Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2024/01070

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2024/01070

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* байрлах, ЖТ ХХК/РД: ...................., гүйцэтгэх захирал Ц.Ц/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,******* оршин суух, Х овогт Д.Т/РД: ......................../-д холбогдох

 

382,327,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЖТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Т нь ЖТ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Цийг таньдаг бөгөөд 2013 оны 7 дугаар сард бурхан шашны төв байгуулна, бурхан босгоно хэмээн хөрөнгө оруулалт хүссэн байдаг. Улмаар хариуцагч нь 2013 оны 7 дугаар сарын 10-наас 24-ний өдрийн хооронд нийт 110,000 ам.долларыг ЖТ ХХК-иас бэлнээр авсан болно. Хариуцагч Д.Т нь дээрх мөнгийг анхнаасаа залилан мэхэлж авсан болохыг мэдэж цагдаагийн байгууллагад хандсан юм.

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс 2015 оны 8-р сарын 18-ны өдөр эрүүгийн 201526030676 дугаартай хэрэг үүсгэн шалгасан бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй гэдгийг тогтоосон ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1169 тоот тогтоол гарч хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг. Тус прокурорын тогтоолд хохирогч нар нь өөрт учирсан хохирлын талаар иргэний журмаар харьяалагдах Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх талаар дурдсан байдаг.

Хариуцагч Д.Тд хохирол төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан ч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Д.Тгээс бурхан шашны төв байгуулах нэрээр авсан 110,000 ам.доллар буюу 2019 оны 11-р сарын 24-ний өдрийн ам.долларын Монгол банкны албан ханш /1$-2706.68/-д шилжүүлснээр 297,734,800 /хоёр зуун ерэн долоон сая долоон зуун гучин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Д.Тгээс бурхан шашны төв байгуулах нэрээр авсан 110,000 ам.доллар буюу 2019 оны 11-р сарын 24-ний өдрийн ам.долларын Монгол банкны албан ханш /1$-2,706.68/-д шилжүүлснээр 297,734,800 /хоёр зуун ерэн долоон сая долоон зуун гучин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа бөгөөд энэ хугацаанд долларын ханш өөрчлөгдсөн тул нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Хариуцагч Д Түмэнхүүгээс бурхан шашны төв байгуулах нэрээр авсан 110,000 доллар өнөөдрийн буюу 2023 оны 05-р сарын 01-ний өдрийн ам.долларын Монгол банкны албан ханш /1$-3,475.70/-д шилжүүлснээр 382,327,000/ гурван зуун наян хоёр сая гурван зуун хорин долоон мянга / төгрөг болж зөрүү 84,592,200 төгрөг болж байна. Иймд хариуцагч Д.Тгээс 297,734,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханшийн зөрүү 84,592,200 төгрөгөөр ихэсгэсэн.

ЖТ ХХК хариуцагч Д.Тд холбогдуулж нийт 382,327,000  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулгыг товчхон тайлбарлавал хариуцагч Түмэнхүү ЖТ ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Цэрэнпунцагтай 1 нутгийн хүн гэдгээрээ таньдаг байсан бөгөөд 2013 оны 07 дугаар сард Бурхан шашны төв байгуулна, Богдын сэрэг дүрийг босгоно гээд хөрөнгө оруулалт хүссэн. Улмаар хариуцагч нь 2013 оны 07 дугаар сарын 10-24-ний өдрийн хооронд тухайн үед нийт 110,000 ам.долларыг ЖТ ХХК-иас бэлнээр хүлээж аваад баримт үйлдсэн байдаг. Тэгээд энэхүү яг хэлж ярьсан зориулалтынх нь дагуу тухайн мөнгийг ашигласан эсэх нь эргэлзээтэй, тухайн дүр нь баригдсан эсэх нь эргэлзээтэй болоод эхэлсэн учраас өмнө нь ЖТ ХХК-ийн зүгээс залилан мэхлүүлчихлээ, анхнаасаа хамтран ажиллах гэрээ байгуулж хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах хүсэл зориггүй байсан юм байна, анхнаасаа залилан мэхлэлтийн шинжтэй байжээ гээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаад шалгуулсан байдаг. 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад 2018 оны 12 дугар сарын 07-ны өдрийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 1169 тоот тогтоол гараад хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг. Энэ хэргийг хаахдаа ЭХХШТХ-д заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байна, яллах дүгнэлт үйлдэх үндэслэлтэй, гэвч ЭХХШТХ-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас цаашид энэ дээр яллах дүгнэлт үйлдэх боломжгүй байна, харин хохирол учирсан асуудлаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэ гэдэг прокурорын тогтоол гарсан. Тэгэхээр 2013 оноос эхлээд 2018 оныг хүртэл зөвхөн эрүү дээр шалгагдаж байгаад тогтоол нь бол гэмт хэрэг үйлдсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2015 онд эрүүгийн хэрэг үүссэн.  Нэгэнт Эрүүгийн хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх боломжгүй болсон учраас бид нар 2019 онд нэхэмжлэл шүүхэд гаргасан. Тухайн үед 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол банкны ханшаар төлбөрөө 110,000 төгрөгөөр нэхэмжилж байсан. Энэ дээр анхан, давж заалдах шатны шүүх гараад Дээд шүүхээс зарим нэг ажиллагааг тодруул гээд буцаасан. Тэгээд буцаж ирснээс хойш одоо өнөөдөр анх удаа анхан шатнаасаа хэлэлцэж байна. Энэ хугацаанд долларын ханш маш их өөрчлөгдсөн. Ийм учраас нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Ихэсгэсэн үндэслэл нь долларын ханш маш их өөрчлөгдсөн, Монгол банкны ам.долларын ханшийн лавлагааг хавтаст хэрэгт хавсаргасан. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1 ам.доллар 3,475 монгол төгрөгтэй тэнцэж байсан учраас үүгээр нь Иргэний хуулийн 218.2-т заасны дагуу тооцоход 382,327,000 төгрөг болж байгаа. Д.Т гуайн хувьд анхнаасаа авсан зориулалтынх нь дагуу төлбөрийг ашиглаагүй, дараа нь гэрээ хэлцэл үүсээгүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд энэхүү төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОИ ХХК-ны захирал Е.Э нь 2004 онд Бурхан багшийн сэрэг дүр Чулуун Бурхан БНХАУ-ын Синчу мужид захиалсан байгаа гээд Солонгос ламтай анх намайг танилцуулсан. Бурхан нь 18 метр, өндөр нь 1500 тн жинтэй Бурхныг Богд Хан-Уулын Арцатын аманд буулгасан. Манай аав лам хүн байсан учир ихэд бэлгэшээж тусалж байсан. Бурхан босгох хөрөнгө хэрэгтэй байна гэж Е.Э надад хэлсэн. Би Ц.Ц-т танилцуулж, Ц.Ц хамтарч ажиллая Гандангийн хамба лам Чойжамц бид 2 их дотно байдаг гэсэн. Ганданг оролцуулж мөн Би 10-р Богдын ламиран дацан барих гэж байгаа гээд зураг төсөл хийлгэе гэж миний нарийн бичиг Г.Отой уулз гэсэн.

Г.О нь миний таньдаг зургийн компанийн найз бүсгүй Б.Э бүсгүйтэй уулзаад хийлгэ гэж хэлсний дагуу зураг төслөө 4 удаа хийж Ц.Ц-т танилцуулсан. Барих хүмүүстэй яриад хэдэн төгрөг болох юм би гаргая гэсэн. Би С.Эээс асууж урьдчилгаа 248.0 мянган $ эхний ээлжид хэрэгтэй гэснийг нь хэлэхэд болно гэсэн. Нэг өдөр Пума зочид буудал дээр ир би хэдэн юм бэлдчихлээ гэсэн. Би Е.Эт хэлж хамт очиход 50.000 $ өгсөн. Гэрээ хийе гэсэн чинь таньдаг хүмүүс зүгээр гээд хэд хоногоос үлдсэнийг нь өгье гэсэн. Дараа нь ажил дээр ир гэсэн 60 мянган доллар өгсөн энэ чинь хүрэхгүй гэсэн гэрээ хийгээд урьдчилгаа өгчих Бурхан босгох ажлынхаа материалыг бэлдэж бай гэсний дагуу Е.Э бид 2 хамт Солонгос 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр явсан. Мөнгө аваад шууд билет захиалсан. 2013 оны 07 дугаар сарын 27-ны билет авч 2013 оны 07 дугаар сарын 28-нд гэрээ хийж урьдчилгаа 100.000 $-г өгөөд 2013 оны 07 дугаар сарын 30-нд Улаанбаатарт ирсэн. Ирээд зураг төслөө хийж эхлээд явж байтал Е.Э над руу утасдаж та нутгийн дүүтэйгээ нийлж намайг хуурч байна гэсэн. Би ч нэг их тоогоогүй. Ц.Ц руу утсаар ярьж тэр үед Банк санхүүгийн байгууллагаас мөнгө зээлсэн хугацаа хэтэрсэн мөнгө хэрэгтэй болсон учир явдлаа хэлэхэд манай захирал н.Цэрэндоржид би хэлчихлээ очоод уулз гэсэн.

Би очиж уулзаад хамт Банк санхүүгийн байгууллага руу очиж итгэмжлэх хийгээд 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 79,000,000 төгрөгийг нь н.Цэрэндорж төлөөд миний байшингийн гэрчилгээг аваад явсан. Би 2014 оны 3 сард зээлсэн мөнгөө хүүгийнх нь хамт төлсөн. Гэтэл 2015 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас дуудсан. Намайг Ц.Цийн мөнгийг төл төлж чадахгүй бол шоронд хийнэ эрүү үүсгэнэ гэж хэлсэн.

Би надад хамаагүй би залилж аваагүй авсан нь үнэн, үнэн бодит байдлыг хэлсэн. Цагдаагаас хэлтсийн дарга нь та хоёрын асуудал иргэний журмаар шийдэх хэрэг байна. Шүүхээрээ явсан нь дээр байх гэсэн. Удаагүй 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн 201526030676 дугаартай хэрэг үүсгээд шалгасан. Бүгд нотлох баримттай болсон явдлаа хэлсэн. Байцаагч нь хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай Хан-Уул дүүргийн прокурорт удаа дараа өгсөн прокуророос наад хүнээ мөнгийг төлүүл гэж шаардаад байна таньд хилийн хориг тавь гэсэн гээд хилийн хориг тавьсан.

Тухайн үеийн шударга мөрдөн байцаагч, прокурор нар бид Хан-Уулын Арцатын аманд очиж газар дээр нь үзээд Ц.Ц чинь таныг залилсан гээд байсан өөрөө залилчхаад ийм том газар энэ үнэтэй бурхны чинь авсан юм байна. Биднийг дээрээс дарамтлаад байна гэж хэлсэн. Хан-Уул дүүргийн прокурортой уулзаад шүүхэд өгөөч мөрдөн байцаалт дууссан юм чинь гэсэн. Иргэн хоорондын хэрэг шүүхэд очвол бид буруудчих гээд байна гэсэн. Надад эрүүгийн хэрэг үүсгэж 4 жил дарамталсан.

Би ОИ ХХК-д хувьцаа эзэмшдэггүй мөн мөнгийг нь Е.Эийн хамт Солонгос улсад очоод гэрээ хийгээд л өгсөн. Надад ямар нэг залилсан санаа, залилсан зүйл байхгүй харин ч Ц.Ц-т 28 га газар Бурхан багшийн сэрэг дүр, үнэт Бурханы хамт ОИ компанийг хохироосон хэрэв би залилсан бол ЖТ ХХК, Ц.Ц гэдэг хүнээс 79,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй аваад хүүд нь 16 сая төгрөг төлж байсан.

Мөн нарийн бичиг Г.О, Ц.Ц Ц.Ц нар нь үгсэн хуйвалдаж намайг онц хүнд гэмт хэрэгт гүтгэснийг хуулийн байгууллагад гомдол гаргасан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.

Нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ хариуцагч Д.Тгээс бурхан шашны төв байгуулах нэрээр авсан 110,000 ам.доллар нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 34,800 төгрөг байсан бол 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ам.долларын ханшаар тооцоход 382,327,000 төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 84,592,200 төгрөгөөр ихэсгэжээ. Ийнхүү нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлага нь дараах байдлаар үндэслэлгүй юм. Үүнд: Нэхэмжлэгч нь хариуцагчаас 110,000 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон 297,734,800 төгрөгийг нэхэмжилж байсан бол 2023 оны 05 дугаар сарын 01-ний ам.долларын ханш нэмэгдсэн гэсэн үндэслэлээр хариуцагчаас 382,327,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар хангуулж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болох бөгөөд бусад тохиолдолд банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасныг зөрчиж байна. Нэхэмжлэгч ЖТ ХХК нь Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг компани байх (Бүртгэлийн мэдээлэл нь хавтаст хэрэгт авагдсан) бөгөөд гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх этгээд биш байх тул гадаад валютын зөрүүнээс үндсэн төлбөрийн дүнг нэмэгдүүлэн нэхэмжилсэн нь дээрх хуулийг зөрчсөн асуудал болж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-т Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж тусгайлан заасан байтал нэхэмжлэгч нь төлбөрийг ам.долларын ханшаар тооцож нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж буй нь мөн хууль зөрчиж байх тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь Монгол банкны гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоон, төлбөр гүйцэтгэх албан ёсны зөвшөөрөлтэй этгээд биш бөгөөд валютын ханшийн өөрчлөлттэй холбогдуулан төгрөгөөр нэхэмжилж байсан төлбөрөө ам.доллароор тооцож үргэлжлүүлэн нэхэмжлэх тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад хандаж арга хэмжээ авхуулах болно.

Иймд нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бурхан багшийн сэрэг дүрийг 2003 оноос эхлээд мэдүүлээд байж байсан чинь ОИ ХХК 2003, 2004 онд орж ирсэн. Бурхан багшийн сэрэг дүрийг гаалиар оруулж ирэхэд нь тусалсан байдаг юм. ОИ ХХК-ийн захирал Э надад санал тавьсан. Хятадын гааль дээр асуудалгүй шүү, далай багшийн бурхан байгаа, танд мэддэг хүн байна уу гээд би Хятадын Эрээн орж хятадын гаальд очиход наадах чинь солонгосын буддын шашны ийм их хаан далай ламд хамаагүй гээд оруулж ирсэн. Тэгээд байж байсан чинь 2010 хэдэн онд Эийн бурхан нь алга болчихлоо гээд тэд нар чинь бөөн асуудал болоод Дамбадаржаагийн юман дээр тавьчихсан байна гээд тийм юм надад хэлж байсан. Тэгээд буцаад бурхнаа босгох гээд оруулж ирсэн Чонтэжу гээд том хамба нь гэмтээд яваад өгсөн юм. Тэгээд байж байсан чинь Э Түмээ ах аа би бол хүчрэхгүй юм байна, та энд хөрөнгө оруулаад энэ бурхныг босгох хүн олж өгөөч ээ гэсэн. Тэгээд би Цэрэнпунцагт санал тавьсан юм. Би бол Богдын шар ордон гэдэг тэр дээд талын газрыг авъя, бусдыг та нар нийлээд хийгээрэй гэхэд хийе, манай нарийн бичиг О-той уулз гэсэн. О-той уулзахад надад зураг төсөл хийдэг компани байгаа, ангийн хүүхэд Эрдэнэчимэгийг дууъя гээд тэгээд ажил эхэлсэн. Тэгээд зураг төслөө Цэрэнпунцагийн мэйл руу явуулаад ажиллагаа явж байсан.

Бурхан босгоё, хэдэн ам.доллар хэрэгтэй гэхээр нь би солонгос хэл мэдэхгүй учраас Э асуугаад 250,000 ам.доллар болно, урьдчилгаа 100,000 ам.доллар өг, тэгээд ажлаа эхлэе гэснийг би Цэрэнпунцагт хэлэхэд асуудал байхгүй, удахгүй хариу өгнө гэсэн.

Би тэр мөнгийг нь аваагүй, намайг гарын үсэг зурснаар намайг авсан гээд байгаа. Би өөртөө 1 төгрөг ч аваагүй, замын зардал гээд 10,000 ам.доллар авсан. Тэр нь буудал гэх юманд яваад тэгээд дууссан. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, ЖТ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 98 дугаар Кассын зарлагын ордерын хуулбар, Мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 99 дугаар Кассын зарлагын ордерын хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1169 дугаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолын хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1169 дугаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолын хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Барьцааны гэрээний хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар, Гымганг ХК болон ОИ ХХК-ны хамтын ажиллагааны тухай санамж бичгийн хуулбар, 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний хуулбар, 2015 оны 06 дугаар албан бичгийн хавсралтын хуулбар, Д.Тгийн гадаад паспортын хуулбар, фото зураг, 2013 оны Бурхан багшийн сэрэг дүр, Богдын шар ордон төслийн нүүр, Д.Тгийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2013 оны Богдын шар ордон төсөл схем болон фото зургууд, хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналын хуулбар, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн төлбөр олгохыг хүссэн өргөдөл, кассын зарлагын ордерын хуулбар, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Ц.Цийн гэрчийн мэдүүлгийн хуулбар, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 06/1371 дугаар Кредит банк санхүүгийн, тайлан бүртгэлийн газрын албан бичгийн хуулбар, Хас банк ХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 42/5089 дугаар албан бичгийн хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Голомт банк ХК-ийн 09-01/2657 дугаар албан бичгийн хуулбар, Богд цамхаг ХХК-ийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших Арцатын аманд Зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор байгуулах, төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хуулбар, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын Прокурорын тогтоолын хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13/429 дугаар албан бичгийн хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2014/53 дугаар гэрчилгээний хуулбар, хавсралтын хуулбарын хамт, Монголын бурхан шашны төв Гандантэгчлин хийдийн захиргааны 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 61 дугаар албан бичгийн хуулбар, Монголын бурхан шашны төв Гандантэгчлин хийдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монголын бурхан шашны төв Гандантэгчлин хийдийн Богд Жавзандамба хутагтын Гандан лавранийн эзэмших байгааг байршлын кадастрын зургийн хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 14-03461 дугаар шууд шилжүүлсэн бичгийн хуулбар, Монголын бурхан шашны төв Гандантэгчлин хийдийн захиргааны 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 116 дугаар албан бичгийн хуулбар, Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 8/2662 дугаар албан бичгийн хуулбар, Монголын бурхан шашны төв Гандантэгчлин хийдийн захиргааны 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 210 дугаар албан бичгийн хуулбар, 2014 оны 7 дугаар сарын 18-ны 6/4300 дугаар Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжлийн яамны албан бичгийн хуулбар, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/82 дугаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудасны хуулбар, 2014 оны 9 дүгээр сарын 10, 11-ний өдрийн 278 дугаар албан бичгийн хуулбар, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаар Монголын бурхан шашны төв Гандантэгчлин хийдийн захиргааны тэргүүлэгчдийн хурлын тогтоолын хуулбар, Хувилгаан Дүнжингарав үрс ТББ-ын 2014 оны 10 дугаар сарын 01-ний 14/03 дугаар албан бичгийн хуулбар, Хувилгаан Дүнжингарав үрс ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 05/287 дугаар албан бичгийн хуулбар, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Монголын бурхан шашны төв Гандантэгчлин хийдийн захиргааны албан бичгийн хуулбар, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 16-03962 дугаар шууд шилжүүлсэн бичгийн хуулбар, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 191 дугаар албан бичгийн хуулбар, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 290 дугаар Монголын бурхан шашны төв Гандантэгчлин хийдийн захиргааны албан бичгийн хуулбар, Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжлийн яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний хуулбар, 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Богд шар ордны төслийн хуулбар, 2004 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 114 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэр газар ашиглах тухай гэрээний хуулбар, ОИ ХХК-ийн 4 дугаар 2004 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгийн хуулбар, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 8/763 дугаар Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжлийн яамны албан бичгийн хуулбар, 2004 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаар Байгаль орчны яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан бичгийн хуулбар, ОИ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1/67 дугаар Монгол Улсын Байгаль орчны яам улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний хуулбар, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 16-05395 дугаар бичгийн хуулбар, ОИ ХХК-ийн 150623/02 дугаар 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгийн хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ирсэн бичгийн хяналтын картын хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 89 дугаар ОИ ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн 2019/109 дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээний хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/64 дугаар газар ашиглах гэрээ дүгнэх хуудасны хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01122-2021/00758 дугаар газрын төлбөр тооцоо нийлсэн актын хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Газар төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ГБМЗХ2020/29-004 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, талбайн схем зургийн хуулбар, 2020 оны Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд хэрэгжүүлэх аялал жуулчлалын цогцолбор төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13/7637 дугаар албан бичгийн хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн 1/944 дугаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хуулбар, 2018 оны 8 дугаар сарын 20-ны ирсэн бичгийн хяналтын картын хуулбар, Төслийн танилцуулгын хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/2519 дугаар Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын албан бичгийн хуулбар, хавсралтын хамт, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 168/15 дугаар ЖТ ХХК-ийн албан бичгийн хуулбар, хавсралтын хамт, 2007 оны Бурхан багшийн сэрэг дүрийг байрлуулах талбайн 1:1000 масштабтай зураглалтын ажлын геодезийн тайлангийн нүүр, санамж бичгийн хуулбар, 2015 оны 6 дугаар сарын 18-ны 15/10 дугаар ОИ ХХК-ийн албан бичгийн хуулбар, Солонгосын бурхан шашны Чоньтэжүн Хийд бурхан шашны байгууллагын гэрчилгээний хуулбар, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаар хамтын ажиллагааны гэрээний хуулбар, Ийст эжиа энержи ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, шинэчилсэн дүрмийн хуулбар, Д.Тгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 803/2480 дугаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичгийн хуулбар, Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн 01-4.2/0787 дугаар албан бичиг хавсралтын хуулбарын хамт, 2018 оын 3 дугаар сарын 27-ны өдрийн Хан-уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 30п-1/1355 дугаар албан бичгийн хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 5/2302 дугаар албан бичгийн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЖТ ХХК хариуцагч Д.Тд холбогдуулан нийт 382,327,000/гурван зуун наян хоёр сая гурван зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.Т нь надад ямар нэг залилсан санаа, залилсан зүйл байхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид 50,000/тавин мянга/ ам.долларыг Буддын шашны Жавзандамба соёлын төвд хөрөнгө оруулалт утгатайгаар, мөн 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчид 60,000/жаран мянга/ ам.долларыг Буддын шашны Жавзандамба соёлын төвд хөрөнгө оруулалт утгатайгаар шилжүүлэн өгсөн болох нь 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №99 Кассын зарлагын ордерын хуулбар, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №98 Кассын зарлагын ордерын хуулбар, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1169 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Кассын зарлагын ордер болон 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Мөнгө олгохыг хүссэн өргөдлийн утгад Буддын шашны Жавзандамба соёлын төвд хөрөнгө оруулалт гэсэн байх боловч Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Буддын шашны Жавзандамба соёлын төвд хөрөнгө оруулалт хийх хэлцэл хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар Буддын шашны Жавзандамба соёлын төвийн төсөл гэх баримт хэрэгт баримтаар авагдаагүй байна.

 

Хариуцагч нь Богдын шар ордон төсөл гэх баримт нотлох баримтаар гаргасан байх боловч зохигчид уг төслийн захиалагч, гүйцэтгэгч болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар зохигчид уг төслийг гүйцэтгэх эрх, үүргийг үүсгэх хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл хийсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч ... тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж заасан.

 

Зохигч болон тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах ба нэхэмжлэгчийн ... Д.Т нь ЖТ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Цийг таньдаг бөгөөд ... бурхан босгоно хэмээн хөрөнгө оруулалт хүссэн байдаг., хариуцагчийн ... Бурхан багшийн сэрэг дүр ... захиалсан байгаа ... гэж Е.Э надад хэлсэн. Би Цэрэнпунцагт танилцуулж ... гэх тайлбараар ЖТ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Ц болон хариуцагч нар нь бурхан багшийн сэрэг дүр буюу бурхан босгохоор харилцан тохиролцсон болох нь зохигчийн тус тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 50,000/тавин мянга/ ам.доллар, мөн 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 60,000/жаран мянга/ ам.доллар, нийт 110,000/нэг зуун арван мянга/ ам.долларыг шилжүүлсэн байх боловч Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигч Ц.Цийн өмнөөс үүрэг хүлээхгүй ба хувьцаа эзэмшигч Ц.Ц нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй болно.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй., мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т Гүйцэтгэх удирдлага нь ... олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах ... зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна. гэж заасан.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэг, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай бурхан багшийн сэрэг дүр буюу бурхан босгох эрх, үүргийг үүсгэх хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын ... үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ..., 493 дугаар зүйлийн 493.1-т Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. гэж заасан.

 

Зохигчийн хооронд үүрэг үүсээгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгө болох нийт 382,327,000/2023.04.30-1$=3,475.70, 110,000х3,475.70=382,327,000/ /гурван зуун наян хоёр сая гурван зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх ... өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөрийг гүйцэтгэхийг шаардсан үеийн буюу 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн мөнгөний ханшаар буюу 1/нэг/ америк доллар 3,475.70/гурван мянга дөрвөн зуун далан төгрөг далан мөнгө/ төгрөгтэй ханшаар ам.долларыг төгрөгт шилжүүлэн шаардсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 110,000/нэг зуун арван мянга/ ам.долларыг шилжүүлэн авсан гэх үйлдлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгасан болох нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1169 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1169 дугаар тогтоол гарснаар Иргэний хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөн болохыг мэдэж 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш иргэний хэргийн шүүхэд хандсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Хариуцагч нь ОИ ХХК-иас 100,000/нэг зуун мянга/ ам.долларыг Гымганг ХК-д шилжүүлсэн гэх Гымганг ХК болон ОИ ХХК-ны хамтын ажиллагааны тухай санамж бичиг гэх баримт гарган өгсөн байх боловч уг баримтад Гымганг ХК-ийн тамга дарагдаагүй байх ба уг баримтыг Гымганг ХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь 100,000/нэг зуун мянга/ ам.долларыг Гымганг ХК-д шилжүүлсэн, үлдсэн 10,000/арван мянга/ ам.доллар онгоцны тийз, зочид буудлын зардалд зарцуулсан болох нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь бурхан багшийн сэрэг дүр буюу бурхан босгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглагч Монголын бурхан шашинтны Гандантэгчинлэн хийд, ОИ ХХК-д холбогдох баримтуудаар нэхэмжлэгч нь ОИ ХХК-ийн ашиглах эрхтэй газрыг шилжүүлэн авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Тгээс нийт 382,327,000/гурван зуун наян хоёр сая гурван зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЖТ ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ЖТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,229,361 төгрөгөөс илүү төлсөн 159,776 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 2,069,585 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ЖТ ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.        Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Тгээс нийт 382,327,000/гурван зуун наян хоёр сая гурван зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЖТ ХХК-д олгосугай.

 

2.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ЖТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,229,361 төгрөгөөс илүү төлсөн 159,776 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 2,069,585 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ЖТ ХХК-д олгосугай.

 

3.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ