Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01640

 

 

 

 

Ж ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01231 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ХХК -ийн хариуцагч Д.Т холбогдуулан гаргасан 297 734 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , хариуцагчийн өмгөөлөгч Э.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хариуцагч Д.Түмэнхүү нь Ж ХХК -ийн хувьцаа эзэмшигч Ц.Цэрэнпунцагийг таньдаг бөгөөд 2013 оны 07 сард бурхан шашны төв байгуулна, бурхан босгоно хэмээн хөрөнгө оруулалт хүссэн байдаг. Улмаар хариуцагч нь 2013 оны 07 сарын 10-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд нийт 110 000 ам.долларыг Ж ХХК -аас бэлнээр авсан болно. Хариуцагч Д.Түмэнхүү нь дээрх мөнгийг анхнаасаа залилан мэхэлж авсан болохыг мэдэж цагдаагийн байгууллагад хандсан юм.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2015 оны 08 сарын 18-ны өдөр Эрүүгийн 201526030676 дугаартай хэрэг үүсгэн шалгасан бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй гэдгийг тогтоосон ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байдаг. Хариуцагч Д.Т хохирол төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан ч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Д.Түмэнхүүгээс бурхан шатны төв байгуулах нэрээр авсан 110 000 ам.доллар буюу 2019 оны 11 сарын 24-ний өдрийн ам.долларын албан ханш /1 ам.доллар = 2706.68 төгрөг/-д шилжүүлснээр 297 734 800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Ойрад импекс ХХК-ийн захирал Ё.Эрдэнэбилэг нь 2004 онд бурхан багшийн сэрэг дүр чулуун бурхан БНХАУ-ын Синчу мужид захиалсан байгаа гээд Солонгос ламтай анх намайг танилцуулсан. Бурхан нь 18 метр өндөр, 1500 тонн жинтэй бурхныг Богд хан уулын Арцатын аманд буулгасан. Манай аав лам хүн байсан учир ихэд бэлгэшээж тусалж байсан.

Бурхан босгох хөрөнгө хэрэгтэй байна гэж Ё.Эрдэнэбилэг надад хэлсэн. Би Ц.Цэрэнпунцагт танилцуулж, Ц.Цэрэнпунцаг хамтарч ажиллая, гандангийн хамба лам Чойжамц гуай бид 2 их дотно байдаг гэсэн. Ганданг оролцуулж мөн би 10-р богдын ламиран дацан барих гэж байгаа гээд зураг төсөл хийлгэе гэж миний нарийн бичиг Г.Оюунболдтой уулз гэсэн. Г.Оюунболд нь миний таньдаг зургийн компанийн найз бүсгүй Б.Эрдэнэчимэгтэй уулзаад хийлгэ гэж хэлсний дагуу зураг төслөө 4 удаа хийж Ц.Цэрэнпунцагт танилцуулсан. Барих хүмүүстэй яриад хэдэн төгрөг болох юм би гаргая гэсэн.

Би Ё.Эрдэнэбилэгээс асууж урьдчилгаа 248 000 ам.доллар эхний ээлжид хэрэгтэй гэснийг нь хэлэхэд болно гэсэн. Нэг өдөр Пума зочид буудал дээр ир би хэдэн юм бэлдчихлээ гэсэн. Би Ё.Эрдэнэбилэгт хэлж хамт очиход 50 000 ам.доллар өгсөн. Гэрээ хийе гэсэн чинь таньдаг хүмүүс зүгээр гээд хэд хоногоос үлдсэнийг нь өгье гэсэн. Дараа нь ажил дээр ир гэсэн 60 000 ам.доллар өгсөн. Энэ чинь хүрэхгүй гэсэн гэрээ хийгээд урьдчилгаа өгчих бурхан босгох ажлынхаа материалыг бэлдэж бай гэсний дагуу Ё.Эрдэнэбилэг бид хоёр хамт Солонгос 2013 оны 07 сарын 24-ний өдөр явсан. 2013 оны 07 сарын 28-ны өдөр гэрээ хийж урьдчилгаа 100 000 ам.доллар өгөөд 2013 оны 07 сарын 30-ны өдөр Улаанбаатарт ирсэн.

Ирээд зураг төслөө хийж эхлээд явж байтал Ё.Эрдэнэбилэг над руу утасдаж та нутгийн дүүтэйгээ нийлж намайг хуурч байна гэсэн. Би нэг их тоогоогүй. Ц.Цэрэнпунцаг руу утсаар ярьж тэр үед Банк санхүүгийн байгууллагаас мөнгө зээлсэн хугацаа хэтэрсэн мөнгө хэрэгтэй болсон учир явдлаа хэлэхэд манай захирал Цэрэндоржид хэлчихлээ очоод уулж гэсэн. Би очиж уулзаад 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 79 000 000 төгрөгийг Цэрэндорж төлөөд миний байшингийн гэрчилгээг аваад явсан. Би 2014 оны 03 сард зээлсэн мөнгөө хүүгийнх нь хамт төлсөн. Гэтэл 2015 оны 06 сард Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас дуудсан. Намайг Ц.Цэрэнпунцагийн мөнгийг төл төлж чадахгүй бол шоронд хийнэ, эрүү үүсгэнэ гэж хэлсэн. Би надад хамаагүй би залилж аваагүй, авсан нь үнэн гэж бодит байдлыг хэлсэн. Цагдаагийн хэлтсийн дарга та хоёрын асуудал иргэний журмаар шийдэх хэрэг байна гэсэн.

Би Ойрад импекс ХХК-д хувьцаа эзэмшдэггүй, мөн мөнгийг нь Ё.Эрдэнэбилэгийн хамт Солонгос улсад очоод гэрээ хийгээд өгсөн. Надад ямар нэг залилсан санаа байхгүй. Харин ч Ц.Цэрэнпунцагт 28 га газар, бурхан багшийн сэрэг дүр, үнэт бурхны хамт Ойрад импекс ХХК-ийг хохироосон. Хэрэв би залилсан бол Ж ХХК , Ц.Цэрэндорж гэдэг хүнээс 79 000 000 төгрөг сарын 4 хувийн хүүтэй аваад хүүд нь 16 000 000 төгрөг төлж байсан.

Мөн нарийн бичиг Г.Оюунболд, Ц.Цэрэндорж, Ц.Цэрэнпунцаг нар үгсэн хуйвалдаж намайг онц хүнд гэмт хэрэгт гүтгэснийг хуулийн байгууллагад гомдол гаргасан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар Д.Түмэнхүүгээс 297 734 800 төгрөгийг гаргуулж Ж ХХК -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 648 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 648 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: 2013 оны 07 сард өөрийн танил Ц.Цэрэнпунцагт Ойрад импекс ХХК-ийн захирал Ё.Эрдэнэбилэгтэй хамтраад бурхан багшийн сэрэг дүр бүтээх ажилд хөрөнгө оруулж дэмжлэг үзүүлэх саналыг тавьсан. Тэрээр Богд хан уулын Арцатын аманд буулгасан 18 метр өндөр 1500 тонн жинтэй бурхныг үзэж танилцаад хамтран ажиллах саналыг хүлээж авсан. 4 удаа зураг төслөө Ц.Цэрэнпунцагт танилцуулсан. Эхний ээлжид 248 000 ам.доллар хэрэгтэй гэдгээ танилцуулж 2013 оны 07 сарын 10-ны өдөр Ойрад импекс ХХК-ийн захирал Ё.Эрдэнэбилэг бид хоёрыг дуудаж 50 000 ам.долларыг өгсөн. Хэд хоногоос үлдсэнийг нь өгнө гээд 07 сарын 24-ний өдөр 60 000 ам.долларыг өгсөн.

110 000 ам.долларыг би дангаараа авч захиран зарцуулаагүй. Ц.Цэрэнпунцагийн заавраар Ё.Эрдэнэбилэг бид хоёр Солонгос явсан. 10 000 ам.долларыг замын зардалд зарцуулсан. 100 000 ам.долларыг Ойрад импекс ХХК Солонгосын Гымганг ХК нарын хооронд байгуулагдсан гэрээний урьдчилгаа болгож өгсөн. Энэ тухай баримт хэрэгт авагдсан. Шүүх ч энэ баримтыг үнэлж шүүхийн шийдвэрт заасан атлаа хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй.

Нэхэмжлэгч Ж ХХК -ийн гаргаж өгсөн зарлагын баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэснийг хэт нэг талын баримтыг үнэлсэн гэж үзэж байна. Уг баримтыг үгүйсгэх баримтууд хэрэгт байхад үнэлээгүй. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 1169 дүгээр тогтоолд мөнгийг хэзээ авсан хугацааг тодорхой заасан. Гэтэл нөхөж хийсэн зарлагын баримтыг үндэслэн намайг буруутгаж шаардсан мөнгийг нь бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой. Цагдаагийн байгууллага 110 000 ам.долларыг 162 260 000 төгрөгөөр тооцож хохирлын хэмжээг гаргасан байхад нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр хохирлыг нэмж тооцон гаргаж байгаа нь шударга бус байна.

Надад бусдын мөнгөөр хөрөнгөжөөд байсан зүйл байхгүй. Ц.Цэрэнпунцаг, Ё.Эрдэнэбилэг бид гурав хамтарч хөрөнгө оруулж Бурхан багшийн сэрэг дүр бүтээж буян үйлдэхээр хэлцэл байгуулсан. Бидний хооронд хамтран ажиллахаар аман гэрээ байгуулагдсан байсан. Сүүлдээ намайг хуурч мэхэлсэн гэж цагдаа, прокуророор далайлгаж дарамталж Эрүүгийн хэрэг үүсгэж 4 жил гаран сэтгэл санаа эд материалаар хохироосон.

Хэргийн бодит үнэнийг тогтоолгох зорилгоор хэд хэдэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Заримыг нь хангаад, заримыг нь хэрэгсэхгүй болгосон атлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж намайг буруутгасныг зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь анхнаасаа залилан мэхэлж авсан гэсэн үндэслэлээр 110 000 ам.доллар буюу 297 734 800 төгрөгийг шаардсан бол хариуцагч Д.Түмэнхүү нь бурхан багшийн сэрэг дүрийг хамтран бүтээхэд хөрөнгө оруулсан, 10 000 ам.долларыг замын зардалд зарцуулж, 100 000 ам.долларыг БНСУ-ын Гымганг ХК-д гэрээний дагуу өгсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан кассын зарлагын ордер, мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэргээр Д.Түмэнхүү нь Ж ХХК -аас 2013 оны 07 сард нийт 110 000 ам.долларыг хүлээн авсан болох нь тогтоогдож байх ба эдгээр баримтад Буддын шашны Жавзандамба соёлын төвд хөрөнгө оруулалт гэсэн утгыг тэмдэглэжээ. /хх 7, 8, 9/

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 1169 дүгээр тогтоолд Д.Түмэнхүү нь Ж ХХК -ийн хувь нийлүүлэгч Ц.Цэрэнпунцагаас бурхан шашны төв байгуулах ажилд санхүүжилт хэрэгтэй гэж 110 000 ам.доллар залилсан болохыг тогтоож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байна. /хх 10-14/

 

Хэргийн баримтаар Буддын шашны Жавзандамба соёлын төв баригдсан буюу төсөл хэрэгжсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан Гымганг ХК болон Ойрад импекс ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх санамж бичигт ... Уг санамж бичгийг 2013 оны 07 сарын 28-ны өдөр Гымганг ХК-ийн Бээжин дэх салбарт Солонгос хэл дээр 2 хувь, Монгол хэл дээр 2 хувь үйлдэн, гарын үсэг зурж тус бүр 1 хувь хадгалсан ба Гымганг ХК-ийн GN2013-0704 нэхэмжлэлд тусгасан нийт өртгийн 30 хувь болох 248 000 ам.доллараас 100 000 ам.доллар бэлэн мөнгөөр хүлээн авсан ба үлдэгдэл 148 000 ам.доллар төлөгдсөн даруй гүйцэтгэлийн гэрээ хийгдэнэ хэмээн дурджээ.

 

Дээр дурдсан баримтаар 100 000 ам.долларыг Гымганг ХК-д өгсөн болох нь эргэлзээгүй нотлогдохгүй гэж шүүх үзэв. Учир нь:

 

а/. Санамж бичиг-т Гымганг ХК-ийн тамга дарагдаагүй.

 

б/. Санамж бичиг-т 100 000 ам.доллар бэлнээр авсан гэж дурдсан байх боловч уг мөнгийг өгсөн, авсан тухай санхүүгийн анхан шатны баримтгүй.

 

в/. Хариуцагч Д.Түмэнхүү нь 2017 оны 07 сарын 28-ны өдөр Ё.Эрдэнэбилэгийн хамт Солонгос явсан гэж хариу тайлбар, давж заалдах гомдолдоо бичдэг боловч Санамж бичиг-т ... Уг санамж бичгийг 2013 оны 07 сарын 28-ны өдөр Гымганг ХК-ийн Бээжин дэх салбарт ... үйлдэн ... хэмээн дурдсан байдаг.

 

Мөн хариуцагч Д.Түмэнхүү нь 10 000 ам.долларыг замын зардалд зарцуулсан гэж тайлбарладаг боловч энэ нь баримтаар нотлогддоггүй. /онгоцны тийз, зочид буудал г.м/

 

Иймд хариуцагч Д.Түмэнхүүг Ж ХХК -аас авсан 110 000 ам.доллараар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

110 000 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нийт 297 734 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01231 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Түмэнхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200600446458 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 06 сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 648 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР