Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 415

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Хохирогч А.Лутбат,

Шүүгдэгч Д , түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д д холбогдох эрүүгийн 1705000760053 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 43 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Батбүрдэл ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл 1, ял шийтгэлгүй, Д . Шүүгдэгч Д  нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д  мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Лутбат ахаас уучлалт гуйсан. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Лутбат мэдүүлэхдээ: 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Батбүрдэл компаний инженер Д тэй ажил төрөл хүлээлцэх явцад бие биенийгээ хэл амаар доромжилсноос болоод надад хөнгөн гэмтэл учирсан. Д  надаас уучлалт гуйсан, хийсэн хэргээ ойлгосон байх гэж бодож байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 2 Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д гийн өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүх цахилгааныхаа мантааж, ажлыг дуусаад СӨХ-ны дарга болох Лутбаттай тэр өдрөө бүх ажлаа хүлээлцэхээр тохиролцсон байсан юм. Тэгтэл тэр өдөр Лутбат ажил хүлээлцэхээр ирээгүй. Би 2017 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 02 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь би гэртээ харьж хоноод 19-ний өглөө 8 цагийн үед Лутбатын утас руу залгахад Лутбат надад хэлэхдээ би очих болоогүй байна гэж хэлсэн. Тэгээд бүр ирэхгүй болохоор нь би 10 цагийн үед залгаад та яачихваа 9 цагт ирнэ гээ биз дээ би дараагийн ажилдаа яараад байна гэж хэлэхэд Лутбат би наад газар чинь очих ёсгүй гэж надад утсаар хэлэхээр нь би урдаас ёстой лалартаж байх шив дээ гэж хэлэхэд л миний урдаас уурлаад утсаа таслаад, төд удалгүй над дээр ирээд шууд заамдаж аваад миний подволкийг ураад хэрэлдсэн юм. Тэгээд жаахан байж байгаад харуулын байрнаас шүүрний мод авч ирээд миний нуруу, хөл, гар руу цохиод байхаар нь манай ажлын хүмүүс салгасан. Тэгэхээр нь би халаасанд байсан түлхүүрээ Лутбат руу шидэхэд хөмсөг хавьцаа оносон юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/ Мөрдөн байцаалтанд хохирогч А.Лутбатын өгсөн: “... Тухайн үед бид хоёр хоорондоо маргалдаж, хувцаснаасаа заамдалцаж байснаа цохилцоод тэнд байсан Мөнхбат, Батдэлгэр нар салгаад би нилээн зайтай зогсож байтал Д  газар уначихсан байсан миний хэлхээтэй олон түлхүүрийг аваад над руу шидээд миний зүүн талын чамархай хэсэгт онож гэмтэл учруулсан юм. Тухайн маргаан зодоонд өөр ямар нэг хүн оролцсон асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Б.Баттөрийн өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед би манаачийн ээлжээ Эрдэнэбатаас хүлээж аваад ажил дээрээ сууж байтал манай цахилгаанчин Д  утсаар нэг хүнтэй хэрэлдээд байсан. Төд удалгүй СӨХ-ны дарга Лутбат гэх хүн ирээд, ямар нэгэн үг хэлээгүй, шууд ирээд Д г ална гээд заамдаж аваад хэд хэд цохиод авах үед би Д г барьж аваад Лутааг Эрдэнэбат барьж аваад зогсож байсан юм. Тэгтэл Д  өөрийн халаасанд байсан түлхүүрээ авч шидэх үед Лутбатын шанаа хэсэгт оноход нөгөө газраас нь цус гараад байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Д.Эрдэнэбатын өгсөн: “... Д  өглөө ирэхэд ирчихсэн СӨХ-ны даргад хийсэн ажлаа хүлээлгэж өгөх ёстой байсан боловч удаад ирэхгүй байхаар Д  Лутбат руу залгаад чи хурдан ир би ажилтай хүн, ажилтай байна гээд хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд СӨХ-ны дарга Лутбат гэх хүн ирээд Д тэй заамдалцчихсан, Д гийн подволк урагдчихсан байхаар нь тэнд байсан хүмүүс салгасан юм. Тэгтэл Д  өөрийн халаасанд байсан түлхүүрээ авч шидэх үед Лутбатын шанаа хэсэгт оноход нөгөө газраас нь цус гараад байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/ 3 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №8135 дугаар: 1. А.Лутбатын биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг, зүүн шанааны няцарсан шарх, хамрын нурууны зулгаралт, дээд уруулын язрал, цус хуралт, 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/ Шүүгдэгч Д гийн хувийн байдалтай холбоотой: Мөрдөн байцаалтад гэрч Ж.Баатарсүрэнгийн өгсөн: “... Манай найз Д  нь их тайван, зөөлөн ааштай, хүний урдаас нэг их уурлаад байдаггүй, хүмүүстэй их нийтэч, элдэв зан араншин байхгүй. Ажил, хамт олон найз нөхдийнхөө хүрээнд их нэр хүндтэй ... сайхан сэтгэлтэй ...” гэх мэдүүлэг /хх-н 38/, - Батбүрдэл ХХК-ийн тодорхойлолт /хх-н 50/, - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/, - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 47/, - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 23/ - АСАП сангийн лавлагаа /хх-н 24-30/, - Шагналын талаарх баримтууд /хх-н 48-49/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч Д  нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 43 дугаар байрны үүдэнд иргэн А.Лутбаттай маргалдан барьцалдаж, түүнрүү түлхүүр шидэн эрүүл мэндэд нь зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг, зүүн шанааны няцарсан шарх, хамрын нурууны зулгаралт, дээд уруулын язрал, цус хуралт, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 4 шүүгдэгч Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Лутбат ахаас уучлалт гуйсан. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна ...” гэх, хохирогч А.Лутбатын “...2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Батбүрдэл компаний инженер Д тэй ажил төрөл хүлээлцэх явцад бие биенийгээ хэл амаар доромжилсноос болоод надад хөнгөн гэмтэл учирсан ...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтанд гэрч Б.Баттөрийн өгсөн “... 2017 оны 6 дугаар сарын 19- ний өглөө 10 цагийн үед би манаачийн ээлжээ Эрдэнэбатаас хүлээж аваад ажил дээрээ сууж байтал манай цахилгаанчин Д  утсаар нэг хүнтэй хэрэлдээд байсан. Төд удалгүй СӨХ-ны дарга Лутбат гэх хүн ирээд, ямар нэгэн үг хэлээгүй, шууд ирээд Д г ална гээд заамдаж аваад хэд хэд цохиод авах үед би Д г барьж аваад Лутааг Эрдэнэбат барьж аваад зогсож байсан юм. Тэгтэл Д  өөрийн халаасанд байсан түлхүүрээ авч шидэх үед Лутбатын шанаа хэсэгт оноход нөгөө газраас нь цус гараад байсан ...” гэх, гэрч Д.Эрдэнэбатын өгсөн“... Д  өглөө ирэхэд ирчихсэн СӨХ-ны даргад хийсэн ажлаа хүлээлгэж өгөх ёстой байсан боловч удаад ирэхгүй байхаар Д  Лутбат руу залгаад чи хурдан ир би ажилтай хүн, ажилтай байна гээд хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд СӨХ-ны дарга Лутбат гэх хүн ирээд Д тэй заамдалцчихсан, Д гийн подволк урагдчихсан байхаар нь тэнд байсан хүмүүс салгасан юм. Тэгтэл Д  өөрийн халаасанд байсан түлхүүрээ авч шидэх үед Лутбатын шанаа хэсэгт оноход нөгөө газраас нь цус гараад байсан...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №8135 дугаар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх хэдий ч 2015 оны шинэчилсэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2015 оны шинэчилсэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Иймд шүүгдэгч Д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирогч А.Лутбат нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Д г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д  цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Лутбатад 5,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав. 5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д д торгох ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Лутбатад 5000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч А.Лутбат нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ