаар тогтоогдож байна.

 

Гэвч, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.3 дахь заалтад зааснаар цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгчийн цалин хөлсийг олговол зохих өдрөөс хэтрүүлж олгож байсан болох нь хариуцагчийн нягтлан бодогчийн цалингийн тайлангаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй нөхцөл байдал үүсээгүй байхад нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2022 оны 12 дугаар сарын 16, 19, 20-ны өдрүүдэд ажил тасалсан болох нь хариуцагчийн нягтлан бодогчийн цалингийн тайлан, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ажилчдын ажилласан цаг/ажиллаагүй цагийн бүртгэл болон Ажилчдын ажилласан цаг/ажиллаагүй цагийн бүртгэлийн орчуулгаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгөөгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэг нь ажилтан хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхийг хангах тухай заалт ба нэхэмжлэгч нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгөөгүй нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлд хамаарахгүй байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчид урьд эрхэлж байсан ажил буюу Маркетинг борлуулалтын албаны ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 29,968,956/хорин есөн сая есөн зуун жаран найман мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас борлуулалтын урамшуулалд 16,327,511/арван зургаан сая гурван зуун хорин долоон мянга таван зуун арван нэг/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээнд борлуулалтын урамшуулал олгох тухай тусгаагүй гэж маргасан.

 

Зохигчийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2-ын 2.2.4.7-д зааснаар урамшуулал олгож болох бөгөөд гүйцэтгэлийн урамшуулал олгох нөхцөл, шалгуурыг Гүйцэтгэлийн үнэлгээний журам, Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т Ажил олгогч хууль тогтоомж, хамтын гэрээ ... нийцүүлэн цалин хөлсний талаар дараах хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлнэ: гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Гүйцэтгэлийн цалин бодох журам-ыг баталжээ.

 

2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Гүйцэтгэлийн цалин бодох журам-ын 2-ын 2.4.2-т Урамшууллын дүнг ... тухайн жилийн төлөвлөгөө, хэрэгжүүлж ажилласан байдлыг харгалзан тогтооно., 2.4.5-д Мөн ажил үүргээ хангаллттай гүйцэтгэж ... буй ажилтанд ажил үүрэгтэй нь холбоотой урамшуулал олгож болно., 2.4.6-д 2.4.5-д заасан урамшууллын хэмжээг тухай бүр нь Гүйцэтгэх захирлын тушаалаар баталж олгоно. гэжээ.

 

2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Гүйцэтгэлийн цалин бодох журам-ын 2-ын 2.4.2, 2.4.5, 2.4.6-д зааснаар нэхэмжлэгчийн тухайн жилийн төлөвлөгөөг хэрхэн баталсан, нэхэмжлэгч нь тухайн төлөвлөгөөг хэрхэн биелүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба, түүнчлэн нэхэмжлэгчийн урамшуулал олгох тухай баримт гэх баримтад нэхэмжлэгчид урамшуулал олгох тухай заагаагүй, хариуцагчийн гүйцэтгэх захирлын урамшуулал олгох тухай тушаал гараагүй байна.

 

2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Гүйцэтгэлийн цалин бодох журам-ын 2-ын 2.4.2, 2.4.5, 2.4.6-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид борлуулалтын урамшуулалд 16,327,511/арван зургаан сая гурван зуун хорин долоон мянга таван зуун арван нэг/ төгрөгийг олгох үүрэгтэй болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас борлуулалтын урамшуулалд 16,327,511/арван зургаан сая гурван зуун хорин долоон мянга таван зуун арван нэг/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь компанийн бүтцийн дагуу нэхэмжлэгчийг Борлуулалтын менежерээр ажиллуулах тухай саналыг хүргүүлж, календарийн 30 хоногийн дотор хариугаа ирүүлэхийг мэдэгдсэн гэх хариу тайлбар гаргасан байх боловч зохигчид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан үндэслэлийн талаар маргасан болно.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацаанд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 29,968,956/хорин есөн сая есөн зуун жаран найман мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлж, урамшуулал болох 16,327,511/арван зургаан сая гурван зуун хорин долоон мянга таван зуун арван нэг/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О хариуцагч АЭЖИ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас цалин хөлсийг олгоогүй өдрийн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 29,968,956/хорин есөн сая есөн зуун жаран найман мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлж, урамшуулал болох 16,327,511/арван зургаан сая гурван зуун хорин долоон мянга таван зуун арван нэг/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О хариуцагч АЭЖИ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас цалин хөлсийг олгоогүй өдрийн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ