Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 178

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

НЗД-д холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                Х.Батсүрэн

Шүүгчид:                             Б.Мөнхтуяа

                                             Д.Мөнхтуяа

                                            П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                   Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:     Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “...“М” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 1864531041565 нэгж талбарын дугаартай 650 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйдэхүйг тогтоож, хуульд заасан хугацаагаар сунгахыг хариуцагчид даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0808 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0040 дүгээр магадлал,

 

Шүүх хуралдаанд оролцогчид, нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхцогт, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж,

гуравдагч этгээд ХӨСҮТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив,

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхцогтын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03ы өдрийн 128/ШШ2017/0808 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан НЗДхолбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1864531041565 нэгж талбарын дугаартай 650 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг /хууль бус болохыг/ тогтоож, хуульд заасан хугацаагаар сунгахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0040 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцогтын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхцогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 808 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0040 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Газар эзэмшигч нас барсан тохиолдлыг зохицуулсан заалтыг хуулийн этгээдтэй холбоотой тохиолдолд хэрэглэх нь буруу юм. Учир нь уг хэм хэмжээг буюу захиргааны эрх зүйн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх талаар аль нэг хуульд заагаагүй тул тийнхүү хэрэглэх боломжгүй.

5. “Хугацаа сунгуулах” талаар нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан хугацааны дотор хүсэлт гаргасан байхад Хот байгуулалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон Стандартын холбогдох заалтыг иш татан нэхэмжлэгчийг буруутгасан байна.

6. “ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын зүгээс эсэргүүцэн, хууль бус үйлдэл гаргасан талаар баримтаар тогтоогдсонгүй” гэжээ. Уг дүгнэлт нь хууль бус үйлдэл хийсэн байхыг шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс тухайн газарт барилга бариулахгүй хэмээн өгч байсан хариуг хэрхэн үнэлсэн талаараа заагаагүй байна.

7. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/742 дугаар захирамжтай “М” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа 650 м.кв газрыг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг зөвтгөж байгаа үндэслэлээ шүүх тайлбарлахгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

8. Иймд, нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

10. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах“ тухай өөрийнх нь хүсэлтийг “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл...” бий болсон гэх үндэслэлээр шийдвэрлэлгүйгээр татгалзсан захиргааны байгууллагын шийдвэрийг “...хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй...” хэмээн тодорхойлж, “...эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан хугацаагаар сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.  

11. Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж ...өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлсон байна.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ямар нэг шийдвэр, захирамж гаргаагүй боловч, хугацааг сунгахаас татгалзаж, газар эзэмших эрх хүчингүй болох нөхцөл бүрдсэнийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны 03/1089, 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/1355, 04 дүгээр сарын 24-ний 03/1574 зэрэг албан бичгээр нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж байжээ.

13. Иймээс хүсэлт шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хэмээн хариуцагчийг буруутгах, “... эс үйлдэхүй...” гэж үзэх үндэслэлгүй юм.

14. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/742 дугаар захирамжаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн эзэмшиж байсан газар нь энэ хэргийн гуравдагч этгээд ХӨСҮТ-ийн эзэмшил газартай давхцалгүй боловч тухайн төвийн хашааны дотор талд байрлалтай байгаа үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй байна.

 

15. Мөн нэхэмжлэгч нь дээрх захирамжид газар эзэмших эрхийн хугацааг 1 жил 6 сараар заасан нь Газрын тухай хуульд нийцээгүй гэх боловч тухайн үед маргаагүй энэ асуудлаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм.

16. Нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамж болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан 1 жил 6 сарын хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон, хугацааны тухайд хариуцагчийн зүгээс маргаагүй болно.

17. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч нь “...эмнэлгийн зүгээс бариулаагүй...” гэхээс өөр үндэслэлээр няцаагаагүй, бодитоор барилгын эскиз зураг хийлгээгүй, холбогдох техникийн нөхцөлийг авахаар эрх бүхий этгээдэд хандаж байгаагүй нь нотлогдсоныг анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой тусгасан байна.

18. Түүнчлэн маргаан бүхий газар нь эмнэлгийн хамгаалалтын зурваст байрлалтай, цахилгаан дамжуулах болон цэвэр бохир ус, зайлуулах магистраль шугамтай давхцалтай, дулааны шугамын хамгаалалтын бүсэд тулсан, тухайн байрлалд орон сууцны барилга барих боломжгүй нөхцөл байдалтай болохыг шүүхүүд нотлох баримтыг үндэслэн дэлгэрэнгүй дүгнэжээ.

19. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй захиргааны байгууллагын үйл ажиллагааг буруутгаж, сунгахыг даалгах боломжгүй байна.

20. Нэхэмжлэгчийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга адил бөгөөд гомдлын үндэслэл нэг бүрийн тухайд давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

21. Шүүхүүд маргааны үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн, маргаанд хамааралтай Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0808 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0040 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.БАТСҮРЭН

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ