Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 874

 

                                                         Э.С-т холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Э.С-, түүний өмгөөлөгч С.Галцацрах,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э.С-ийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлоор Э.С-т холбогдох эрүүгийн 201726020419 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Э.С- нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цодгор” нэртэй цайны газарт үйлчлүүлж байсан Г.О-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас Э.С-ийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Э.С- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан томографийн зургийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.О-ад олгож, Э.С-ээс 120.000 төгрөг гаргуулан хохирогч Г.О-ад олгож, хохирогч нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Э.С-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч Э.С-ийн өмгөөлөгч С.Галцацрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Э.С-ийн гэм буруу тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргасан. Шүүгдэгч Э.С- нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Г.О-тай маргалдаж, улмаар хохирогч Г.О- нь өөрөө эхэлж Э.С-ийн биед халдсан байдаг. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Иймээс Э.С-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилвэл, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэсэн үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломж байгааг анхаарч үзнэ үү...”  гэв.

            Шүүгдэгч Э.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хүмүүс хэрэлдэх гээд байхаар нь би гал тогооны өрөө лүү орсон. Намайг мөнгөний хариулт өгөх гэж гарч ирэхэд өөдөөс элдвээр хараагаад байсан. Тэгэхээр нь би “Уучлаарай, би таны бөгс арчих цаасыг бэлдэх ёсгүй” гэж хэлсэн нь үнэн. Тэгэхэд эрэгтэй нь “Чи муу юу гээд байгаа пизда вэ” гээд хоолны цэсийг авч над руу далайсан. Харин хохирогч Г.О- нь текний ард орж ирээд намайг цохисон...” гэв.

             Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах гомдол гаргажээ. Гэвч энэ үндэслэлээ тодорхой тусгаж чадаагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.С-ийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Оюун-Эрдэнэ, шинжээч Энхцолмон нарыг оролцуулан мэдүүлэг авч, хоолны газрын дотоод хяналтын камерын бичлэгийг шинжлэн судалсаны үндсэн дээр шүүх дүгнэлтээ гаргасан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Э.С-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэргийн материалыг судлахад, Э.С- нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цодгор” нэртэй цайны газарт ажиллаж байхдаа, уг цайны газраар үйлчлүүлж байсан Г.О-, Б.Батзориг нартай “...00-ын өрөө орохдоо ариун цэврийн цаас авалгүй, салфетка авч орлоо...” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Г.О-тай харилцан үсдэлцэх явцдаа түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь дараах:

- хохирогч Г.О-ын “...2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн үед “Цодгор” нэртэй цайны газарт нөхөр Батзоригийн хамт хоол идэхээр орсон... захиалга өгөөд ширээн дээр очиж суугаад ээжтэйгээ утсаар ярьж байх хооронд манай нөхөр 00-ын өрөө орлоо гэж яваад ариун цэврийн цаас байгаагүйгээс удалгүй эргээд ирсэн. Тэгээд дахиад 00-ын өрөө лүү явахдаа салфетканаас нь аваад явсан... нөхрийг маань 00-ын өрөө орсоны дараа С- текний ард зогсчихсон “Ариун цэврийн цаас асууж байгаад авахгүй, салфетка аваад орчихлоо” гэх мэтээр хэлж уурлаж бухимдаад эхэлсэн. Би тэр үед ээжтэйгээ утсаар ярьж байсан болохоор түүнд анхаарал хандуулаагүй юм. Нөхөр маань 00-ын өрөөнөөс гарч ирээд “Гараа арчих гэсэн юм, салфетка байна уу” гэж асуухад С- “Ариун цэврийн цаас асуусангүй, салфетка аваад орлоо” гэж загнасан. Нөхөр маань гараа арчиж чадалгүй ширээндээ ирж суусан... хоолоо идэж дуусаад тооцоо хийхдээ манай нөхөр “Чи үйлчилгээний газар ажиллаж байж яасан муухай ааштай юм, 00-ын өрөөндөө ариун цэврийн цаасаа тавихгүй яасан юм бэ, байхгүй болохоор нь салфетка авч оролгүй өөр яалтай билээ” гэхэд С- “Би та нар шиг муу юмны бөгс арчих цаасыг бэлдэх ёстой юм уу, дуугүй гар” гэсэн утгатай зүйл хэлж хөөсөн. Энэ үед би “Үйлчлэгчээрээ цаасаа тавиулаач” гэж хэлэхэд С- уурлаж “Битгий солиор, чи дуугүй бай” гэхэд нь тек рүү ойртож очиход С- өөрийг нь цохих гэж байна гэж бодсон уу гараараа миний хамар луу 1 удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарч доошоо тонгойход С- үргэлжлүүлээд үсдэж дарсан. Би ч гэсэн зөрүүлээд үсдсэн... миний хамрын яс хугарсан, толгой хавдсан, баруун хацар маажуулж шарх үүссэн... одоогийн байдлаар эмчилгээний зардалд 500.000 төгрөг зарцуулсан. Хагалгаанд ороход 1,8 сая төгрөг шаардлагатай байгаа...” /хх-22-23/,

- гэрч Б.Батзоригийн “... “Цодгор” нэртэй цайны газарт эхнэр О-ын хамт ороод хоолоо захиалчихаад ... 00-ын өрөө орж бие засах гэсэн чинь ариун цэврийн цаас байхгүй байхаар нь буцаж гараад текэн дээр байсан салфетканаас 4 ширхэгийг аваад 00-ны өрөө лүү орсон... гараад иртэл уг цайны газрын кассчин С- манай эхнэр лүү “Танай нөхөр чинь ариун цэврийн цаас байсаар байтал салфетка аваад орчихлоо, балай юм шиг” гэж үглэж байгаад гал тогоо руугаа яваад орчихсон... тооцоогоо хийх үедээ нөгөө кассчин охинд “Чи яасан харилцааны соёлгүй юм бэ” гэхэд миний өөдөөс “Битгий хуц, ариун цэврийн цаас байсаар байтал аваад ороход яадаг юм бэ” гээд уурлаад текнийхээ араас том ууттай, олон ширхэгтэй ариун цэврийн цаас гаргаж ирсэн. Эхнэр О- “Наадах чинь энд байх ёстой юм уу, 00-ын өрөөнд байх ёстой юм уу” гээд түүнд тулаад очиход С- баруун гараараа хамар луу нь 1 удаа цохисон чинь О-  доошоо тонгойсон. Энэ үед үснээс нь зулгаасан ба О- ч зөрүүлээд үснээс нь зулгаасан...” /хх-27-28/,

- гэрч А.Нургүлийн “... “Цодгор” нэртэй цайны газарт угаагчаар ажиллаж байхад гаднаас эхнэр, нөхөр бололтой 2 хүн орж ирсэн. Захиалгаа өгөөгүй байж байтал нөхөр нь текэн дээр байсан цааснаас аваад 00-ын өрөө лүү орсон... С- захиалгыг нь авсан бөгөөд би хоолыг нь аваачиж өгсөн... С- хариулт мөнгө өгөх гэж байтал нөхөр нь текэн дээр байсан хоолны цэсийг аваад С-ийн толгой руу нь далайсан, цохиогүй... гэтэл цаанаас эхнэр нь босож ирээд С-ийг үсдээд авсан...” /хх-26/,

- шинжээч Н.Энхцолмонгийн “...Г.О-ын биед учирсан зулгаралтууд бүхий гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт, хамрын ясны хугарал бүхий гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...” /хх-128/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2030 тоот “...Г.О-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, эрүүний булан, баруун хацар, уруул, эрүүний зулгаралт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, баруун шууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-30/, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн газар, тухайн цаг үед болж байгаа үйл баримтыг харуулсан цайны газрын дотоод хяналтын камерын бичлэг, түүнээс хуулбар хийсэн “СиДи” 1 ширхэгийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-21/, хохирогч Г.О-ын биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-194-196/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дурьдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн Э.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь хуульд нийцжээ.

Э.С-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн хүнийг дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд уг зүйлд заасан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээнээс хөнгөрсөн байна.

Гэвч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон нь Э.С-ийн эрх зүйн байдлыг дордуулжээ.

Учир нь 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх хугацаанд Э.С- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж заасан байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.С-ийг эрүүгийн хариуцлагад татах дээрх хугацаа дуусчээ.

Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Э.С-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдсэн газар, тухайн цаг үед болж байгаа үйл баримтыг харуулсан цайны газрын дотоод хяналтын камерын бичлэг, түүнээс хуулбар хийсэн “СиДи” 1 ширхэгийг нотлох баримтын ач холбогдолтой гэж хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хавсаргасан байх ба анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо уг эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар заалгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

            Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч Э.С-т ял шийтгэл оногдуулсан хэсгийг хүчингүй болгон бусад заалтуудыг хэвээр үлдээж, гэм буруугийн талаар маргасан  өмгөөлөгч С.Галцацрахын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.