Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 221/MA2017/0322

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар0221/МА2017/0322

Улаанбаатар хот

 

 

 

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн захирал Б.*******, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 123/ШШ2017/0004 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******ын гаргасан давж заалдах гомдлоор “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн захирал Б.******* 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/592 дугаар захирамжийг хууль бус байсныг тогтоолгох, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийн биелэлтийг хангахыг Батсүмбэр сумын Засаг даргад даалгах, Батсүмбэр сумын Засаг даргын үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.

Хоёр. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 123/ШШ2017/0004 дүгээр шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3, 47.4, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 30 дугаар зүйлийн 30.1.9, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/592 дугаар захирамж илт хууль бус болохыг, Батсүмбэр сумын Засаг дарга нь Төв аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийн биелэлтийг хангахыг Батсүмбэр сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Хариуцагчийн 2016 оны А/592 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны актаар тогтоосон үндэслэл тодорхойгүй байна. Учир нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан байтал тус зохицуулалтыг үндэслээгүй бөгөөд тус хуулийн 47 зүйлийн 47.2, 47.3, 47.4-т заасныг үндэслэсэн нь хууль бус юм.

Нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан 2016 оны А/592 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр өөрчилж тус сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийн биелэлтийг хангахыг тус сумын Засаг даргад даалгахаар гаргасан бөгөөд тус шаардлагад Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/592 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага багтаагүй.

Тиймээс захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/592 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагатай холбоотой ажиллагаа явуулаагүй бөгөөд тус шаардлагыг татгалзах үндэслэл болон түүнийг нотлох баримтыг цуглуулах ажлыг хариуцагчаас гүйцэтгэх боломжгүй байсан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг урьдчилан тодорхойлоогүйн улмаас тухайн үндэслэлээс татгалзах үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулахтай холбогдох хүсэлтийг хариуцагчаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргах боломж олдоогүй бөгөөд тухайн үйл баримтад холбогдох нотлох баримтгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс татгалзах, түүнийг няцаахаар хариуцагч мэтгэлцэх боломжгүй.

Улмаар тухайн үйл баримтад холбогдох нотлох баримтгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд зохигчид эрх тэгш оролцож, мэтгэлцэх боломжгүй байсан.

Мөн нэхэмжлэгч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчиж тус нэхэмжлэлтэй хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан хугацааг 2016 оны 7 дугаар сард гэж худал тайлбарласан бөгөөд нэхэмжлэлд энэ хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэж бичсэн байсан. Нэхэмжлэлд зааснаас үзвэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн байсан тул түүнийг тогтоолгохоор тус гомдлыг гаргасан хугацааг хаяглагдсан этгээдээс тодруулах хүсэлтийг шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан боловч урьдчилсан хэлэлцүүлэгт энэ тухай хүсэлтийг гаргаагүй гэсэн үндэслэлээр хангахгүй орхисон.

Гэтэл урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үед хариуцагчийн өмгөөлөгч захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхлээгүй байсан тул дээрх хүсэлтийг гаргах боломжгүй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон даруйдаа тус хүсэлтийг гаргасан. Хэргийг хянан хэлэлцэхээр товлогдсон өмнөх шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулах хугацаанд тус хүсэлтийг гаргаагүй нь нэгэнт хуралдаан товлогдсон тохиолдолд хуралдаанаас өмнө хүсэлтийг шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэсэн тохиолдолд холбогдох нотлох баримтыг цуглуулах хугацаа хангалтгүй шалтгаантай байсан тул хүсэлтийг хуралдаан дээр гаргасан боловч хангаагүй.

Гэтэл хариуцагчийн өмгөөлөгчийн таамагласан ёсоор нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан 30 хоногийг хэтрүүлсэн бөгөөд нэхэмжлэлд бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гомдол гаргасан гэсэн нь худал байсан.

Гэтэл нэхэмжлэгчийн гомдлын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, эзэмших эрхийг цуцлах тухай” А/541 дүгээр захирамжийг хүчингүй болгосон Төв аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийг хүчингүй болгосон Төв аймгийн Засаг даргын “Захирамж хүчингүй болгох тухай” А/82 дугаар захирамж гарсан байна.

Тиймээс бид хүчингүй болсон Төв аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийг биелүүлэх боломжгүй бөгөөд шүүхээс илт хууль бусад тооцсон Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, эзэмших эрхийг цуцлах тухай” А/541 дүгээр захирамжийн хууль зүйн үйлчлэл дахин сэргэсэн байна.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 123/ШШ2017/0004 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн  А/592 дугаар захирамжаар тус сумын 2-р багийн нутаг 306-р точик нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан Б.*******ийн хашааг буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгчийн барьсан хашааг албадан буулгаж, хураасан байх бөгөөд энэхүү үйл баримттай талууд маргадаггүй.

Нэгэнт маргаан бүхий захирамж хэрэгжсэн тул дээрх захирамжийг “хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжаар “******* *******” ХХК-д газар эзэмшүүлсэн Батсүмбэр сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон тус сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/541 дүгээр захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэхийг сумын Засаг даргад үүрэг болгосон байхад уг захирамжийг хэрэгжүүлэхийн оронд харин газрыг албадан чөлөөлсөн нь хууль бус гэж маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн дүгнэж, илт хууль бус акт болохыг тогтоож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл “Албадан нүүлгэх тухай” захирамжийн үндэслэл болсон захирамжийг аймгийн Засаг даргын 2016 оны А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон байхад хариуцагчаас дээд шатны Засаг даргын шийдвэрийг үл хайхран энэхүү захирамжийг гаргасан нь хууль бус, гэвч захирамж хэрэгжсэн бодит нөхцөл байдлаас шалтгаалж маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн анхны шаардлагад Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/592 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн, шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 218 дугаар захирамжаар энэхүү шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн, харин анхан шатны шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн ч энэ нь уг захирамжтай холбоотой нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх хариуцагчийн эрхийг хязгаарласан гэх гомдлын шаардлага үндэслэлгүй.

Учир нь Засаг даргын энэхүү захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс маргасан нь шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, эсхүл энэ талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, уг захирамжтай холбоотой хариу тайлбар гаргах хангалттай шалтгаан бөгөөд харин нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн өөрчлөх нь талуудын нотлох баримт болон хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүйгээс гадна захирамжийг хүчингүй болгуулах, эсхүл хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагуудтай холбоотой нотлох баримтууд өөр өөр байх боломжгүй.

Нэхэмжлэгчээс Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн захирамжийг хүчингүй болгуулахаар мөн сарын 26-ны өдөр шүүхэд хандсан боловч шүүгчийн 8 дугаар сарын 3-ны өдрийн 123/ШЗ2016/0139 дүгээр захирамжаар “урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 07/711 дүгээр албан бичгээр шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн байгаагаас үзэхэд хэдийгээр нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан талаарх хүсэлт хэрэгт авагдаагүй ч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг дээрх албан бичгийн хариу гарсан буюу түүнийг нэхэмжлэгч гардан авсан үеэс тооцсон нь зүйтэй.

Харин анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/82 дугаар захирамж гарч сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон өмнөх захирамжаа хүчингүй болгосон талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлан, холбогдох захирамжийн хувийг харуулсан боловч цаг хугацааны хувьд шүүхийн шийдвэрийн дараа гарсан энэхүү захирамжтай холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т “шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон ...захиргааны ...шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон” тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болохоор зохицуулсан тул хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд энэ үндэслэлээр шийдвэрийг хянуулах эрх нь нээлттэй.  

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/592 дугаар захирамжийг хүчингүй болгосон “аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, биелэлтийг хангахыг Батсүмбэр сумын Засаг даргад даалгах” шаардлагын тухайд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сумын Засаг даргын захирамжийг аймгийн Засаг дарга өөрчлөх буюу хүчингүй болгох” байдлаар зохицуулснаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2-т “Дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага гүйцэтгэхээр заасан тул хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах бус харин хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгүүлэхийг шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн “Төв аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийг биелүүлэхгүй эс үйлдэхүй хууль бус тогтоож, биелэлтийг хангахыг Батсүмбэр сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх маргаанд хамааралгүй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3, 47.4, 84 дүгээр зүйлийн 84.1.2 заалтыг баримталсан байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлтийн оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 123/ШШ2017/0004 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 30 дугаар зүйлийн 30.1.9, Газрын тухай хуулийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/592 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож, “аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус тогтоож, биелэлтийг хангахыг Батсүмбэр сумын Засаг даргад даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН