Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2019/01009

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/844 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.С-д холбогдох

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, сэтгэл санааны болон өмгөөлөгчийн зардал, гэм хорын хохиролд 15 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ууганбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Отгонбат,

Хариуцагч: З.Санждорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Б.Б нь З.С-ийг Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандантэгчилэн хийдийн тамгын газрын байрны 1 дүгээр давхарт зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Шинжээчийн дүгнэлтээр З.С-ийн биед хөнгөн гэмтэл учирсан гэх дүгнэлт гарсан байдаг. Ингээд Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Гэтэл З.С нь эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Б.Б-ийн алдар нэр, нэр төрийг гутаасан хэлбэрээр ярилцлагыг олон нийтийн NTN HD chanel болон HTV телевизүүдэд ярилцлага болон Тime.mn, Ene.mn, News.mn, Sonin.mn сайтуудад бичигдсэн байдаг. Үүнийг үзлэг хийх хэлбэрээр баримтжуулж хэрэгт хавсаргасан байдаг. Б.Б-д З.С нь удаа дараа зодуулсан гэх худал мэдээлэл тараасан, Хамба лам Б.Б-ийн хүн зодсон хэргийг танил талаараа хаалгаж өөгшүүлж дэврүүлсэн гэх, мөн Гандантэгчилэн хийдийн лам нар ёс зүйгүй байна гэх гурван үндэслэлээр алдар хүнд, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж байгаа. З.С  нь эрүүгийн хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад удаа дараа Б.Б-д зодуулсан, үгийн зөрүүгүй цохисон, олон удаагийн үйлдлээр зодож байгаа, Жанрайсэгийн урд сүсэгтэн олны өмнө нам цохиод, хэдэн жилийн өмнө ухаан алдуулаад унагаж л байсан, тэрний өмнө арваад жилийн өмнө болж байна, далай ламыг ирэх үеэр бас зодуулж тархиндаа гэмтэл аваад гурван жил эмчлүүлсэн, гарахад араас өшиглөсөн, хөөрөг, орхимж малгай, нарын шүхэр авч явсан зүйлүүдийг маань гаргаж шидсэн, манай хамба бол Ерөнхийлөгчийг ч танина, Ерөнхий сайдыг ч танина, Цагдаагийн бүх даргыг танина, Баянголын даргыг бүгдийг танина, та нар яасан ч хамаагүй ердөө ийм ойлголттой олон жил бид нарыг дээрэлхэж дарамталж байна гэж нэр төрд халдсан, Б.Б- лам орж ирээд л үгийн зөрүүгүй цохисон, Д.Чойжамцын туслах н.Бүрнээ ламд их гомдолтой байна. Гадныханд хөл алддаг мөртлөө өөрсдийн лам нараа алчих гээд байдаг гэж алдар хүндэд, цагдаад гомдол гаргахаар хэрэг үүсгэсэн болоод эд нар удахгүй хаалгачихдаг. Бүр сурчихсан улс. Би эрүүгийн цагдаа дуудъя гэсэн. Эд нар дээрээ Ерөнхийлөгч гээд хамаг том хүмүүсээр хамгаалуулдаг, ерөөсөө даварчихсан, бид зодож болно, бидний муу үйлдлийг хамба лам бүгдийг хаадаг, хамгаалдаг, бид яасан ч хамаагүй гээд ойлгочихсон, манай хамба Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг танина. Та нарыг яасан ч хамаагүй гэсэн бодолтой биднийг олон жил дээрэлхэж, дарамталж байна, бусдад үлгэр дуурайлал болж байх ёстой Бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн лам нар өөрсдөө ийм ёс зүйгүй байна. Олон жилийн өмнө ч иймэрхүү зүйл гарч байсан, дээрээ Ерөнхийлөгч хамаг том хүмүүсээр хамгаалуулдаг, ерөөсөө арга нь тэр, бүр даварчихсан, бид нар яасан ч болно бид нарын Хамба бүгдийг хаадаг бүгдийг хамгаалдаг гээд лам нар нь ойлгочихсон, тэрний өмнө Хамба ламтай нийлээд Далай ламыг ирэх үеэр хэдэн ч жил юм арваад жилийн өмнө болж байна гурван жил эмчлүүлсэн тархийг минь гэмтээсэн, тэгээд би нуугаад л яваад байдаг байсан, арай хэрээс хэтэрч байна гэх зэргээр ажил хэргийн нэр хүндийг гутаасан. Дээрх мэдэгдлийг хэвлэлийн бага хурал хийж, мэдээллийг тараасан байдаг. Хэвлэлийн бага хурлаар тараасан мэдээлэл нь маш хурдацтай тарсан байдаг. Гэтэл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байдаг. Б.Б нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийж залруулга хийхийг даалгах, эдийн бус хохирол гэж 15 000 000 төгрөгийг З.С-оос  нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагч маань манай нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга болох хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байна. Зууны мэдээ гэдэг хэвлэлийн хэрэгслээр зодуулсан талаараа хэвлэлийн бага хурал хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Энэ нь Б.Б-ийн нэр төрд халдсан байгаа. Гэтэл эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-г цагаатгасан байгаа. Мөн Б.Б нь 2000 оноос хойш эрхэлж байгаа ажил буюу тэргүүн хамбын туслах, нарийн бичиг гэдэг ажлыг одоог хүртэл эрхэлж байгаа. Тийм учраас тушаал дэвшсэн зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б.Б-д зодуулсан тухай гомдлыг бичгээр өгсөн байгаа. Баянгол дүүргийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж 1 жилийн хугацаанд шалгасан. Миний гаргасан гомдлыг тухайн үедээ гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэн хүлээж авсан учраас би болсон явдлыг үндэслэж төлбөр төлж Зууны мэдээ сонины газарт хэвлэлийн хурал хийж, ярилцлага өгсөн. Түүнээс биш Б.Б-д огт хамааралгүй асуудлаар Б.Б-ийн ажил хэргийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараагаагүй. Тийм учраас хийсэн мэдээлэлдээ няцаалт өгөх, залруулга хийх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлд дурдсан нэр бүхий сайтуудад хандаж мэдээлэл хийгээгүй болно. Б.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж шалгах явцад харин ч өөрийн ажлаа хийгээд бүр тушаал дэвшээд ажиллаж байгаа. Б.Б-ийн нэр төрийг гутаасны улмаас ажлаа хийх боломжгүй, дордсон, сэтгэл санааны хямралаас болоод ажлаа хийж чадахгүй байгаа зүйл байхгүй. Учир нь бид нэг хашааны наана цаана ажилладаг хүмүүс байдаг. Б.Б дээр ямар нэгэн хохирол гараагүй сэтгэл санаагаар унан хямарч хуврага байхаа больсон зүйл ердөө байхгүй байгаа учраас сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Мөн өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэгт заавал өмгөөлөгч авах шаардлага байхгүй. Б.Б нь өөрөө өмгөөлөгч авсан учраас өмгөөлөгчийн хөлсөө өөрөө төлөх үүрэгтэй. Өмгөөллийн гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Уг гэрээг харахад өмгөөллийн хөлс гэх үнийн дүн огт байдаггүй. Хэрэгт 2 өөр гэрээ байгаа. Би ажил алба нь буураагүй гэдгийг хэлж байна. Мөн тэр сайтуудаар мэдээлэл хийсэн гэдэг дээр хэлэхэд би тухайн үед болсон зүйлийг хэлсэн. Мөн би тухайн сайтууд дээр очоогүй. Нэг нь нэгэндээ хэрхэн тараасныг нь мэдэхгүй. Би зориуд Б.Б-ийн нэр төрийг гутаах гэж сайтууд дээр очсон зүйл байхгүй. Б.Б нь хүн цохиогүй байхад цагдаа саатуулаад явахгүй байх. Б.Б нь нарийн бичиг болохоос биш лам хэргэм зэрэг байхгүй. Лам нарын цалин бол бага, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг учраас би нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 10 000 000 төгрөгийг хэчнээн сар жил төлнө гэхэв дээ, боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.С-д холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгах, сэтгэл санааны болон өмгөөлөгчийн зардалд 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч З.С нь ...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдийн тамгын газрын байрны нэгдүгээр давхарт Б.Б-тэй маргалдан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан талаараа "Зууны мэдээ" сонины газарт хэвлэлийн бага хурал хийлгэж, ярилцлага өгсөн гэх үйл баримтыг зөвшөөрдөг ба харин NTN HD chanel болон HTV телевизүүдэд ярилцлага болон Тime.mn, Ene.mn, News.mn, Sonin.mn сайтуудад өөрийн хүсэлтээр захиалга өгч ярилцлага, мэдээлэл хийгээгүй яаж тарсныг мэдэх боломжгүй гэж маргадаг. Уг татгалзал нь үндэслэлтэй байна, хариуцагч З.С-ийг NTN HD chanel болон HTV телевизүүдэд ярилцлага болон Тime.mn, Ene.mn, News.mn, Sonin.mn сайтуудад мэдээлэл тавьсан болон тараасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэжээ. Гэтэл хариуцагч З.С нь "Зууны мэдээ" сонины газарт хэвлэлийн бага хурал хийлгэж, ярилцлага өгсөн гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг ба тухайн хэвлэлийн бага хурлаар олон нийтийн телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сайтуудын сурвалжлагч нар бүгд хүрэлцэн очиж, З.С-ийн ярилцлагыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд болон сайтуудаар шууд дамжуулан нийтэлсэн байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллага нь дөрөв дэх засаглал ч гэж яригддаг энэхүү хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд тухайн хүний өгч байгаа мэдээ, мэдээллийг ямар нэгэн байдлаар гажуудуулж, өөрчлөлгүйгээр олон нийтэд мэдээлэх эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд З.С-ийн хэвлэлийн бага хурал хийлгэж, өгсөн ярилцлагыг Тime.mn, Ene.mn, News.mn, Sonin.mn цахим сайтууд цахим орчинд нийтэлсэн. Гэтэл Шүүх Тime.mn, Ene.mn, News.mn, Sonin.mn цахим сайтуудад мэдээлэл тавьсан болон тараасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй гэж үзэж байна. Угтаа бол хариуцагч нь болсон үйл явдлын талаар тайлбар ярилцлага өгсөн хэмээн тайлбарладаг боловч уг ярилцлагадаа Б.Б-д зодуулж, өөрт нь хөнгөн хохирол учруулсан, урьд нь удаа дараа зодуулж байсан, Гандантэгчилэн хийдийн лам нар ёс зүйгүй мэтээр тайлбарлаж энэ мэдээллийг нийгэм, олон нийтэд тараасан байдаг. Хариуцагч нь "Зууны мэдээ" сонины газарт хэвлэлийн бага хурал хийлгэж, ярилцлага өгсөн үйл баримт бүрэн тогтоогдож, хариуцагч ч уг үйл баримтыг хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл мэдээллийн эх сурвалжийг хариуцан гаргасан тэрхүү эх сурвалжийг олон нийтэд түгээх нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэж үзнэ. Мэдээлэл гаргагч нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхээр гэм буруу нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн гэж цоллож, сэтгэл санааны дарамтад оруулж, олон нийтэд сөрөг мэдээлэл тараасан нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон туйлын эрхэд халдаад зогсохгүй уг эрхийг сэргээлгэхээр хандсан шүүхэд гомдолтой байна. Хуульд зааснаар үүссэн гэм хорын талаар хэрэгт авагдсан баримт шүүхийн мэтгэлцээний явцад хангалттай нотлогдож байхад илтэд нэг талыг барьж шийдвэр гаргажээ. ...З.С-ийн "Зууны мэдээ" сонины газарт хийсэн мэдээлэл нь худал ташаа байсан болох нь хэрэгт авагдсан 2018 оны 8 сарын 10-ны өдрийн 655 дугаартай Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, 2018 оны 10 сарын 09-ний өдрийн 927 дугаартай Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 06 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт нөгөө талдаа нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан худал мэдээ тараасныг нотолсон. Хариуцагч З.С-ийн "Зууны мэдээ" сонины газарт хэвлэлийн бага хурал хийлгэж, өгсөн ярилцлага нь, Тime.mn, Ene.mn, News.mn, Sonin.mn цахим сайтуудад нийтлэгдсэн, мөн хариуцагч өөрийн биеэр NTN HD chanel телевизэд 2 минут 14 секундын, "HTV" телевизэд 3 минут 19 секундын ярилцлагуудыг өгсөн болох нь хэрэгт баримтаар авагдаж шүүх 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тус хэрэгт авагдсан цахим сайтын линк болон флаш дискэнд хуулагдсан видео бичлэг, сайтын мэдээллийг бэхжүүлж хийгдсэн үзлэг хийсэн тэмдэглэлээр уг нотлох баримтууд бэхжүүлэгдсэн. Гэтэл шүүх нэхэмжлэгч тал мэдээлэл худал ташаа байсан болон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан илт харш мэдээллийг ямар хүрээнд тараасан зэргийг нотлон мэтгэлцээгүй, Б.Б-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болох нь тогтоогдоогүй гэж үндэслэж байгаа нь шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан ажиллагааг явуулж бэхжүүлсэн хэрнээ уг баримтыг үнэлж хэргийг шийдвэрлээгүй нь хэт нэг талыг барьсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй. Иймд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт залруулга хийхийг даалгах нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч З.С-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, сэтгэл санааны болон өмгөөлөгчийн зардалд нийт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гандантэгчэнлэн хийдийн тамгын газрын байрны нэгдүгээр давхарт 2017 оны 8 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч З.С-той хэрүүл маргаан үүсгэн, хариуцагч З.С-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан нь зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, яллах дүгнэлт болон шүүхийн цагаатгах тогтоол, магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 32-45, 76, 79-80-р тал/

Дээрх үйл баримтын талаар хариуцагч З.С нь “Зууны мэдээ” сонины газарт 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн байх бөгөөд олон нийтийн NTN HD chanel болон HTV телевизүүдэд ярилцлага өгчээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж,

Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэдийгээр нэхэмжлэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан боловч 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч З.С-той маргалдсан, түүнийг цохисон гэх үйл явдлыг үндэслэн хариуцагч З.С нь Зууны мэдээ сонины газарт мэдээлэл хийж, телевизэд ярилцлага өгсөн байна. Энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгч Б.Б-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч З.С-ийг тухайн өдөр болсон бодит байдалд нийцээгүй мэдээллийг тараасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 5 000 000 төгрөг буюу нийт 15 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 5 000 000 төгрөгийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Мөн сэтгэл санааны хохирол гэх 10 000 000 төгрөгийн шаардлага нь үндэслэлгүй байх бөгөөд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн нэрийг давхардуулан бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурьдах нь зүйтэй бөгөөд энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/844 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                  Г.ДАВААДОРЖ