Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01048

 

П.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01153 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Г-т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 8 300 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мядагбадам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 8 дугаар сарын 12-нд машин авах зорилгоор Улаанбаатар хотод орж ирээд, Да-Хүрээ зах орж машин сонирхож байгаад хариуцагч Э.Г-оос 88-61 УНН улсын дугаартай “Тоёота приус” маркийн машиныг 8 300 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, өөрийн нэр дээр нотариатаар итгэмжлэл хийлгэж, мөнгийг бэлнээр өгч тооцоо хийсэн. 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр охин дүүг маань бариад явж байхад Дархан-Уул аймгийн прокурор А.Оргилбаяр гэдэг хүний уг машиныг хэргийн холбогдолтой учраас хураан авч битүүмжлэх зөвшөөрлөөр Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст машиныг хураан авч битүүмжилсэн. Ингээд бид үүнээс хойш машиныг авч чадаагүй. Худалдсан Э.Г-тоо хандахаар хүлээж авдаггүй. Гэрээ хийгээд төлбөрөө төлөөд авсан юм чинь худалдагч Э.Г-т төлсөн 8 300 000 төгрөгөө буцааж гаргуулахаар нэхэмжилж байна. Би машинаа сар унаад л хураалгасан. Энэ хугацаанд банкны хүү төлж байна. Мөрдөгч н.Гэрэлцогтой уулзаж, энэ асуудлын араас өөрөөсөө мөнгө гаргаад л явж байна. Э.Г-оос мөнгөө гаргуулах хүсэлтэй байна. Энэ хүнээс машин авсан биш өөрөө өчнөөн хохироод явж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Да-Хүрээ зах дээр автомашин худалдаалдаг ченж юм. П.Г 2018 оны 8 дугаар сарын 12-нд намайг зах дээр байж байх үед ирж, “Приус-20” маркийн 88-61 УНН улсын дугаартай машиныг худалдаж авсан. Уг машиныг би 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ганхуяг овогтой Энхсайханаас худалдан авч, өөрийн нэр дээр машиныг шилжүүлэн гэрчилгээ авсан байсан тул П.Г нь надаас машиныг худалдан авахдаа өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэж аваад явсан. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр үйлдээгүй ч бид харилцан амаар тохиролцож худалдсан. Энэ машиныг миний өмнө гэмт хэрэгт холбогдож байсан, үгүй талаар би мэдэхгүй. Авто тээврийн улсын бүртгэлийн газар нэр шилжүүлэхэд ямар нэгэн өр шир барьцаанд тавигдсан гэж гарч ирээгүй тул мэдэх боломж байгаагүй. Би шударгаар худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэж үзэж байна. Би машиныг Энхсайханаас худалдан авахдаа түүний 5075370751 дансанд 7 200 000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч П.Г 2019 оны 2 дугаар сард надруу яриад би Энхсайханаас 7 200 000 төгрөгийг нь гаргуулаад авсан, чи үлдэгдэл 1 100 000 төгрөгийг нь өг гэж байсан боловч одоо бүхэлд нь нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн үлдэгдэл гэх 1 100 000 төгрөгөөр нь би П.Г-д зарсан машинд сэлбэг худалдан авч сайжруулсан учир огт мөнгө өгөхгүй. Би ч мөн хохирчхоод байна. Хэрвээ гэмт хэргийн холбогдолтой гэдгийг мэдсэн бол би ч худалдаж авахгүй байсан. Иймээс 8 300 000 төгрөгийг надад машиныг зарж, бусдад хохирол учруулсан буруутай этгээд болох өмнөх эзэмшигч Г.Энхсайханаас шаардаж авна уу. Би тухайн машинаар гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Авто тээврийн үндэсний төвд очиж өөрийн нэр дээр шилжүүлэхэд ямар ч асуудалгүй, өр зээлгүй байсан. Зарчихаад, ингэж хураалгасан талаар мэдэж байгаа зүйл алга. Машин миний нэр дээр байсан. Хууль ёсоор зарсан. Өөрөө бас хохирогч болчхоод явж байна. Үүнийг шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Г-оос 8 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Г-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 147 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 147 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Э.Г миний Хаан банкны 5026478776 тоот данснаас Г.Энхсайханы 5075370751 тоот Хаан банкны дансруу машин авсан гээд 7 200 000 явуулсан нотлох баримтыг үнэлээгүй. Мөн Г.Энхсайхан 90-32 ДАХ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн саарал өнгөтэй автомашиныг “Энхжин инвест” ХХК-ийн албан тооттой, автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигч нь “Энхжин инвест” ХХК байсан. Би бүх бичиг баримтыг шалгаад Г.Энхсайхантай хамт Автотээврийн Үндэсний төвд очиж автомашинаа худалдаж авсан. Автотээврийн үндэсний төв уг машиныг барьцаанд байхгүй учраас надад өмчлөх эрх шилжүүлж өгсөн. Автотээврийн үндэсний төвөөс миний нэр дээр автомашин шилжсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх энэ баримтуудыг өгсөн. Би шүүхийн хэлэлцүүлэгт Д.Ганбат надтай утсаар ярихдаа 7 200 000 төгрөг авсан, үлдэгдэл 1 100 000 төгрөгөө авах юм байна гэж ярьсан. Гэтэл анхан шатны шүүх дээр огт мөнгө аваагүй гэж 2 янзаар ярьдаг. Би Г.Энхсайхан гэж хүнийг гэрчээр оролцуулъя гэж шүүхэд хэлсэн. Шүүх гэрийн хаяг тодорхой бус болохоор болохгүй гэсэн. Автомашин “Энхжин инвест” ХХК-ийн эзэмшилд байсан учир Г.Энхсайханы талаарх хувийн мэдээлэл байхгүй. Би бага мөнгөтэй, хүнээс хүүтэй мөнгө зээлж хүнээс хуучин машин авч янзалж нэг л машин зардаг. Би энэ байдлаас болж алдагдалд орж ажлаа хийж байна. Би хууль бусаар машин аваагүй. Би албан ёсны тамга тэмдэгтэй машин худалдан авсан. Уг машиныг миний нэр дээр болгохдоо Автотээврийн үндэсний төвөөс бичиг баримтын зөрчилгүй гэж миний өмчлөлд шилжүүлж өгсөн. Би өөрийн эзэмшлийн 88-61 УНН гэсэн улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн саарал өнгөтэй машиныг зарсан. Би худал хуурмаг юм хууль бус зүйл хийгээгүй одоо хохироод байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх хуулийн шаардлага байдаг. Шүүх хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа 2018 оны 8 сарын 29-ний өдрийн Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын зөвшөөрлөөр эд мөрийн баримт хураан авах тухай 83 дугаартай прокурорын зөвшөөрөл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад үнэлсэн. Уг зөвшөөрөлд “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг П.Чинбатаас хураан авсан байна гэж бичсэн байна. Гэтэл П.Г миний охин дүүгээс хураан авсан гэж худлаа хэлсэн. Мөн уг зөвшөөрөлд “Энхжин инвест” ХХК-ийн эрсдэлийн тасгийн дарга албан тушаалтай Г.Энхсайхан гэгч нь иргэн О.Батзоригийн зээлийн барьцаанд тавьсан байсан 90-32 ДАХ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг албан тушаалаа байдлаа ашиглан залилан авч тус компанийн тамга тэмдгийг ашиглан тухайн тээврийн хэрэгслийг худалдсан байна. 2019 оны 5 сарын 21-ний өдрийн Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, “Энхжин инвест” ХХК-ийн хүсэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр 30-92 ДАХ улсын дугаартай автомашин байсан. Прокурорын зөвшөөрөлд байгаа 90-32 ДАХ улсын дугаар биш, миний худалдан авсан автомашин 30-92 ДАХ улсын дугаартай автомашин байна. Уг автомашиныг сэлбэг авч сайжруулаад П.Г нотариат дээр очиж итгэмжлэл хийлгээд худалдан авсан. 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр П.Г-ын дүү н.Эрдэнэсувдыг машинаа бариад явж байхад Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс уг машиныг хураан авч битүүмжилсэн. Багануур дүүргийн цагдаагийн газар прокурорын зөвшөөрөлгүй хууль бусаар машин хурааж авсан. Машин хурааж авснаас 8 хоногийн дараа прокурорын зөвшөөрөл гарсан. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 252 зүйлд заасан эд хөрөнгийн эрхийн доголдол болох гуравдагч этгээдэд шилжүүлсэн зүйл байхгүй байхад анхан шатны шүүх шийдвэрээ буруу гаргасан. Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн лавлагаа авахад 88-61 УНН улсын дугаартай автомашины эзэмшигч нь Пүрэвжав овогтой Эрдэнэсувд байна. П.Эрдэнэсувд надаас машин болон машины үнэ нэхэмжлэх эрхтэй этгээд байхад П.Г нэхэмжилж байгаа нь буруу байна. П.Г нь надаас машины мөнгө шаардах эрхтэй этгээд биш байна. Анхан шатны шүүх хууль ёсны эзэмшигчийг зөв тодорхойлоогүй, П.Эрдэнэсувдаас хуулийн дагуу зөвшөөрөл, итгэмжлэл аваагүй. Эрх бүхий байгууллагын лавлагаанаас харахад хууль ёсны эзэмшигч нь П.Эрдэнэсувд байх бөгөөд шаардах эрхтэй байх ба, П.Г  нь шаардах эрх бүхий этгээд биш байна. Мөн энэ лавлагаанаас харахад би хууль ёсны эзэмшигч байсан. Нэхэмжлэл гаргах ёсгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийг шалгаж зөв тодруулж чадсангүй. Мөн 2019 оны 5 сарын 21-ний өдрийн Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, “Энхжин инвест” ХХК-ийн хүсэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр 30-92 ДАХ улсын дугаартай автомашин байсан талаарх нотлох баримтуудыг шүүхэд өгч хэргээ шийдвэрлүүлмээр байна. Анхан шатны шүүхэд өмгөөлөгчгүй орсон учраас хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг цуглуулж чадаагүй. Иймд Г.Энхсайхан, “Энхжин инвест” ХХК-ийн төлөөлөгчийг гэрчээр оролцуулж, Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр болон Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас Г.Энхсайхантай холбоотой нотлох баримт гаргуулж авмаар байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч Э.Г-т холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 8 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч П.Г нь 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Э.Г-оос “Тоёота приус-20” маркийн, 88-61 УНН улсын дугаартай автомашиныг 8 300 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, Э.Г нь П.Г-д 1427 дугаар итгэмжлэл олгосон болох нь зохигчдын тайлбар, итгэмжлэлээр тогтоогдож байна. /хх-ийн 7 дугаар тал/

Талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгч П.Г нь дээрх автомашиныг хариуцагч Э.Г-оос 8 300 000 төгрөгөөр худалдаж авсан үйл баримтад анхан шатны  шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Э.Г нь нэхэмжлэгч П.Г-д эрхийн зөрчилтэй эд хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, ... харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч П.Г нь эрхийн зөрчилтэй эд хөрөнгө худалдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины төлбөрт шилжүүлсэн 8 300 000 төгрөгийг хариуцагч Э.Г-оос буцаан шаардах эрхтэй.

Тодруулбал, хариуцагч Э.Г-оос худалдаж авсан “Тоёота приус-20” маркийн, 88-61 УНН улсын дугаартай автомашиныг Дархан-Уул аймгийн прокурорын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зөвшөөрлөөр хураан авсан нь талуудын тайлбараар тогтоогдсон тул хариуцагч Э.Г нь эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг нэхэмжлэгч П.Г-д худалдсан гэж үзэхээр байна.

Хариуцагч татгалзалдаа Г.Энхсайханаас уг автомашиныг 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 7 200 000 төгрөгөөр худалдан авсан, бүх бичиг баримт нь зөрчилгүй байсан, эрхийн зөрчилтэй эсэхийг мэдээгүй гэх боловч хариуцагч нь автомашиныг Г.Энхсайханаас 7 200 000 төгрөгөөр худалдаж авсан гэдгээ нотлоогүй бөгөөд 1 хоногийн дараа нэхэмжлэгч П.Г ад автомашиныг худалджээ. Хэдийгээр Хаан банк дахь Э.Гийн данснаас 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 7 200 000 төгрөг гарсан боловч уг мөнгөн хөрөнгийг Г.Энхсайхан автомашины төлбөрт авсан гэдэг нь тогтоогдохгүй байна. /хх-ийн 20 дугаар тал/

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “...өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасан бөгөөд хариуцагч Э.Г нь автомашиныг 2018 оны 8 дугаар сарын 11-ний өөрийн өмчлөлд авч, 12-ны өдөр нэхэмжлэгч П.Г-д шилжүүлсэн үйл баримтаас дүгнэхэд түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхээргүй байна.

Хариуцагч Э.Г нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шүүх нотлох баримтыг үнэлээгүй, хавтас хэрэгт авагдсан прокурорын зөвшөөрөл нь нотлох баримтын шаардлага хангаагүй, маргаан бүхий автомашиныг П.Эрдэнэсувдын нэр дээр шилжүүлсэн тул нэхэмжлэгч П.Г нь нэхэмжлэх эрхгүй этгээд бөгөөд шүүх хуралдааны явцад гэрч оролцуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтэй байсан гэснийг хангах боломжгүй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаар прокурорын зөвшөөрөл гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй боловч автомашиныг хураан авсан үйл баримтад зохигчид маргаагүй, анхан шатны шүүх хэргийн 11-р талд байгаа баримтыг үнэлээгүйгээр зохигчдын гаргасан тайлбарт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

“Тоёота приус-20” маркийн, 88-61 УНН улсын дугаартай автомашин нь П.Эрдэнэсувдын нэр дээр бүртгэлтэй боловч хариуцагч Э.Г нь автомашиныг нэхэмжлэгч П.Г-д 8 300 000 төгрөгөөр худалдсанаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгч П.Г нь автомашиныг өөрийн дүү П.Эрдэнэсувдын өмчлөлд бүртгүүлсэн байгаа нь нэхэмжлэгч П.Г-ын шаардах эрхийг хязгаарлахгүй юм.

Түүнчлэн, хариуцагч нь гэрчээс мэдүүлэг авахуулах, нотлох баримт гаргуулах хүсэлттэй байсан гэх боловч анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч Э.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт болон шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэсэн тул шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн байна. /хх-ийн 23-р тал/

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01153 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                   

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

                                              ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

                                                                                                   Г.ДАВААДОРЖ